Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 21

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай                     

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 546 дугаар шийдвэртэй.

Нэхэмжлэгч: Увс аймгийн Н сумын Гүнбүрд баг, 6-0 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ПЮ67052722, З овогт Б-н А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Н сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А /онлайнаар/, хариуцагч Наранбулаг сумын сургуулийн захирал Ж.П, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгчийн агуулга болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “ Миний бие Басандай овогтой А нь 1990 онд Монгол Улсын Их сургуулийн харьяа Багшийн дээд сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ангийг төгсөж, Увс аймгийн Өлгий сумын 8 жилийн дунд сургуульд түүх, нийгмийн ухааны багшаар ажилд орсон. 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Өлгий сум, Увс аймгийн 3 дугаар 10 жил, Наранбулаг суманд ажиллаж ирсэн. Одоо ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг.

Миний бие 2017 оны 11 дүгээр сараас эхлэн толгой өвдөж тархи хатгах, эргэх, бөөлжин өндөр халуурах шинж байдалтайгаар тодорхой онош гарахгүй аймаг, сумын эмнэлэгт удаа дараа үзүүлж ЭБАЖИ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Тухайн үед хийгдэж байсан оношлогоо эмчилгээний тухай карт болон өвчтөний түүх байгаа. Онош тодрохгүй болохоор компьютер томографийн шинжилгээ бас хийлгэсэн.

Улмаар бие сайжрахгүй байсан учир нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр Улаанбаатар хот явсан. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эмчийн акт авч ажлын 10 хоногоор явахынхаа өмнө захиралдаа өргөдөл өгч дотоод журмын 13.3-д зааснаар ажлын 21 хоногийн чөлөө авч явсан. Акт авсан хугацаагаа дуусгаад 21 хоногийн чөлөө эдлэхээр захиралтайгаа тохиролцож актаа сургуульд өгөөд явсан. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа эргэж ирсэн.

Гэтэл намайг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Бага дунд боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал 10 хоногийн акттай байсан бөгөөд захиралтай ярилцаж авсан 21 хоногийн чөлөөтэй явсан гэж ойлгосон тул 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Улаанбаатар хотод хоёр ч эмнэлэг дамжин эмчилгээ хийлгээд ирсэн.

Удаан хугацааны ийм өвчтэй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзээд намайг ажлаас чөлөөлсөн ба өөрөө Солонгос улс руу явахын тулд яарч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захиргааны чөлөө олгосон тухай тушаал гаргажээ. Энэ тушаалынхаа тухай надад огт мэдэгдээгүй бөгөөд би 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс чөлөөний хугацаа эхэлнэ гэж ойлгож байсан.

Захиргааны цалингүй чөлөө авч явсан тул эмнэлгээс лист авч ирээгүй. Иймд намайг Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Пүрэвжав анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Басандай овогтой А нь Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 тоот тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Б/09 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Б.А нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 3 /гурав/ сарын чөлөө авахаар манай өрөөнд ирж өргөдлөө өгсөн.

Би “Та ямар шалтгаанаар чөлөө авах гэж байгаа нь тодорхойгүй мөн сургуулийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай үед 7-21 хоногийн цалингүй чөлөөг олгож болно, мөн журмын 13.4-д цалингүй чөлөөг 1 сараас дээш хугацаагаар олгохоор бол Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх бөгөөд хугацаа хэтэрвэл хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалт бий, тиймээс та хүндэтгэн үзэх шалтгаанаа бичээрэй. Би Засаг даргатай зөвшилцөж шийдвэр гаргана” гэж хэлсэн.

Б.А тэр өдрөө Улаанбаатар хот явсан. Би сумын Засаг дарга асан Ч.Батжаргалаас “Багш Б.А багш таниас чөлөө авсан уу?” гэж тодруулсан. Ч.Батжаргал “Чөлөө олгох нь миний мэдэх асуудал биш” байна гэж хэлсэн.

Б.Ад чөлөө өгөөгүй гэсэн тул би сургуулийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4-д зааснаар чөлөө олгох тушаал гаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс акт авч явахаасаа өмнө үргэлжлүүлэн чөлөө авна гэж надтай тохиролцсон зүйл байхгүй. Актыг 2018 оны 02 дугаар сарын 06, 07-ны аль нэг өдөр эмнэлгийн лаборант Д.Амархишиг ирж сургалтын менежер Ц.Энхболдод өгсөн байдаг.

Б.А 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилд ирэхдээ Халдарт өвчин судлалын үндэсний төвөөс эмнэлгийн магадлагаатай ирсэн. Би тухайн эмнэлгийн магадлагааг тодруулж албан бичиг явуулж хариуг авсан бөгөөд Б.А нь “Би хуурамч нотлох баримт аваад ирсэн, та албан тоотоо буцааж аваач, тэнд хүний амьдралаар тоглох гээд байна“ гэж надаас гуйсан.

Ингээд сумандаа эмчид үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн акт, Халдарт өвчин судлалын үндэсний төвийн эмчийн магадлалууд нь хоорондоо давхцсан нь багш Б.А нь өөрөө худал хэлж ажил тасалсан болох нь тогтоогдсон тул 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 546 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аыг Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулох” –оор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “...Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 546 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргаж буй нотлох баримтууд нь хуурамч болох нь хариуцагчийн талаас гаргасан нотлох баримтаар тогтоогддог. Тухайлбал: нэхэмжлэгч Б.А Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эмчээс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр акт авсан байдаг.

Гэтэл Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу явсан болох нь нотлогддог. Б.А нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилд ирэхдээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн магадлагаатай ирсэн.

Ингээд тухайн эмнэлгийн магадлалааг тодруулж албан бичиг явуулахад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2018 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 19/341 тоот "Басандай овогтой А нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг дуустал тус төвд хэвтэн эмчлүүлээгүй бөгөөд үзлэг шинжилгээ хийлгээгүй болно" гэх хариу ирсэн бөгөөд багш Б.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Хариуцагч Ж.Пүрэвжав нэхэмжлэгч Б.А нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дахь хэсэгт.........хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-д хамаарна.

Мөн сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11 3-т....... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсвэл ажлын дараалсан 2 өдрийн ажил тасалсан цагийн нийлбэр нь 8 цагаас хэтэрснийг ноцтой зөрчилд тооцно гэсэн заалтуудыг мэдсээр байж илт зөрчсөн үйлдэл гаргасан нь байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй олон жил ажилласан дотоод журмыг мэдэхгүй байх шалтгаан байхгүй, 2017 оноос 2018 оны хичээлийн жилд мөрдөх дотоод журамд ямар шалтгаанаар гарын үсэг зураагүйг удирдлагын зүгээс мэдэхгүй байна. Бусад бүх багш нар танилцаж гарын үсгээ зурсан нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа.

Б.А нь өмнөх жилүүдэд байнга гарын үсгээ зурдаг байсан. Сургуулийн удирдлагын зүгээс төрийн ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс эрх мэдлийхээ хүрээнд тушаал гаргаад оронд нь ажиллах хүн авсан.

Иймд 2018 оны 07 дугаар 20-ны өдрийн 546 дугаартай Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Аын нэхэмжлэлтэй хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцүүлэн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар тус сургуулийн нийгмийн ухааны багш Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөхдөө Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтуудыг үндэслэжээ. / хх-17 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж  болохоор зохицуулсан байдаг.Үүнээс үзвэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил ологогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд дээрх үндэслэл тогтоогдсон байх учиртай.

Гэтэл хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.Аыг дээрхи хуулинд заасан аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байхаас гадна хариуцагч нь ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлоогүй байна.

Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Пүрэвжав “Б.А нь захиргааны чөлөөг хэтрүүлэн ажил тасалсан тул байгууллагын дотоод журамд заасны дагуу ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн“ гэх тайлбарыг гаргаж байгаа боловч уг тайлбараа нотлоогүй байна.

Хариуцагч Нранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн Б/03 дугаар тушаалаар тус сургуулийн түүх нийгмийн багш Б.Ад захиргааны чөлөө олгосон байх бөгөөд уг тушаалд хэдэн сарын хэднээс эхлэн хэд хоногийн чөлөө олгосон нь тодорхойгүй.

Нөгөөтэйгүүр ажил олгогч нь Б.Аыг хэзээнээс эхлэн хэдэн өдрийн ажил тасалсан талаар бичгийн нотлох баримтаар /цагийн бүртгэл/ нотлоогүй мөртлөө хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                         Н.МӨНХЖАРГАЛ

Д.ЖАМБАЛСҮРЭН