Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1888

 

                               

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 20 өдөр                  Дугаар183/ШШ2018/01888

                              Улаанбаатар хот

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                   

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, ТТ м групп ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч, Ч /РД: /-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТТ м групп ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч П ХХК /РД: /,

Хариуцагч:, ТТ м групп ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигч Пат ХХК РД: / нарт холбогдох,

“ТТ м групп ХХК-ийн 2018.02.01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал”-ыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан №01 дугаар “Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол”-ыг хүчингүй болгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, П.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагч Пат ХХК-ийн төлөөлөгч Б.Булган, хариуцагч П ХХК-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                             

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ТТ м групп ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй буюу 33%-ийг нэхэмжлэгч М.Ч эзэмшдэг, 33%-ийг П ХХК эзэмшдэг, үлдэх 34%-ийг Патрэйд ХХК эзэмшдэг. 2018.01.31-ны өдрийн шийдвэрээр 2018.02.01-ний өдрийн 09 цагт хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийхээр шийдвэр гаргасан байдаг. Ингэж зарлахдаа хувьцаа эзэмшигч М.Чд мэдэгдэхээр хүргүүлээгүй. Ингээд хурлаас гарсан шийдвэр нь ТТ м групп ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байсан Г.Халиуныг ажлаас нь чөлөөлөөд гүйцэтгэх удирдлагаар Д.Батдоржийг томилсон. Мөн тогтоолын 3 дахь заалтаар ТТ м групп ХХК-ийг төлөөлөн Баруун баян ТТ ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг мөн Д.Батдоржид олгосон. Ингэж шийдвэр гаргахдаа хурлын товыг мэдэгдэхээс авахуулаад журмыг зөрчсөн. Тухайлбал Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хүргүүлэх, хурал хэлэлцэхтэй холбоотой материалтай танилцах, ямар нэгэн байдлаар санал өгөх, мөн хувьцаа эзэмшигч хуралд оролцох, өөрийнхөө эзэмшиж байгаа хувь хэмжээгээр хурлын шийдвэрт санал өгөх зэргийг огт биелүүлээгүй шийдвэр гаргаад Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч талаас хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн учраас хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчаас улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Мөн ингэж бүртгэсэн нь хувьцаа эзэмшигчид нөлөөлсөн байна гэж хүчингүй болгосон. Хурлаас гарсан тогтоолын үр дагавар арилсан боловч хурлын шийдвэрийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2018.02.01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан 01 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.  

 

Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ТТ м групп ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуулийн дагуу 2018.01.31-ны өдөр товлогдоод хурлаа 2018.02.01-ний өдөр хуралдсан. Уг хурал нь ном журмынхаа дагуу М.Ч захиралд имейлээр мэдэгдсэн. Алдаатай бичигдсэн имейл биш нөгөө имейлээр явуулсаныг нэхэмжлэгч өөрөө хүлээгээд авсан гэх баримтыг хэрэгт хавсаргаад өгсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлээс хүчингүй болгосон акт гарсанаар Д.Батдорж гэх хүн ТТ м групп ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бүртгэл хүчингүй болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.11 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын бүртгэлээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр  үйлчилж байгаа” гэв.

 

Хариуцагч Пат ХХК-ийн төлөөлөгч Б.Булган шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай компани ТТ м групп ХХК-ийн 34%-ийн хувьцаа эзэмшигч ба ээлжит бус хурлын товыг имейлээр хүлээн авсан. Хурлаар хэлэлцсэн асуудалд нь эрхийнхээ дагуу саналаа өгч оролцсон. 01 тогтоол нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. М.Чий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ч нь ТТ м групп ХХК-ийн 2018.02.01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан №01 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг П ХХК, Павтот ХХК нарт холбогдуулан шүүхэд гаргажээ.

Нэр бүхий хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тухайн өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуулийн дагуу зарлагдсан гэжээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Ч, хариуцагч П ХХК нар нь тус тус ТТ м групп ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч, харин хариуцагч  Пат ХХК нь 34 хувийн хувьцаа эзэмшигч болох нь ТТ м групп ХХК-ийн дүрмээр тогтоогдсон байна.

ТТ м групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.01.31-ний өдрийн 01 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай тушаалаар  ТТ м групп ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018.02.01-ний өдрийн 9,00 цагаас Компанийн төв оффисын хурлын зааланд зохион байгуулахаар товлосон байна.

Тус 2018.02.01-ний өдрийн хурлын тэмдэглэл, хурлаас гарсан 01 дугаар тогтоолоос үзэхэд   нийт хувьцаа эзэмшигчдийн 67 хувийн хувьцааг эзэмшигчдийн ирцтэйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдаж,  ТТ м групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Халиуныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Батдоржийг гүйцэтгэх захирлаар томилж, улмаар компанийг төлөөлөн Баруун баян ТТ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг Г.Батдоржид олгосон байна.

Дээрх үйл явдлыг хувьцаа эзэмшигч М.Ч мэдээгүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хуульд заасны дагуу түүнд мэдэгдээгүй, Компанийн тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох бүрэн эрх, 65 дугаар зүйлийн 65.7-д заасан хурал хуралдуулах баримт бичигтэй танилцах эрх, 66 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд санал оруулах эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ”, 60.3-т “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна”, 65 дугаар зүйлийн 65.7-д “компани нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийх тухай мэдэгдэл гаргасан өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчийг энэ хуулийн 65.6-д заасан баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

Нэр бүхий хариуцагч нар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хуулийн дагуу хүргэгдсэн,  М.Чд цахим шуудангаар мэдэгдсэн  гэж тайлбарладаг боловч түүний цахим шуудангийн хаяг буруу байсан болох нь тогтоогдсон тул Компанийн тухай хууль тогтоомжид заасан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах журмыг болон хувьцаа эзэмшигчийн бусад эрхийг зөрчсөн гэж үзлээ.

М.Чий гаргасан гомдолын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.07.25-ны өдрийн 1513 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр ТТ м групп ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт /гүйцэтгэх захирлыг өөрчлөн Г.Батдоржийг бүртгэсэн/-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2018.02.05-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байна.

Дээрх бүртгэлийг хүчингүй болсонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.8, 65.1.11-д заасан үндэслэл тогтоогдсон гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар хуулийн үндэслэлгүй болно.

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно”, 70.1.1-д “энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй” бол гэж зааснаар М.Ч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Компанийн тухай хуулийн 63, 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар ТТ м групп ХХК-ийн 2018.02.01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан №01 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                         Д.ЭНХЦЭЦЭГ