Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01890

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01890

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ж-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.О-т холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 82 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр Н.О 24 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлж, мөнгийг түүний худалдаа хөгжлийн банкны 499255455 дугаар дансанд шилжүүлсэн. Гэрээгээр тохирсон хугацаа дууссан боловч Н.О нь өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Зээлийн гэрээг сунгах талаар хариуцагчийг хайсан боловч тэрээр олдоогүй.

 

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу сарын 10 хувийн хүүгээр тооцож үзвэл үндсэн төлбөр 24 000 000 төгрөг, 16 сарын хүүгийн төлбөрт 38 400 000 төгрөг, 2 дугаар зүйлийн 2.7-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 420 хоногийн алданги 20 000 000 төгрөг, нийт 82 400 000 төгрөг болж байгаа. Иймд хариуцагч Н.Отгонцэцэгээс үндсэн зээл 24 000 000 төгрөг, хүү 38 400 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 82 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О нь Б.Ж зээлийн гэрээ байгуулж, 24 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан нь, мөн зээлийн төлбөр төлөөгүй болох нь үнэн. Энэ талаар маргаахгүй. Харин зээлийн гэрээг талууд сунгаагүй тул нэхэмжлэгч нь хугацаа хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй. Мөн алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Иймд зээлийн гэрээ үндсэн үүрэг болон гэрээний хугацаа дахь хүү болон хуульд заасан хэмжээгээр алданги төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.   

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Н.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 82 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...үндсэн зээл 24 000 000 төгрөг, 16 сарын хүүгийн төлбөрт 38 400 000 төгрөг, 420 хоногийн алданги 20 000 000 төгрөг, нийт 82 400 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч дээрх үндэслэлээс хүү болон алдангийн хэмжээг үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 24 000 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэх, алдангийг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байхаас гадна хариуцагч нь дээрх үйл баримт болон зээлийн гэрээний зүйл болох 24 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар, мөн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Дээрх гэрээний зүйл, шинж, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээс гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 24 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авч, 2 сарын дараа буцаан төлөх үүрэг талуудад тус тус үүссэн байна.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл 24 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй нь тогтоогдож байна. Иймд

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 24 000 000 төгрөгийг шаардах эрхтэй, харин хариуцагч нь уг төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний 2.4-т зээлийн хүүгийн хэмжээг сарын 10 хувь байхаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, мөн зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэнтэй нийцсэн байна.

 

Хариуцагч нь гэрээний 2.4-т зааснаар нэг сарын 2 400 000 төгрөг, гэрээний хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 4 800 000 төгрөгийн хүүгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч уг төлбөрийг төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн 2 сарын хүүгийн төлбөрт нийт 4 800 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нөгөөтээгүүр, зээлийн гэрээний хугацаа дуусаж, талууд гэрээний хугацааг сунгаагүй тохиолдолд түүнээс хойших хугацаанд хүүгийн төлбөр шаардах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд мөн зүйлийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн хүүгийн төлбөр шаардах эрх нь гэрээний хугацаанд хамаарна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн “...хариуцагч олдохгүй байсан нь” гэх тайлбар нь зээлийн гэрээг сунгасан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүгийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд гэрээний 2.7-д алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцсан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний 2.7 дахь хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчаас гэрээний үүргийн хариуцлага буюу алданги шаардах эрхтэй. Түүнчлэн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд төлөгдөөгүй үндсэн зээл болон гэрээний хугацааны хүү хамаарах бөгөөд алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Хариуцагчийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нийт 28 800 000 /үндсэн зээл 24 000 000+ 2 сарын хүүгийн төлбөр 4 800 000 төгрөг/ төгрөг болж байх бөгөөд алдангийн хэмжээ 28 000 000 төгрөгийн 50 хувиас илүү гарч байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас гэрээний хариуцлагад буюу алдангид 20 000 000 төгрөг бус харин 14 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.  

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 24 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4 800 000 төгрөг, алданги 14 400 000 төгрөг, нийт 43 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.О 43 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 373 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                       

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН