Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2024/00097

 

Х.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00182 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2024/00009 дүгээр магадлалтай,

Х.У-ын нэхэмжлэлтэй

“Ц” ТӨХК-д холбогдох

“Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-ын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.У, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, Ц.И, хариуцагчийн өмгөөлөгч П.С, Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Х.У нь “Ц” ТӨХК-д холбогдуулан “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00182 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Х.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдох “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.У нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2024/00009 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00182 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийг баримтлан “Ц” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 16,000,000 төгрөгийг “Ц” ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгч Х.У-д олгож, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 237,950 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...ЗГХ-ын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр хариуцагч “Ц” ТӨХК-д хугацаатай үүрэг, даалгавар, чиглэлийг хүргүүлсэн. Түүнчлэн ТГ даргын 2023.03.23-ны өдрийн А-1/482 дугаар “Мэдээлэл ирүүлэх тухай” албан бичгээр ижил агуулгатай үүрэг, чиглэлийг ирүүлсэн. Үүний дагуу “Ц” ТӨХК нь компанийн нийт ажилтнуудаас судалгаа авч, тухайн ажлын байранд тогтоосон журмын дагуу томилогдоогүй, тухайн ажлын байранд тавигдах шаардлага, болзлыг хангаагүй болох нь тогтоогдсон 3 иргэний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны нэг нь нэхэмжлэгч Х.У юм.

...Хариуцагч нь 2023.04.10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу Х.У-ыг оролцуулан сонсох ажиллагаа явуулж, тус ажлын байранд тавигдах барилгын материалын технологич инженер, бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх, барилгын материалын технологич инженер мэргэшилтэй байх, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх зэрэг шаардлагуудыг хангаагүй тул ажлаас нь чөлөөлсөн.

...Иймд уг хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл заалт (30.7, 30.8, 33.8, 33.9) Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг (78.1.4, 8.1.2) өөр өөрөөр тайлбарлан хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэн, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул ЗГ, түүний хэрэг эрхлэх газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллагад хамаарах эсэх, эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход мөн хуулийн 80 дугаар зүйлийг баримтлах шаардлагатай эсэх талаар хууль зүйн дүгнэлтийг үнэн зөвөөр гаргаж, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх үүднээс хяналтын журмаар гаргаж буй гомдлыг хүлээн авч, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж өгнө үү.

...Монгол Улсын ЗГ-аас 2023.02.08-ны өдөр “2023-2024 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дугаартай тогтоолыг баталж, тогтоолын хавсралтаар Авилгатай тэмцэх 5Ш үйл ажиллагааг баталсан. ...Уг ажиллагааны хүрээнд улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах чиглэлээр тодорхой ажиллагаануудыг явуулахаар төлөвлөсөн ба ЗГХ-аас 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр дээрх ажиллагааг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар тодорхой хугацаатай үүрэг даалгавар, чиглэлийг ирүүлсэн тул Х.У нарын 3 иргэнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

...Монгол Улсын ЗГ, түүний хэрэг эрхлэх газар нь ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй албан тушаалтныг ажлаас чөлөөлөхийг “Ц” ТӨХК-аас шаардах эрх бүхий байгууллага мөн эсэх, Монгол Улсын ЗГ-аас хэрэгжүүлж буй Шүүр ажиллагааны хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлтэй эсэх эрх зүйн шинэ ойлголт хийгээд хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тул хяналтын журмаар гаргаж буй гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.25-ны өдрийн 001/ШХТ2024/00471 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байх ба давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийн зарим хэсгийг залруулж, магадлалыг хэвээр үлдээв.

7.Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан 2023.04.10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ “...Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж байгаа боловч ЗГХ шаардах эрх бүхий этгээд биш, ямар нэг алдаа зөрчил гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох эрх бүхий байгууллага, тухайлбал шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хуучнаар мэргэжлийн хяналтын байгууллага шаардана, ЗГХ-ын 2023.03.17-ны өдрийн 593 дугаартай чиглэл хүргүүлэх албан бичиг нь авлигатай тэмцэх шүүр ажиллагааны хүрээнд, нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр албан тушаалд хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөл бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж нийтийн албанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтэд хандсан болохоос хэн нэгнийг халах чиглэл байхгүй, нэгэнт томилогдож ажиллаж байгаа хүнд хамаарахгүй бөгөөд тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалт байхгүй..., 80.1.2-ыг хэрэгжүүлж байгаа бол энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан. Энэ арга хэмжээ надад авагдаагүй, сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа нь 3 хүн мэргэжил, мэргэшил дутсан гэдгийг тогтоохгүй, компанийн гүйцэтгэх захирал эсхүл дээд шатны байгууллагаас томилсон атестатчиллын комисс байх ёстой, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөөгүй учир тушаал үндэслэлгүй...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч “Ц” ТӨХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Монгол Улсын ЗГ-ын 2022.03.23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор “Ц” ТӨХК-ийн өмч хэлбэрийг хувийн өмчөөс төрийн өмчит буцаан авах шийдвэр гаргасан. Х.У нь 2021 онд “С”-ийг Маркетинг мэргэжлээр, 2023 онд “С”-ийг Бизнесийн удирдлагын магистраар суралцан төгссөн байдаг. Иймд Х.У нь Шуурхай удирдлагын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан “Барилгын материалын технологич инженер, Бизнесийн удирдлага мэргэжилтэй” байх, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх гэсэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байсан болно. ЗГ-ын гаргасан 2023.03.07-ны өдрийн 84 дүгээр тогтоол, ЗГХ-ын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг эрх бүхий байгууллагын шаардлага гэж үзнэ, 2023.04.10-ны өдөр сонсох ажиллагааны тэмдэглэлийг үйлдэж, сонсох ажиллагааг 15 цаг 05 минутад дуусгаж Х.У өөрөө тайлбар өгөхгүй, гарын үсэг зурахаас татгалзсан нь тэмдэглэлд тусгасан байгаа...” гэж мэтгэлцсэн байна.

8.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба “...Монгол Улсын ЗГ 2023.02.08-ны өдөр 49 дугаартай тогтоол гаргаж уг тогтоолын хавсралтаар 5Ш ажиллагааг хэрэгжүүлэхээр баталсан, Монгол Улсын ЗГХ-ын дарга 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичгээр хууль зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон 2023.04.06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүрэг болгосон, мөн ТГ 2023.03.23-ны өдөр А-1/482 дугаартай албан тоот ирүүлсний дагуу “Ц” ТӨХК-аас тус үйлдвэрийн 26 нэгжийн дарга нарын “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг А хянуулсан байдлыг шалгуулахад ажилласан жил болон албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй томилогдсон 2 нэгжийн дарга илэрсэн, Х.У нь бизнесийн удирдлага мэргэжилтэй боловч энэ мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаагүй, түүнийг шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд түр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байснаас хойш ЗГ-ын тогтоол болон ЗГХ-ын чиглэл гарч нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд тавигдах мэргэжил боловсрол, мэргэшсэн байдал зэргийг холбогдох хууль болон ажлын байрны тодорхойлолт заагдсан шаардлагатай нийцүүлэн ажиллахыг “Ц” ТӨХК-аас шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл мөн...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

9.Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийг баримтлан Х.У-ыг “Ц” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 16,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...ЗГ нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй боловч ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн харилцаанд шууд оролцох, ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардах эрхгүй. Иймд Монгол Улсын ЗГХ-ын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг нь ажилтны хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохыг шаардсан гэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн (ажил олгогчийн) Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуулийн үндэслэлгүй гэж үзнэ, “Ц” ТӨХК нь нэхэмжлэгч (ажилтан) Х.У-тай байгуулсан гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлаагүй нь ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ заагаагүй гэж үзнэ, ТУЗ-ийн хуралдааны тогтоолын дагуу компанийн гүйцэтгэх захирлын 2022.11.08-ны өдөр А/258 дугаартай тушаалаар компанийн үндсэн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлсэн /1хх 112-116/ ба Х.У-ын хувьд “Шуурхай удирдлагын төвийн дарга”-ын албан тушаалд түүний мэргэжил боловсрол, ажлын туршлагын хувьд тавигдах шаардлага хангах эсэх талаар мэдэх боломжтой байхад тухайн албан тушаалд томилсон атлаа дараа нь тухайн ажлын байранд тавигдах мэргэшлийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа ажил олгогчийн шийдвэр нь өөр хоорондоо зөрчилтэй байна..., түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.5-д “түр ажлын байранд ажиллуулах” хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатай байгуулахыг заасан, гэтэл ажил олгогч нь нэхэмжлэгчийг Шуурхай удирдлагын төвийн даргын үүргийг түр гүйцэтгүүлэхээр томилсон нь хуульд нийцээгүй /1хх 118-123/, иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэж үзжээ.

10.Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байдлыг хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

11.Х.У нь “Ц” ТӨХК-д 2011-2018 оны хооронд туслах машинистаар ажилласан ба 2022.05.27-ны өдрийн Б/293 дугаартай тушаалаар Ц үйлдвэрийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2022.12.01-ний өдрийн тушаалаар ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй үндэслэлээр Ц үйлдвэрийн даргын түр үүрэг гүйцэтгэгчээр, 2023.01.25-ны өдрийн Б/85 тоот тушаалаар “Ц” ТӨХК-ийн шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2023.04.10-ны өдрийн Б/328 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг эс зөвшөөрч 2023.07.17-ны өдөр “Ц” ТӨХК-ны хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан, шийдвэрийг 2023.08.04-ний өдөр хүлээн авч, 2023.08.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн хугацаанд байна.

“Ц” ХК гэх хуулийн этгээдийг Монгол Улсын ЗГ-ын 2022.03.23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор “Ц” ТӨХК болгож, хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын ЗГ бүртгэгджээ.

12.Ажил олгогч нь 2023.04.10-ны өдрийн Б/328 дугаар тушаалд Засгийн газрын 2023.03.07-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нийцсэн удирдамж, чиглэлийг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын 8.2, ЗГХ-ын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг зэргийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, “Ц” ТӨХК-ийн “Нэр дэвшүүлэх хороо”-ны 2022.10.11-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт, Компанийн дүрмийн 8.1, 8.9.9 дэх заалтыг баримтлан Х.У-ыг албан тушаалд тавигдсан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

Тушаалын үндэслэл нь нийтийн албыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шүүр” ажиллагааны хүрээнд, эрхэлж буй албан тушаалдаа хуульд заасан шаардлагыг хангаагүй томилогдсон үйл баримт тогтоогдсон буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрх бүхий этгээдийн шаардлагыг хэрэгжүүлсэн гэх хууль зүйн факт болсон, талууд энэ талаар маргажээ.

13.Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Х.У-ыг ажилд эгүүлэн томилсон нь зөв боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг хэрэглэхдээ алдаа гаргасныг залруулах үндэслэлтэй бөгөөд энэ нь шийдэлд нөлөөлөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг нэг бүрчлэн заасны дотор хуулийн 78.1.4-т “эрх бүхий байгууллага шаардсан” гэсэн үндэслэлийг хамааруулсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний талууд бус харин эрх бүхий хөндлөнгийн этгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох онцлог тохиолдлыг зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг дараах агуулгаар тайлбарлахаар байна. 1) Эрх бүхий этгээд гэдэг нь ажил олгогч байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаанд шууд хамааралтай этгээд байж болохоос гадна нийтийн эрх ашгийн үүднээс шаардлага тавих эрх хэмжээтэй этгээд байж болох бөгөөд шаардлагын зорилго, үндэслэл нь хүлээн зөвшөөрөгдөх, зайлшгүй, харьцангуй бие даасан шинжийг агуулсан тохиолдолд “эрх бүхий байгууллага шаардсан” гэдэг үндэслэл нь дангаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болж болно. Жишээлбэл, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024.04.02-ны өдрийн 001/ХТ2024/00064 тогтоолд ажилтан Франц хэлний орчуулагч мэргэжилтэй боловч тухайн байгууллагад Үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерээр ажиллаж байсныг эрх бүхий байгууллага шаардсанаар ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бөгөөд шүүх ажил олгогчийн энэ тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн.

2) Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэг нь дангаар хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцлах хангалттай үндэслэл болохгүй, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр давхар дэмжигдэх шаардлагатай нөхцөл байдал үүсэж болно. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллага шаардсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хангалттай үндэслэл болоогүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлтэй холбогдож, үүний үндсэн дээр хэрэгжихээр байж болно.

Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтныг анхнаасаа уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй байхад ажилд авсан, гэвч хэсэг хугацааны явцад ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж ажилтан уг албан тушаалын хувьд өндөр ур чадвартай болсон, эсвэл ажиллах явцдаа сурч зохих мэргэжлийг эзэмшсэн зэрэг нөхцөл байдлууд байж болох бөгөөд энэ тохиолдолд “албан тушаалд зохих журмын дагуу томилогдоогүй” гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрх бүхий этгээдийн шаардлага хангалтгүй болно. Тиймээс тухайн ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэсэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл давхар байгаа эсэхийг уялдуулан хэрэглэх шаардлагатай болохыг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх хэм хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлтэй уялдуулан хэрэглэх нөхцөл байдал байгаа эсэхийг зарим тохиолдолд харгалзан үзэх шаардлагатай. Жишээлбэл, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024.04.02-ны өдрийн 001/ХТ2024/00065 тогтоолд ажилтан Соёл судлаач, соёлын аялал жуулчлалын мэргэжилтэй ч байгууллагадаа борлуулалтын байцаагчаар ажиллаж байсан ба энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 болон 80.5-д заасныг тушаалын үндэслэх хэсэгтээ дурдсан ч энэ нь мөн хуулийн 80.1.2-т заасантай агуулгын хувьд холбоотой хэрэглэгдэх онцлогтой, тушаалд 80.1.2-т заасныг тухайлан дурдаагүй нь гагцхүү хэлбэрийн шинжтэй гэх үндэстэй байх тул энэхүү нөхцөл байдал дангаараа тушаалыг хууль бус гэх үндэслэл болохгүй гэж үзсэн байна.

14.Тус компанийн гүйцэтгэх захирал 2022.11.08-ны өдөр А/258 дугаартай тушаалаар ажлын байрны тодорхойлолтыг баталжээ. Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлагад бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, барилгын материалын технологич инженер, бизнесийн удирдлага мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх, ур чадварын хувьд албан бичиг хэрэг хөтлөх чадвартай, компьютерын өргөн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагыг тогтоосон байна. “Ц” ТӨХК-ийн шуурхай удирдлагын төвийн дарга нь үйлдвэр, хэлтэс, нэгжүүдийн уялдаа холбоог нягтаршуулах, шуурхай удирдлагын төвийн инженерүүдийг удирдан зохион байгуулах, Цементийн үйлдвэр, шохойн үйлдвэр, чулуунцарын үйлдвэр, уурхайн хэвийн жигд үйл ажиллагааг хангаж чиглүүлэх, өдөр тутмын шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаварт хяналт тавьж, шийдвэрлэн гүйцэтгэх захирал болон Ерөнхий инженерийг үнэн зөв мэдээллээр хангах чиг үүрэгтэй /1хх 113/ гэжээ.

Нэхэмжлэгч Х.У нь Шуурхай удирдлагын төвийн албаны даргын албан тушаалд тавигдах шаардлагыг анхнаасаа хангаагүй боловч ажиллах явцдаа бизнесийн удирдлага мэргэжлээр сурч байгаад дараа нь энэ мэргэжлээ эзэмшсэн, үүнээс гадна ажил олгогч нь нэхэмжлэгчийг “мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй гэж байгаа боловч “Ц” ТӨХК-ийн үйлдвэрийн даргаар 2022.05.27-2023.01.25, Шуурхай удирдлагын төвийн даргаар 2023.01.25-2023.04.10 хүртэл тус тус ажилласан, ажиллах хугацаандаа бусад инженер ажилтнуудын хамт эвдэрсэн тээрмийг засаж цементийн үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлсэн үйл баримтаас үзвэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайн мэддэг, туршлагатай байх ба тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй гэж үзэх нь эдгээр баримтуудаар үгүйсгэгдсэн байна.

Эрх бүхий байгууллага шаардсаны дагуу Х.У нь ажил олгогчийн тушаалд зааснаар, “мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх” шаардлагыг хангаагүй байж болох боловч уг ажлыг гүйцэтгэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэл давхар тогтоогдоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй болно. Энэ маргааны тухайд ажилтан Х.У-ын ажилласан байдал, эзэмшсэн мэргэжил, ажлын туршлага, ажлын үр дүн нь Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд тавигдах гол шаардлагад агуулгаараа нийцсэн, зарим үндэслэлээр эрх бүхий этгээдийн шаардлагыг хүлээн авч гэрээг цуцлах бол ажилтан ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсныг ажил олгогч тогтоох шаардлагатай байжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагынхаа өөр нэг үндэслэлийг ажил олгогчид шүүмжлэлтэй хандаж үзэл бодлоо илэрхийлсний төлөө ялгаварлан гадуурхагдсан гэж тайлбар гаргасан боловч ийнхүү дүгнэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байв. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2024/00009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Ц” ТӨХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.25-ны өдөр төлсөн 237,950 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЗОРИГ

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                                                            П.ЗОЛЗАЯА