Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2024/00071

 

“Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04122 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/02096 дугаар магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

М.А-т холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22,904,000 төгрөг, алданги 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-н гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Б” ХХК нь М.А-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22,904,000 төгрөг, алданги 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04122 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.А-с 28,020,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,336,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 298,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/02096 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.А-т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 34,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.А-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Талууд өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан орон сууцны үнэ төлөх үүргээ бүрэн гүйцэтгэхийг шаардаж, гэрээний үлдэгдэл төлбөрт 22,904,000 төгрөг нэхэмжилж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа үйлчилнэ” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Мөн давж заалдах шатны шүүх хуулийг дээрх байдлаар тайлбарласнаас үүдэж анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нөхцөл үүслээ.

...Давж заалдах шатны шүүхийн тайлбарласнаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний өмчлөх эрхтэй холбоотой шаардлага гаргавал хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх мэтээр ойлгогдож байна. Гэтэл хуульд ийм зохицуулалт байхгүй, зөвхөн гэрээний зүйлээс шалтгаалж хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох буюу гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байвал гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацааг 6 жил байхаар хэрэглэхээр зохицуулсан байна. Талууд гэрээг чөлөөт байдлын үндсэн дээр байгуулж, харилцан тэгш эрхийн хүрээнд шаардлага хэрэгжүүлдэг байх ёстой. Нэг гэрээнд талууд харилцан шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа 1 талд 3 жил, нөгөө талд 6 жил байх нь гэрээний тэгш байдлын болон хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчимд үл нийцэж байна. Иймд 210/МА2023/02096 дугаартай магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.14-ний өдрийн 001/ШХТ2024/00305 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч М.А-т холбогдуулан орон сууцны үлдэгдэл үнэ 22,904,000 төгрөг, алданги 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч М.А нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, гэрээнд заасан 79 м.кв талбай бүхий орон сууцаа хүлээн авч, өмчлөх эрхээ бүртгүүлсэн гээд нэхэмжлэгч 5 жилийн хугацаанд шүүхэд хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргажээ.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.А-с 28,020,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,336,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т зааснаар талуудын хооронд үүссэн харилцаанд худалдах-худалдах авах гэрээний журам үйлчилнэ, нэхэмжлэгч нь 2018.04.19-ний өдөр хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг, маргааш нь өмчлөх эрхийг тус тус шилжүүлж өгсөн, Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зургаан жил байна гэж заасан бөгөөд энэ хугацаа өнгөрөөгүй, гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ 86,95 м.кв талбайтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хариуцагч нь 208,680,000 төгрөг төлөхөөс 190,000,000 төгрөг төлсөн, үлдэх 18,680,000 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 2.3-т зааснаар алдангид 9,340,000 төгрөгийг мөн төлөх үүрэгтэй...” гэж дүгнэсэн.

9.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо дараах хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Үүнд: талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан орон сууцны үнийг төлөх үүргээ бүрэн гүйцэтгэхийг шаардаж, гэрээний үлдэгдэл төлбөрт 22,904,000 төгрөг нэхэмжилж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацаа бус харин хуулийн 75.2.1-т заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа” үйлчилнэ, хариуцагч М.А нь 2018.04.20-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн /хх-87/ байх ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн гэж үзэн хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг тоолоход 2021.04.20-ны өдөр дууссан, иймд хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсний улмаас зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хэм хэмжээний талаар хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг тогтоох, мөн маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хоёр шатны шүүхийн алдааг залруулах зорилгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

11.Хэрэгт байгаа баримтаар, зохигчийн хооронд 2017.08.11-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах” бичгийн гэрээ байгуулагдсан ба “Б” ХХК Б дүүргийн ** хороо, ******* хотхон ** байр ** тоот, 88,71 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 4-р улиралд барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх, М.А нь орон сууцны үнэ 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр тооцож, нийт 212,904,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохирсон /хх-6-8/, “Б” ХХК гэрээний зүйл болох орон сууцны эзэмшлийг 2018.04.19-нд захиалагч М.А-т хүлээлгэн өгсөн, М.А нь 2017.08.11-нд урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг, гэрээ байгуулсны дараа 2018.04.19-ний өдөр 80,000,000 төгрөг, 2018.04.30-нд 90,000,000 төгрөг, нийт 190,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

