Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 59

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-6 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО69061775, Шангас овогт Баатарын Баттулгын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багт оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ67092392, Борлууд овогтой Жүгнээгийн Зундуйд холбогдох,

     Хууль бус эзэмшлээс морь гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Ж.Зундуй, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, иргэдийн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 6 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын нутаг Шар гэсэн гэх газарт хаваржиж байхдаа хоёр тооны морио Давст сумын иргэн Доной гэх айлын адуунд тавьчихсан байж байгаад зөв гуяндаа мухар олом тамгатай, халтар үрээ морио хулгайд алдсан. Би уг адуугаа хулгайд алдсанаас хойш 2 жилийн хугацаанд эрж, хайж маш их зардал гаргасан ба адуугаа олоогүй байж байтал 2017 оны 9 дүгээр сарын 10-ны үед миний алдагдсан хар халтар үрээг Оюунгэрэл гэх, зүс таних эмэгтэй хөтөлж ирээд манай хадлангийн талбайн хажууд аргамжиж, идүүлж байхыг би холоос хараад таньсан. Тэгээд би цагдаад мэдэгдэхэд Цагдаагийн газраас шалгаад Ж.Зундуй хулгайлж авч, Баянцагаанд бэлэглэсэн болох нь тогтоогдсон. Ж.Зундуй миний морийг өөрийн гэж маргалдсан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Малын тамга судлалын шинжилгээ”-ээр маргаан бүхий морины им тамга нь Ж.3ундуйгаас хураан авсан аагт олом тамганы дардастай хэмжээ, аагны хэлбэр дүрс, байршил зэрэг шинжээрээ тохироогүй, харин надаас хураан авсан мухар олом тамгатай, миний хар халтар морины зөв талын гуянд дарсан тамганы дардастай тохирч байгааг шинжээч тогтоосон юм. Миний хар халтар морийг надад авч өгөөд, Ж.Зундуйгийн миний адууг хулгайлсан үйлдэл нь хуучин мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Миний халтар морь дахин Ж.3ундуйгийн адуунд нийлснийг надад буцааж өгөхгүй, миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Мэдээж надад адуун сүрэг гэж байхгүй, ганц морьтой, тэр морь 2015 оноос хойш сүрэгт орж, тэндээ идээшин дассан байхыг үгүйсгэхгүй. Ж.Зундуй өөрөө 200 гаруй тооны адуутай хүн байж, миний ганц морийг булаацалдаад байгаад маш их гомдолтой байна. Мөн би зөвхөн морио л авах хүсэлтэй ба надад байгаа ганц морь юм. Иймд Ж.Зундуйгаас миний 6 настай хар халтар зүсмийн, морийг гаргуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Ж.Зундуй шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2017 онд Баянцагаан гэх залууд өөрийн унаган халтар морио өгсөн. Гэтэл Б.Баттулга гэх хүн миний морийг булаацалдаж, тамга давхарлаж дарсан гэх үндэслэлээр булаацалдаж байна. Энэ нь давхарлаж дарсан биш, тамгалж байх үед хөдөлж урьдныхаа тамганы хажууд дарагдсан байгаа. Энэ морины эцэг эх, ах дүү адуу нар нь бүгд байгаа. Энэ морийг манай хавь орчны хүмүүс бүгд танина. Бас сургаж унаж байсан хүмүүс байгаа. Энэ морийг намар 11 дүгээр сард Баянцагаанаас булааж аваад унаж өвөлжөөд 4 дүгээр сард Б.Баттулга адуундаа тавихад адууг нь дагалгүй, өөрийн адуундаа гүйж ирээд, эх гүүгээ дагаад байж байгаа. Хавар адуу дэллэж байхад Б.Баттулга “морио авъя” гэж ирэхэд нь би “Адуу ижилдээ ирээд эхээ дагаад явж байхад чи малын чинээ ухаантай бай” гээд явуулсан. Гэтэл одоо болтол хэл ам хийгээд байх юмаа. Иймд танай шүүхийн байгууллага үнэн мөнийг нь тогтоож өгнө үү. Хэрэв би хүний морь авсан бол буруугаа хүлээхэд бэлэн, харин Б.Баттулга хүн гүтгэж нэр хүнд, сэтгэл санаа, ажил амьдралаар хохироож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Иргэдийн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тамга тэмдэг шинжээчийн дүгнэлтээр тохирсон байна. Гэм буруутай гэж үзэж байна” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Баттулгаас хариуцагч Ж.Зундуйд холбогдуулан хууль бус эзэмшлээс морь гаргуулах тухай шаардлага гаргажээ.

     Хариуцагч “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

     Увс аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5/35 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. 

      Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Малын тамга судлалын шинжилгээ”-ний дүгнэлтэд “...Хар халтар зүсмийн морины тамга нь харьцуулах загварт ирүүлсэн Ж.Зундуйгаас хураан авсан гэх аагт олом тамганы дардастай хэмжээ, аагны хэлбэр, дүрс, байршил зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Харин Б.Баттулгаас хураан авсан гэх мухар олом тамганы өндөр болон өргөний хэмжээгээрээ тохирч байна” гэж, дүгнэлт хэсэгт “1. Б.Баттулгаас хураан авч хүргүүлсэн мухар олом тамга нь хар халтар морины зөв талын гуянд дарагдсан тамганы дардастай тохирч байна. 2. Тус морины гуянд аагт олом тамганы ааг залгасан байх боломжтой” гэжээ.  

    Нэхэмжлэгч хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа “Бусдын хууль бус эзэмшлээс морь гаргуулах тухай” хэмээн тодорхойлон ирүүлсэн байгаа боловч дээрх Прокурорын тогтоолоор уг морь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэм хэргийн улмаас бусдын эзэмшилд шилжсэнийг тогтоосон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзлээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч адууны гарал үүслийг тогтоох боломжтой эсэх, боломжтой бол 6 настай, халтар зүсмийн адууны гарал үүслийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10/6598 тоот албан бичигт “...Тус тогтоолд адууны гарал үүслийг тогтоох боломжтой эсэх, боломжтой бол 6 настай, халтар зүсмийн адууны гарал үүслийг тогтоох зэрэг асуулт асуусан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт “Шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол шинжилгээ хийхээс татгалзана” гэж заасныг үндэслэн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзаж байна” гэх хариу ирсэн болохыг дурдах нь зүйтэй.

    Хариуцагчаас 3 ширхэг гэрэл зургийг ирүүлсэн байх боловч эдгээр гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хаана, хэзээ, ямар эрх бүхий этгээд бэхжүүлсэн нь тодорхойгүй, мөн “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийн үнэмлэх, диплом, өргөмжлөл, хүндэт өргөмжлөл, Ю.Цэдэнбал дарга болон пионеруудын хамт авахуулсан гэх зургийн хуулбарууд нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хэрэгт хамааралгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

     Мөн Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн Ж.Зундуй, Б.Баттулга нарын малын тооны лавлагаагаар маргаан бүхий халтар зүсмийн адуу хэний эзэмшлийн адуу болохыг тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл, тухайн баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын малын тооны өөрчлөлтийг л харах боломжтой байгаагаас мал нэг бүрийн зүс, тамга тэмдгийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй учир хэрэгт ач холбогдолгүй байна.

    Хариуцагчаас гаргаж ирүүлсэн ишгүй, 1 ширхэг тамгыг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв.

    Увс аймагт хэвийн бие бялдаржилт, тарга тэвээрэгтэй, 6 настай морины зах зээлийн дундаж үнэ 890.000 төгрөг болох нь Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01/593 тоот тодорхойлолтоор тогтоогджээ.

     Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ж.Зундуйгаас 7 настай, зөв гуяндаа мухар олом тамгатай, хар халтар зүсмийн, 890.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттулгад олгож шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Зундуйгаас 25.910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттулгад олгох нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ж.Зундуйгаас 7 настай, зөв гуяндаа мухар олом тамгатай, хар халтар зүсмийн, 890.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттулгад олгосугай.  

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.910 /хорин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Зундуйгаас 25.910 /хорин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттулгад олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.БОЛОР

                                         ШҮҮГЧИД                                  Н.ГЭРЭЛТУЯА

                                                                                                                         Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