Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Харнууд овгийн Даваажаргалын Анхбаярт холбогдох эрүүгийн 1734000000155 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол    улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд 1999 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Лүнгийн 2-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЗЖ99071210 дугаарын регистртэй, Харнууд овгийн Даваажаргалын Анхбаяр

           

                                     Холбогдсон хэргийн талаар

                                 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн ордоны 1 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа “БОНЖҮГ” рестораны үйлчилгээний танхим буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цоожтой цонхоор дотогш нэвтрэн орж, Л.Бямбанямын эзэмшлийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 388.350 төгрөгийн,

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 26-114 тоотод оршин суух иргэн З.Цогтбаатарын байнга оршин суух зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, бугуйн цаг, монетон бөгж, ээмэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 174.000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэр 7-04 тоотод оршин суух иргэн Д.Гүндэгмаагийн гэрт нэвтрэн орж иргэн Б.Оюунжаргалын цүнхэнд байсан 1.750.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, 1.750.000 төгрөгийн,

мөн өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 2-09 тоотод оршин суух иргэн Б.Оюунжаргалын гэрт нэвтрэн орж 600.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, 600.000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 1-07 тоотод оршин суух Б.Цэрэнгийн гэрт нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг гар утас, 3 ширхэг зэс аяга, 1 ширхэг куртка зэргийг нууцаар, хууль бусаар авч, 400.000 төгрөгийн, нийт 3.312.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын:

Би Төв аймгийн Зуунмод сумын Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн ордны 1 давахарт үйл ажиллагаа явуулж байгаа БОНЖУГ рестораны үйлчилгээний танхимд нэвтрэн орж Л.Бямбанямын эзэмшлийн зөөврийн компютерийг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хэргийг гарах үед цагдан хоригдож байсан. Цагдаа нар чиний хурууны хээ гарч ирсэн гээд байсан болохоор зөвшөөрсөн. Би Замын-Үүдэд Монгол улсын хилээр нэвтэрсэн үйлдэлтэй байсан. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд 8 сар цагдан хоригдсон. Бусад 4 гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөгч талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Л.Бямбанямын:

“...Би Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Гэр бүл хүүхэд залуучуудын ордоны 103 тоотод байрлах Бонжүг нэртэй Солонгос сүлжээ зоогийн газрыг 2017 оны 04 дүгээр сараас эхлэн ажлуулж байна. 2017 оны 07 дугаар сарын 18-ний шөнө манайд хулгай орж самсунг маркийн нөүтбүүк алдагдсан.  Хүрэн улаан өнгөтэй зүүн доод буландаа газар унагсанаас болж үүссэн цууралттай Самсунг сэнс г-480 маркийн нөүтбүүк байсан. 2017 оны 04 дүгээр сард Солонгос улсаас Монгол мөнгөөр 450.000 төгрөгөөр авч байсан. Би алдсан гэх нөүтбүүкээ 350.000 төгрөгөөр үнэлж байна...” /хх-ийн 246 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Отгонбаярын:

“...Би Бонжүг зоогийн газар тогоочийн ажил хийдэг. Өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр намайг орой 18 цагийн үед ажлаасаа тарахад текэн дээр манай нөүтбүүк байж байсан. Маргааш өглөө нь 2017 оны 07 дугаар сарын 19-ны өглөөний 09 цагт үйлчлэгч Банзрагчийн хамт ажил дээр ирэхэд нөүтбүүк байхгүй байхаар нь Банзрагч эгчээс асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд цонх руу харахад цонх засвартай онгойсон байсан ба цонхны давцан дээр гутлын мөр байхаар нь хулгай орсон байна гэж бодоод манай зоогийн газар кассчин ажил хийдэг Даариймааруу залгаж хэлсэн. Намайг орой ажлаасаа гарахад урд талын цонх нь хаалттай хойд талын цонх нь онгорхой дэлгээтэй байсан. Кассчин Даариймаа үйлчлэгч Банзрагч нар цэвэрлэгээгээ хийгээд үлдсэн...”/хх-ийн 248 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Л.Даариймаагийн:

“...Би Бонжүг зоогийн газарт кассчины ажил хийдэг. Өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны оройны 18 цаг 40 минутын үед зоогийн газрынхаа цэвэрлэгээг хийгээд алга болсон гэх нөүтбүүкнээс 2017 оны 07 сарын 18-ны өдрийн хоол бэлтгэх өрөөний хаалга, хоёр вакум цонхныхоо түгжээг шалгаад урд талын хаалга түгжээд түлхүүрээ жижүүрт хүлээлгэж өгөөд гэр рүүгээ яваад гарсан. Өнөөдөр өглөө 09 цагийн үед манай тогооч Отгонбаяр манай нөүтбүүк алга болсон байна гээд залгахаар ирээд цагдаад мэдэгдсэн болно. Манайд хяналтын камер байхгүй. Би өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны орой 18 цагт гарахдаа 2 ширхэг вакум цонхыг онгорхой байхад нь хаагаад түгжсэн. Өдрийн цагаар бол онгорхой байдаг. Бор хүрэн өнгөтэй /улаан хүрэн/ энгийн нөүтбүүкийн хэмжээтэй адилхан 2 жилийн өмнө манай хүргэн ах Иёнил 460.000 төгрөгөөр авч байсан...” /хх-ийн 249-250 дугаар хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Т.Тулгын:

“...Би 2017 оны 07 дугаар сарыбн 18-ны өглөө 09 цагаас жижүүрийн ээлж авсан. Энэ ажлын өдөр байсан ба манай ордны байрыг Скайтель ХХК, Бонжук ресторан зэрэг байгууллагууд түрээсэлдэг юм. Манай ордны байрны 2 давхарт бүрэн засвар хийж байгаатай холбогдуулаад камерийн хяналтын кабелийн утас, дохиололын системийн утас байршуулах, татах ажилд зааварчилга өгөөд орйо ажил таснаас хойш өглөө жижүүрт хүлээлцэх хүртэл би засвар хийж байгаад газар хавиар байсан, мөн завсар хийж байгаатай холбогдуулаад 2 давхарт байрлах техникийн өрөөг байнгын онгорхой байлгах шаардлагатай болсон учраас дотор нь байгаа үнэтэй тоног төхөөрөмжүүдийг харах зэрэг ажилтай байсан. Өнөө өглөө би жижүүрээс буугаад гэрт очоод байж байтал манай жижүүр болох Алтангэрэл над руу утсаар яриад рестораны өрөөнөөс зөөврийн компьютер алга болсон байна гэж хэлэхэд мэдсэн. Ресторан 19 цаг өнгөрөөгөөд хаасан байна. Хаагаад түлхүүрээ надад хүлээлгэн өгсөн. Би түлхүүрийг нь жижүүрийн түлхүүр хадгалдаг өлгүүрт хадгалсан. Маргааш өглөө нь буюу 19-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед рестораны үйлчлэгч болох намхан бор хүүхэн ирээд түлхүүрийг нь аваад орсон тэр үедээ юу ч яриагүй. Би шөнө нааш цааш явахдаа рестораныг харж байхад хэвийн юм шиг харагдаж байсан. 3 удаа харсан байх. Би өмнө нь тэр компьютерийг харж байгаагүй, мэдэхгүй...” /2-р хх-ийн 1-2 дугаар хуудас/, 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч П.Намсрайгийн:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын үед ******* нь Төв аймагт манай наз Жанчив гэх айлд 3 хоносон гээд Жанчив над дээр дагуулж ирээд гэр орон орон байхгүй хойд эцэг эх нар нь зодож нүдээд байдаг гэхээр нь би өрөвдөөд хувцас хунар өгөөд тэгээд эгч, ах нарыгаа дагуулаад самарт явуулсан. Тэгсэн самар түүж чадахгүй байхаар нь эгч, ах нар маань *******ыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас Төв аймагт хүргэж ирсэн чинь тэр шөнө нь эгч, ах нарын цүнхнээс 1.800.000 төгрөгийг хулгай хийж аваад, гэрийг нь ухаад гахайн дотроос нь мөнгө аваад явсан. Тэгээд цагдаад шалгагдаж байгаад сая шүүх хурал нь болоод 3 жил хорих ял авсан гэсэн. Өөрөөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Хамгийн анх Жанчив надад танилцуулсан юм. Би 2017 оны 07 дугаар сард Өмнөговь аймагт аав дээр очиж Арвай гэх нэртэй талх, нарийн боовны үйлдвэрт борлуулалт хийж байгаад 2017 оны 11 дүгээр сарын эхээр нь эгч ах нарыг дуудахаар нь самарт явахаар Төв аймагт ирж тэгээд *******тай анх танилцаж байсан юм. Түүнээс өмнө бол *******ыг танихгүй ямар ч харилцаа холбоо байгаагүй. Тухайн үед бол *******ыг огт таньдаггүй байсан. Би *******тай 2017 оны 11 дүгээр сарын эхэн үед л танилцсан юм. Би 2017 оны 07 дугаар сард би төв аймагт байгаагүй...” /2-р хх-ийн 5 дугаар хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч З.Цогтбаатарын:

“...Би Чингэлтэй дүүргийн 13-р хороо Сургуулийн 26-114 тоотод байх гэрээсээ өглөө 9 цагийн үед гараад орой 17-18 цагийн үед ирэхэд гэрт хулгай орж бугуйн цаг, куртик, пүүз, бэлтгэлийн өмд, брюкэн өмд, цамц, эхнэрийн монетон ээмэг бөгж алга болсон. Хар өнгийн хавар намрын куртик, хар, цагаан пүүз, саарал өнгийн бэлтгэлийн канттай өмд, хар хөх өнгийн брюкэн өмд, улаан, цагаан алаг даавуун цамц, хувцас бүгд эрэгтэй хүнийх байсан. Би хувцаснуудаа үнэлэхгүй. Төмөр саарал өнгийн оосортой суурь нь цагаан, тоонууд нь хар өнгөтэй, 3 ширхэг товчлууртай эрэгтэй хүний бугуйн цаг алга болсон. цагийг 2016 оны зун манай хүү Ширнэндорж Вьетнамаас авчирч өгсөн. Цагаа би 200.000 төгрөгөөр үнэлж байна. Солонгос монетон дөрвөлжин хэлбэртэй ээмэг, бөгж нь жижиг цагаан шигтгээтэй, 2010 онд байх 280.000 төгрөгөөр худалдан авч байсан. Санжаасүрэнгийн Батдэлгэр, Халамбуугийн Отгонзаяа гэсэн хүний нэртэй байрны гэрчилгээ алга болсон. Би үнэлгээтэй танилцлаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цагний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ээмэг бөгжний үнийг хүлээн зөвшөөрч байна. Цагаа би 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр үнээрээ үнэлж байна...” /2-р хх-ийн 83 дугаар хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Оюунжаргалын:

“...Би эхнэр П.Алтанчимэгийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орой  гэртээ ирсэн юм. Эхнэр бид хоёрыг наашаа явах гэж байхад эхнэрийн дүү Намсрай өөрийнхөө найз Анхбаяр гэх залууг аваад аймаг хүргээд өгчих, энд ажиллаж чадахгүй байна гэхээр нь өрөвдөөд хүнсний дэлгүүр орж талх, сүү, чихэр, жимс, ус, ундаа авч өгөөд утасгүй гэхээр нь бэлэн 70 000 төгрөг өгөөд маргааш утас аваарай мөнгө нь хүрэхгүй бол ах нь нэмж 30 000 төгрөг өгье гэж хэлээд буулгаад, өөрийнхөө гэрээр оролгүй шууд хадам эмээ Гүндэгмаагийнд эхнэрийн хамт очиж хоносон юм. Тэгээд өглөө 07 цагийн үед Гүндэгмаа эмээ Алтанчимэгийн цүнхийг хашаанд байх миний машины арын дугуйны хажуунаас олж ирсэн. Тэгээд эхнэр цүнхээ үзтэл цүнхэн дотор гоо сайхны хэрэглэл хийдэг саванд нь байсан 1 750 000 төгрөг алга болсон бусад зүйлс нь байсан. Тэгэхээр нь шууд цагдаад дуудлага өгөөд эхнэр бид хоёрыг мөнгөтэй явсныг ганцхан Анхбаяр гэх залуу мэднэ гэж хэлээд Анхбаярыг цагдаа нарын хамт хайж Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төв дээрээс барьж авсан. Энэ үед Анхбаярын халааснаас 810 000 төгрөг бэлнээр гарсан. Тэгээд Анхбаяр надад цүнхтэй мөнгийг чинь шөнө 03 цагт орж авсан. Авсан мөнгөөрөө такси бариад Улаанбаатар хот орж массажны газраас 2 хүүхэд аваад 10 дугаар хороололд буудалд ороод өглөө нь Нарантуул зах гарч малгай, бээлий, өмд, цамц, гутал, гар утас, нүдний шил зэрэг эд зүйлс худалдан авсан талаар ярьсан...", “...Тэгээд урьд шөнө бас манай өөрийн амьдардаг байшингийн цонхоор орж гэрийн хойморт байдаг шавар гахайнаас энэ оны хавраас эхлээд хийсэн 600 000 орчим төгрөгийг аваад, хуурамч мөнгөн дэвсгэрт хийсэн жаазны шилийг хагалж хуурамч мөнгийг авч үзээд мөн зурагтыг авч явах гэж үзсэн байсан...”, “... Эхнэр бид хоёр Мөнгөнморьт сумаас самар авдаг ченжээс 1 800 000 төгрөг зээлж бэлнээр авсан. Тэгэхэд Анхбаяр эхнэр бид хоёртой машинтай хамт явж байсан...”, “...Би Ууганбаатар ахмадаас 810 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан байгаа. Тэгээд авсан куртка, утас хоёрыг буцаалгаад 810 000 төгрөгтэйгээ нийлээд 962 000 төгрөг болсон байгаа. Одоо цаашид нийт алдагдсан бэлэн мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн 1 338 000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн Анхбаярыг Мөнгөнморьт сумаас авчирсан 230 000 төгрөгийн шатахууны зардлыг нэхэмжилнэ...” /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Цэрэнгийн:

“…Би нөхөр Дэлгэрсүрэнгийн хамт Төв аймгийн Зуунмод зумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн 1-07 тоотод оршин суудаг. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 13-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот руу гэрээ эзгүй орхиж явчихаад ирсэн чинь байшингийн баруун хойд талын цонхыг хагалчихсан байдалтай байхаар нь цагдаад хэлж амжаагүй, галаа түлж, цонхоо шиллэсэн. Тэгээд үүний дараа гэрийнхээ эд зүйлийг бүртгэсэн чинь шинэ авсан хар куртка, халаасанд нь байсан нэг гар утас, сервантанд байсан нэг ширхэг гар утас, хоёр ширхэг цагаан, бор өнгийн чулуун хөөрөг, гурван ширхэг зэс аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгэхээр нь цагдаад өргөдөл гаргасан байгаа. Хоёр ширхэг хөөрөг, гурван ширхэг аягаа хүлээж авлаа. Манай аяга, хөөрөг яг мөн байна. Одоо хар куртка, хоёр утасныхаа мөнгө болох 165 000 төгрөгийг нэхэмжилж байна. Бас вакум цонх хийлгэсэн 20 000 төгрөгийг нэхэмжилнэ. Гомдолтой байна...” /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

2.9. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Амгалангийн:

“…2017 оны 11 дүгээр сарын 11 юм уу 12 байх өдрийг сайн санахгүй байна. Би Цайз захад байрлах утасны лангуу дээрээ байж байхад өдөр 12-оос 13 цагийн үед 20 орчим насны дэлдэн чихтэй, туранхай жижгэвтэр биетэй хүүхэд орж ирээд нэг шар өнгийн товчлууртай хоёр сим ордог хятад утас барьчихсан ахаа энэ утсыг мэдрэгчтэй утсаар сольчихмоор байна гээд гуйгаад байхаар нь надад зөрүү мөнгө өг тэгвэл сольж болно гэсэн чинь би өнөөдөр вагоноор Замын-Үүд явах гэсэн юм надад мөнгө байхгүй харин гурван ширхэг зэс аяга өгье гэхээр нь аягыг нь хараад нөгөө шар өнгийн утсыг гурван ширхэг аягатай нь аваад оронд нь “Самсунг” маркийн хар өнгийн 45 000 төгрөгний мэдрэгчтэй гар утсаар солиод өгөөд явуулсан юм. Гурван ширхэг аягыг хулгайн юм гэдгийг мэдсэнгүй. Гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 103-105 дугаар хуудас/,

2.10. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч М.Гансүхийн:

“...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би Цайз зах дээр түүхий эдийн цэгийн хажууд зогсож байхад нэг хар куртка өмссөн, ноосон малгайтай туранхай хүүхэд ирээд хөөрөг авах хүн байна уу, би хоёр ширхэг хөөрөг зарах гэсэн юм гээд, би хоёр ширхэг хөөргийг нь үзээд хямдхан хөөрөг байна. 5 000 төгрөгөөр авъя гэхэд 10 000 төгрөгөөр авчих гэхээр нь би хулгайн хөөрөг гэдгийг мэдэхгүй 10 000 төгрөг өгөөд авсан юм. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 106-108 дугаар хуудас/,

2.11. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч П.Алтанчимэгийн:

“... Өглөө 07 цагийн үед эмээ манай машины арын дугуйны араас миний цүнхийг олж оруулж ирэхээр нь үзтэл цүнхэнд байсан 1 750 000 төгрөгийг аваад бусад зүйлсийг үлдээсэн байхаар нь цагдаад дуудлага өгөөд миний цүнхэнд мөнгө байсан талаар ганцхан Анхбаяр гэх залуу мэдэж байсныг хэлж, Анхбаярыг Улаанбаатар хотын Нарантуул захаас барьж авчирсан юм. Тэгээд нөхөр бид хоёр өөрийнхөө гэр буюу Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 02-09 тоотод байх байшиндаа орой ирж үзэхэд байшингийн гал тогооны цонх онгорхой байшингийн хойморт ханын шүүгээнд байсан гахайнаас 600 000 орчим төгрөгийг аваад хананд өлгөөтэй байсан мөнгөний жаазыг хагалаад, зурагтыг авч явах гэж үзээд гарсан байна...” /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

2.12. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Төртогтохын:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 03 цаг 30 минутын үед Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Дашваанжил шатахуун түгээх станцад ажил дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхад Дундговь аймгийн замаас явган алхаж ирээд би Дундговь аймгаас ирсэн, Төв аймагт таньдаг айл байхгүй, намайг Улаанбаатар хот хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг суулгаад Налайхын бөмбөрцөг дээр буулгаж орхичихоод буцаад ажил дээрээ ирсэн. Надад 250 000 төгрөг байна, би Дундговь аймагт барилга дээр ажиллаж байгаад цалингаа аваад явж байна гэж хэлсэн...” /хх-ийн 33 дугаар хуудас/,

2.13. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Гүндэгмаагийн:

“...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө хашаандаа гарсан чинь манай Оюунжаргалын цүнх гадаа байхаар нь “хүүе чи цүнхээ гадаа орхиж” гээд оруулаад ирсэн чинь дотор нь байсан 1 750 000 төгрөг байхгүй байна гээд бужигналдсан чинь цагдаа дуудаад Оюунжаргалтай хамт ирдэг Анхбаяр гэдэг хүүхэд авсан байх гээд хайгаад гараад явсан юм...” /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

2.14. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч *******ын:

“...Намсрайн ахын хашаанд очсон чинь хүн байхгүй байхаар нь урд талаар нь хашаа давж ороод хүн байхгүй болохоор нь зүүн талын цонхыг нь түлхсэн чинь онгойчихсон. Тэгээд цонхоор нь ороод хананд нь мөнгөтэй жааз байхаар нь хагалаад үзсэн чинь мөнгө биш цаас байхаар нь хаячихаад хойд талын зурагтных нь доод талд байсан мөнгөний гахайг нь онгойлгож үзсэн чинь дотор нь мөнгө байхаар нь хоёр, гурван удаа базаж халаасандаа хийгээд тэгээд цонхоор нь гарч яваад “Од” супермаркет орж ундаа, тамхи аваад такси бариад төв орсон. Зуунмод сумын төвөөр дэмий баахан алхаад тэгээд 03 цагийн үед Намсрайн эмээгийн ирсэн чинь ах, эгч нарынх нь машин хашаанд нь байсан. Тэгэхээр нь хашааных нь хаалгыг гараар онгойлгоод байшингийнх нь хаалгыг зөөлхөн онгойлгоод дотогшоо орсон чинь Намсрайн ах, эгч хоёр хоёр хүүхэдтэйгээ хамгийн зүүн талын захын өрөөнд унтаж байхаар нь Оюунжаргал ахын цаад талаар буюу цонхон талаар явж байгаад толгой талд зурагтны тавиур дээр байсан эмэгтэй цүнхийг авч гараад доошоо алхаад хар зам хүрээд хашааны буланд очиж байгаад цүнхнээс мөнгийг аваад буцаж хашаанд нь оруулж машиных нь хажууд цүнхийг нь тавиад хашаанаас гараад хот руу алхаад явж байтал газын колонк байхаар нь очиж түгээгч ахаас намайг хот хүргээд өгөөч гэсэн чинь 50 000 төгрөгөөр явна. Хот руу оруулж өгч чадахгүй Налайх хүргэж өгч чадна гэхээр нь 50 000 төгрөг өгөөд Налайх дүүргийн Бөмбөрцөг хүргүүлж буусан...” /xx-ийн 49-50 дугаар хуудас/,

 

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгаас Говьсүмбэр аймгийн Баянтал сум руу явах гээд Төв аймгийн төвөөс зүүн тийш засмал замаар давж алхаад Зүүндэлгэрт байх замын хажуугийн айлд очиж ус уух гэсэн чинь тус айл нь эзэнгүй байхаар нь хашааг нь давж ороод байшингийнх нь цонхыг хагалж ороод сервант дотроос нь хоёр ширхэг бор, цагаан өнгийн хөөрөг, нэг гар утас, гурван ширхэг зэсэн аяга зэргийг нь аваад нөгөө өрөөнд нь орсон чинь хар өнгийн куртка байхаар нь авсан чинь дотор нь хоёр сим ордог гар утас байсан ба түүнийг нь куртканых нь хамт авсан. Тэгээд хашааг нь буцаж давж гараад алхаж яваад замын том машинд сууж нэг утсыг нь жолоочид нь 10 000 төгрөгөөр зараад 4 дүгээр зөрлөг орж Цайз захад очиж утасны газар гурван ширхэг зэсэн аяга, нэг гар утсаа 45 000 төгрөгний мэдрэгчтэй утсаар сольсон байгаа. Дараа нь зах руу ороод хоёр хөөргөө 10 000 төгрөгөнд нэг ахад зараад дараа нь унаанд сууж вокзал орж вокзалаас вагонд сууж гэр лүүгээ харьсан...” /хх-ийн 128-129 дүгээр хуудас/

2.15. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч *******ын:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт байдаг Намсрай гэх найзтайгаа уулзах гэж 13 цагийн орчим ирээд Намсрайтай утсаар ярьж байгаад Төв аймгийн төв талбай дээр 14 цаг өнгөрч байхад уулзаад бид нар Мэргэжил сургалт үйлдвэрийн төв орж Намсрайн найз охинтой нь уулзахаар очтол амраад явчихсан байхаар нь бид хоёр буцаад талбай дээр ирээд байж байтал Намсрай би ажилтай болчихлоо явлаа гэхээр нь би Намсрайд мөнгө байна уу гэхэд надад 10.000 төгрөг өгөөд тэгээд яваад өгөхөөр нь би талбайн зүүн талд байдаг зоогийн газарт орж  пиво авах гэтэл насанд хүрээгүй гээд өгөөгүй. Тэгэхээр нь гараад хажуу талынх нь дэлгүүрт орж 2 лааз Боргио пиво аваад талбайн сааданд сууж байгаад 2 пивоо уучихаад тамхи татаж сууж байгаад хойшоо Хүүхэд хөгжлийн төвийн ард талаар Самданбаатарын хөшөө орохоор явж байтал хүүхэд хөгжлийн төвийн зүүн хойд талын өрөөний цонхны хөшиг нь дутуу буучихсан байхаар нь цонхоор нь хартал нэг хоолны газар харагдахаар нь жижиг цонхийг нь түлхэж ороод асаагуурын гэрэл тусгаж яваад хартал лангуун дээр лангуун дээр нь жижиг хар өнгийн нөүтбүүк байхаар нь аваад, лангуун доор нь бэлэн 30.000 төгрөг байсан. Түүнийг аваад орсон цонхоороо буцаж гараад хот руу зам дагуу явган алхаж яваад Цагаан хаалганы цаад талын Магнай трейд шатахуун түгээх станцын хажуунаас цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсохоор нь суутал 2 эгч, 2 ах явж байсан. Тэгээд би хот руу ороод вокзалын урд талын 2 давхар, ард талдаа жижиг цайны газартай ногоон буудлын цайны газарынх нь агада буулгаж өгөхөөр нь түцнээс тамхи авчихаад цайны газрыг тойроод буудалд орж текэн дээр нь ажиллаж байсан эгчид өрөө байна уу гэхэд 2 ортой өрөө байна. 45000 төгрөгөөр орвол ор гэхээр нь эгчээ би өнгө байдаггүй компьютероо зараад орчихъё гэж гуйгаад компьютероо үлдээгээд, 12.000 төгрөг зээлж аваад вокзал орж 16 цагийн воганы билет захиалаад буцаж буудалдаа ирээд өрөөндөө ороод дуудлагын хуушуур захиалж мөнгийг эгчээс авч өгөөд, орой нь гарч буудлынхаа хойд талын дэлгүүрээс пиво авч орцонд уугаад тэгээд ирж хоноод маргааш нь буудлын эгч банк орж ирээд мөнгийг чинь өгье гэхээр нь хүлээж байгаад ирэхээр нь 200.000 төгрөг аваад тэгээд буудалдаа 16 цаг хүртэл хэвтэж байгаад вагондоо сугаад Говьсүмбэр аймаг руу явсан. Би буудлын эгчид 200.000 төгрөгөөр компьютероо зарна гэж хэлсэн чинь эхлээд авъя гэж үзээд болохгүй байна гэж байснаа өөрөө авч явж янзлуулж ирээд надад 60.000 төгрөгөөр янзлуулсан гэж байсан. Тэгээд намайг маргааш нь явахад буудлын эгч за за хөдөөний хүүхэд байна гээд миний хэлсэн 200.000 төгрөгөнд авсан. Надаас буудлын мөнгө, хоолны мөнгө авна гэж байснаа надаас аваагүй. Түүнээс хойш би Говьсүмбэр аймагт гэртээ байж байгаад 2017 оны 10 дугаар сарын үед Улаанбаатар хотод ирээд аавыг эмнэлэгт эргээд аавтайгаа хамт орцны жижүүр хийж байгаад 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт ирээд Намсрайтай уулзаад тэдний ах, эгч нарын хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самарт яваад 2017 оны 11 дүгээр сарын 04-ний шилжих шөнө Төв аймагт Намсрайн ах эгч нарын хамт ирээд тэр шөнөдөө Намсрайн ахын гэрийг ухаад 600.000 орчим мянган төгрөг аваад түүнийг дараа ахынх нь амарч байсан айлд очиж цүнхнээс нь 1.750.000 төгрөг хулгай хийж аваад Улаанбаатар хотод явж байгаад баригдсан. Энэ хэрэг дээрээ 3 жилийн хорих ял аваад одоо цагдан хоригдох байранд байгаа юм. Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн цаган хоригдсон юм...” /2-р хх-ийн 24-25 дугаар хуудас/,

2.16. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч *******ын:

“...Би өмгөөлөгчгүй байцаалт өгнө. 2017 оны 10 сарын сүүлээр би Чингэлтэй дүүргийн Хайлаастад нэг тоосгон байшинтай айлд орж эд зүйл хулгайлсан. 2017 оны 09 сард Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот руу явсан бөгөөд төрсөн аав Даваажаргал дээр очсон. Аав маань Нисэхэд 2 дагч түүхий эд түүж амьдарч байсан ба би нэг хэсэг хамт түүж амьдарсан. Тэгээд хэрэг болсон өдөр би тэр хавиар түүхий эд түүж яваад тэр айлыг эзэнгүй гэдгийг мэдээд хашааг нь давж ороод вакум цонхыг нь түлхэж орсон. Хамгийн түрүүнд өмсөж явсан хувцас муухай болсон болохоор тэр айлын шкафнаас хар өнгийн куртик, хар цагаан өнгө хосолсон пүүз /гутлын тавиур дээрээс/, саарал өнгийн бэлтгэлийн өмд, өөр бас нэг өмд, цагаан өнгийн цамц зэргийг хулгайлж өмсөөд өөрийнхөө өмсөж явсан хувцас гутлыг тэр айлд үлдээсэн. Гарахдаа шкафны шургуулганаас нэг ширхэг бугуйн цаг, ширээн дээр байсан хайрцагнаас монетон ээмэг, бөгж авсан. Би дараа нь дроган төв ороод Увс явах гэж байсан нэг эгчид монетон ээмэг, бөгжөө 50.000 төгрөгөөр зарсан. Бугуйн цагаа зүүж явж байгаад цэцэрлэгт хүрээлэнд хүмүүстэй зодолдоод эвдчихсэн. Тухайн үедээ хаясан болохоор одоо надад байхгүй. Би тэр үед Төв аймгийн цагдан хорих байранд байсан ба Түмэндэмбэрэл гэдэг цагдаа өөр үйлдэл байна уу, хэрэв байвал ярьчих чамайг ар гэрийн хүмүүстэй чинь утсаар яриулна гэхээр нь цагдан хорих байрны ялтнуудын ярьж байсан үйлдлийг худлаагаасаа ярьчихсан юм. Өөр үйлдэл надад байхгүй. Төв аймгийн шүүхээс 3-н хулгайн хэргээр тасарсан. Би тэр үед өмсөж явсан хувцас муухай болсон. Дээр нь мөнгө байхгүй байсан болохоор тэр айл руу орж хулгайлсан. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал годмол байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой санал гомдол байхгүй. Энэ миний гарийн мөр мөн байна. Миний аав Даваажаргал хотод амьдардаг байсан боловч намайг Төв аймгийн цагдан хорих байранд байхад нас барсан. Өөр ямар нэгэн таних хүн байхгүй. Би үйлдсэн хэргээ үнэн шударгаар ярьсан тул энэхүү хэргийг түргэн шийдвэрлүүлж ялаа хурдан дуусгаж ээж дүүгийнхээ хамт амьдармаар байна. Ял эдэлж байх хугацаанд маш буруу зүйл хийснээ ухаарч байна...” /2-р хх-ийн 104-106 дугаар хуудас/,

2.17. Мөрдөн байцалтын шатанд дахин мэдүүлсэн яллагдагч *******ын:

“...Би энэхүү гэрэл зургуудийг харлаа. Энэхүү зурагнууд дээр байгаа бор өнгийн гутал, хавар намрын куртик, цамц зэрэг зүйлс миний тухайн үед өмсөж явсан хуцаснууд мөн байна. Би энэхүү гарын мөрний шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй. Миний гарын мөр мөн байна. Би энэхүү алдагдсан эд зүйлсийн үнэлгээтэй уншиж танилцлаа. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал, гомдол байхгүй. Миний гарын мөр мөн байна. Би энэхүү алдагдсан эд зүйлсийн үнэлгээтэй уншиж танилцлаа. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал, гомдол байхгүй. Учирсан хохирлоо барагдуулах хүсэл, зорилго байгаа боловч ял авсан болохоор одоо хоригдож байгаа. Надад өөр газар үйлдсэн хэргүүд байхгүй. Би бүх хэргээ Төв аймагт байхдаа хэлээд хэргээ шийдүүлсэн. Энэ хэргээ уг нь Төв аймгийн байцаагч нарт хэлсэн боловч тоогоогүй. Би яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Тухайн үед Түмэндэмбэрэл байцаагч сууж байхдаа дам сонссон хэргүүдийг ярьчихсан юм. Түүнээс биш өөр хулгай хийгээгүй болохоор тэр айлыг зааж өгч чадахгүй. Одоо Улаанбаатар хотод манай ах дүү, ээж, аав байхгүй. Харин ээж маань Говьсүмбэр аймгийн Баянтал суманд байдаг боловч тэндээ байхгүй нүүсэн сурагтай байсан. Говьсүмбэр аймгийн хориход байхад ерөөсөө ирээгүй. Утас нь хүртэл холбогдохгүй байгаа...” /2-р хх-ийн 107-109 дугаар хуудас/, 

    

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1 Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7, 224, 2-р хх-ийн 74-75 дугаар хуудас/,

3.2 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15, 234-238, 76-81 дугаар хуудас/,

3.3 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, /хх-ийн 82-87,239-240 дугаар хуудас/,

3.4 Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 53 дугаар хуудас/,

3.5 Ял шийтгэлийн лавлагааг шалгахад: “******* нь урьд ял шийтгэлтэй” гэх /хх-ийн 59, 2-р хх-ийн 26-27, 2-р хх-ийн 116 дугаар хуудас/,

3.6. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн  124 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 23, 30, 37-40, 47-48, 2-р хх-ийн 126-130 дугаар хуудас/,

3.7. Эд зүйл, баримт бичиг бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 88-92 дугаар хуудас/,

3.8. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

3.9 Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, фото зураг, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 95-97, 241-244 дүгээр хуудас/,

3.10. “Хан-Үнэлэмж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 112-117 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

3.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаартай дүгнэлтэд:

“... Шинжилгээнд 1 ширхэг гарын мөр тэнцэнэ. Үлдсэн 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

Шинжилгээнд тэнцэх 48 мм х 48 мм-ийн хэмжээтэй 1 ширхэг гарын мөр нь папилон санд бүртгэлтэй байгаа иргэдийн гарын дардастай болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” /2-р хх-ийн 7-8 дугаар хуудас/,

3.12. “Хан-Үнэлэмж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлийн гэрчилгээ, хохирогч Л.Бямбанямын иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 10-17 дугаар хуудас/,

 3.13. Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын Тэргүүний захирамж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол, Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай Төв аймгийн прокурорын газрын прокурорын тогтоол, /2-р хх-ийн 56-63, 66 дугаар хуудас/,

3.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06/634 дугаартай дүгнэлт, хурууны хээний зургууд:

“...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гэх 8 ширхэг гарын мөрүүдээс 3 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Бусад дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

Шинжилгээнд тэнцэж байгаа 3 дугаартай гарын мөр нь Папилон санд MN003510006276 дугаараар байрласан, ЗЖ99071210 регистрийн дугаартай Харнууд ургийн Даваажаргал овогтой Анхбаярын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна. /2-р хх-ийн 91,92-94 дүгээр хуудас/,

3.15. Дамно ХХК-ны үнэлгээний тайлан /2-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,

3.16. Шүүгдэгч *******ын ялын тооцооны тодорхойлолт /2-р хх-ийн 110, 115 дугаар хуудас/,

3.17. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 135 дугаар хуудас/, зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 1734000000155 дугаартай хэргээс 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн ордоны 1 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа “БОНЖҮГ” рестораны үйлчилгээний танхимийн цоожтой цонхоор дотогш нэвтрэн орж, Л.Бямбанямын эзэмшлийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 388.350 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ... гэсний дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ...би энэ хэргийг гарах үед цагдан хоригдож байсан. Цагдаа нар чиний хурууны хээ гарч ирсэн гээд байсан болохоор зөвшөөрсөн. Би Замын-Үүдэд Монгол улсын хилээр нэвтэрсэн үйлдэлтэй байсан. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд 8 сар цагдан хоригдсон... гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрх мэдүүлэг нь 1 дүгээр хавтас хэргийн 67-71 дүгээр хуудсанд авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолоор давхар нотлогдож байх бөгөөд тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт шалгагдаж 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар, 2017 оны 05 дугаар сарын 23-ны, 2017 оны 06 дугаар сарын 23-ны, 2017 оны 07 дугаар сарын 21-ний, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус түүний цагдан хорих хугацааг сунгаж, нийт 136 хоног цагдан хоригдсон байна.

 

Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтийнхээ гол нотлох баримт болгоод байгаа хавтас хэргийн 234 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөн 239-240 дүгээр хуудсанд авагдсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нь шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Харин шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 26-114 тоотод оршин суух иргэн З.Цогтбаатарын байнга оршин суух зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, бугуйн цаг, монетон бөгж, ээмэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 174.000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэр 7-04 тоотод оршин суух иргэн Д.Гүндэгмаагийн гэрт нэвтрэн орж иргэн Б.Оюунжаргалын цүнхэнд байсан 1.750.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, 1.750.000 төгрөгийн,

мөн өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 2-09 тоотод оршин суух иргэн Б.Оюунжаргалын гэрт нэвтрэн орж 600.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, 600.000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 1-07 тоотод оршин суух Б.Цэрэнгийн гэрт нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг гар утас, 3 ширхэг зэс аяга, 1 ширхэг куртка зэргийг нууцаар, хууль бусаар авч, 400.000 төгрөгийн, нийт 3.312.350 төгрөгийн хохирол учруулсан болох нь

гэрч П.Намсрайгийн ...эгч, ах нар маань *******ыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас Төв аймагт хүргэж ирсэн чинь тэр шөнө нь эгч, ах нарын цүнхнээс 1.800.000 төгрөгийг хулгай хийж аваад, гэрийг нь ухаад гахайн дотроос нь мөнгө аваад явсан. Тэгээд цагдаад шалгагдаж байгаад сая шүүх хурал нь болоод 3 жил хорих ял авсан гэсэн...

хохирогч З.Цогтбаатарын ...Би Чингэлтэй дүүргийн 13-р хороо Сургуулийн 26-114 тоотод байх гэрээсээ өглөө 9 цагийн үед гараад орой 17-18 цагийн үед ирэхэд гэрт хулгай орж бугуйн цаг, куртик, пүүз, бэлтгэлийн өмд, брюкэн өмд, цамц, эхнэрийн монетон ээмэг бөгж алга болсон. Хар өнгийн хавар намрын куртик, хар, цагаан пүүз, саарал өнгийн бэлтгэлийн канттай өмд, хар хөх өнгийн брюкэн өмд, улаан, цагаан алаг даавуун цамц, хувцас бүгд эрэгтэй хүнийх байсан... Төмөр саарал өнгийн оосортой суурь нь цагаан, тоонууд нь хар өнгөтэй, 3 ширхэг товчлууртай эрэгтэй хүний бугуйн цаг алга болсон. Цагийг 2016 оны зун манай хүү Ширнэндорж Вьетнамаас авчирч өгсөн. Цагаа би 200.000 төгрөгөөр үнэлж байна. Солонгос монетон дөрвөлжин хэлбэртэй ээмэг, бөгж нь жижиг цагаан шигтгээтэй, 2010 онд  байх 280.000 төгрөгөөр худалдан авч байсан...

хохирогч Б.Оюунжаргалын ...хадам эмээ Гүндэгмаагийнд эхнэрийн хамт очиж хоносон..., ...өглөө 07 цагийн үед Гүндэгмаа эмээ Алтанчимэгийн цүнхийг хашаанд байх миний машины арын дугуйны хажуунаас олж..., ...эхнэр цүнхээ үзтэл цүнхэн дотор гоо сайхны хэрэглэл хийдэг саванд нь байсан 1.750.000 төгрөг алга болсон бусад зүйлс нь байсан..., ...цагдаад дуудлага өгөөд эхнэр бид хоёрыг мөнгөтэй явсныг ганцхан Анхбаяр гэх залуу мэднэ гэж хэлээд Анхбаярыг цагдаа нарын хамт хайж Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төв дээрээс барьж авсан..., ...шөнө бас манай өөрийн амьдардаг байшингийн цонхоор орж гэрийн хойморт байдаг шавар гахайнаас энэ оны хавраас эхлээд хийсэн 600 000 орчим төгрөгийг аваад, хуурамч мөнгөн дэвсгэрт хийсэн жаазны шилийг хагалж хуурамч мөнгийг авч үзээд мөн зурагтыг авч явах гэж үзсэн байсан...,

хохирогч Б.Цэрэнгийн …2017 оны 11 дүгээр сарын 10-наас 13-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот руу гэрээ эзгүй орхиж явчихаад ирсэн чинь байшингийн баруун хойд талын цонхыг хагалчихсан..., ...гэрийнхээ эд зүйлийг бүртгэсэн чинь шинэ авсан хар куртка, халаасанд нь байсан нэг гар утас, сервантанд байсан нэг ширхэг гар утас, хоёр ширхэг цагаан, бор өнгийн чулуун хөөрөг, гурван ширхэг зэс аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...,

иргэний нэхэмжлэгч Б.Амгалангийн …Би Цайз захад байрлах утасны лангуу дээрээ байж байхад өдөр 12-оос 13 цагийн үед 20 орчим насны дэлдэн чихтэй, туранхай жижгэвтэр биетэй хүүхэд орж ирээд нэг шар өнгийн товчлууртай хоёр сим ордог хятад утас барьчихсан ахаа энэ утсыг мэдрэгчтэй утсаар сольчихмоор байна гээд гуйгаад байхаар нь надад зөрүү мөнгө өг тэгвэл сольж болно гэсэн чинь би өнөөдөр вагоноор Замын-Үүд явах гэсэн юм надад мөнгө байхгүй харин гурван ширхэг зэс аяга өгье гэхээр нь аягыг нь хараад нөгөө шар өнгийн утсыг гурван ширхэг аягатай нь аваад оронд нь “Самсунг” маркийн хар өнгийн 45 000 төгрөгний мэдрэгчтэй гар утсаар солиод өгөөд явуулсан юм...

иргэний нэхэмжлэгч М.Гансүхийн ...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би Цайз зах дээр түүхий эдийн цэгийн хажууд зогсож байхад нэг хар куртка өмссөн, ноосон малгайтай туранхай хүүхэд ирээд хөөрөг авах хүн байна уу, би хоёр ширхэг хөөрөг зарах гэсэн юм гээд, би хоёр ширхэг хөөргийг нь үзээд хямдхан хөөрөг байна. 5000 төгрөгөөр авъя гэхэд 10 000 төгрөгөөр авчих гэхээр нь би хулгайн хөөрөг гэдгийг мэдэхгүй 10000 төгрөг өгөөд авсан юм...,

гэрч П.Алтанчимэгийн ...Өглөө 07 цагийн үед эмээ манай машины арын дугуйны араас миний цүнхийг олж оруулж ирэхээр нь үзтэл цүнхэнд байсан 1.750. 000 төгрөгийг аваад бусад зүйлсийг үлдээсэн байхаар нь цагдаад дуудлага өгөөд миний цүнхэнд мөнгө байсан талаар ганцхан Анхбаяр гэх залуу мэдэж байсныг хэлж, Анхбаярыг Улаанбаатар хотын Нарантуул захаас барьж авчирсан..., ...Тэгээд нөхөр бид хоёр өөрийнхөө гэр буюу Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 02-09 тоотод байх байшиндаа орой ирж үзэхэд байшингийн гал тогооны цонх онгорхой байшингийн хойморт ханын шүүгээнд байсан гахайнаас 600.000 орчим төгрөгийг аваад хананд өлгөөтэй байсан мөнгөний жаазыг хагалаад, зурагтыг авч явах гэж үзээд гарсан байна...,

гэрч Д.Гүндэгмаагийн ...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө хашаандаа гарсан чинь манай Оюунжаргалын цүнх гадаа байхаар нь “хүүе чи цүнхээ гадаа орхиж” гээд оруулаад ирсэн чинь дотор нь байсан 1.750.000 төгрөг байхгүй байна гээд бужигналдсан... гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч *******ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах ба харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хуульд заасны дагуу оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 257 хоногийг, нийт цагдан хоригдсон 259 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохыг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр 10 сантиметрийн урттай төмөр лоом 1 ширхэгийг, хар ангийн куртик 1 ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

шүүгдэгч ******* нь хохирогч Б.Оюунжаргалд нийт 2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсанаас 962.000 /есөн зуун жаран хоёр мянга/ төгрөг төлсөнийг, үлдэх 1.688.000 /нэг сая зургаан зуун наян найман мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг,

мөн хохирогч Б.Цэрэнд гэмт хэрэг үйлдсэж авсан эд зүйлсийн заримийг нь биет байдлаар нь буцаан өгсөн ба үлдэх 185.000 /нэг зуун наян таван мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг,

хохирогч З.Цогтбаатарт нийт 174.000 /нэг зуун далан дөрвөн мянга/ төгрөг төлөхөө илэрхийлсэнийг,

иргэний нэхэмжлэгч Б.Амгалан нь 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн хохирол,

иргэний нэхэмжлэгч М.Гансүх нь 10.000 /арван мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан хэдий ч нэхэмжлээгүй болохыг,

түүнчлэн шүүгдэгч *******аас нийт 2.047.000 /хоёр сая дөчин долоон мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Оюунжаргалд 1.688.000 /нэг сая зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг, хохирогч Б.Цэрэнд 185.000 /нэг зуун наян таван мянга/ төгрөгийг, хохирогч З.Цогтбаатарт 174.000 /нэг зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 36.2.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн

2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овгийн Даваажаргалын Анхбаярт холбогдох эрүүгийн 1734000000155 дугаартай хэргээс 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө “БОНЖҮГ” рестораны цонхоор дотогш нэвтрэн орж, Л.Бямбанямын эзэмшлийн зөөврийн компьютерийг хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Харнууд овгийн Даваажаргалын Анхбаярыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Харнууд овгийн Даваажаргалын Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Харнууд овгийн Даваажаргалын Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Харнууд овгийн Даваажаргалын Анхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 257 /хоёр зуун тавин долоо/ хоногийг, нийт цагдан хоригдсон 259 /хоёр зуун тавин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр 10 сантиметрийн урттай төмөр лоом 1 ширхэгийг, хар ангийн куртик 1 ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бүдэг саарал өнгийн эрэгтэй хүний хавар намрын куртик, хөх саарал өнгийн хосолсон эрэгтэй хүний юүдэнтэй цамц, бор өнгийн гутал зэргийг шүүгдэгч Харнууд овгийн Даваажаргалын Анхбаярт буцаан олгохыг тус тус дурдсугай.  

 

7. Энэ хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шүүгдэгч ******* нь хохирогч Б.Оюунжаргалд нийт 2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсанаас 962.000 /есөн зуун жаран хоёр мянга/ төгрөг төлсөнийг, үлдэх 1.688.000 /нэг сая зургаан зуун наян найман мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг,

хохирогч Б.Цэрэнд гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсийн заримийг нь биет байдлаар нь буцаан өгсөн ба үлдэх 185.000 /нэг зуун наян таван мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг,

хохирогч З.Цогтбаатарт нийт 174.000 /нэг зуун далан дөрвөн мянга/ төгрөг төлөхөө илэрхийлсэнийг,

иргэний нэхэмжлэгч Б.Амгаланд 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч М.Гансүхэд 10.000 /арван мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан хэдий ч нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харнууд овгийн Даваажаргалын Анхбаяраас нийт 2.047.000 /хоёр сая дөчин долоон мянга/ төгрөг гаргуулан хохирогч НЭ85122219 дугаарын регистртэй, Боржигон овгийн Баянжаргалын Оюунжаргалд 1.688.000 /нэг сая зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг, хохирогч ЗЙ52041203 дугаарын регистртэй, Алтгана овгийн Банзрагчийн Цэрэнд 185.000 /нэг зуун наян таван мянга/ төгрөгийг, хохирогч ИИ74010513 дугаарын регитсртэй, Ахиад овгийн Загдсүрэнгийн Цогтбаатарт 174.000 /нэг зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Харнууд овгийн Даваажаргалын Анхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл шүүгдэгч Харнууд овгийн Даваажаргалын Анхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН