Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/276

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

            Улсын яллагч Л.О

            Хохирогч Д.Э /цахим/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

  Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн 1925005940389 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 Өргөн овогт Энхбатын Э, Монгол Улсын иргэн,

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт Д.Этай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э  мэдүүлэхдээ: “2018 оны намар эхнэр хүүхэдтэйгээ явж байгаад осол гаргасан. Үүний улмаас 6 сартай хүүхэд маань эндэж, эхнэр маань хүнд гэмтэл авсан. Уг явдлаас хойш манай гэр бүлийн харилцаа муудсан. Би сэтгэл санаагаар маш их унасан байсан тул найзуудтайгаа сэтгэлээ сэргээхээр тухайн өдөр гарсан. Баарны үүдэнд Д.Этай муудалцаж байгаад нүүрэн тус газарт нь цохисон. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ Гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Би Мэндтогтох, Хандаа нарын хамт 2019 оны 08 сарын 21-ний орой 19 цагийн үед Богд гол бааранд орж суусан. Ингээд бид 3 хүний хоёр хоёр шил пиво ууж бүжиглэсэн. Тухайн үед ширээ багтахгүй байна гээд зөөгч нь 2 залууг манай ширээн дээр суулгасан. Баар хаах үеэр баарнаас гараад гэрлүүгээ харих гээд явж байсан чинь бид нарын ширээн дээр суусан 2 залуу араас ирээд хамт ганц нэг пиво ууя хамт явъя гээд бид гурвыг дагуулаад Цацал төв рүү орсон. Тухайн үед нь би Цацал төвийн караокед орох гэж байна гэж бодоод араас нь ортол буудалд нь өрөө авчихсан бид гурвыг дагуулаад орохоор нь Хандаа, Мэндтогтох бид 3 явлаа гээд гараад 6-25 дугаар байр луу алхаж байтал араас нь нэг залуу нь гүйж ирээд байж байгаач гэхээр нь би хоёр найзыгаа аваад харилаа чи яв гэтэл тэр залуу намайг чи яв би хоёр найзыг чинь аваад явлаа гэхээр нь би бага зэрэг дургүйцсэн. Гэтэл тэр залуу гараа атгаж байгаад миний нүүр лүү цохисон. Би өмнө нь хамарны хагалгаанд орж байсан болохоор хамар минь дахиад гэмтчих вий гэж их айсан. Удалгүй миний хамар хавдаж эхэлсэн. Би Цацал төвөөс гараад явж байхдаа нөхөр лүүгээ очиж байна гээд ярьсан байсан учир манай нөхөр тэр залууг цохисоны дараахан манайг тосох гээд гараад ирсэн ба тэр залуу манай нөхрийг харчихаад зугтаачихсан. Намайг цохисоны дараа тэр залуугийн найз нь араас нь ирж таарсан ба Э гэх залууг чи яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа бэ гээд загнаад байсан....Э гэх залуу баруун талын нүдний доод хэсэг, мөн хамрын баруун талыг хамарч цохьсон....Би дахин хагалгаанд орох 2,5 сая төгрөг нэхэмжилж байна....гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/,

 

2. Гэрч Г.Батбилэгийн Би үеэл дүү Этэй 2019 оны 08 сарын 21-ны орой 21 цагийн үед Богд нэртэй баарны гадаа уулзаж улмаар бааранд орж хүний 2 шил пиво ууж бүжиглэсэн. Тухайн үед 3 эмэгтэйтэй хамт нэг ширээнд суусан ба бүжиглэж байхад танилцсан. Ингээд баар баах үеэр гарч нөгөө 3 эмэгтэйтэй хамт Цацал төвийн буудалд өрөө авч орсон. Буудалд байхад Э бид 2-т мөнгө байхгүй байсан тэгээд архи пиво аваагүй юм. Гэтэл нөгөө 3 эмэгтэй тэгвэл бид нар явлаа та 2 гуйлгачин юм байна гээд гараад явсан. Гэтэл Э тэд нарын араас гарахаар нь би мөн гараад 6-5 дугаар байрын баруун хойд талд нөгөө хэд зогсож байхаар нь би араас нь очтол Э нэг эмэгтэйтэй нь маргалдаж байгаад нүүр лүү нь түлхэх шиг болсон. Гэтэл нөгөө эмэгтэй нь цагдаа дуудна гэж байснаа нөхрийгөө дуудчихсан байсан. Гэтэл нөхөр нь болох залуу гарч ирээд миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Энэ үед нөгөө 3 эмэгтэй ирээд наад залуу чинь ямар ч хамаагүй гээд болиулсан. Тухайн үед Э зугтаачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10- хуудас/

3. Гэрч Л.Хандсүрэнгийн “2019 оны 08 сарын 21-ний орой найзууд болох Энхбаяр, Мэндээ нарын хамт Богд гол нэртэй бааранд ороод суусан чинь 2 залуу нэг ширээнд суусан. Ингээд бааранд хүний 2 хоёр пиво уусан ба баар хаах үеэр тэр хоёр залуу хамт гаръя гээд бид нар хамт гараад Цацал төвийн буудал руу орсон. Буудалд бид нар удалгүй Энхбаяр, Мэндээ нарын хамт гараад Энхбаяр эгчийнх рүү явж байсан. Гэтэл араас нэг залуу нь ирээд хэдүүлээ хамт явъя гэтэл Энхбаяр эгч бид нар явахгүй чи цаашаагаа яв гэтэл тэр залуу Энхбаяр эгчий нүүр лүү нь цохиод авсан. Тухайн үед Энхбаяр эгчийн баруун талын нүдний доод тал нь хөхрөөд хавдаж эхэлж байсан. Удалгүй Энхбаяр эгчийн нөхөр гэрээсээ гараад иртэл тэр залуу зугтаачихсан юмгэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/,

4. Гэрч М.М-ын “Энхбаярын хамар болон баруун нүдний доод хэсгээр хавдсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/,

5. Гэрч Б.Лийн “Байрны ар талын цэцэрлэгийн хажууд явж байтал нэг эмэгтэй хүн “чи миний нүүр лүү цохичихлоо ш дээ” гээд орилоод байхаар нь гүйгээд очтол цуг байсан 2 залуу нь цаашаа зугтаасан. Гэтэл нэг махлаг залуу нь гүйж байгаад уначихсан. Би эхнэрээс энэ мөн үү гэтэл наадах чинь биш ээ цаашаа зугтаадаг нь намайг цохисон гэхээр нь араас нь хөөгөөд гүйцээгүй юм. Эргээд эхнэр дээр иртэл манай эхнэрийн баруун талын нүд хавдсан байсан юм. Манай эхнэр өмнө хүнд зодуулж байгаагүй, 2019 оны хавар Улаанбаатар хотод гоо сайхны хагалгаанд орж байсан тухайн хагалгааны дараа манай эхнэрийн хамар зүгээр байсан. Харин сая Э гэх залууд цохиулсны дараа эмнэлэгт үзүүлтэл хамар нь хугарсан байсан. Тухайн өдөр би эхнэрээ хардаж зодож цохисон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

6. Гэрч Э.Ж-гийн “Өвчний түүхэнд хамар байнга битүүрдэг, толгой их өвддөг, нойрондоо муу гэх үндсэн зовиуртай ирсэн. Хамрын хэлбэр нь өөрт таалагдахгүй, давхар хамрын хэлбэр засуулах хүсэлтэй гэж хэлсэн. Хамрын амьсгал сэргээх, давхар хамрын гоо сайхны мэс засал хийлгэсэн. Хагалгааны дараа гэмтэл шарх байхгүй, хэцүү хагалгаа болсон, сэтгэл маш ханамжтай явсан. Хагалгаа маш сайн болсон, маш сэтгэл ханамжтай явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/,

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 563 дугаартай: Д.Эын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 18-20-р хуудас/,

8.Шинжээч Ц.Н-ийн “Дээрх гэмтлүүд болох хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Рентген зураг болон үзлэгээс үзэхэд шинэ гэмтэл болно, 2019 оны 08 сарын 21-22-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 594 дугаартай: Д.Эын биед эмнэлгийн бичиг баримтаар нэмэлтээр хамрын таславчийн муруйлт тогтоогдлоо. Учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Д.Эын биед учирсан хамрын ясны хугарал нь шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь 2019-08-21 өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,

10. Хохирогч Д.Эын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 32-58-р хуудас/

11. Шинжээч Ж.Г-ийн “Д.Эын 2019 оны 8сарын 22-ны өдрийн хамрын ясны 2 байрлалын рентген зургийг уншсан бичигт хамрын таславчын муруйлттай, хамрын ясны дээд хэсэгт хугарлын шугамтай, хамрын жим нарийссан, Амбулаторын картад 2019-08-22-ны өдрийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт хамрын ясны шинэ хугарал, таславчийн муруйлт оношлогдсон байна. Хамрын яс нь нимгэн ялтсан яс байдаг учир хамрын ясанд үүссэн хугарал нь 4 долоо хоногийн дотор эдгэрдэг бөгөөд иймээс хамрын ясны хугарлыг хөнгөн зэрэгт хамааруулдаг. Шинэ хугарал байсан учир 2019-08-22-ны өдрийн хамрын ясны 2 байрлалын рентген зурагт хамрын ясны дээд хэсэгт хугарлын шугамтай тодорхойлогдсон байна. Хамрын ясны шинэ хугарал нь 23019 оны 3 сард хийсэн хамрын хагалгаатай холбоогүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 59-60-р хуудас/

 

12. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-77-р хуудас/

13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг” материалын хуулбар /хх-ийн 81-99-р хуудас/

14. Хохирогч Д.Эт учирсан хохирлыг харуулсан фото зураг /хх-ийн 122-125-р хуудас/

15 Хохирогч Д.Эын амбулторын картын хуулбар /хх-ийн 128-133-р хуудас/ шүүгдэгч Э.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх болможтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа дүгнэлтдээ:Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан заалтад хамрагдаж байгаа тул уг хэргийг өршөөгдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд зааснаар зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх саналтай байна. Энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг дүгнэлтдээ Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэдэгт маргахгүй байгаа. Тэнссэн үед санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар уг тэнссэн ялын хугацаа нь дууссан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг багтахгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Д.Эын мэдүүлэг, гэрч Э.Жаргалхүү, Б.Лхагвадорж, М.Мэндтогтох, Л.Хандсүрэн нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Э нь 2019 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт Д.Этай маргалдан нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Э.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн прокурорын газраас Э.Эийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэстэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Эт хорих ял оногдуулж, оногдуулсан ялаас Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч шүүх хуралдаанд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгч Э.Э нь хохирогчид учирсан хохирол болох  2 500 000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                                                                                                                                                

 

1. Шүүгдэгч Ө овогт Э. Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС