Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 138/2018/00032/И |
Дугаар | 001/ХТ2018/01759 |
Огноо | 2018-12-04 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2018/01759
|
О гийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00418 дугаар шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 201/МА2018/00018 дугаар магадлалтай,
О гийн хүсэлттэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 500,960,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
О болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М , прокурор Х , нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
О гийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 1945 онд Ховд аймагт төрсөн. 1963 оноос Дорнод аймгийн ... сумын Эрээнцав САА-д тракторчнаар ажиллаж байгаад 1991 оны 07 сарын 15-наас тус сумын цахилгаан станцын засвар үйлчилгээний албанд ажиллаж байсан. 1995 оны 02 сарын 07-нд тус сумын уурын зууханд иргэн ... шатаагдан нас барсан хэрэг гарч, 507107 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэгдэн уг хэрэгт намайг болон хэд хэдэн хүмүүсийг сэжигтнээр тооцож тэр өдрөөс эхлэн сумын конторт 4 хоног, улмаар цагдаагийн газрын урьдчилан хорих байранд 19 хоног хорьсон. Мөн намайг гэмт хэрэг үйлдэгдсэнийг нуун далдалсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татаж мөн 4 сар хорьсон. Энэ мэт байдлаас болж ... 2010 онд уг хэргийг хийсэн гэж тогтоогдох хүртэл 15 жилийн турш хүн амины хэрэг үйлдсэн, мөн нуун далдалсан хэрэгт хамсаатан гэж ард иргэд адалж, сэрдэж, сэжиглэж явлаа. Найз нөхөд ч үгүй, ажил төрөл ч үгүй болсон. Хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйлээ хэлснээс болж гэмт этгээдийн зүгээс заналхийлж, дарамталж, тодорхойгүй утаснаас занаж, айлгаж, сүрдүүлж байсан. Үүнээс болж өвгөн би үхтлээ айж, хөдөө хээр хүн хараас зайдуу суудаг байлаа. Энэ олон жилийн туршид цагдаад дуудагдаж, мөрдөгдөн хянагдаж, эвгүй л бол хорино, цагдана гэж сүрдүүлнэ. Тогтоолтой, тогтоолгүй хоригдож, саатуулагдаж цагдаагийн нэг өрөөнд түгжигдэж заримд нь цохиулж, зодуулж ч байсан. Ямар ч байсан энэ хэрэгт холбогдолгүй гэх үнэнээ хэлсээр байтал надад итгээгүй, шалгаж сэжиглэсээр байсан. Би нуун далдалсан гэж хариуцлагад татахад нь нэг ч эсэргүүцээгүй. Гэтэл сүүлд хэн яасныг нь мэдэж байж хэлээгүй бол, сайн мэдсээр байж нуусан бол хариуцлагад татагдан тэр ялыг сонсох ёстой гэсэн. Гэтэл гэмт хэрэг үйлдэгдсэн талаар нуун далдалсан гэж тогтоолд бичсэн байна. Энэ учраас нийт 138 хоног хоригдож хилсээр ял сонсож, сэжигтнээр тооцсон тогтоол хэвээрээ 21 жил сэжигтэн яллагдагч байсан. 2016 оны 06 сарын 16-нд Прокурорт хандаж гомдол гаргаснаар Б/33 дугаартай тогтоол гарч Иргэн ... ыг бүлэглэн алаад уурын зууханд хийж, шатаасан гэх хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.11, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйл ангиар зүйлчилсэн хэргийг хэрхэн шийдсэн нь ойлгомжгүй байна гэдэг асуудал гарч, энэ талаар өмгөөлөгч М прокурорт хандан гомдол гаргасан. Үүний үндсэн дээр О миний биеийг хилс хэргээр цагдан хорьж, хилс хэрэгт ял сонсгосон нь тогтоогдсон болно. Иймд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
1. Хилс хэрэгт нийт 138 хоног цагдан хоригдсон.
2. 21 жил сэжигтэн, яллагдагч байсан.
3. 21 жил таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан.
4. Энэ хэргээс болж ажилгүй болсон. 2006 онд тэтгэвэрт гартлаа ажилгүй, цалингүй хохирсон. 139 хоногт цагдан хоригдсон хугацаанд авбал зохих 4 сар 6 хоногийн цалингаа авч чадаагүй. Сард авч байсан цалинг одоо болтол надад өгсөн хүн байхгүй тул ядаж одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 240,000 төгрөгөөр бодвол 4 сар 6 хоногийн цалин 960,000 төгрөг болж байна.
5. Сэтгэл санааны хохирол нийт 500,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Үргэлж айж, салгалж байдаг. Заналхийлсэн хүмүүсээс хэзээ, хэн яачих бол гэж айдаг сэтгэлийн гүн хямралаас болж даралт ихэднэ, зүрх дэлсэж нойргүйднэ. Амиа ч хорлох дөхөж байсан. Мөн үр хүүхдээ ч олигтой сургаж боловсруулж чадаагүй. Үр хүүхэд минь хохирсон. Ядуу, зүдүү, хоолтой хоолгүй, дивизэд хог түүж, хүн амьтнаас зугтаж амьдарсан. Хоолгүй хонохын зовлонг хүүхдүүд минь амссан. Худал хэллээ гэж цагдаагийнхан өшиглөж, цохиж байсан. Мөрдөнд хүнд дарамтлуулж байсан. Ганзориг согтуугаар барьж авч заамдаж, сэгсэрч, түлхэж унаган ална шүү амаа мэдээрэй гэх. Дугаараа нууцалсан утаснаас хүүхдийн утсанд залган дарамталж байлаа. Зах дээр тэдний найз, хамаатан нь түлхэж, ам хэлээ мэдээрэй гэж сүрдүүлж байсан. Там шиг 20 жил өнгөрч эцэст нь би биегүй, насгүй хүн болж хохирсон. Төрөөс хохирлыг минь барагдуулбал надаас болж ядуу зүдүү амьдарч яваа үр хүүхдэдээ л өгнө. Иймд 500,960,000 төгрөгийн хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Дорнод аймгийн Прокурорын газрын туслах прокурор ... гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч О нь 1995 оны 2 сард ... сумын уурын зууханд хохирогч ... ыг боож амь насыг нь хохироон уурын зууханд хийж шатаасан гэх гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлд үндэслэлгүй хоригдсоны 960,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 500,000,000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байна. Эрүүгийн хэрэгт холбогдуулан О г сэжигтэн яллагдагчаар татаж шалгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдахаас өмнө хаана ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан нь, хэзээ халагдсан талаараа нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй байна. О гийн эрүүгийн хэрэгт шалгагдсан үйлдэл холбогдлыг Дорнод аймгийн Прокуророос 2016 оны 06 сарын 14-ний өдөр 5/33 тоот тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390.1-т зааснаар учирсан хохирлыг баримтаар нотлоогүй байгаа учир цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй байна. Сэтгэл санааны хохирлыг яаж тооцож гаргасан, эрүүгийн хэрэгт холбогдсон хүний нэр, төр, алдар хүндийг хэн хэрхэн гутаасан талаар сэтгэл судлаачид хандсан, бусдад дарамтлуулсан, зодуулсан талаар цагдаагийн байгууллагаас тодруулсан зүйл байхгүй байна. Сэтгэл санааны хохиролд 500 сая төгрөгийг юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй. Энэ талаар Иргэний хуулийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө гэж заасан байгаа. Иргэний хуулийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар, мөн тухайн үед мөрдөгдөж байсан ЭБШ хуулийн 389.1-т зааснаар иргэний хууль бусаар баривчилсан, цагдан хорьсны улмаас учирсан хохирлыг төр хариуцаж арилгана гэсэн заалтуудаас харахад ямар нэгэн хууль бус ажиллагаа хийгдсэний дараа зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ. Цагдан хоригдсон тохиолдлыг гэм хор гаргуулах үндэслэлд оруулаагүй хуульчилсан байна. Төрөөс мөнгө гаргуулах үйл ажиллагаанд хувийн сонирхлоор хандаж багцаагүй өндөр тоо нэхэмжилдэг хандлага байдаг учир шүүхээс иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэн шийдвэр гаргах нь зүйтэй байна гэсэн саналтай байна гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00418 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-т тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөцийн сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 50,073,218 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450,886,782 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 201/МА2018/00018 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2., 498 дугаар зүйлийн 498.4.-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 960,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О д олгож, нэхэмжлэлээс 500,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
О , өмгөөлөгч М нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 201/МА2018/00018 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх миний хилс хэрэгт олон жил сэтгэл зүйн дарамтад шаналж зовсон асуудлыг Иргэний хуулийн 511.1-д заасан зүйлд хамааралгүй гэж үзэн, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус хохирлыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд зохицуулалт байхгүй учир нэхэмжлэлийг хангах боломжгүй гээд 50 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Миний хувьд таазнаас 2 гараараа зүүгдчихээд 2 хоносон, бие гар тэсэхийн аргагүй өвдөж, чилж байсан. Тэрийг хэн надад акт бичиж өгөх билээ. Хүмүүсээс тусгаарлаад конторын 1 өрөөнд зүүчхээд л дэргэдүүр өнгөрсөн цагдаа прокурор хүн бүр л элэгдэж, бороохойгоор ороолгож байсан. Тэгээд шууд машинд суулгаад аймгийн мөрдөнд хийсэн. Тэнд 14 хоног байцаалт албан ёсоор ч авахгүй өдөр бүр тэр айхтар хэргийг тулгаж, та нүүрс авсан, муудалцсан уу, хэн хэн байсан, хэнтэй хамжсан гээд л асууна, шанаадуулах юу ч биш, хэн ч эрхийг маань хамгаалж байгаагүй. Хамгийн хэцүү нь талийгаачийн ах, дүү, авгай хүүхэд, эцэг, эх садан төрөл нь алуурчин гээд үзэхгүй, таарсан газар бүр заналхийлнэ, цохино, зодно, үг хэлэх эрхгүй, тайлбар сонсдоггүй байсан. Намайг энд ээрэгдэж байхад ажил зохион байгуулалтын өөрчлөлт болж хөдөөгийн эрчим хүчний ажилчид аймгийн эрчим хүчний мэдэлд шилжиж халах тушаал гаргаад эргүүлэн тушаал гаргаж буцаан томилсон байхад намайг тэр чигт нь халсан. Ингээд ажилгүй, орлогогүй болж, эхнэр хүүхдэдээ ад шоо үзэгдээд, аймагт оросын балгасанд хог түүж, хүүхдүүд хичээл сургуульгүй болсон. 2006 онд миний тэтгэвэр 40,000 төгрөгөөр тогтоогдсон. Одоо нэмэгдсээр 240,000 төгрөг орчим болсон. Ажиллаж байсан бол хүнд нөхцөлд тооцогдож жил гүйцэх байсан. Прокурор сэтгэл санааны хохирлоо нотол гэнэ. Яаж нотлохоо мэдэхгүй, амьдралд тохиолдсон зовлонгоо л тоочих юм. Иймд давж заалдах шатны шүүхээс сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг хассан шийдвэрийг өөрчилж 50 сая төгрөгийг олгож шийдэж өгөөч гэж хүсч байна. Хэдийгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд шууд нэр заан тусгайлан хийсэн зохицуулалт байхгүй ч Улсын дээд шүүхийн 2006 оны 10 сарын 30-ны өдрийн 45 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2-т заасны дагуу хохирлыг тодорхойлно гэдэг нь тухайн иргэний холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, энэ хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацаа, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511 зүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тодорхойлохыг хэлнэ гэсэн байдаг. Энэ жишиг практикаар шийдэж ирсэн байдаг. Энэ О гэх иргэн 21 жил сэжигтэн, яллагдагч хэвээр байж, 21 жил таслан сэргийлэх арга хэмжээтэй явсан гэх мэт хохирсон хохирол үр дагавар хуульд тодорхойлогдоогүй хор уршиг их байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлээс 50,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтыг хүчингүй болгож, энэ талаар анхан шатны шүүхээс зааж тогтоосон хэмжээнд буюу 50,960,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул О болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
О нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасан үндэслэлээр гэм хорын хохиролд 500,960,000.00 төгрөгийг гаргуулах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 13 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаан гэж дүгнэсэн нь зөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрыг гуравдагч этгээдийн хувиар оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
О г Дорнод аймгийн Цагдаагийн газраас 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцож, 1995 оны 02 сарын 11-ний өдрөөс 02 сарын 25-ны өдөр хүртэл цагдан хорих, мөн Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр 2000 оны 06 сарын 07-ны өдөр албадан саатуулж, 2000 оны 06 сарын 10-ны өдрөөс 10 сарын 06-ны өдөр хүртэл нийт 134 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Дээрх эрүүгийн гэмт хэргийг ... гэгч үйлдсэн нь илэрснээр эрүүгийн 507107 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт дахин явуулж, улмаар О г гэрчээр байцааж мэдүүлэг авч байсан байх боловч түүнийг өмнө нь уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татсан тухай тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болголгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны 7 сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, ... ийг бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 5/33 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ... т холбогдох хэргээс О нь бусадтай бүлэглэн 1995 оны 2 сарын 06-ны өдөр иргэн ... ын амь насыг хохироосон гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
О болон түүний өмгөөлөгч нарын прокурорт гаргасан гомдлын дагуу Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 8 сарын 25-ны өдрийн №5/126 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ...О нь гэмт хэрэг үйлдэгдсэнийг нуун далдалсан гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон байх тул эрүүгийн 507107 дугаартай ... т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч О д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, О д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон Прокурорын газрын 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 5/33 тоот тогтоолын заалтыг хэвээр үлдээж, ял сонсгосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай мэдэгдсэнээр хүсэлт гаргагчид хохирлоо шаардах эрх үүссэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.
О нь хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохирол болон 21 жилийн турш сэжигтэн, яллагдагч, таслан сэргийлэх арга хэмжээтэй байснаас учирсан сэтгэл санааны хохирол гэж нийт 500,960,000.00 төгрөгийн шаардлага гаргажээ.
