Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 546

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: х тоотод оршин суух, х төрсөн, регистрийн дугаар х, З овогт Б-н А-ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээрсарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б овогтой А нь 1990 онд Монгол улсын их сургуулийн харьяа Багшийн дээд сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ангийг төгсөж Увс аймгийн Өлгий сумын 8 жилийн дунд сургуульд түүх, нийгмийн ухааны багшаар ажилд орсон. 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Өлгий, Увс аймгийн 3 дугаар 10 жил, Наранбулаг суманд ажиллаж ирсэн. Одоо ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие 2017 оны 11 дүгээр сараас эхлэн толгой өвдөж тархи хатгах, эргэх, бөөлжин өндөр халуурах шинж байдалтайгаар тодорхой онош гарахгүй аймаг, сумын эмнэлэгт удаа дараа үзүүлж ЭБАЖИ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед хийгдэж байсан оношлогоо эмчилгээний тухай карт болон өвчтөний түүх байгаа. Онош тодрохгүй болохоор компьютер томографийн шинжилгээ бас хийлгэсэн. Улмаар бие сайхрахгүй байсан учир нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр Улаанбаатар хот явсан. 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эмчийн акт авч ажлын 10 хоногоор явахынхаа өмнө захиралдаа өргөдөл өгч дотоод журмын 13.3-д зааснаар ажлын 21 хоногийн чөлөө авч явсан. Акт авсан хугацаагаа дуусгаад 21 хоногийн чөлөө эдлэхээр захиралтайгаа тохиролцож актаа сургуульд өгөөд явсан. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа эргэж ирсэн. Гэтэл намайг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бага дунд боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 09-ний өдрийг дуустал 10 хоногийн акттай байсан бөгөөд захиралтай ярилцаж авсан 21 хоногийн чөлөөтэй явсан гэж ойлгосон тул 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Улаанбаатар хотод хоёр ч эмнэлэг дамжин эмчилгээ хийлгээд ирсэн. Удаан хугацааны ийм өвчтэй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзээд намайг ажлаас чөлөөлсөн ба өөрөө Солонгос улс руу явахын тулд яарч 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр захиргааны чөлөө олгосон тухай тушаал гаргажээ. Энэ тушаалынхаа тухай надад огт мэдэгдээгүй бөгөөд би 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс чөлөөний хугацаа эхэлнэ гэж ойлгож байсан. Захиргааны цалингүй чөлөө авч явсан тул эмнэлгээс лист авч ирээгүй. Иймд намайг Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эмчээс акт авч, Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан байдаг. Ингээд актын хугацаа 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр дуусч 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс үргэжлүүлэн 21 хоногийн чөлөө авахаар захиралтайгаа тохирсон. Гэтэл хариуцагч Ж.П нь Б.А-д захиргааны чөлөөл олгох тухай тушаалыг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гаргасан бөгөөд тушаал дээрээ Б.А-н чөлөө хэзээ эхлэх болон дуусах он сар өдрийг тодорхой бичээгүй. Уг тушаалыг Б.А-д танилцуулаагүй тул нэхэмжлэгч нь чөлөөний хугацаа хэзээнээс эхлэснийг мэдээгүй учир сумын эмчийн актын хугацаанаас үргэлжүүлэн өөрөө тооцоолж, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд ирсэн. Ингээд нэхэмжлэгчийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа орохоор ирэхэд хариуцагч нь түүний чөлөөтэй байсан хоногуудыг тасалсанаар бүртгэж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байдаг. Уг тушаалыг гаргахдаа Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан. Ямар ч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг бүх ажилчдын хурлаар хэлэлцэж баталдаг бөгөөд бүх ажилчдад танилцуулж гарын үсэг зуруулсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Б.А нь Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотоод журамтай танилцаагүй бөгөөд гарын үсэг зураагүй. Ийм байхад уг журмыг баримталж, Б.А-г ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч Б.А-г Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

  Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал шүүхэдгаргасан хариу тайлбартаа: Б овогтой А нь Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 тоот тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Б/09 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Б.А нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 3 сарын чөлөө авахаар манай өрөөнд ирж өргөдлөө өгсөн. Би Та ямар шалтгаанаар чөлөө авах гэж байгаа нь тодорхойгүй мөн сургуулийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай үед 7-21 хоногийн цалингүй чөлөөг олгож болно, мөн журмын 13.4-д цалингүй чөлөөг 1 сараас дээш хугацаагаар олгохоор бол Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх бөгөөд хугацаа хэтэрвэл хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалт бий, тиймээс та хүндэтгэн үзэх шалтгаанаа бичээрэй, би Засаг даргатай зөвшилцөж шийдвэр гаргана гэж хэлсэн. Б.А тэр өдрөө Улаанбаатар хот явсан. Би сумын Засаг дарга асан Ч.Б-с Багш Б.А таниас чөлөө авсан уу? гэж тодруулсан. Ч.Б Чөлөө олгох нь миний мэдэх асуудал биш байна гэж хэлсэн. Б.А-д чөлөө өгөөгүй гэсэн тул би сургуулийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4-д зааснаар чөлөө олгох тушаал гаргасан. 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс акт авч явахаасаа өмнө үргэлжлүүлэн чөлөө авна гэж надтай тохиролцсон зүйл байхгүй. Актыг 2018 оны 2 дугаар сарын 06, 07-ны аль нэг өдөр эмнэлгийн лаборант ирж сургалтын менежерд өгсөн байдаг. Б.А 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилд ирэхдээ ХӨСҮТөвөөс эмнэлгийн магадлагаатай ирсэн. Би тухайн эмнэлгийн магадлагааг тодруулж албан бичиг явуулж хариуг авсан бөгөөд Б.А нь Би хуурамч нотлох баримт аваад ирсэн, та албан тоотоо буцааж аваач, тэнд хүний амьдралаар тоглох гээд байна гэж надаас гуйсан. Ингээд сумандаа эмчид үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн акт, ХӨСҮТөвийн эмчийн магадлалууд нь хоорондоо давхцсан нь багш Б.А нь өөрөө худал хэлж ажил тасалсан болох нь тогтоогдсон тул 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эмчээс 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр акт авсан байсан. Гэтэл миний нотлох баримтаар гаргаж өгсөн Увс аймгийн авто тээврийн төвийн тодорхойлолтоор Б.А нь 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу зорчсон болох нь нотлогддог. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хуурамч баримт бүрдүүлсэн болох нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгч Б.А 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилд ирэхдээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмнэлгийн магадлагаатай ирсэн. Ингээд тухайн эмнэлгийн магадлагааг тодруулж албан бичиг явуулахад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/341 тоот Б овогтой А нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг дуустал тус төвд хэвтэн эмчлүүлээгүй бөгөөд үзлэг, шинжилгээ хийлгээгүй болно гэх хариу ирсэн бөгөөд багш Б овогтой А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь тогтоогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Хариуцагч Ж.П, нэхэмжлэгч Б.А нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил-д хамаарна, сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3, /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсхүл ажлын дараалсан 2 өдрийн ажил тасалсан цагийн нийлбэр нь найман цагаас хэтэрсэнийг ноцтой зөрчилд тооцно/ гэх заалтуудыг тус тус баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Б.Аыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болохыг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан бичгээр мэдсэн, мөн Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвөөс авсан эмнэлгийн магадлагаа хуурамч болох нь Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн гаргсан тодорхойлолтоор тус тус тогтоогдсон тул 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульдхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч нь ... Б.А нь худал хэлж ажил тасалсан болох нь тогтоогдсон тул 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.

     Нэхэмжлэгч Б.А нь Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаад Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Бага боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтын тус тус үндэслэн Б.А-ыг Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Түүх нийгмийн ухааны багшийн үүрэгт ажлаас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

    Б.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 тоот Захиргааны чөлөө олгох тухай тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Сургуулийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтыг тус тус үндэслэн Түүх нийгмийн багш Б овогтой А-д захиргааны чөлөө олгосугай гэжээ.

     Гэтэл захиргааны чөлөө олгосон тушаалд хэзээнээс, хэд хоногийн чөлөө олгосон хугацаа байхгүй, энэхүү чөлөөг цалинтай, цалингүй олгосон талаар тусгагдаагүй, мөн энэхүү тушаалыг нэхэмжлэгч Б.А-д танилцуулаагүй байна.

    Сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг үндэслэсэн ба Увс аймгийн Наранбулаг сумын Ахлах сургуулийн 2017-2018 онд мөрдөх дотоод журмыг нэхэмжлэгч Б.А-д танилцуулаагүй болох нь сургуулийн дотоод журамтай танилцав гэх баримтаар /энэхүү баримтын багш ажилчдын нэрс 1-рт Б.А, албан тушаал Түүх нийгмийн багш, гарын үсэг хэсэгт гарын үсэг зураагүй/ тогтоогдож байна.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.

     Нэхэмжлэгч Б.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч Миний бие шүүх хуралдаанд цахимаар оролцохоор Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүсэлтээ гаргаад өнөөдөр шүүх хуралдаандаа оролцохоор ШЕЗ дээр хүрэлцэн ирсэн боловч Увс аймагт тог тасарсан тул оролцох боломжгүй боллоо. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Миний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-г Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               П.БОЛОР