Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00370

 

Г.Сүрэнхоролын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2019/00246 дугаар шийдвэртэй,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 204/МА2019/00021 дугаар магадлалтай,

Г.С нэхэмжлэлтэй,

Д.А холбогдох,

32,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Д.Ариунболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Сүрэнхорол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.Ариунболд нь 2011 оны 04 дүгээр сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Сант суманд Зам ангийн дарга Бадрах, жолооч Даваадорж нартай хамт ирсэн. Тэгээд буцаад Хархорин сум руу явахад нь би 360 кг ноолуур ачиж хамт явж Хархорин сумын Орхон түшээ түүхий эдийн төвд өгсөн. Тэгээд Ц.Ариунболд нь миний утасны дугаарыг авсан үүнээс хойш над руу байнга ярьдаг болсон. Ц.Ариунболд нь эхнэр н.Уранчимэгийнхээ цалингийн зээлийг төлчихөөд өгье гээд удаа дараа гуйсаар байгаад 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн. 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5556172288 дугаар данс руу бэлэн 1,200,000 төгрөг шилжүүлж, дараа нь өөрийнхөө 5551094166 тоот данснаас 8,800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2011 оны 08 дугаар сарын 20-ны үеэр мөнгөө авъя гээд Хархорин суманд очиход 1 сар сунгаад өгөөч гэж хэлсэн. Би 10,000,000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын ХААН банкнаас бизнесийн зээл 10,000,000 төгрөг, мөн 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цалингийн зээл 5,000,000 төгрөгийн зээл авсан байсан тэр мөнгөнөөсөө зээлүүлсэн юм. Хугацаа дуусаад мөнгөө авъя гээд сар болгон очиход дахин өмнөх шалтгаа хэлж хугацаагаа сунгасан. Улмаар дамжиж удаа дараа очиход намайг сүүлдээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч н.Цэндмаа эгч, дүү нарынхаа дэргэд зодож тархины хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. 2011 оноос 2019 он хүртэл удаа дараа сар тутам мөнгөө нэхсэн. Би 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, зээлээ төлж чадахгүй хугацаа хэтэрч дахин Төрийн банкнаас 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 18,000,000 төгрөг зээлж Хаан банкны зээлээ төлж хүүгээс хүүний өрөнд орж хохирсон. Банкны зээлээ төлөхийн тулд Солонгос улс руу 2015, 2016, 2017, 2018 онуудад тус тус явж ажилласан. Намайг Солонгос улсад байх хугацаанд миний төрсөн охин Үнсгэлжин, Эгэлзаяа нар удаа дараа ярьж нэхэж байсан. Миний бие дээрх мөнгийг ХААН банкнаас зээлж өгсөн бөгөөд сарын 1.8 хувийн хүүтэй /жил 21.6%/ мөнгийг бүтэн 8 жилийн хугацаанд банкинд төлөхөд нийт 17,280,000 төгрөгийн хүү 5,000,000 төгрөгийн алданги төлсөн. Нийт 22,280,000 төгрөг төлсөн. Ц.Ариунболдын буруутай үйлдлээс болж 22,280,000 төгрөгийн хүү, алданги төлсөн тул уг хүү, алдангийг Ц.Ариунболдоос нэмж гаргуулах хүсэлтэй байна. Иймд Ц.Ариунболдоос үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 8 жилийн хүү 17,280,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 32,280,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 32,280,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Сүрэнхорол нь 2011 онд 10,000,000 төгрөг өгсөн. Гэхдээ бид 2 гэрээ байгуулаагүй. Тэр үед би ноолуурыг нь зөөж бизнесийн ажилд нь тусалж байсан болохоор баярлаад надад тэр мөнгийг өгч байна гэж ойлгосон. Г.Сүрэнхорол нь намайг эхнэр н.Уранчимэгийнхээ цалингийн зээлийг дарчихаад өгье гээд 10,000,000 төгрөг авсан гэж худлаа бичсэн байна. Тэр үед эхнэр бид 2 салчихсан байсан болохоор зээл төлөх асуудал байгаагүй. Би Г.Сүрэнхоролтой сайн найз нөхдийн холбоотой байсан. Гэтэл энэ хүн надтай суух зорилгоор надад мөнгө төгрөгийн тусламж үзүүлж байсан юм байна билээ. Би 2014 онд Хөшигтийн хөндийд ажиллаж байхдаа Г.Сүрэнхоролд авсан мөнгөө өгөх гэтэл бид 2 бие биедээ тус болж явсан юм чинь би мөнгөө авахгүй гэж хэлсэн. Түүнээс хойш чимээгүй байж байгаад 2018 оны 07 дугаар сарын үед намайг манай ангийн охинтой хардаж мөнгөө нэхэж эхэлсэн. Манай гэрт ирж цонх хагалж, намайг зодсон гэж цагдаад гомдол гаргаж хэрэг үүсгэсэн. Тэр хэрэг нь хэрэгсэхгүй болсон чинь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Надад мөнгө өгөхдөө бид 2 гэрээ байгуулаагүй. Түүнээс хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хэрвээ ам хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2019/00246 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сүрэнхоролын хариуцагч Ц.Ариунболдоос зээл, зээлийн хүү, алдангид нийт 32,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 204/МА2019/00021 дугаар магадлалаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2019/00246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Г.Сүрэнхоролоос давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие Г.Сүрэнхоролтой зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд бид 2011 онд 10,000,000 төгрөгийг буцаан авах, өгөх талаар ямар нэгэн тохиролцоо байхгүй. Би төлөх талаар баталгаа гаргаагүй. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худал тайлбар гаргаж, уг мөнгийг надаас авах ёстой мэтээр яриж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчид нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл энэ талаарх баримт гаргаж өгөөгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Сүрэнхорол, хариуцагч Д.Ариунболдоос 32,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...2011 оны 7 сард 10,000,000 төгрөг зээлсэн, мөнгөө нэхэхэд хугацааг хойшлуулж байсан, зээл 10,000,000 төгрөг гаргуулна, уг мөнгийг банкнаас зээлсэн тул банкинд хүү, алданги төлж хохирсон, хүү 17,280,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нэмж гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч мөнгийг зээлээгүй, бизнест нь тусалсан гэж 10,000,000 төгрөг өгсөн, 2014 онд өгье гэхэд аваагүй, хэлцэл хийгдсэн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа ...хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигч мэтгэлцээгүй, уг хугацаа өнгөрсөн гэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Г.Сүрэнхорол, Д.Ариунболдод 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нийт 10,000,000 төгрөг өгсөн нь тогтоогдсон боловч уг мөнгө шилжсэн зориулалтыг зохигч зөрүүтэй тайлбарласнаас үзэхэд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь маргаантай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж заасан бөгөөд анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн үндэслэлээ шийдвэртээ тодорхой тайлбарлаагүй байх тул шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Иймд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бол талууд гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй, улмаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх зайлшгүй дүгнэлт хийх учиртай.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

Г.Сүрэнхорол, Д.Ариунболд нар 2011 оноос эхлэн дотно харилцаатай байх үедээ мөнгийг шилжүүлсэн, 2014 онд буцаан өгөхийг хариуцагч зөвшөөрч байсан, мөнгийг удаа дараа нэхсэн зэрэг зохигчийн тайлбарт дурдсан үйл баримтад дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа хэзээнээс үүссэн гэж үзэж тоолохыг хуульд нийцүүлэн дүгнээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад зээлийн хүү, алданги 22.280.000 төгрөг гаргуулах гэсэн нь зээлийн гэрээний нэмэлт үүрэгтэй холбоотой эсхүл гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс үүссэн хохирол шаардсан аль нь болохыг шүүх тодруулж дүгнэлт хийх байжээ.

Дээр дурдснаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн тодруулж, хийвэл зохих дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг гаргавал зохихыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 204/МА2019/00021 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ариунболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д.Ариунболд нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 319.350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                                          ШҮҮГЧИД                            Х.СОНИНБАЯР

                                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД