Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 18

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр шийдвэртэй,

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-6 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО69061775, Ш овогт Б-ын Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багт оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ67092392, Б-д овогтой Ж-гийн З-д холбогдох, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ж.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс морь гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 6 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын нутаг Шар гэсэн гэх газарт хаваржиж байхдаа хоёр тооны морио Давст сумын иргэн Доной гэх айлын адуунд тавьчихсан байж байгаад зөв гуяндаа мухар олом тамгатай, халтар үрээ морио хулгайд алдсан. Би уг адуугаа хулгайд алдсанаас хойш 2 жилийн хугацаанд эрж, хайж маш их зардал гаргасан ба адуугаа олоогүй байж байтал 2017 оны 9 дүгээр сарын 10-ны үед миний алдагдсан хар халтар үрээг Оюунгэрэл гэх, зүс таних эмэгтэй хөтөлж ирээд манай хадлангийн талбайн хажууд аргамжиж, идүүлж байхыг би холоос хараад таньсан. Тэгээд би цагдаад мэдэгдэхэд Цагдаагийн газраас шалгаад Ж.З хулгайлж авч, Баянцагаанд бэлэглэсэн болох нь тогтоогдсон. Ж.З миний морийг өөрийн гэж маргалдсан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Малын тамга судлалын шинжилгээ”-ээр маргаан бүхий морины им тамга нь Ж.3ундуйгаас хураан авсан аагт олом тамганы дардастай хэмжээ, аагны хэлбэр дүрс, байршил зэрэг шинжээрээ тохироогүй.

Харин надаас хураан авсан мухар олом тамгатай, миний хар халтар морины зөв талын гуянд дарсан тамганы дардастай тохирч байгааг шинжээч тогтоосон юм.

Миний хар халтар морийг надад авч өгөөд, Ж.З-гийн миний адууг хулгайлсан үйлдэл нь хуучин мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.

Миний халтар морь дахин Ж.3-гийн адуунд нийлсэнийг надад буцааж өгөхгүй, миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Мэдээж надад адуун сүрэг гэж байхгүй, ганц морьтой, тэр морь 2015 оноос хойш сүрэгт орж, тэндээ идээшин дассан байхыг үгүйсгэхгүй.

Ж.З өөрөө 200 гаруй тооны адуутай хүн байж, миний ганц морийг булаацалдаад байгаад маш их гомдолтой байна. Мөн би зөвхөн морио л авах хүсэлтэй ба надад байгаа ганц морь юм. Иймд Ж.Згаас миний 6 настай хар халтар зүсмийн, морийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.З шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2017 онд Баянцагаан гэх залууд өөрийн унаган халтар морио өгсөн. Гэтэл Б.Б гэх хүн миний морийг булаацалдаж, тамга давхарлаж дарсан гэх үндэслэлээр булаацалдаж байна.

Энэ нь давхарлаж дарсан биш, тамгалж байх үед хөдөлж урьдныхаа тамганы хажууд дарагдсан байгаа. Энэ морины эцэг эх, ах дүү адуу нар нь бүгд байгаа. Энэ морийг манай хавь орчны хүмүүс бүгд танина. Бас сургаж унаж байсан хүмүүс байгаа. Энэ морийг намар 11 дүгээр сард Баянцагаанаас булааж аваад унаж өвөлжөөд 4 дүгээр сард Б.Б адуундаа тавихад адууг нь дагалгүй, өөрийн адуундаа гүйж ирээд, эх гүүгээ дагаад байж байгаа. Хавар адуу дэллэж байхад Б.Б “морио авъя” гэж ирэхэд нь би “Адуу ижилдээ ирээд эхээ дагаад явж байхад чи малын чинээ ухаантай бай” гээд явуулсан. Гэтэл одоо болтол хэл ам хийгээд байх юмаа. Иймд танай шүүхийн байгууллага үнэн мөнийг нь тогтоож өгнө үү. Хэрэв би хүний морь авсан бол буруугаа хүлээхэд бэлэн, харин Б.Б хүн гүтгэж нэр хүнд, сэтгэл санаа, ажил амьдралаар хохироосон учир үнэн мөнийг нь олж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ж.Згаас 6 настай, зөв гуяндаа мухар олом тамгатай, хар халтар зүсмийн морийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.910 /хорин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Згаас 25.910 /хорин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.З нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

........Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг гол нотлох баримт болгосон нь үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлт нь хөдөлбөргүй үнэн зөв нотлох баримт биш бөгөөд уг дүгнэлт үндэслэл муутай гаргасан гэж үзэж байгаа.

Учир нь маргаад байгаа хар халтар зүсмийн адуу 2013 онд манай адуунд төрсөн, уг адууг би дааган насанд буюу 2 настай байхад нь 2014 оны хавар өөрийн аагт оломтой тамгаар тамгалсан.

......Зөвхөн тамга нь таарсан гэх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр шүүх өмчлөл эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн нь буруу байна.

....Шүүх нотлох баримт хангалтгүй, дутуу байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, миний өмчлөх эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.Зд холбогдуулан нэг тооны адуу гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.З нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ “маргаж буй нэг тооны адуу нь миний өөрийн унаган адуу юм” гэж тайлбарлажээ.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох Увс аймгийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5/35 дугаар прокурорын тогтоол нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.

Мөн прокурорын тогтоолоос үзвэл маргалдаж буй адууг Ж.З хулгайлсан болохыг тогтоогоогүй харин гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолд дурдсан мал амьтан таниулах тухай шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг маргааны үйл баримтын талаар ач холбогдол бүхий баримтууд  хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл дан ганц прокурорын тогтоолоор нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргаантай харилцааны төрлийг тогтоох, холбогдох хуулийг зөв хэрэглэх боломжгүй байна.

Иймд маргааны үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч Ж.Згийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 25.910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.910 /хорин таван есөн зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Ж.Зд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                          Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН