Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2075

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ч-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо  даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01888 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Ч-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч “П” ХХК, “А а т” ХХК-д холбогдох

 

“Т м г ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан 01 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгохуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, П.Э,

Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т м г ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй буюу 33 хувийг М.Ч-, 33 хувийг “П” ХХК, 34 хувийг “А а т” ХХК тус тус эзэмшдэг. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэрээр 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагт хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийхээр шийдвэр гаргасан. Ингэж зарлахдаа хувьцаа эзэмшигч М.Ч-д мэдэгдэл хүргүүлээгүй. Хурлаас гарсан шийдвэр нь “Т м г” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байсан Г.Х-ыг ажлаас нь чөлөөлж, Д.Б-ийг томилсон. Мөн тогтоолын гурав дахь заалтаар “Т м г” ХХК-ийг төлөөлөн “Баруун баян транс” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг мөн Д.Б-ид олгосон. Ингэж шийдвэр гаргахдаа хурлын товыг мэдэгдэхээс авхуулаад журмыг зөрчсөн. Тухайлбал Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хүргүүлэх, хурал хэлэлцэхтэй холбоотой материалтай танилцах, ямар нэгэн байдлаар санал өгөх, мөн хувьцаа эзэмшигч хуралд оролцох, өөрийнхөө эзэмшиж байгаа хувь хэмжээгээр хурлын шийдвэрт санал өгөх зэргийг огт биелүүлээгүй шийдвэр гаргаад Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчаас улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Мөн ингэж бүртгэсэн нь хувьцаа эзэмшигчид нөлөөлсөн гэж хүчингүй болгосон. Хурлаас гарсан тогтоолын үр дагавар арилсан боловч хурлын шийдвэрийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан 01 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Т м г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуулийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр товлогдоод хурлаа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан. Уг хурал нь ном журмынхаа дагуу М.Ч-д и-мэйлээр мэдэгдсэн. Алдаатай бичигдсэн и-мэйл биш, нөгөө и-мэйлээр явуулсныг нэхэмжлэгч өөрөө хүлээгээд авсан гэх баримтыг хэрэгт хавсаргасан. Үүнтэй холбоотойгоор улсын бүртгэлээс хүчингүй болгосон акт гарснаар Д.Б- “Т м г” ХХК-ийн гүйцэтгэх захидлаар томилогдсон бүртгэл хүчингүй болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.11-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын бүртгэлээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэжээ.

 

Хариуцагч “А а т” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Т м г” ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигч ба ээлжит бус хурлын товыг и-мэйлээр хүлээн авсан. Хурлаар хэлэлцсэн асуудалд нь эрхийнхээ дагуу саналаа өгч оролцсон. 01 тогтоол нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. М.Ч-ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компаний тухай хуулийн 63, 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар “Т м г” ХХК-ийн 2018 оны 02 дугааар сарын 01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан 01 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээх үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалтыг зөрчсөн.

“Т м г” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдахаар зарлагдаж, түүний дагуу бүх хувьцаа эзэмшигч нарт и-мэйлээр хүргүүлсэн.

Компаний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй зүйл заалтыг хэрэглэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Анхан шатны шүүх “...Компаний тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох бүрэн эрх, 65 дугаар зүйлийн 65.7-д заасан хурал хуралдуулах баримт бичигтэй танилцах эрх, 66 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд санал оруулах эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэхдээ дурдаад, үндэслэл болгоод буй Компанийн тухай хуулийн зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, уг хуулийн 62 дугаар зүйлд компанийн хувьцаа эзэмшигчдийн “Хурлын бүрэн эрх”-ийг зааж өгсөн болохоос “Хувьцаа эзэмшигч”-ийн эрхийг заагаагүй. Өөрөөр хэлбэл, 62 дугаар зүйлийн 62.1-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан хамааралгүй зүйл заалтыг буруу тайлбарлан хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудлыг хувьцаа эзэмшигч хуралд оролцох бүрэн эрхтэй хольж хутган хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох эрхийг нь зөрчсөн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Мөн уг хуулийн 63 дугаар зүйлд Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болохыг зохицуулсан ба 63 дугаар зүйлийн 63.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд ... заасан саналын эрх эдэлнэ”, харин 34 дүгээр зүйлийн 34.1-д Компанийн энгийн хувьцаа эзэмшигч дараах эрх эдэлнэ, 34.1.1-т Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх гэж заасан бөгөөд энэ зүйл заалт нь хурлын товыг хүлээн авч, мэдсэн атлаа зориуд хуралдаа оролцох эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигчид хамаарахгүй, хуульд заасан эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй атлаа үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тохиолдлыг хамгаалах боломжгүй юм. Түүнчлэн, шүүх хувьцаа эзэмшигч М.Ч-ий хуралд санал өгөх эрхийг хязгаарласан мэтээр дүгнэлт хийж байгаа нь хэргийн үйл баримтын талаар нотлох баримтгүйгээр байж боломгүй дүгнэлт хийсэн.

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7-д “Компани нь хувьцаа эзэмшигчдийн тухай хурал хийх мэдэгдэл гаргасан өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчийг энэ хуулийн 65.6 дугаар зүйлд заасан баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан ба 65 дугаар зүйлийн 65.6 нь “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах үед хувьцаа эзэмшигчид дараах баримт бичигтэй танилцах бололцоог олгоно” гэж маш тодорхойгоор “ээлжит хурал хуралдах үед” танилцуулахаар заасан зохицуулалтыг буруу тайлбарлан шүүхэд талуудын маргаж буй асуудал болох “Т м г” ХХК-ийн ээлжит бус хурлын өөр тохиолдолд хүчээр хамааруулан тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй. Мөн 65 дугаар зүйлийн 65.6-д заасан баримт бичгүүд нь ээлжит хурлаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой бичиг баримтууд юм. Хуулиараа ээлжит бус хурлын үед уг баримтуудыг танилцуулахаар зохицуулаагүй байна.

Мөн Компаний тухай хуулийн 66 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах асуудлыг зохицуулсан ба 66.1-д “саналын эрх бүхий энгийн хувьцааны тав буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар болон төлөөлөн удирдах зөвлөл, тооллогын комиссын гишүүнд нэр дэвшүүлэх хүний талаар саналаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар өмнөх санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл, эсвэл гүйцэтгэх удирдлагад гаргаж болно” гэж ээлжит хурлын үед санал оруулах эрхийн зохицуулалтыг тодорхой ялган зааж өгсөн байхад хуулийн заалтыг буруу тайлбарлан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэж заасан байхад илт өөр агуулгаар заасан байгаа мэтээр дүгнэлт хийж шүүхээс байж боломгүй алдаа гаргаж, үндэслэлгүй тайлбарласан.

Мөн анхан шатны шүүх шийдвэртээ дурдаад байгаа “60 дугаар зүйлийн 60.3. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна” гэсэн нь компанийн ээлжит хурлын хувьд зохицуулсан ба харин ээлжит бус хурлын үед баримтлах зохицуулалт болох уг хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна., 61.1.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн 2 буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан, 61.2-т энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөлд гаргах эрхтэй, 61.4-т Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана, 61.9-т Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 61.4-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд санал, шаардлага гаргасан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулна гэсэн ээлжит бус хурлыг явуулах тусгайлан заасан хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтуудыг хэрэглэлгүй, үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийсэн.

Мөн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09 цагт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал компанийн оффисын өрөөнд хуралдсан. Нийт хувьцаа эзэмшигчдийн 67 хувийн ирцтэйгээр буюу 34 хувийн хувьцаа эзэмшигч “А а т” ХХК, 33 хувийн хувьцаа эзэмшигч “П” ХХК нар нь хуралд ирж нийт 67 хувийн ирцтэйгээр хурал хуралдсан, энэ талаар нотлох баримт хувьцаа эзэмшигчдийн тогтоол хэрэгт авагдсан байхад 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг илт буруу хэрэглэж, шүүхээс үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах хэрэгсэл болж, нөгөө талаараа бусад хоёр хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхлыг шүүх өөрөө хохирооход хүргээд байна.

Анхан шатны шүүхээс гаргасан процессын алдаа гаргасан. Шүүх хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар М.Ч-д хурлын зар хүргэгдсэн талаар заадаггүй, түүнчлэн нэхэмжлэгч талаас “буруу и-мэйл хаяг руу явуулсан байсан” гэж, харин хариуцагч нараас “хоёр и-мэйл хаяг руу явуулсан ба хожим нь шалгахад нэг и-мэйл хаягнаас нэхэмжлэгч нь харж мэдсэн байдаг” гэсэн тайлбаруудыг хийсээр байхад, түүнчлэн нэхэмжлэгч талаас и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргахад хангахгүйгээр шийдэж ээлжит бус хурлын зарыг 2 и-мэйл хаягаар явуулсан эсэх, нэг хаяг нь буруу хаяг байсан гэх нь нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа, өөр и-мэйл хаягаар давхар явуулсан эсэх нь хэрхэн тогтоогдож, эсхүл няцаагдаж байгаа, өөр и-мэйл хаяг гэх нь ямар хаяг, тэрхүү өөр хаягаар явуулсан ээлжит бус хурлын зарыг М.Ч- нь хүлээж авсан, хүлээж аваагүй нь хэрхэн тогтоогдож байгаа зэрэг асуудлуудад үндэслэл бүхий, нотлох баримттайгаар дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1513 дугаартай улсын байцаагчийн дүгнэлттэй “Т м г” ХХК-ийн хамгийн их хувьцаа эзэмшигч болох “А а т” ХХК нь танилцаагүй, тус дүгнэлтийг гардан авч гомдол гаргах хуулийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад түүнийг харгалзан үзэлгүйгээр шүүх процессын алдаа гаргаж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01888 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч “П” ХХК, “А а т” ХХК-д холбогдуулан “Т м г” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан 01 дүгээр Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч М.Ч- нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

+-

“Т м г” ХХК-ийн 33 хувийг М.Ч-, 33 хувийг “П” ХХК, “А а т” ХХК нь 34 хувийг эзэмшдэг болох нь тус компанийн дүрэм болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 14, 16-22 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан болон талуудын тайлбараас үзэхэд “Т м г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай тушаалаар  тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9.00 цагаас Компанийн төв оффисын хурлын зааланд зохион байгуулахаар товлосон ба 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нийт хувьцаа эзэмшигчдийн 67 хувийн ирцтэйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж,  “Т м г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Х-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Батдоржийг гүйцэтгэх захирлаар томилж, улмаар компанийг төлөөлөн “Баруун баян транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг Г.Батдоржид олгожээ. /хэргийн 6-12 дугаар тал/

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарсан тохиолдолд Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдэд 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулах, 60.4 дэх хэсэгт зааснаар хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргасан тал буюу хариуцагч нь бусад хувьцаа эзэмшигчид зарыг хүргэх үүрэгтэй бөгөөд уг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан болон хуулиар тогтоосон хугацааг баримталсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хуралд саналаа өгөх эрхтэй тул хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан этгээд нь дээрх эрхээ эдлэх боломжийг олгож, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахдаа Компанийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх ёстой юм. 

 

Иймд хариуцагч “П” ХХК, “А а т” ХХК-иуд нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Т м г” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Копанийн тухай хууль болон “Т м г” ХХК-ийн дүрмийн 6.2.16-д “Компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгохыг Хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хуралдуулж, гүйцэтгэх удирдлагыг сонгосон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар ямар асуудал хэлэлцэх талаар бусад буюу 33 хувийн хувьцаа эзэмшигч М.Чүнгүнд хуульд зааснаар мэдэгдээгүй, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй тул тэрээр Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т зааснаар шүүхэд хандан гомдол гаргах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01888 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                        ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                    С.ЭНХТӨР