Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 20

 

Б.М-ны нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай                     

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэртэй.

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 3-9 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ76010234, Б овогтой Б-ийн М-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У аймаг дахь Ш ш г г-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах, 2 давхар, 20 өрөө бүхий, 720 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 0,6 квт-ын дэд өртөөний барилга, мөн хаягт байрлах 2 давхар, 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус битүүмжилсэн, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу, Г.Ариунжаргал нарын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай, мөн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У аймаг дахь Ш ш г г нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчсөнөөс төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргаж байна. Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.М миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журамд нийцэхгүй байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэж, мөн хуулийн 49.2-т “Энэ хуулийн 49.1-т заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно” гэжээ.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч С.М, Г.А нар миний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах хүрээ, хугацааг тогтоогоогүй байна. Ингэсэн атлаа 3 хоногийн дараагаар худалдан борлуулахаар тухайн хөрөнгүүдийг хурааж байгаа нь эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хуульд нийцээгүйг нотолж байна.

Шийдвэр гүйцэтгэгч С.М, Г.А нарын дээрх тогтоолуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасан шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх зорилгыг тусгаагүй байна. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураана” гэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нар дээрх тогтоолуудад миний үл хөдлөх хөрөнгийг хураасан эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй, битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хугацаа тогтоогоогүй атлаа хураан авахдаа хугацаа тогтоож байгаа зэргээр эрх зүйн зөрчилтэй болжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан, битүүмжилсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосон. Шүүхийн энэхүү шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул аливаа иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй болно. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон ажиллагааг дахин гүйцэтгэж, нэхэмжлэгч миний эд хөрөнгийг битүүмжлэн хураасныг ямар ч зөвтгөх үндэслэлгүй юм. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үүү” гэжээ.

Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмаржав, С.Маамуу, Г.Ариунжаргал нар анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шийдвэр гүйцэтгэгч д/ч С.Маамуу, Шийдвэр гүйцэтгэгч д/ч Г.Ариунжаргал болон Тасгийн дарга ахлах шийдвэр гүйцэтгэгч х/ч С.Мягмаржав нараас дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 87 тоот шийдвэрээр 58.062.361 төгрөг гаргуулан Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэн, 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 93 тоот гүйцэтгэх хуудас бичүүлэн 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад ирүүлсэн, мөн тус шүүхээс 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 138 тоот шүүгчийн захирамжаар 987.986.061 төгрөг гаргуулан Хаан банкинд олгохоор шийдвэрлэж, 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 185 тоот гүйцэтгэх хуудас бичиж 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус газарт ирүүлсэн байна.

Төлбөр төлөгч Б.Мд сайн дурын мэдэгдэлээр хугацаа өгч байсан бөгөөд төлбөрийг сайн дураараа биелүүлж байгаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн арилжааны банкин дахь дансыг хааж, дансанд төлбөр төлөх мөнгөн хөрөнгө байхгүй байгаа тул дансыг битүүмжлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4-т заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох Шинэ зуун худалдааны төвийн 1, 2 давхарын 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний обьект, мөн тус барилгын 2 давхар 20 өрөө бүхий 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу худалдан борлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20111800293/01 тоот битүүмжлэх актаар 0,6 кв дэд өртөөний барилга 720 м.кв 20 өрөө бүхий барилгыг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 20091800344/01 тоот битүүмжлэх актаар Шинэ зуун худалдааны төвийн 1, 2 давхрын 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний обьектыг тус бүр битүүмжлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хугацааг өөрөө тогтооно гэж заасны дагуу ажилласан.

Төлбөр төлөгч Б.М нь төлбөрийг төлөх хугацаа байсан боловч ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд тухайн барилгыг зарж борлуулан төлбөрийг барагдуулахад эзлэх хувь нь төлбөрийг хангалтай барагдуулахад хүрэлцэхүйц байсан тул шийдвэр гүйцэтгэч д/ч Маамуу 1 хоногийн хугацаа шийдвэр гүйцэтгэгч д/ч Г.Ариунжаргал нь 3 хоногийн хугацааг тус тус өгсөн тул битүүмжлэх тогтоол хүчингүй болох үндэслэлгүй юм. Дээрх битүүмжилсэн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 заасны дагуу худалдан борлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17210393 тоот болон 20091800244/02 тоот тогтоолоор хураан авч, албадан борлуулахыг өөрт нь мэдэгдэж тэмдэглэлд тусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Шийдвэр гүйцэтгэгч хураахдаа хугацаа зааж өгөх, өгч болохгүй гэсэн хууль байхгүй тул ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Иймд Б.Мы гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т заасныг баримтлан хариуцагч У аймаг дахь Ш ш г гт холбогдох “Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах, 2 давхар, 20 өрөө бүхий, 720 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 0,6 квт-ын дэд өртөөний барилга, мөн хаягт байрлах 2 давхар, 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус битүүмжилсэн, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу, Г.Ариунжаргал нарын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай, мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М-ны давж заалдах гомдлын агуулга: “Б.М би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргалаа.

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлүүд:

            Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:...тухайн 93, 94 дүгээр шийдвэр гүйцэтгэгч нарын эд хөрөнгө битүүмжилсэн хураасан үйл ажиллагаа хуульд нийцсэн... гэжээ. Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэгч Б.Мы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журамд нийцдэггүй. Тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т "Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно.       Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т "Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно гэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу, Г.Ариунжаргал нар нь Б.М миний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах хүрээ, хугацааг үндэслэлтэйгээр тогтоогоогүй. Эд хөрөнгө битүүмжилснээс хойш 3 хоногийн дараагаар худалдан борлуулах зорилгоор Б.М миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж байгаа нь эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан ажиллагаа нь хуульд нийцээгүйг нотолдог. Шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу, Г.Ариунжаргал нарын дээрх топгоолуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх зорилгыг тусгаагүй.

            Ийм байхад анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасан зохицуулалтыг шийдвэр гүйцэтгэгчээс ямар нэг хэмжээ, хязгааргүйгээр дур зоргоороо хэрэгжүүлэх зохицуулалт мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

            Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:...93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын эд хөрөнгө хураасан үйл ажиллагаа хуульд нийцсэн... гэжээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т "Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна" гэж заажээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу, Г.Ариунжаргал нарын дээрх тогтоолуудад Б.М миний үл хөдлөх хөрөнгийг хураасан эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хугацаа тогтоогоогүй атлаа хураан авахдаа хугацаа тогтоож байгаа зэргээр эрх зүйн зөрчилтэй байдаг.

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мы өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0.6 квт-ын дэд өртөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилсэн, хураасан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг хууль бус болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн.

            Шүүхийн энэхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр болсон тул аливаа иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй болно. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус болох нь топгоогдсон ажиллагааг дахин гүйцэтгэж, нэхэмжлэгч Б.М миний эд хөрөнгийг битүүмжлэн хураасныг ямар ч зөвтгөх үндэслэлгүй.

            Гурав. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:...төлбөр төлөгч нь 2009, 2011 онуудын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжит хугацаа байсаар байдал өнөөг хүртэл хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа... гэжээ.

            Нэхэмжлэгч Б.М би Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар захирамжийн дагуу төлөх 987 986 061 төгрөгийн үүргийн гүйцэтгэлээс 672 703 700 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хаан банканд төлж, сайн дураар төлөх санаачилга гаргасаар ирсэн.

            Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар шийдвэрээр төлөх 58 062 361 төгрөгийг сайн дурын үндсэн дээр өөрийн боломж нөхцөлд нийцүүлэн төлөх санал санаачилгыг төлбөр төлөгч гаргасан.

            Төлбөр төлөгч Б.М би төлбөр авагч Хаан банк, Зоос банкны эрх хүлээн авагчтай төлбөрийн графикийг харилцан тохирч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрөө төлсөөр байгаа.

            Ийм байхад үлдэгдэл төлбөрийг төлөх боломж нөхцөлийг хангахгүйгээр, хугацаа тогтоолгүйгээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулсан нь хуульд нийцэхгүй үйл ажиллагаа гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг хариуцагч талаас үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх ямар нэг нотлох баримтад тулгуурлахгүйгээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлтийг хийжээ.

            Дөрөв. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхээ эдлэх нөхцөл боломжоор хангалгүйгээр хязгаарлах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсанд гомдолтой байдаг.

            Иймээс нэхэмжлэгч Б.М би давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцаж, гомдлынхоо үндэслэлийг дэлгэрүүлж, тайлбар гаргах хүсэлтэй байна.

            Үндсэн хуулийн 16 зүйлд иргэний үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхийг тусгасан байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг эрхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас халдах /хязгаарлах/ үндэслэл журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан тодорхойлжээ. Гэтэл хариуцагч Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулийн хүрээнд ажиллаагүйн улмаас төлбөр төлөгч Б.М миний өмчлөх эрх үндэслэлгүйгээр хязгаарлагдаж үндсэн эрхийг хязгаарлах хэр хэмжээг зөрчсөн.

Иргэний үндсэн эрхийг хязгаарлах хэр хэмжээг зөрчсөн төрийн байгууллагын аливаа үйл ажиллагаа хууль зүйн хувьд зөвтгөгдөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтуудыг үндэслэлтэй дүгнэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.М хариуцагч Увс аймгийн дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Улаангом сумын 4 дүгээр багт байрлах, 20 өрөө  720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, мөн 1152 м.кв талбайтаа барилга болон 0.6 квт-ын дэд өртөөний барилга тус тус битүүмжилсэн, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болсоныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн, үл хөдлөх эд хөрөнө хураах тухай мөн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу  явагдсан гэж маргасан байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар Б.М-аас 98.798.061 төгрөгийг гаргуулж ХААН банкинд, мөн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр 56.062.361 төгрөгийг гаргуулж Зоос банкны эрх хүлээн авагч Монгол банкинд тус тус олгуулах шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тул түүний хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа явуулжээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчилэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно”, мөн хуулийн 49.2-т “Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтоохоор” тус тус хуульчилжээ.

            Өөрөөр хэлбэл хуулиар шийдвэр гүйцэтгэгчид эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны “хугацаа”-г бие даан тогтоохоор заасан байх бөгөөд энэ хуулийн хүрээнд хугацааг тогтоосон шийдвэр гүйцэтгэгч нарыг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч Б.Мы эд хөрөнгийг битүүжилсэн, хураасан шийдвэр гүйцэтгэгч нарын ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                          Н.МӨНХЖАРГАЛ

Д.ЖАМБАЛСҮРЭН