12.М.А нь 2018.04.20-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн ба гэрчилгээнд орон сууцны талбайн хэмжээ 79 м.кв гэж тусгагдсан, хариуцагч нь ийм талбай бүхий орон сууцыг худалдан авч, үнийг төлж үүргээ биелүүлсэн гэсэн бол нэхэмжлэгч нь “...80 м.кв-с дээш талбайтай орон сууц худалдан авсан бол ипотекийн зээлд хамрагдахгүй тул захиалагчийн /хариуцагчийн/ хүсэлтээр орон сууц захиалгын гэрээнд орон сууцыг 79 м.кв хэмжээтэй гэж өөрчлөөд улсын бүртгэлд мэдүүлсэн, орон сууцны талбайн хэмжээ 88,77 м.кв бөгөөд энэ талаар талууд аль аль нь мэдэж байгаа, хариуцагч нь орон сууцны үлдэгдэл үнийг бүрэн төлөөгүй...” гэснээр талуудын хоорондох маргааны зүйл тодорхойлогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилсон, шинжээч “У” ХХК гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ 86,95 м.кв болохыг тогтоожээ.

13.Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний төрлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээ гэж тодорхойлж, анхан шатны шүүхийн оновчтой бус хууль хэрэглээг залруулсан нь хуульд нийцсэн байна.

14.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ” гэх томьёоллыг шүүхийн практик, харьцуулсан судалгаа, өмчийн халдашгүй байдлын зарчим, өмчийн хэлцэл ба үүргийн хэлцлийг хийсвэрлэх зарчмын хүрээнд дараах байдлаар тайлбарлаж хуулийн нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

14.1.Эрх зүйн харилцаанд баталгаат байдлыг бий болгох, хэлцэл биелэгдэх, эрх зүйн харилцааг хамгаалах зорилгоор “хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаарх эрх зүйн асуудлыг хуулиар тогтоосон ба хөөн хэлэлцэх хугацаа тодорхой байснаар үүрэг бүхий этгээдүүд үүргээ биелүүлэх, эсвэл үүргийг шаардах асуудлыг ойлгомжтой тодорхой болгож, түүнчлэн эрх зүйн маргааныг аль болох богино хугацаанд хянан шийдвэрлэх нь нийтийн ашиг сонирхолд нийцдэг эрх зүйн тодорхой байх зарчимтай холбоотой.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхыг заасан бөгөөд энэхүү ерөнхий зохицуулалт нь хуульд тусгайлсан заалт байхгүй тохиолдолд хэрэглэгдэнэ.

14.2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жил” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна” гэсэн зохицуулалтын аль аль нь гэрээнд хамааралтай боловч хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ”-ний төрлийг зөв тодорхойлох асуудал хууль хэрэглээнд зүй ёсоор тавигдана.

Үл хөдлөх эд хөрөнгө нь өмчийн эрх зүйн хувьд эдийн баялаг, өмчлөлийн зүйл болж хэн нэгэн өмчлөгчид харьяалагддаг бол үүргийн эрх зүйн хувьд талуудын үүрэгтэй хамааралтай гэрээний зүйл болж байдаг. Иймд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээнээс үүдсэн шаардах эрхэд зөвхөн үүргийн эрх зүйн харилцаа бус эдийн баялгийн эрх зүйн шаардах эрх байх боломжтой бөгөөд үүнээс хамаарч хөөн хэлэлцэх хугацааг хуульд ийнхүү өөрөөр тогтоосон байна.

14.2.1.Өмчлөх бүрэн эрх нь хүний үндсэн эрх тул түүнийг гагцхүү хуулиар хязгаарлах ба Иргэний хуульд заасан хөршийн эрх, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, сервитут, узуфрукт, ипотек нь өмчлөгчийн эрхийг хязгаарлаж үүссэн эрх юм. Эдгээр харилцаа нь хязгаарлагдсан өмчлөгч болон үүрэг хүлээгч этгээдүүдийн хооронд хуульд заасны дагуу үүсдэг эдийн баялгийн эрх зүйн гэрээгээр зохицуулагдах ба үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой учир хөөн хэлэлцэх хугацааг гэрээний үүрэгт хамаарах хугацаанаас илүү урт тогтоох шаардлагатай байдаг тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ” гэх ойлголтод хамааруулж болно.

Иймд эд юмсын хязгаарлагдмал эрхээс үүдэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох шаардлагад хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

14.2.2.Үүнээс гадна үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг аливаа гэрээний үндсэн дээр шилжүүлснийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх, цуцлах, уг эрхийн агуулгыг өөрчлөх тухай нэхэмжлэлд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хамаарна. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаагаар татгалзах, зөвшөөрөх асуудал гагцхүү гэрээний талуудын хооронд байх ба дээрх шаардлагууд нь өмчийн эрхийн шинжийг агуулсан учир хөөн хэлэлцэх 3 жил бус 6 жилийн хугацаа байна.

