Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01549

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01890 дугаар шийдвэртэй, Б.Жийн нэхэмжлэлтэй Н.Оэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 82,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж, Н.Оэг нар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Ж нь 24,000,000 төгрөгийг Н.Оэгт сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, Худалдаа хөгжлийн банк дахь түүний эзэмшлийн 499255455 дугаар дансанд шилжүүлсэн.

Гэрээгээр тохирсон хугацаа дууссан боловч Н.Оэг нь өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу сарын 10 хувийн хүү тооцвол 16 сарын хүү 38,400,000 төгрөг, гэрээний 2.7-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 420 хоногийн алданги 20,000,000 төгрөг болно.

Иймд Н.Оэгээс үндсэн зээлд 24,000,000 төгрөг, хүүд 38,400,000 төгрөг, алдангид 20,000,000 төгрөг, нийт 82,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Оэг нь Б.Жтэй зээлийн гэрээ байгуулж, 24 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан, мөн зээлийн төлбөр төлөөгүй болох нь үнэн. Энэ талаар маргахгүй.

Б.Жтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2 сар байхад 16 сараар хүү тооцож 38,400,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, мөн алданги тооцсон нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Оэгээс 43,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 373,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “гэрээний 2.4-т зээлийн хүүгийн хэмжээг сарын 10 хувь байхаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, мөн хуулийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэнтэй нийцсэн байна” гэж үндэслэн 4,800,000 төгрөгийг хүүд, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар үндэслэн 14,400,000 төгрөгийг алдангид тооцохоор шийдвэрлэжээ. Уг нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс шүүхээс хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хүү 4,800,000 төгрөг, алданги 14,400,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Н.Оэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 82,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Ж, Н.Оэг нар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр Б.Ж нь Н.Оэгт 24,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, зээлдүүлэгч нь 24,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй талаар талууд маргаагүй байна.

 

Тэдгээрийн хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, талууд хүү тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Талууд зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 10 хувь, 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон тул зээлдүүлэгч нь зээлийн хүүг 2 сарын хугацаанд шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, зээлийн хүүг 4,800,000 /24,000,000 * 10% * 2 сар/ төгрөгөөр тооцсон нь хуульд нийцжээ.

 

Зээлийн гэрээний 2.7-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолт, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

Зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг болох 28,800,000 /24,000,000 + 4,800,000/ төгрөгөөс алдангийг тооцвол 1 өдрийн алданги 144,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэлх буюу 2 жил 9 сарын хугацааны алданги тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул анхан шатны шүүх алдангийг хуульд заасан хэмжээгээр хязгаарлаж 14,400,000 /28,800,000 төгрөгийн 50 хувь/ төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01890 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА