Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 87

 

О.Бгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.Эд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/00791 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Эд холбогдох,

 

 “Төлбөр барагдуулах гэрээний үүрэг 10.930.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй хэргийг,

Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нар онлайнаар, хариуцагч Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.С, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Б нь Ч.Этэй 2014 онд танилцсан бөгөөд тэрээр манай найз Г.Бийн дүү юм. Ч.Э нь надаас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нөхрийгөө Солонгос улс руу явуулахад дансны баталгааны мөнгө байршуулах шаардлагатай байна гэж гуйж 5.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн нөхрийгөө Америк явуулахаар болсон тул визний материал бүрдүүлэхэд 3.500.000 төгрөг төлөх шаардлагатай болоод байна гэж тус тус хэлж гуйсаар байгаад зээлж авсан. Тэрээр надаас зээлж авсан мөнгөө төлж барагдуулалгүй явсаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүргэсэн бөгөөд Ч.Э бид хоёр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцоод дээрх гэрээнүүдийн дагуу тооцоо нийлж Төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Төлбөр барагдуулах гэрээний дагуу тэрээр 12.150.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сар бүр 500.000 төгрөг буюу нийт 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж, үлдэгдэл 6.150.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30 гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. Гэтэл тэрээр 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 1.220.000 төгрөгийг увуулж, цувуулж нэхэл дагуул болж байж төлсөн. Одоо төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл 10.930.000 төгрөг байгаа болно.

Ч.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулахаас өмнө Хас банкнаас 18.000.000 төгрөгийг зээлж авсан, хашаа байшингаа зарж борлуулж орлого олсон атлаа надаас зээлсэн мөнгөө огт төлөх талаар санал санаачилга гаргалгүй намайг хохироож байна. Миний бие энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэлгүйгээр харилцан тохиролцож хэн хэнийхээ боломж нөхцөлд тохируулах шийдвэрлэхийг эрхэмлэж ирсэн боловч Ч.Э нь мөнгийг төлөх, үүргээ биелүүлэх ямар ч санаачилга гаргадаггүйгээс шалтгаалан шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Бидний хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний үүргийн зөрчиж хугацаа хожимдуулсан тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон боловч би түүнийг бодоод алданги нэхэмжлээгүй харин үсчний үйлчилгээ авсан 142.000 төгрөгийг алдангийн төлбөрт тооцсон болно.

Ч.Э 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний хүүгийн төлбөрт 2.100.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний хүүгийн төлбөрт 420.000 төгрөг төлсөн ба 8.500.000 төгрөгөөр тооцон авсан автомашины үнийг хасаж төлбөр барагдуулах гэрээг түүний хүсэл сонирхлыг харгалзан сар бүр 500.000 төгрөг төлөх боломжийг хангаж байгуулсан, ямар нэгэн дарамт шахалтанд оруулаагүй. Уг гэрээг байгуулснаас хойш 1.220.000 төгрөг төлсөн байдаг. Иймд Ч.Э бид хоёрын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ-ний үүргийн дагуу түүнээс 10.930.000 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 Миний бие Ч.Э 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан. Уг мөнгөнд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл О.Бгийн өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр 2.100.000 төгрөгийг төлсөн. 2.900.000 төгрөг төлөөгүй үлдсэн байсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан. Уг мөнгөнд 2018 оны 04 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 17-ыг хүртэл 2.240.000 төгрөгийг төлсөн. Анх 3.500.000 төгрөгийг авахдаа бол 2 сарын хугацаатай л авсан юм. Уг мөнгөнөөс 2.240.000-420.000 төгрөгийн хүүг хасвал 1.820.000 төгрөг төлөгдсөн. Ингээд 1.680.000 төгрөгийн үлдэгдэлтэй болно. Гэтэл мөнгөө нэхээд Ниссан Вингроад машиныг 8.500.000 төгрөгт тооцож аван 1 жил боллоо. Уг машин нь ББСБ-д фидуцын гэрээгээр байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны төлбөр барагдуулах гэрээг О.Б урьдчилж бичиж бэлтгэн авчраад намайг ажил дээр үс засаж байхад гарын үсэг зур гээд хүмүүсийн хажууд /үсчний үйлчилгээ үзүүлээд ажилтай байхад/ зуруулсан. Яг ийм тооцоо энэ тэр гэж харилцан ярилцаж тооцоо хийлгээгүй. Ер нь бол хүү нь ийм болж байна гээд л байсан. Би ямар өндөр хүү вэ гэж л байсан. Тухайн үед ийм өндөр хүү, их мөнгө нэхэж байсан тул машиныг 9.000.000 төгрөгөөр тооцож өгье гэж ярихад 8.500.000 төгрөгт тооцож авъя гэж хэлж байсан. Уг машин ББСБ-д миний нөхөр Г.Гантулгын зээлийн үүрэгтэй фидуцын гэрээгээр ББСБ-ийн өмчлөлд түр байгаа. Тэгэхээр миний нийт авсан мөнгө 8.500.000 төгрөг, уг үндсэн мөнгөнд тооцож машиныг маань О.Б авсан. О.Бгийн хамтран амьдрагч болох нөхөр Баттөгс нь уг машиныг унаж ажилладаг юм билээ. Гэрээнд миний хүсэл зориг чөлөөтэй илэрхийлэгдээгүй, нэг талын тооцооллоор мөнгө төлөх үүрэг тодорхойлогдсон тул төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болж байна. Хүүг хэрхэн яаж тооцож, зээлсэн мөнгийг 1-3 дахин өсгөж хүү гэж тооцож буй нь надад илт хохиролтой байна. Авсан мөнгөндөө дүйцэхүйц төлбөрт тооцон машин авсан. Нийт 4.500.000 төгрөг төлсөн ба 3 жилийн хугацаанд 1.000.000 төгрөгтэй тэнцэхүйц үнийн дүнгээр зээлээсээ тооцно гэж үсээ үнэгүй засуулж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 8.500.000 төгрөгийг 20.650.000 төгрөг болгож авна гэдэг нь үнэхээр нэг талыг хохироосон, нэг талыг тулгасан шаардлага юм гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Э нь нэхэмжлэгч О.Бгийн шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ч.Э нь надаас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нөхрийгөө Солонгос улс руу явуулахад дансны баталгааны мөнгө байршуулах шаардлагатай байна гэж гуйж 5.000.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн нөхрийгөө Америк явуулахаар болсон тул визний материал бүрдүүлэхэд 3.500.000 төгрөг төлөх шаардлагатай болоод байна гэж тус тус хэлж гуйсаар байгаад зээлж авсан. Тэрээр надаас зээлж авсан мөнгөө төлж барагдуулалгүй явсаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүргэсэн. Ч.Э бид хоёр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцоод дээрх гэрээнүүдийн дагуу тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г хийсэн. Төлбөр барагдуулах гэрээний дагуу тэрээр 12.150.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сар бүр 500.000 төгрөг буюу нийт 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж, үлдэгдэл 6.150.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30 гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. Гэтэл тэрээр 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар гарын 17-ны өдрийг хүртэл нийт 1.220.000 төгрөгийг увуулж, цувуулж нэхэл дагуул болж байж өгсөн. Одоо төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл 10.930.000 төгрөг болно. Ч.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулахаас өмнө Хас банкнаас 18.000.000 төгрөгийг зээлж авсан. Хашаа байшингаа зарж борлуулж орлого олсон атлаа надаас зээлсэн мөнгөө огт төлөх талаар санал санаачилга гаргалгүй намайг хохироож байна. Одоо сүүлдээ төлбөр барагдуулах гэрээг өөрөө уншиж танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан атлаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл мэтээр хандаж байгаад гомдолтой байна. Тэрээр ярьж тохиролцсон тохиролцоогоо дандаа зөрчиж арга заль хэрэглэж явдаг бөгөөд түүний гаргасан сөрөг нэхэмжлэл нь хугацаа авах гэсэн үндэслэлгүй нэхэмжлэл байна. Бидний хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ тул түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/00791 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Эээс төлбөр барагдуулах гэрээний үүрэг 10.930.000 /арван сая есөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ч.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 189.830 /нэг зуун наян есөн мянга найман зуун гуч/ төгрөг, хариуцагч Ч.Эийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 261.200 /хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О.Бгийн нэхэмжлэлтэй, Ч.Эд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 00791 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Нэхэмжлэгч нь түс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний харилцаатай байсан тухай дурдаад харин төлбөр барагдуулах гэрээгээр шинэ үүрэг үүссэн гэж үзэж, үүндээ үндэслэн 10.930.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тодруулбал нэхэмжлэгчийн шаардах эрх нь талуудын хооронд бичгээр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нэртэй гэрээнд үндэслэж шаардлага гаргасан. Гэтэл шүүх зээлийн гэрээнд шаардах эрхээ үндэслэсэн мэтээр дүгнэж улмаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх замаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нь зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр сольж байгааг нотолсон нотлох баримт бөгөөд хариуцагч нь уншаагүй зурсан, орой нь уншсан...гэх тайлбар нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм. Гэтэл өмнөх зээлийн гэрээний үүргийг төлбөр барагдуулах гэрээгээр сольсон байхад, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн болон бусад холбогдох заалтанд үндэслэхгүйгээр үүрэг дуусгавар болсон гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй байна. Гурав.Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг нь үндэслэлтэй мэт дүгнэсэн атлаа төлбөр барагдуулах гэрээний яг ямар заалт нь ямар хуулийн ямар заалтанд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бүс байгаа, эсхүл хүчин төгөлдөр байгаа талаар дүгнээгүй, хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээний хугацаанд дагуу төлбөрөө төлсөөр байсан үйл баримт, яагаад өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, тус өдрөөс хойш өдийг хүртэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаагүй байгаа зэрэгт шүүх бодитой дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна. Иймээс Орхон аймаг дахь Сүм дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.08-ны өдрийн 142/ШШ2021/00791 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж О.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Э болон хариуцагчийн өмгөөлөгч О.С нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б түүний түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцлаа. Нэхэмжлэгч тал шаардах эрхээ 2020.04.08-ны өдөр байгуулагдсан гэрээнд үндэслэж шаардлага гаргасан. Гэтэл шүүх ИХ-ийн зээлийн гэрээний шаардах эрхэд үндэслэсэн мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. 2.Өмнөх зээлийн гэрээний үүргийг төлбөр барагдуулах гэрээгээр сольсон байхад ИХ-ийн 240-р зүйл болон бусад холбогдох заалтанд үндэслэхгүйгээр үүрэг дуусгавар болсон гэж үзсэн нь буруу гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т нийцүүлэн үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч О. Б нь нэхэмжлэлдээ 2017.09.06-ны өдөр 5.000.000 2018.01.08-ны өдөр мөн 3.500.000 зээлж аваад мөнгөө төлж барагдуулалгүй явсаар 2020.04.08-ыг хүргэсэн гээд хэргийн үйл баримтыг тодорхойлсон. Хариуцагч дээрх хугацаанд мөнгө зээлж авсан нь үнэн. 2017.09.06-аас хойш 2017.10.09-нд 300.000, 11.03-нд 200,000, 11.12-нд 100.000 дараа нь 120.000 төлж байгаад 2018.01.08-нд авсан 3.500.000 төгрөгөөс 2018.04.27-нд 500.000, 06.05-нд 200.000,06.17-нд 100.000, 07.19-20-нд 40.000, 08.28-нд 110.000, 09.18-нд 110.000, 09.28-нд 30.000,10.02-нд 20.000, 10.07-нд 100.000, 11.11-нд 20.000, 11.18-нд 100.000 гэх мэтээр төлж дансаар болон бэлэн, мөн 2018 оноос 2021 он хүртэл Б үсээ засуулж, үс засуулсны төлбөрөө төлөхгүй чиний өрнөөс хасаж тооцно гэж 3 жил буюу сард 4-5 удаа буюу 1 жилд 60 удаа багаар бодоход үс ороолгох, тайруулах, массаж хийлгэх зэргээр төлбөр төлөхгүй явах байсан. Үүнийг нь 3 жилд тооцвол 180-200 удаа үсээ засуулах, тайруулах, ороолгох массаж хийлгэх үйлчилгээнүүдийг авч байсан. Үүнийгээ өөрөө хөтөлдөг байсан боловч бичгээр хийсэн гэрээнийхээ хамт гаргаж өгөөгүй. Авсан зээлийн хүү гэж төлж байсан мөнгөний 5.000.000 төгрөгт  2018.04.06-н хүртэл 720.000 гэрээний дагуу төлсөн бөгөөд төлбөр барагдуулах гэрээ гэсэн нэртэй 2020.04.08-нд хийсэн мэт гэрээнд гарын үсэг зуруулсан. Би үсчин хийдэг бөгөөд хүний үс засаж байхад уг гэрээг авчирч зуруулж байсан. Би яг нүүр нүүрээ харан тооцоо хийсэн юм байхгүй. Тэгээд ч 2018.01.08-нд авсан мөнгөнөөс 2.240.000 төлсөн байсан юм. Төлөөгүй явсаар гэрээ хийсэн мэт бичсэн байдаг. Дээрх төлбөрийг төлж байсан нь миний дансны хуулгаар харагдана. Мөн 2020.04.08 гэсэн огноотой гэрээ бичиж авчрахаас өмнө нөхөр Гантулгатай ярьж О.Бд машинаа 10.000.000 тооцож өгье гэхэд тэрээр зөвшөөрч, маргааш нь 9.500.000-д тооцон авахаар болж, тэрээр эзэмшилдээ нийлүүлэн авсан талаар гэрч Гантулга болон нэхэмжлэгч Б гурвын тайлбар зөрөөгүй. Нөхөр бид 2 виз гаргуулах гэж мөнгө төгрөгөө алдсан. Гэвч Бгээс авсан мөнгөө өөртэй нь тохирч машинаа өгч барагдуулсан гэж үзэж байгаа. 2020.04.08 гэсэн огноотой гэрээнээс өмнө машинаа өгсөн байсан. Аливаа гэрээ талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдэж байж нэгддэг.

Гэвч уг гэрээ машин өгснөөс хойш 2 сарын дараа бичээд бэлтгэсэн гарын үсэг зуруулах гэж надад 1 хувийг өгсөн. Би 8.500.000 төгрөг авсан түүндээ машинаа тооцож өгсөн, түүний өөрийнх нь тодорхойлсноор хүүд нийт.........тул түүнийг би хохироогоогүй. Тэгээд ч анхны үндсэн зээлийн гэрээний харилцааны зүйлд төлбөрт хүү, машинаа тооцон өгсөн. Энэ талаар хийсэн шүүхийн анхан шатны хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ч.Эээс төлбөр барагдуулах тухай гэрээний үүрэгт 10.930.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Ч.Э нь өөрийн нөхөр Г.Гансүхийг Солонгос улсад явахад нь зориулан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгч О.Бгээс тус тус зээлж авсан байх ба талууд зээл авсан болон мөнгөний дүнд маргаангүй харин нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр 08-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Хариуцагч Ч.Э нь тухайн гэрээг хэн нэг талын хүсэл зорилгоор  тодорхойлогдсон, гэрээг уншиж танилцаагүй гарын үсэг зурсан гэж мэтгэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан, уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан  зэрэг үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчид анх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлийн гэрээ бичгээр хийж авсан, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр хийгээгүй байна. Тухайн зээлийн гэрээнүүдээр хариуцагч Ч.Э нь 3.740.000 төгрөгийг буцааж төлсөн болох нь талуудын тайлбар бусад нотлох баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Ч.Э нар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохигчдын хооронд өмнө нь байгуулагдсан зээлийн гэрээнд үндэслэн “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан байх ба тухайн гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор гэрээ бүрээр үндсэн зээл, хүүг төлсөн мөнгийг тооцон төлөхөөр тохиролцсон байх боловч хуульд заасан үндэслэлээр байгуулагдаагүй, зээлийн гэрээгээр хүү тооцсон өндөр хүү төлүүлэхээр шийдвэрлэснийг тооцоо нийлэх гэрээ хийгдсэн гэх үндэслэлээр үнэлэн шийдвэрлэх боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн төлбөр барагдуулах гэрээг дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ буюу зээлийн гэрээний харилцаа чухал ач холбогдолтой, талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийг гэрээгээр ямар хугацаа тохирсон, гэрээний сунгалт тухай бүр хийгдсэн эсэх нь нь тооцоо нийлэхэд ач холбогдолтой гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуульд заасны дагуу хийгдсэн эсэх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн зээл хүүг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ч.Э нь зээлийн гэрээний үүрэгт 3.740.000 төгрөг /нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр/ төлсөн, төлбөр барагдуулах гэрээний дагуу 54-73 УАА улсын дугаартай Ниссан винграод суудлын автомашиныг 8.500.000 төгрөгт тооцон нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн нөхцөл байдлууд тогтоогджээ.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээ нь гэрээний талуудын хооронд хийгдэх ёстой олон тооны төлбөрийг нэг төлбөр, шаардлага болгон цөөлдөг ба гэрээг талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн олон шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар нэг тооцоо гаргаж, нийт дүнг тогтоон ажиллах тухай тохиролцоо юм.

Зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүд бичгээр хийгдэж иргэд хоорондын зээлийн гэрээгээр хүү авах эрх үүссэн эсэх нь төлбөр барагдуулах гэрээг үнэлэхэд ач холбогдолтой учраас зээлийн гэрээгээр хүлээсэн болон гүйцэтгэсэн үүргийг харгалзан үзэж хуульд нийцүүлэн шийдвэрлэх учиртай тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нарын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/00791 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 189.830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР    

                                             ШҮҮГЧ                                                  С.УРАНЧИМЭГ