Гэрээний дагуу өмчлөх эрх шилжихэд үүргийн ба өмчийн хэлцэл хийгддэг гэж үзэх нь хийсвэрлэх зарчмын үндсэн санаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрх нь өмчийн хэлцлийн шаардлага мөн. Иймд өмч шилжүүлэх шаардлагад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ”-г дээрх агуулгаар /энэ хэсгийн 14.2.1, 14.2.2-т тайлбарласнаар/ ойлгож хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

14.3.Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээнд үл хөдлөх эд хөрөнгөөс гадна өөр үүрэгтэй холбоотой шаардах эрх байх бөгөөд энэ тохиолдолд 6 жилийг бус гэрээний үүрэгт шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах нь зохистой, тийм ч учраас хуульд гэрээнээс үүдэх шаардлагыг ийнхүү тусгайлсан хоёр өөр хугацаагаар зохицуулсан байна. Тухайлбал худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх мөнгөн төлбөрийн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж үзэх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан агуулгад нийцэхгүй бөгөөд хуулийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгт шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг баримтална.

Нэг төрлийн гэрээнд нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч хэд хэдэн хөөн хэлэлцэх хугацаа байж болдог байна. Тухайлбал, Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-т “Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж заасан ба тусгайлсан хугацаа болох 3 жилийн хугацаанаас гадна тухайн гэрээний төрөлд хөөн хэлэлцэх богиносгосон хугацааг ийнхүү тогтоожээ.

Үүний нэгэн адил, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ”-г тайлбарласнаар аливаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээнд хөөн хэлэлцэх хугацааг зөв хэрэглэх үндэслэл бүрдэнэ.

15.Энэ маргааны тухайд нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны үлдэгдэл үнийг шаардсан ба өмчлөх эрхийн шаардлага гаргасан гэж үзэхгүй тул гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг баримталсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон.

Харин давж заалдах шатны шүүх хариуцагч М.А-н үүрэг гүйцэтгэх хугацаа өөрчлөгдсөн буюу гэрээний энэ нөхцөл өөрчлөгдсөн байдлыг анхаараагүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг залруулах нь зүйтэй.

15.1.Талууд гэрээний 2.3-т “байр ашиглалтад ороход төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгах”, 2.4-т “...төлбөрийг төлснөөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж тохирчээ.

Гэвч хариуцагч төлбөрөө бүрэн төлөөгүй байхдаа буюу 2018.04.20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан, үүний дараа 2018.04.23-ны өдөр 90,000,000 төгрөгийг төлсөн, талууд энэ талаар маргаагүйгээс үзэхэд төлбөр төлөх хугацааг өөрчилсөн нь тогтоогдсон. Дээрх байдлаар талууд үүрэг гүйцэтгэх хугацааг өөрчилсөн, улмаар хариуцагч нь үүргээ хэдийд биелүүлэхийг дахин тохирсон үйл баримт тогтоогдоогүй учир Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх учиртай байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд хандсанаар хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой бус тул үүрэг гүйцэтгүүлэгч шаардсанаас хойш /төлөхгүй гэхээр нь шүүхэд хандсан/ арав хоног өнгөрснөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацаа өнгөрөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байв.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн эрх бус түүний үнийг нь төлүүлэх мөнгөн төлбөрийн шаардлага учир гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг баримтална. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь энэ тогтоолын хянавал хэсгийн 14.2.1, 14.2.2-т заасан эрх зүйн харилцаанаас үүссэн шаардлага болох Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан гэрээний төрөлд хамаарахгүй байна.

15.2.Шинжээчийн дүгнэлтээр орон сууцны талбайн бодит хэмжээ 86,95 м.кв болох нь тогтоогдсон, талуудын байгуулсан гэрээнд орон сууцны талбайн хэмжээг 88,75 м.кв гэж тусгасан байх тул хариуцагч нь бодит хэмжээгээр тооцоход /86,95 м.кв*2,400,0000 төгрөг/, нийт 208,680,000 төгрөг төлөхөөс 190,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 18,680,000 төгрөгийг төлөөгүй байна.

Гэрээгээр тохирсон орон сууцны м.кв-ын үнэ, талбайн хэмжээ хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон тул орон сууцны үнийг бүрэн төлсөн, талбайн хэмжээ 79 м.кв гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байжээ.

16.Иймд хариуцагч М.А-с худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 18,680,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, харин үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй, үүрэг зөрчсөн хугацаа тодорхой бус тул анз тооцох боломжгүй, иймд нэхэмжлэлээс алданги болон талбайн хэмжээний үлдэх зөрүү төлбөрийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/02096 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч М.А-с 18,680,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,676,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “298,050” гэснийг “251,350” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.16-ны өдөр төлсөн 298,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН