Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 0030

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   Х.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Г.Т

Шүүгдэгч                                           Х.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Б

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолтой, Х.А-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.А-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогт Х-н Алтансүх.

 

Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Х.Б-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Бөхийн өргөө”-ний барилгын сахиулын байранд 2019 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зодож гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овогт Х-н А-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Х.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.А-ийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

 

Шүүгдэгч Х.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.А-н цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн захтай цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон футболк, “Hansez sport” гэсэн бичигтэй хөх өнгийн дотоож, цагаан саарал өнгийн дотуур өмд, бор өнгийн суран тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн 1 ширхэг оймс, бор өнгийн /үстэй/ малгай, дотроо хиймэл үстэй таван хурууны 1 хос бээлий, оломтой өвлийн ботинк, 2 ширхэг 62x2, 62см хэмжээтэй хөлийн жийрэг бүхий цагаан даавуу, малгайтай XXL гэсэн бичиглэл бүхий шошготой хар өнгийн өвлийн куртик, “Lewis” гэсэн бичигтэй саарал өнгийн футболк, “Wade” гэсэн бичиглэлтэй юүдэнтэй цамц, 109х21см хэмжээтэa улаан эрээн өнгийн алчуур, шаргал өнгийн 88х37см хэмжээтэй гар нүүрний алчуур 140x180 хэмжээтэй ногоон эрээн өнгийн хөнжпийн даавуу, 2 ширхэг дэрний уут 1 ширхэг дэвсгэр даавууны тасархай,3 ширхэг тамхины иш, үнсний савнаас бэхжүүлэн авсан сонингийн цаасанд ороосон тамхины ишнүүд, 22 хэсэг гарын мөр амь хохирогч Х.Б-ын гарын дардас, Алтангагнуурын ханд, хоромхон тос, 8 ширхэгтэй диклоденк эм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,эд мөрийн баримтаар хураагдсан 5ш дүрс,дуу бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүйг дурьдаж,

 

          Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Х.А давж заалдах гомдолдоо:

... Би хоригдож байх хугацаандаа их зүйлийг ухаарч байна. Ийм хэрэг хийсэндээ харамсаад барахгүй амьдралаа алдаж байгаа даа маш их харуусч байна.

Хийсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч байгаа ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан зүйл анги дээр маргах зүйлгүй. Ар гэрийн нөхцөл байдлыг мөн насыг минь харгалзан үзэж ялын доод хэмжээ болон дэглэмийг нээлттэй болгож өгөөч гэж хүсэж байна гэжээ.

       

           Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

         Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Бөхийн өргөө”-ийн барилгын сахиулын байранд сахиулаар ажиллаж байсан өөрийн төрсөн ах Х.Б-г гэрт нь 2019 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зодож гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж алсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Х.А  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хамт архи ууж байсан төрсөн ах Х.Б-тай хэрүүл маргаан үүсгэн, түүнийг архи хэтрүүлэн хэрэглэж биеэ хамгаалах чадваргүй болсныг нь мэдсээр байж хоёр өдөр дараалан зодож,  амь хохирогчийн биед олон тооны буюу гавал тархины битүү гэмтэл тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн чамархай, орой, духыг хамарсан цусан хураа, тархины аалзавч бүрхүүл доорхи орой, зүүн чамархай, бага тархийг хамарсан цус харвалт, тархины эдийн зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал, цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан далд зөрүүтэй хугарал, хоёр уушигны няцрал, цээжний хөндий дэх сул цус бүхий хүнд гэмтэл учруулж алсан болох нь амь хохирогчийн согтолтын зэрэг тогтоосон баримт, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцас болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл амь хохирогч Х.Б-ыг их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг нь шүүгдэгч Х.А мэдсээр байж зодож түүний биед олон тооны гэмтэл учруулан онц, харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн байна.

         

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн  зөрчил тогтоогдоогүй болно.

       

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.А-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7.д зааснаар онц харгис хэрцгий аргаар биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгч Х.А-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

         

Иймд шүүгдэгч Х.А-ийн... ар гэрийн ахуй амьдралын байдал, насыг минь харгалзан үзээд ялыг минь багасгаж, дэглэмийг нээлттэй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                               С.УРАНЧИМЭГ                   

                                                                                С.ЦЭЦЭГМАА