Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2021/00791

 

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Эхолбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүрэг 10 930 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.С, гэрч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие О.Б нь Ч.Этэй 2014 онд танилцсан бөгөөд тэрээр манай найз Г.Бийн дүү юм. Ч.Э нь надаас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нөхрийгөө Солонгос улс руу явуулахад дансны баталгааны мөнгө байршуулах шаардлагатай байна гэж гуйж 5 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн нөхрийгөө Америк явуулахаар болсон тул визний материал бүрдүүлэхэд 3 500 000 төгрөг төлөх шаардлагатай болоод байна гэж тус тус хэлж гуйсаар байгаад зээлж авсан. Тэрээр надаас зээлж авсан мөнгөө төлж барагдуулалгүй явсаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүргэсэн бөгөөд Ч.Э бид хоёр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцоод дээрх гэрээнүүдийн дагуу тооцоо нийлж “Төлбөр барагдуулах гэрээ”-г хийсэн. Төлбөр барагдуулах гэрээний дагуу тэрээр 12 150 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сар бүр 500 000 төгрөг буюу нийт 6 000 000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж, үлдэгдэл 6 150 000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30 гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. Гэтэл тэрээр 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 1 220 000 төгрөгийг увуулж, цувуулж нэхэл дагуул болж байж төлсөн. Одоо төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл 10 930 000 төгрөг байгаа болно. Ч.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулахаас өмнө Хас банкнаас 18 000 000 төгрөгийг зээлж авсан, хашаа байшингаа зарж борлуулж орлого олсон атлаа надаас зээлсэн мөнгөө огт төлөх талаар санал санаачлага гаргалгүй намайг хохироож байна. Миний бие энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэлгүйгээр харилцан тохиролцож хэн хэнийхээ боломж нөхцөлд тохируулах шийдвэрлэхийг эрхэмлэж ирсэн боловч Ч.Э нь мөнгийг төлөх, үүргээ биелүүлэх ямар ч санаачлага гаргадаггүйгээс шалтгаалан шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Бидний хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний үүргийн зөрчиж хугацаа хожимдуулсан тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон боловч би түүнийг бодоод алданги нэхэмжлээгүй харин үсчний үйлчилгээ авсан 142 000 төгрөгийг алдангийн төлбөрт тооцсон болно. Ч.Э 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний хүүний төлбөрт 2 100 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний хүүний төлбөрт 420 000 төгрөг төлсөн ба 8 500 000 төгрөгөөр тооцон авсан автомашины үнийг хасч төлбөр барагдуулах гэрээг түүний хүсэл сонирхолыг харгалзан сар бүр 500 000 төгрөг төлөх боломжийг хангаж байгуулсан, ямар нэгэн дарамт шахалтанд оруулаагүй. Уг гэрээг байгуулснаас хойш 1 220 000 төгрөг төлсөн байдаг. Иймд Ч.Э бид хоёрын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргийн дагуу түүнээс 10 930 000 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Э 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан. Уг мөнгөнд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл О.Бгийн өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр 2 100 000 төгрөгийг төлсөн. 2 900 000 төгрөг төлөөгүй үлдсэн байсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан. Уг мөнгөнд 2018 оны 04 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 17-ныг хүртэл 2 240 000 төгрөгийг төлсөн. Анх 3 500 000 төгрөгийг авахдаа бол 2 сарын хугацаатай л авсан юм. Уг мөнгөнөөс 2 240 000-420 000 төгрөгийн хүүг хасвал 1 820 000 төгрөг төлөгдсөн. Ингээд 1 680 000 төгрөгийн үлдэгдэлтэй болно. Гэтэл мөнгөө нэхээд Ниссан Вингроад машиныг 8 500 000 төгрөгөнд тооцож аван 1 жил боллоо. Уг машин нь ББСБ-д фидуцын гэрээгээр байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны төлбөр барагдуулах гэрээг О.Б урьдчилж бичиж бэлтгэн авчраад намайг ажил дээр үс засч байхад гарын үсэг зур гээд хүмүүсийн хажууд /үсчний үйлчилгээ үзүүлээд ажилтай байхад/ зуруулсан. Яг ийм тооцоо энэ тэр гэж харилцан ярилцаж тооцоо хийлгээгүй. Ер нь бол хүү нь ийм болж байна гээд л байсан. Би ямар өндөр хүү вэ гэж л байсан. Тухайн үед ийм өндөр хүү, их мөнгө нэхэж байсан тул машиныг 9 000 000 төгрөгөөр тооцож өгье гэж ярихад 8 500 000 төгрөгөнд тооцож авъя гэж хэлж байсан. Уг машин ББСБ-д миний нөхөр Г.Ггын зээлийн үүрэгтэй фидуцын гэрээгээр ББСБ-ийн өмчлөлд түр байгаа. Тэгэхээр миний нийт авсан мөнгө 8 500 000 төгрөг, уг үндсэн мөнгөнд тооцож машиныг маань О.Б авсан. О.Бгийн хамтран амьдарагч болох нөхөр Баттөгс нь уг машиныг унаж ажилладаг юм билээ. Гэрээнд миний хүсэл зориг чөлөөтэй илэрхийлэгдээгүй, нэг талын тоцоололоор мөнгө төлөх үүрэг тодорхойлогдсон тул төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болж байна. Хүүг хэрхэн яаж тооцож, зээлсэн мөнгийг 1-3 дахин өсгөж хүү гэж тооцож буй нь надад илт хохиролтой байна. Авсан мөнгөндөө дүйцэхүйц төлбөрт тооцон машин авсан. Нийт  4 500 000 төгрөг төлсөн ба 3 жилийн хугацаанд 1 000 000 төгрөгтэй тэнцэхүйц үнийн дүнгээр зээлээсээ тооцно гэж үсээ үнэгүй засуулж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 8 500 000 төгрөгийг 20 650 000 төгрөг болгож авна гэдэг нь үнэхээр нэг талыг хохироосон, нэг талыг тулгасан шаардлага юм гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Э нь нэхэмжлэгч О.Бгийн шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Э нь надаас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нөхрийгөө Солонгос улс руу явуулахад дансны баталгааны мөнгө байршуулах шаардлагатай байна гэж гуйж 5 000 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн нөхрийгөө Америк явуулахаар болсон тул визний материал бүрдүүлэхэд 3 500 000 төгрөг төлөх шаардлагатай болоод байна гэж тус тус хэлж гуйсаар байгаад зээлж авсан. Тэрээр надаас зээлж авсан мөнгөө төлж барагдуулалгүй явсаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүргэсэн. Ч.Э бид хоёр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцоод дээрх гэрээнүүдийн дагуу тооцоо нийлж “төлбөр барагдуулах гэрээ”-г хийсэн. Төлбөр барагдуулах гэрээний дагуу тэрээр 12 150 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сар бүр 500 000 төгрөг буюу нийт 6 000 000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж, үлдэгдэл 6 150 000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30 гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. Гэтэл тэрээр 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар гарын 17-ны өдрийг хүртэл нийт 1 220 000 төгрөгийг увуулж, цувуулж нэхэл дагуул болж байж өгсөн. Одоо төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл 10 930 000 төгрөг болно. Ч.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулахаас өмнө Хас банкнаас 18 000 000 төгрөгийг зээлж авсан. Хашаа байшингаа зарж борлуулж орлого олсон атлаа надаас зээлсэн мөнгөө огт төлөх талаар санал санаачлага гаргалгүй намайг хохироож байна. Одоо сүүлдээ төлбөр барагдуулах гэрээг өөрөө уншиж танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан атлаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл мэтээр хандаж байгаад гомдолтой байна. Тэрээр ярьж тохиролцсон тохиролцоогоо дандаа зөрчиж арга заль хэрэглэж явдаг бөгөөд түүний гаргасан сөрөг нэхэмжлэл нь хугацаа авах гэсэн үндэслэлгүй нэхэмжлэл байна. Бидний хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ тул түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх зохигчдын тайлбар, гэрч Г.Ггын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ч.Эд холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэг 10 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ч.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн ба талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Ч.Э нөхөр Г.Гансүхийг БНСУ-д явуулахад шаардагдах дансны баталгааны төлбөр болох 5 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, мөн АНУ-д визний материал бүрдүүлэхэд шаардагдах 3 500 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус нэхэмжлэгч О.Бгээс авсан бөгөөд талууд мөнгө авсан хийгээд мөнгөн дүнд маргаагүй.

Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...тэрээр надаас зээлж авсан мөнгөө төлж барагдуулахгүй явсаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан ба нийт 12 150 000 төгрөгийг сар бүр 500 000 төгрөгөөр 12 сарын хугацаанд 6 000 000 төгрөг, үлдэх 6 150 000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1 220 000 төгрөгийг цувуулж өгсөн учир төлбөр барагдуулах гэрээний үүрэг 10 930 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч Ч.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...2 удаагийн гэрээгээр нийт 8 500 000 төгрөгийг авсан нь үнэн боловч би чадлынхаа хэрээр эхний гэрээнээс 2 100 000 төгрөг, дараагийн  гэрээнээс 1 820 000 төгрөг төлж байсан. Мөн 1 000 000 төгрөгтэй тэнцэх үсчний үйлчилгээг үзүүлж, 8 500 000 төгрөгөөр үнэлэгдэх автомашинаа шилжүүлж өгсөн. Би төлбөр барагдуулах гэрээг уншиж үзээгүй гарын үсэг зурсан. 8 500 000 төгрөгийг 20 650 000 төгрөг болгож төлнө гэдэг хэт нэг талын хүсэл зоригоор тодорхойлогдсон тул төлбөр барагдуулах гэрээний дагуу нэхэмжилж байгаа 10 930 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3 500 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй байхаар тохирсон ба уг гэрээ бичгийн хэлбэртэй байсан хожим тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулснаар өмнөх гэрээ хэрэггүй болсон тул өөрт байсан хувийг хариуцагч Ч.Эд өгсөн гэж нэхэмжлэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг.

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байхаар тохирч бичгээр байгуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээг бичгээр байгуулаагүй, тохирсон хугацаанд төлбөрөө бүрэн төлж чадаагүй гэж хариуцагч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул зохигчдын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээнд хариуцагч Ч.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 2 100 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 420 000 төгрөгийг тус тус төлсөн гэсэн байх тул сард 6 хувийн хүү тохирсон гэсэн хариуцагч Ч.Эийн тайлбар үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Мөн хуулийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ.

Нэхэмжлэгч О.Б төлбөр барагдуулах гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлах боловч уг гэрээг дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ буюу зээлийн гэрээний харилцаа чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээгээр ямар хугацаа тохирсон, гэрээний сунгалт тухай бүр хийгдсэн эсэх нь тооцоо нийлэхэд ач холбогдолтой.

Хариуцагч Ч.Э зээл авснаас хойш нийт 3 920 000 төгрөг /2 100 000+1 820 000/-ийг 1 000 000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн хамт төлж барагдуулсан гэсэн тайлбар гаргасан боловч үүнийгээ нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 3 740 000 төгрөг /2 100 000+ 420 000+ 1 220 000/-ийг хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

Мөн төлбөр барагдуулах гэрээний дагуу 5473 УАА улсын дугаартай ниссан вингроад суудлын автомашиныг 8 500 000 төгрөгт тооцож О.Бгийн эзэмшилд шилжүүлж өгсөн. Төлбөр тооцоог ББСБ-тай бүрэн хийж дуусгасны дараа өмчлөлд нь шилжүүлж өгнө гэж хүлээн зөвшөөрсөн Ч.Эийн тайлбар, гэрч Г.Ггын мэдүүлэг зэргээс 8 500 000 төгрөгийн эд зүйлийг төлбөрт тооцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.6.-д Тооцоо нийлэх гэрээний дагуу үүссэн шаардлагыг үүргийн гүйцэтгэлийг хангах аль нэг аргаар хангасан бол үүрэг гүйцэтгүүлэгч тооцоо нийлсний дараа ийнхүү хангасан хэмжээгээр тооцооны үлдэгдлийг төлөхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрх үүссэн гэж байгаа боловч,

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1.-д Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ гэж заасан ба гэрээнд заасан хугацааны дотор тооцоо нийлсэн эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээнүүд бичгийн хэлбэртэй байгуулагдсан эсэх нь нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгч О.Бд төлөх төлбөргүй, зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнээд 10 930 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж заасны дагуу хариуцагч Ч.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ч.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...гэрээнд миний хүсэл зориг чөлөөтэй илэрхийлэгдээгүй, хүүг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, зээлдэгч надад илт хохиролтой гэрээ байсан гэж тайлбарладаг боловч 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш 1 220 000 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн, мөн гэрээний дөрөв дэх заалт болох 5473 УАА улсын дугаартай ниссан вингроад маркийн суудлын автомашиныг О.Бд шилжүүлэн өгсөн, өмчлөлд нь өгөх талаар зөвшөөрч байгаа тайлбар зэргээс дүгнэвэл Төлбөр барагдуулах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон боловч маргаан бүхий төлбөр барагдуулах гэрээний хувьд зарим шаардлагыг хариуцагч зөвшөөрч байгаа тайлбар, зээлийн гэрээний үүргийг биелүүлж байгаа байдлыг харгалзан,

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан тул төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Хариуцагч Ч.Эийн  нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ нь хуулбар хувь бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх шийдвэрийн үндэслэл болгож үнэлээгүйг дурдаж, зохигчдын улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 189 830 төгрөг болон 261 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Эээс төлбөр барагдуулах гэрээний үүрэг 10 930 000 /арван сая есөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ч.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 189 830 /нэг зуун наян есөн мянга найман зуун гуч/ төгрөг, хариуцагч Ч.Эийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 261 200 /хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