Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0006

 

 

 

 

 

 

                                                      Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.О

Шүүгдэгч                                                       Э.Э

                      Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дүгээр захирамжтай, Э.Э-т холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ө овгийн Э-н Э.

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 08 дугаар сарын  21-22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт Д.Э-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дүгээр захирамжаар:

 

Шүүгдэгч Э.Э-т холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж,

Хэргийг прокурорт шилжүүлтэл Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж,

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.О эсэргүүцэлдээ:

 

... Гэмт хэрэг 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үйлдэгдсэн ба хохирогч Д.Э-н нүүр, хамар, нүд нь Э.Э-д цохиулахаас өмнө ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан болох нь хохирогч Д.Э-н мэдүүлэг, гэрч Л.Х-н мэдүүлэг, гэрч М.М-н мэдүүлэг, гэрч Б.Л-н мэдүүлгүүдээр тогтоогддог.

Хохирогч Д.Э нь Э.Э-д зодуулсныхаа маргааш буюу 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хамрын рентген зураг авахуулсан байдаг ба хамрын шинэ хугарал тодорхойлогдсон, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүх эмнэлэгт өөрийн биеэр үзүүлсэн, шинжээч эмч эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Шинжээчид үзүүлэхэд хамрын нуруу хавдсан эмзэглэлтэй байсан талаар хэсэг газрын үзлэгт тэмдэглэгдсэн байна

Хохирогч Д.Э нь 2019 оны 03 дугаар сард “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орж хагалгаа амжилттай болж байсан болох нь хохирогч Д.Э, гэрч Э.Ж-н мэдүүлэг болон түүний эмнэлгийн баримт бичгээр нотлогддог ба хамрын хагалгаанд ороход тодорхойлогдсон “хамрын таславч баруун тийш муруй, хамрын яс хуучин хугаралтай /хэлбэр алдагдсан/ хамрын яс зүүн тийш цөмөрч бяцарсан байдал нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн рентген зургаар тодорхойлогдоогүй нь хуучин гэмтэл нь бүрэн эдгэрсэн байдлыг харуулж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Э нь 2019 оны 03 дугаар сард хагалгаанд орсоноос хойш 5 сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд түүний хуучин хамрын гэмтэл нь бүрэн эдгэрсэн байхад хамрын ясны хугарал нь шинэ, хуучин гэмтэл болохыг хэрхэн юуг үндэслэж тодорхойлсон нь тодорхойгүй эргэлзээтэй байх тул бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т гэмтлийн хөнгөн зэргийг дараах шалгуур шинжээр тогтооно. 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан”, 2.4.2-т “Ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.5-т Шинжлүүлэгчийн биед энэ журмын 2.2, 2.4-т заасан шалгуур шинжүүдийн аль нэг нь илэрвэл энэ гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болно” гэж заасан.

Орхон аймгийн Шүүхийн шигжилгээний  албаны  шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 563 дугаартай дүгнэлтэнд “... Д.Э-н биед хамар, ясны хугарал зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Э-д учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг тогтоож, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болохыг тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд “нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх” журмыг хуульчилсан ба шинжээчийн 563 дугаар дүгнэлт нь эргэлзээтэй үндэслэл тогтоогдоогүй, Д.Э-н биед эмнэлгийн бичиг баримтаар нэмэлтээр хамрын таславчийн муруйлт тогтоогдсон нь Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт шинжээчийн 594 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ж.Г-н “... Д.Э-н 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хамрын ясны 2 байрлалын рентген зургийг уншсан бичигт хамрын таславчийн муруйлттай, хамрын ясны дээд хэсэгт хугарлын шугамтай, хамрын жим нарийссан, Амбулаторын картанд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт хамрын ясны шинэ хугарал, таславчийн муруйлт оношлогдсон байна. Хамрын яс нь нимгэн ялтсан яс байдаг учир хамрын ясанд үүссэн хугарал нь 4 долоо хоногийн дотор эдгэрдэг бөгөөд иймээс хамрын ясны хугаралыг хөнгөн зэрэгт хамааруулдаг. Шинэ хугарал байсан учир 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хамрын ясны 2 байрлалын рентген зурагт хамрын ясны дээд хэсэгт хугарлын шугамтай тодорхойлогдсон байна. Хамрын ясны шинэ хугарал нь 2019 оны 03 дугаар сард хийсэн хамрын хагалгаатай холбоогүй... гэсэн мэдүүлгээр /хх-ийн 59-60/ нотлогдож байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Ж.Г оролцож энэ талаар тодорхой тайлбарлаж мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байх ба хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлд “хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж заасан ба “хүсэлт гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэсэн тул Э.Э-н хүсэлт гомдол гаргах эрхийг хязгаарласан, эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй, мөрдөгчийн шийдвэрт гомдол гаргаагүй, шүүгдэгч энэ талаар дахин хүсэлт гаргаагүй болно. Мөрдөгч хэрэгт цугларсан нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн, Э.Э-н хүсэлт гомдол гаргах эрхийг хязгаарласан, эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа:

... Э.Э-н анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд түүнийг гэм буруутайд тооцоход эргэлзээ төрөхүйц байсан тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь шүүгчийн зөв гэж үзэж байна.

Хохирогчид учирсан хамрын гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь хамар ясны 2 байрлалын зургийг үндэслэж гарсан рентгений эмчийн тодорхойлолтыг баримталж гарсан гэдэг. Гэтэл уг тодорхойлолтод хамрын ясны гэмтлийг шинэ хуучин эсэхийг тодорхойлоогүй байдаг.

Түүнчлэн хохирогч Д.Э-н хамрын гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл үзсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Учир нь хохирогчийн хамраас тухайн үедээ цус гараагүй явдал нь хамар яс гэмтсэн гэдгийг үгүйсгэж байгаа юм.

Холбогдогч Э.Э нь мөрдөн байцаагчид хандаж бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгөх хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан нь оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл болсон байдаг.

Түүнчлэн шүүх хуралд оролцсон гэрч хохирогчийг өөр байдлаар гэмтэл авсан байж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч үүнийг үгүйсгээгүй тул үүнийг шалгах зайлшгүй шаардлагатай.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоно уу? гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

              Шүүгдэгч Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  хянаж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-ийг 2019 оны 08 дугаар сарын  21-22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт Д.Э-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хохирогч Д.Э-д учирсан хамрын хугарал нь шинэ гэмтэл эсхүл хуучин гэмтэл болохыг тогтоогоогүй,  хэрхэн юуг үндэслэж шинжээч нар шинэ гэмтэл гэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж  үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлттэй Э.Э танилцаад ...Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байж болзошгүй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан ба  уг дүгнэлт эргэлзээгүй  тогтоогдсон гэсэн дүгнэлтийг хийж бүрэлдэхүүнтэй шинжээч томилохоос мөрдөгчийн тогтоолоор татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл биш юм. 

 

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг аль ч үед гаргаж болно. Хүсэлт гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй ба Э.Э мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрт гомдол гаргаагүй, дахин энэ талаар хүсэлт гаргаагүй байна.

 

Харин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар гаргасан Э.Эийн хүсэлтийг мөрдөгч тогтоолоороо хангахаас татгалзахдаа ...хөнгөн гэмтэл учруулсан болох нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна... гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцээгүй дүгнэлт боловч  энэ дүгнэлт нь шүүгдэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэл  болохгүй болно.

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 563 дугаартай дүгнэлт, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэсэн шинжээчийн 594 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогчийн хамрын ясны дээд хэсгийн хугарал, таславчийн муруйлт нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл, 2019 оны 03 дугаар сард хийгдсэн хамрын хагалгаатай холбоогүй гэсэн дүгнэлт тайлбарууд хэрэгт авагджээ.

 

Анхан шатны шүүх хохирогч Д.Э-н биед учирсан хамрын ясны хугарлыг шинэ гэмтэл болохыг хэрхэн юуг үндэслэж шинжээч нар дүгнэлт гаргасан нь тодорхойгүй эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлагдсан байхад  бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

         Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болно гэж заасан байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

         Иймд ...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дүгээр захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

           3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                            С.ЦЭЦЭГМАА