Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2021/00170

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар баг, ******** тоотод оршин суух, ******** овгийн ********ийн ******** /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, ******** тоотод оршин суух, ******** овгийн ********ын ******** /РД:********/-д холбогдох

 

32,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******** /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** нь 2011 оны 04 дүгээр сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Сант суманд Зам ангийн дарга ********, жолооч ******** нартай хамт ирсэн. Тэгээд буцаад Хархорин сум руу явахад нь би 360 кг ноолуур ачиж хамт явж Хархорин сумын Орхон түшээ түүхий эдийн төвд өгсөн. Тэгээд ******** нь миний утасны дугаарыг авсан үүнээс хойш над руу байнга ярьдаг болсон. ******** нь эхнэр ********ийнхээ цалингийн зээлийг төлчхөөд өгье гээд удаа дараа гуйсаар байгаад 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн. 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******** дугаар данс руу бэлэн 1,200,000 төгрөг шилжүүлж, дараа нь өөрийнхөө ******** тоот данснаас 8,800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2011 оны 08 дугаар сарын 20-ны үеэр мөнгөө авъя гээд Хархорин суманд очиход 1 сар сунгаад өгөөч гэж хэлсэн. Би 10,000,000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын ХААН банкнаас Бизнесийн зээл 10,000,000 төгрөг, мөн 2011 оны 06 дугаар сарын 23-нд цалингийн зээл 5,000,000 төгрөгийн зээл авсан байсан тэр мөнгөнөөсөө зээлүүлсэн юм. Хугацаа дуусаад мөнгөө авъя гээд сар болгон очиход дахин өмнөх шалтгаа хэлж хугацаагаа сунгасан. Улмаар дамжиж удаа дараа очиход намайг сүүлдээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нөхцөгч буюу хамтран амьдрагч ******** эгч дүү нарынхаа дэргэд зодож тархины хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. 2011 оноос 2019 он хүртэл удаа дараа сар тутам нэхсэн би 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, зээлээ төлж чадахгүй хугацаа хэтэрч дахин Төрийн банкнаас 2013 оны 08 дугаар сарын 21-нд 18,000,000 төгрөг зээлж Хаан банкны зээлээ төлж хүүний өрөнд орж хохирсон. Банкны зээлээ төлөхийн тулд Солонгос улс руу 2015, 2016, 2017, 2018 онуудад тус тус явж хүртэл ажилласан. Намайг Солонгос улсад байх хугацаанд миний төрсөн охин ********, ******** нар удаа дараа ярьж нэхэж байсан. 2011 оны 07 дугаар сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл 10,000,000 сая төгрөгийн алданги 1,8%-иар тооцоход 54,455,144 төгрөг төлсөн.

Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу хохирсон эрх ашгийг хамгаалж ********оос 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...******** миний бие 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч ********од 10,000,000 төгрөг зээлүүлсэн. Уг мөнгийг ********оос гаргуулахаар Хархорин сумын шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Уг нэхэмжлэлд холбогдуулан иргэний хэрэг үүссэн. Дээрх 10,00,000 төгрөгийг миний бие ХААН банкнаас зээлж өгсөн бөгөөд сарын 1.8 хувийн хүүтэй /жил 21.6/ мөнгийг бүтэн 8 жилийн хугацаанд банкинд төлөхөд нийт 17,280,000 төгрөгийн хүү, 5,000,000 төгрөгийн алданги төлсөн. Нийт 22,280,000 төгрөг төлсөн. Миний бие ********ын буруутай үйлдлээс болж 22,280,000 төгрөгийн хүү, алданги төлсөн тул уг хүү, алдангийг ********оос нэмж гаргуулах хүсэлтэй байна. ********оос үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 8 жилийн хүү 17,280,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 32,280,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би ******** гэдэг хүнийг надад туслаач гэхээр нь 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй. Миний бие шүүхэд нэхэмжлэл өгөх хүртлээ мөнгө авах талаар байнга нэхэж байсан. Би хариуцагчид банкны зээлтэй гэдгээ удаа дараа хэлэхэд ойлгодоггүй байсан. Хариуцагч нь шүүхэд тайлбар өгөхдөө 10,000,000 төгрөгийг аваагүй, чи бид хоёр дотно харилцаатай юм чинь яах юм бэ, би хариуцагчийг ангийн хүүхэдтэй нь хардаад мөнгөө нэхсэн гэсэн байдлуудаар худлаа ярьж байсан. Иймд хүү 17,280,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 32,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******** нь ********од 2011 оны 07 дугаар сард 10,000,000 төгрөг өгсөн, гэхдээ гэрээ байгуулаагүй. Хэрэг хяналтын шатны шүүх дээр хөөн хэлэлцэх хугацааны дүгнэлт бүрэн гаргаагүйгээс болж хэрэг анхан шатны шүүхэд буцсан. 2011 оноос хойш мөнгөө авъя гэж нэхэж байсан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж болох байсан. 2018 оны 07 дугаар сард хэрүүл маргаан болж мөнгөө нэхэж эхэлсэн. ******** нь ********од тус дэм болж хамтран амьдрах зорилгоор 10,000,000 төгрөг өгсөн. Зээлийн гэрээ гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээ биш гэдэг нь тодорхой байгаа. Хувийн харилцаанаас бие биедээ тусалж, дэмжлэг үзүүлсэн мөнгө юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********од холбогдуулан Үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 17,280,000 төгрөг, алданги 5,000,000 нийт 32,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2011 оны 07 дугаар сард 10,000,000 төгрөгийг зээлсэн. Удаа дараа, байнга мөнгөө нэхэхэд хугацааг нь хойшлуулж байсан. Хариуцагч ********од зээлсэн 10,000,000 төгрөгийг банкнаас зээлсэн тул банкинд хүү, алданги төлж би хохирсон. Хүү 17,280,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 32,280,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, ******** нь ********од тус дэм болж хамтран амьдрах зорилгоор 2011 оны 07 дугаар сард 10,000,000 төгрөг өгсөн. Зээлийн гэрээ гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хувийн харилцаанаас бие биедээ тусалж, дэмжлэг үзүүлсэн мөнгө юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

********, ******** нар нь 2011 оноос дотно харилцаатай болж, цаашид хамтран амьдрах зорилготой байсан тул 2011 оны 07 дугаар сард нэхэмжлэгч ******** нь 10,000,000 төгрөгийг Хаан банкнаас өөрийн нэр дээр зээл авч хариуцагч ********од өгсөн. ******** нь 2014 онд ажил хийгээд зээлсэн мөнгөө өгөх гэсэн чинь ******** чи бид хоёр бие биедээ тус болж явсан юм чинь авахгүй гэж хэлсэн. 2018 оны 07 дугаар сард тэдний хооронд хэрүүл маргаан үүсэж салсан тул өмнө зээлүүлсэн мөнгөө нэхэмжилж нэхэмжлэгч шүүхэд хандсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд тэр талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

Дээрх үйл баримтыг дүгнэхэд ********, ******** нар нь 2011 оноос дотно харилцаатай байх үедээ бие биедээ итгэдэг, цаашид гэр бүл болж амьдрах зорилготой байсан, банкнаас авсан зээлийн төлбөрийг ******** төлөлцдөггүй байжээ.

Тэд маргаж цаашид хамтран амьдрах боломжгүй болсноо мэдсэнээс хойш тэдний хооронд үүссэн байсан итгэлцэл нь үгүй болсон цаг хугацаа болох 2018 оны 07 дугаар сараас өмнө зээлүүлж байсан 10,000,000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэн байна гэж шүүх үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан тул нэхэмжлэгч ******** нь нэхэмжлэлээ 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч Д.********од 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг өгсөн нь зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна. Тэр талаар талууд маргадаггүй.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байх тул зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч хүү авах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

 

мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 шилжүүлж, зээлдэгч нь тохирсон хугацаанд 10,000,000 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээжээ. Зээлийн гэрээгээр зээлийг төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх үүргээ биелүүлээгүй байвал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...гэхдээ гэрээ байгуулаагүй ...2011 оноос хойш мөнгөө авъя гэж нэхэж байсан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж болох байсан. 2018 оны 07 дугаар сард хэрүүл маргаан болж мөнгөө нэхэж эхэлсэн. ******** нь ********од тус дэм болж хамтран амьдрах зорилгоор 10,000,000 төгрөг өгсөн Зээлийн гэрээ биш гэдэг нь тодорхой байгаа. Хувийн харилцаанаас бие биедээ тусалж, дэмжлэг үзүүлсэн мөнгө юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж мэтгэлцсэн хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээ биш гэж үзэж байна. Аливаа хэлцэл бичгээр болон амаар ч байж болно. Нэхэмжлэгч ******** нь ********од зээлүүлсэн мөнгөө төлөх гэж банкинд хүү, алданги 22,280,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан. Нэхэмжлэгч ******** бол мөнгөө байнга нэхэж байснаа баримтын хуулгаар нотолж байгаа. Мөн 2018 оны 07 дугаар сард ирж хэрүүл маргаан гарсан гэж хэлж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй. Байнга өр зээлээ нэхэж байсан баталгаа болно. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг үгээр хэлэхгүй үйл ажиллагаагаар нотлох ёстой. Зээлийн гэрээ биш бэлэглэсэн гэж хэлж болно. Хэрэв бэлэглэсэн гэж үзсэн бол хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Итгэл эвдсэн тохиолдол бэлэглэсэн зүйлээ эргүүлж нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацаа тасарсан зүйл байхгүй. Дотно харилцаатай ч бай, дотно харилцаагүй ч бай хүний мөнгийг авсан бол өгөх ёстой гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********оос удаа дараа зээлийг буцаан шаардахад тэрээр төлөөгүй байна. Нэгэнт зээлдүүлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс зээлийг буцаан шаардах эрхтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********од зээлсэн 10,000,000 төгрөгийг банкнаас зээлж авсан, банкинд хүү, алданги төлж би хохирсон. Хүү 17,280,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч өөрт учирсан хохирлоо шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч ********ын Төрийн банкны 2014.06.12-2017.06.12-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 163/, Төрийн банкны 2013.08.21-2018.01.02-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 164/, Хаан банкны 2011.01.19-2019.11.15-ны өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 165-170/, Хаан банкны 2011.06.23-2019.11.15-ны өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 171-176/ зэрэг баримтууд авагджээ.

 

Нэхэмжлэгч ******** нь 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авч, тус зээлээ 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хаасан болох нь Хаан банкны 2011.06.23-2019.11.15-ны өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх 171-176/ тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ********ын Хаан банкнаас 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авсан 10,000,000 төгрөгийн зээл, Төрийн банкнаас 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр авсан 18,000,000 төгрөгийн зээлүүдийн хүү, алдангийг хариуцагч ********оос гаргуулах үндэслэлгүй байна.

Учир нь, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн үйл баримт нь талуудын тайлбараар тогтоогддог. 10,000,000 төгрөгийг ********од зээлүүлэхээс өмнө болон дараах цаг хугацаанд нэхэмжлэгч ********ын бакнаас авсан зээлийн хүү, алдангийн хариуцагч төлөх боломжгүй юм.

 

Харин нэхэмжлэгч ********ын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас авсан зээл 5,000,000 төгрөгийн зээлийн хүү, алдангийг хэрэгт авагдсан Хаан банкны 2011.06.23-2013.08.21-ний өдрийн зээлийн дансны баримтаар /хх 171-176/ тооцоолж хүү 1,805,479 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна. Энэ хугацаанд алданги бодогдоогүй байна.

 

Иймд хариуцагч ********оос үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,805,479 төгрөг нийт 11,805,479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгож, үлдэх хэсэг хүү 15,474,521 төгрөг, алданги 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********оос улсын тэмдэгтийн хураамжид 203,838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгох нь зүйтэй.

 

Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн гар утсанд ирсэн мессеж, нэхэмжлэгчийн гэрэл зураг, хаалга, цонхны гэрэл зураг, нэхэмжлэгчтэй утсаар ярьсан яриаг дискэнд хуулж ирүүлсэн,

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар хоорондын яриаг бичсэн диск, гэрэл зураг, бичгийн хуулбар баримт, орчуулга хийгээгүй баримт, хэрэг бүртгэлтийг хаах прокурорын тогтоол, гэрэл зэргийг тус тус гаргаж өгсөн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********оос үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,805,479 төгрөг, нийт 11,805,479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгож, үлдэх хэсэг хүү 15,474,521 төгрөг, алданги 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********оос улсын тэмдэгтийн хураамжид 203,838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН