Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 00105

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга Н.Хулан

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Н.Баясгалан

Шүүгдэгч У.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Анхбаярт холбогдох 201714000125 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                      Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 30-18 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Зээрд адуу овгийн Уламбадрахын Анхбаяр. /ФА 86071275/

 

                                                         Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч У.Анхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-11 дүгээр байрны гадна хохирогч Н.Баясгалангийн нүүрэн тус газар нь цохиж эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж түрүүвчтэй 280 000 төгрөг, 103 доллар зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь :

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

- Шүүгдэгч У.Анхбаяр нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 12 дугаар сарын 25-ны өглөө хүнсний захын тэнд явж байгаад таньдаг хүмүүстэйгээ таараад 3-4 шил архи уусан. Тэгээд буцаж гэртээ хариад байж байгаад орой эргээд гарсан. Пирамид худалдааны төвийн урд ширхэгийн тамхи зардаг хүмүүсээс тамхи аваад зогсож байгаад тал шил архи хашлага дотор байхаар нь аваад ганцаараа уусан. Ингээд ундаа авч уумаар санагдаад 5-7 дугаар байрны ард байх хүнсний дэлгүүрт ортол нэг согтуу ах орж ирээд түрийвчээ ил гаргаад түрийвч дотор нь мөнгө байхыг хараад ганц шил архи авахуулж ууя гэж бодоод дагуулж гарсан. Дагуулж яваад 5-11-р байрны тэнд очоод тэр ахын нүүр лүү нь цохиод куртикны халааснаас түрийвчийг нь аваад явсан. Түрийвчийг нь онгойлгоод 6000 төгрөг аваад түрийвчийг нь 5-11-р байрны 2 дахь орцны шатан дээр үлдээсэн. Би түрийвчний тасалгаагнуудыг онгойлгож хараагүй. Би архи уухаараа дахиж уумаар санагдаад байдаг юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна . Хохиролд 100 000 төгрөг төлсөн, үлдэх 436 494 төгрөгийг төлнө гэв.

- Хохирогч Н.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинэ жилийн арга хэмжээнд оролцоод 23 цагийн үед гэртээ харихаар явж байтал 5-8 дугаар байрны урд талд нэг танихгүй согтуу залуу над руу хүрч ирээд куртикнээс татаж чангаагаад байхаар нь би зугтаж гүйгээд 5-11 дүгээр байрны зүүн талд байдаг “Ивээл Хишигт” дэлгүүр рүү орсон.Тэгээд намайг дэлгүүр дотор зогсож байхад нөгөө залуу араас орж ирээд “өө ах энд явж байгаа юм уу, алив хүргээд өгье” гэж хэлээд намайг сугадаад дэлгүүрээс гарсан.Тэгээд 5-11 дүгээр байр руу өгсөөд эхний орцны харалдаа миний зүүн шанаа тус газар цохиод, куртикны энгэрийн халааснаас түрийвчийг маань аваад явчихсан. Би араас нь гүйвэл алуулах байх гэж бодоод гэртээ орсон. Миний түрийвчинд 280 000 төгрөг, 103 доллар байсан. 103 доллар тухайн үеийн ханшаар 256 494 төгрөг болж байсан. Надад 536 494 төгрөгийн хохирол учирснаас 100 000 төгрөг төлсөн. Одоо 436 494 төгрөг нэхэмжилнэ. Хохирлоо төлчих юм бол залуу хүнийг шоронд явуулахыг хүсэхгүй байна гэв.

- Гэрч П.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би 5-11 дүгээр байрны доор байрлах “Ивээлт хишиг” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Гэтэл орой 22 цаг өнгөрч байтал манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг Баясаа гэх настайвтар хүн нилээн согтуу орж ирсэн. Лангуун дээр түрүүвчээ гаргаж тавиад түрүүвчийг маань авчих гээд байсан. Уг  түрүүвч нь нилээн мөнгөтэй бололтой зузаан урт түрүүвч байсан. Дотор нь яг хэдэн төгрөг байсныг би тоолоогүй. Тэр үед Баясаагийн гар нь шалбарчихсан хүнээс зугтсан байдалтай байсан. Надад түрүүвчээ өгөх гээд байхаар нь маргааш нь мөнгө дутлаа гэх юм болов уу гэж бодоод аваагүй. Гэтэл Баясаагийн араас нэг согтуу залуу орж ирээд ундаа авч уугаад зогсож байгаад Баясааг танимхайрч өө ахыг хүргээд өгье гээд аваад гарсан. Би ч таньдаг юм бол заавал гэрт нь хүргэж өгөөрэй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 талд/

- Гэрч Б.Уламбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 12 дугаар сард цагдаагийн газраас хүмүүс ярихад хүү У.Анхбаярыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсэн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 талд/

     - Камерын бичлэгт үзлэг хийсэн  тэмдэглэл / хх-ийн 8-р талд/

     - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 талд/

    - У.Анхбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтэнийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 20-21 талд/, ял сонсгон яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэгэл /хх-ийн 22-23 талд/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох байримт байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч У.Анхбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр  заналхийлж довтлон  2016 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-11 дүгээр байрны гадна хохирогч Н.Баясгалангийн түрүүвчтэй 280 000 төгрөг, 103 доллар зэргийг дээрэмдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэг учрал болох тухайн цаг үед Монгол банкнаас тогтоосон валютын албан ханшаар / хх 36-р тал / 1ам доллар 2490.24 төгрөг байсан бөгөөд 103 доллар 256 494.72 төгрөг болсон бөгөөд хохирогч Н.Баясгаланд 536 494 төгрөгний хохирол учирсанаас 100 000 төгрөгийг шүүгдэгч хохирогчид төлсөн байна.

Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Анхбаяраас 436 494 төгрөг гаргуулан хохирогч Н.Баясгаланд олгох нь зүйтэй байна.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэхийн зэрэгцээ, түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж  барагдуулаагүй байдлыг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн СД-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

          1. Шүүгдэгч Зээрд адуу овгийн Уламбадрахын Анхбаярыг /ФА 86071275/ бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч У.Анхбаярыг  3 /гурав/  жил 1/нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч У.Анхбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

              4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

             5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

             6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Анхбаяраас 436 494 төгрөг гаргуулан хохирогч Н.Баясгаланд /Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст 5-11-105 тоот, Утас 94001707, регистрийн дугаар ГЖ 65021319/ олгосугай.

           7.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           8.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.