А. Эхний шаардлага нь 134 хоног хууль бусаар цагдан хоригдсоны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 960,000,00 төгрөг гаргуулна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О нийт 134 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгаж эхлэх үед ажил эрхэлж байсан боловч цалин хөлсний хэмжээг нь тодорхойлох боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, түүний цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг хоригдож байсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, нийт 73,218.00 төгрөгийг олгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Б. О гийн 500,000,000.00 төгрөг гаргуулах шаардлага нь 21 жилийн турш сэжигтэн, яллагдагч, таслан сэргийлэх арга хэмжээтэй байснаас өөрт учирсан хохирлоо сэтгэл санааны хохирол гэж илэрхийлсэн байна.
Зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн үндсэн зарчмын дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд О ы шүүхэд гаргасан хүсэлтийн агуулга, хэрэгт авагдсан баримт, тайлбараас үзэхэд тэрээр хилс хэрэгт нийт 134 хоног цагдан хоригдсон, 21 жил сэжигтэн, яллагдагч байсан, 21 жил таслан сэргийлэх арга хэмжээтэй байснаас сэтгэл санаа, эд хөрөнгө, нэр төрд учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх заалтад үндэслэгджээ.
Хүсэлт гаргагч нь ... энэ хэргээс болж ажилгүй болсон, хамгийн бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон, үр хүүхдээ харж хандаж, боловсрол эзэмшүүлж чадаагүй, нутаг орныхон дунд гэмт хэрэгтэн нэр зүүсэн, талийгаачийн гэр бүлийнхэн түүнтэй алуурчин гэж харьцдаг байсан, орох байх газаргүй болж хог түүж амьдарч байсан, ... ийн дарамт, сүрдүүлэгт байсан... тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О гийн дээрх тайлбарыг няцаах баримтгүй, түүнчлэн гэрч нарын мэдүүлгээр түүний эрх чөлөөнд халдаж байсан гэж үзэхээр нөхцөлүүд гарч байжээ.
Анхан шатны шүүх О гийн холбогдсон эрүүгийн гэмт хэргийн ангилал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1, 200 дугаар зүйл гэх хоёр зүйл ангиар сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж, улмаар 21 жилийн хугацаанд сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон, түүнд авсан цагдан хорих, бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан хугацаа зэргийг харгалзан 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгахгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж ямар төрлийн хохирлыг арилгуулахаар шаардах эрхийн зохицуулалтыг хийсэн байна. Түүнчлэн энэ хуульд тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахыг заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах журмыг тодорхойлсон байх бөгөөд эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэсний дагуу нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь процессын эрх зүйн хувьд зөв байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйл, 45.4 дүгээр зүйлд ...эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхийг заажээ.
Хэдийгээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасан ...хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй гэснийг мөн хуулийн 230 дугаар зүйлд заасан эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр төлүүлэх тусгайлан заасан тохиолдол гэж шууд дүгнэх боломжгүй юм.
Нэгэнт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ...эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхийг нэхэмжлэгчид олгосон байхад зөвхөн Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй гэсэн үндэслэл зааж хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан ...иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим-д нийцэхгүй.
Иймээс О д холбогдуулсан эрүүгийн хэргийн зүйл, анги, тэрээр 134 хоног цагдан хоригдсон, 21 жилийн турш сэжигтэн, яллагдагч байсан, 21 жил таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т нийцнэ. Энэ үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулна.
Эрүүгийн гэмт хэрэгт иргэнийг холбогдуулан шалгах эрх бүхий байгууллага хуульд заасан ажиллагаа явуулсан хэдий ч эцэст нь тухайн иргэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны улмаас үүсэх үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй бөгөөд О д учирсан хохиролд 50,073,218.00 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450,886,782.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хяналтын шатны шүүх хуралдаан дээр О гийн өмгөөлөгч нь 29,100,000.00 төгрөг болгож шаардлагаа багасгасан тухай тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэгдүгээрт, тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгч биш тул түүнд шаардлага багасгах эрх олгогдоогүй, хоёрдугаарт, хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд О нь ...50,960,000.00 төгрөгөөр гомдлыг хангаж өгнө үү гэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хүсэлтийн агуулгыг хэрэгт авагдсан баримттай харьцуулан үнэлж чадаагүй, түүнчлэн О гийн хууль бусаар цагдан хоригдсон 134 хоногт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон одоо мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240,000.00 төгрөгөөр тооцож 960,000.00 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.
Иймд О болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 201/МА2018/00018 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...498.4 гэсний дараа 511 дүгээр зүйлийн 511.1, гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН