Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 505

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Б-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Х газарт холбогдох,

     үйлчилгээний зориулалттай барилга, 0,6 квт-ын дэд өртөөний барилга, үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус битүүмжилсэн, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Х газрын 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М, А нарын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай, мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

   Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчсөнөөс төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргаж байна. Хариуцагч Х газраас М миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журамд нийцэхгүй байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэж, 49.2-т “Энэ хуулийн 49.1-т заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно” гэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч М, А нар миний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах хүрээ, хугацааг тогтоогоогүй байна. Ингэсэн атлаа 3 хоногийн дараагаар худалдан борлуулахаар тухайн хөрөнгүүдийг хурааж байгаа нь эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хуульд нийцээгүйг нотолж байна. Шийдвэр гүйцэтгэгч М, А нарын дээрх тогтоолуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасан шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх зорилгыг тусгаагүй байна. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураана” гэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нар дээрх тогтоолуудад миний үл хөдлөх хөрөнгийг хураасан эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй, битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хугацаа тогтоогоогүй атлаа хураан авахдаа хугацаа тогтоож байгаа зэргээр эрх зүйн зөрчилтэй болжээ. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан, битүүмжилсэн Х албаны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосон. Шүүхийн энэхүү шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул аливаа иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй болно. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон ажиллагааг дахин гүйцэтгэж, нэхэмжлэгч миний эд хөрөнгийг битүүмжлэн хураасныг ямар ч зөвтгөх үндэслэлгүй юм. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, М, А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шийдвэр гүйцэтгэгч М, Шийдвэр гүйцэтгэгч А болон Тасгийн дарга ахлах шийдвэр гүйцэтгэгч М нараас дараах хариу тайлбарыг гаргаж байна. Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 87 тоот шийдвэрээр 58.062.361 төгрөг гаргуулан Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэн, 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 93 тоот гүйцэтгэх хуудас бичүүлэн 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад ирүүлсэн, мөн тус шүүхээс 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 138 тоот шүүгчийн захирамжаар 987.986.061 төгрөг гаргуулан Хаан банкинд олгохоор шийдвэрлэж, 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 185 тоот гүйцэтгэх хуудас бичиж 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус газарт ирүүлсэн байна. Төлбөр төлөгч М-д сайн дурын мэдэгдэлээр хугацаа өгч байсан бөгөөд төлбөрийг сайн дураараа биелүүлж байгаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн арилжааны банкин дахь дансыг хааж, дансанд төлбөр төлөх мөнгөн хөрөнгө байхгүй байгаа тул дансыг битүүмжлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4-т заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох х худалдааны төвийн 1, 2 давхарын 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний обьект, мөн тус барилгын 2 давхар 20 өрөө бүхий 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу худалдан борлуулахаар 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 20111800293/01 тоот битүүмжлэх актаар 0,6 кв дэд өртөөний барилга 720 м.кв 20 өрөө бүхий барилгыг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 20091800344/01 тоот битүүмжлэх актаар х худалдааны төвийн 1, 2 давхрын 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний обьектыг тус бүр битүүмжлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хугацааг өөрөө тогтооно гэж заасны дагуу ажилласан. Төлбөр төлөгч М нь төлбөрийг төлөх хугацаа байсан боловч ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд тухайн барилгыг зарж борлуулан төлбөрийг барагдуулахад эзлэх хувь нь төлбөрийг хангалтай барагдуулахад хүрэлцэхүйц байсан тул шийдвэр гүйцэтгэч М 1 хоногийн хугацаа шийдвэр гүйцэтгэгч А нь 3 хоногийн хугацааг тус тус өгсөн тул битүүмжлэх тогтоол хүчингүй болох үндэслэлгүй юмаа. Дээрх битүүмжилсэн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54.1 заасны дагуу худалдан борлуулахаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 17210393 тоот болон 20091800244/02 тоот тогтоолоор хураан авч, албадан борлуулахыг өөрт нь мэдэгдэж тэмдэглэлд тусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Шийдвэр гүйцэтгэгч хураахдаа хугацаа зааж өгөх, өгч болохгүй гэсэн хууль байхгүй тул ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Иймд М-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч М хариуцагч Х газарт холбогдуулан үйлчилгээний зориулалттай барилга, 0,6 квт-ын дэд өртөөний барилга, үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус битүүмжилсэн, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Х газрын 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М, А нарын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай, мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хариуцагч Х газар уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

    Х газрын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай, мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолуудад тус газрын 93 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар шийдвэрийн дагуу төлбөр авагч Хаан банкинд холбогдох, 98.798.061 төгрөгийн үүргийг төлбөр төлөгч М-аас гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч А нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар шийдвэрийн дагуу төлбөр авагч Зоос банкны эрх хүлээн авагч Монгол банкинд холбогдох, 56.062.361 төгрөгийн үүргийг төлбөр төлөгч М-с гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус явуулж байгаа тухай дурдсан байна.  

     Хэргийн 46-49 дүгээр хуудаст авагдсан баримтаас үзэхэд Х газрын 93 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 200918000244/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” үйлдэж, төлбөр төлөгч М-ийн өмчлөлийн х худалдааны төвийн 1 дүгээр давхарын 780 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах х худалдааны төвийн 2 дугаар давхарын 580 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн байх ба уг битүүмжилсэн ажиллагааг төлбөр төлөгчид мэдэгдэж, гарын үсэг зуруулсан, хөндлөнгийн 2 этгээдийг байлцуулсан, дээрх хөрөнгүүдийг битүүмжлэх хугацааг 1 хоногоор тогтоож, энэхүү хугацаанд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байна.

      Ингээд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 200918000244/02 дугаар “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулах зорилгоор хураан авч, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор үүргээ биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, хугацаа тогтоож өгчээ.

     Хэргийн 39-44 дүгээр хуудаст авагдсан баримтаас үзэхэд Х газрын 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч А 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 20111800293 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” үйлдэж, төлбөр төлөгч М.ийн өмчлөлийн 0,6 м.кв талбай бүхий дэд өртөөний барилга, мөн  20 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн байх ба уг битүүмжилсэн ажиллагааг төлбөр төлөгчид мэдэгдэж, гарын үсэг зуруулсан, хөндлөнгийн 2 этгээдийг байлцуулсан, дээрх хөрөнгүүдийг битүүмжлэх хугацааг 6 хоногоор /шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/ тогтоож, энэхүү хугацаанд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байна.

       Ингээд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 17210393 дугаар “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулах зорилгоор хураан авчээ.

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т зааснаар аливаа хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлахдаа битүүмжлэх ажиллагаа хийх ба тухайн ажиллагааг хэрэгжүүлэхдээ эрх хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч “бие даан” тогтоохоор заажээ.

      Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М-ийн “Миний хөрөнгүүдийг битүүмжилж, хураахдаа хэтэрхий бага хугацаа тогтоосон, эсхүл хугацаа тогтоогоогүй байна” гэсэн гомдол үндэслэлгүй байх бөгөөд хуулиар шийдвэр гүйцэтгэгчид эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны “хугацаа”-г бие даан тогтоохоор заасан байх тул тухайн 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын эд хөрөнгө биүүмжилсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн, төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, битүүмжлэх тогтоолуудад эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тодорхой, ойлгомжтой тусгажээ.

      Нөгөө талаар, төлбөр төлөгч нь 2009 он болон 2011 оны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжит хугацаа байсаар байдал өнөөг хүртэл хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

    Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2, 54.3-т  “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураахаар”, мөн “тухайн хураан авах ажиллагаа явуулахдаа эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхэгийг тусгасан жагсаалт үйлдэх”, “жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан байх ба 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын “Эд хөрөнгө хураан авах тухай тогтоол”-ууд дээрх зүйлд заасан шаардлага хангасан байна.

      Нэхэмжлэгч “Урьдны Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 200 дугаар шийдвэрээр миний хөрөнгийг битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа болон тогтоолуудыг хүчингүй болгосон, тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа” гэж дурдсан байх ба хэрэгт тухайн шийдвэрийг нэхэмжлэгч гаргаж ирүүлээгүй, мөн тухайн шүүхийн шийдвэрээр хэрэв шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолуудыг хүчингүй болгосон бол шийдвэр гүйцэтгэгч нь дахин шинээр эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагаа явуулах шаардлагатай болно.  

       Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т заасныг баримтлан хариуцагч Х газарт холбогдох “үйлчилгээний зориулалттай барилга, 0,6 квт-ын дэд өртөөний барилга, мөн хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус битүүмжилсэн, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Х газрын 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М, А нарын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай, мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч М.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг, мөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг зохих журмын дагуу хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т заасныг баримтлан хариуцагч Х газарт холбогдох “үйлчилгээний зориулалттай барилга, 0,6 квт-ын дэд өртөөний барилга, мөн хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус битүүмжилсэн, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Х газрын 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М, А нарын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай, мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

           

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ГЭРЭЛТУЯА