Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 178

 

Г.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар магадлалтай, Г.Д-т холбогдох 201726010405 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Г-гийн Д нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 6 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Д- гаргасан гомдолдоо “...Миний санамсар болгоомжгүй, тохиолдлын чанартай үйлдлийн улмаас хүний амь нас хохирох эрсдэл үүссэн байх магадлалтай боловч энэ үйлдэлд хүнийг санаатай алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Надад хохирогчийн амь насыг бүрэлгэх ямар ч санаа зорилго байгаагүй. Би амь хохирогчийг зодох цохих зэрэг амь насанд нь аюул учруулах ямар ч үйлдэл хийгээгүй бөгөөд хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус харьцаанаас шууд үүдэлтэй болно. Хэдийгээр хүний амь нас хохирсон харамсалтай явдал болсон ч үүнийг хуульд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор нэг талыг барилгүй сайтар шинжлэн судлах ёстой байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрэв хохирогч миний үйлдлийн улмаас газар дээрээ нас барсан бол миний зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргахгүй байх байсан. Хохирогчийн автобусанд суугаад явсан гэх цаг хугацаанаас хойш гэртээ очсон гэх хугацаанд ямар ч шалгах ажиллагаа хийгдээгүй ба шинжээчийн дүгнэлтээр дээрх гэмтлийг авсан хүн хэдий хугацаанд идэвхтэй үйлдэл хийж чадах эсэхийг нарийвчлан тогтоогоогүй, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг ч тогтоох боломжгүй гэж хэт ерөнхий дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Хохирогч тухайн үед архи уучихсан хэнтэй ч ямар ч харьцаа үүсгэхэд бэлэн байсан учир харих замдаа хүнтэй маргалдаж зодоон хийсэн эсэх, газар унаж гэмтсэн эсэхийг шалгаагүй байдаг. Зөвхөн талийгаачийн эхнэр Л.О, насанд хүрээгүй гэрч Б.Н нарын өгсөн “...намайг иймээ тиймээ болвол Д гэдэг хүн холбоотой шүү” гэж талийгаач хэлсэн гэснийг үндэслэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. Эдгээр мэдүүлгүүдийг сайн уншиж үзвэл үгсэн тохиролцсон, насанд хүрээгүй гэрчийг хөтөлж байцаасан байдал анзаарагддаг. Насанд хүрээгүй гэрч нь талийгаачийг огт архи уугаагүй байсан мэтээр мэдүүлсэн. Гэтэл хэдхэн цагийн өмнө талийгаачийг согтуу, хэрхэн авирлаж байсан талаар хэрэг болох цаг мөчид хамт байсан гэрчүүд бүгд мэдүүлсэн нь хэрэгт хавсаргагдсан бөгөөд дээрх мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй байдлыг нотолдог. Миний бие хохирогчийг шууд санаатай алах зорилго байгаагүй ч өөрийн буруутай үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгч хүний амь нас хохирсонд маш их харамсан гэмшиж гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг төлж барагдуулан, хэргийн бодит үнэнийг анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон. Гэтэл шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хөнгөрүүлэх байдал тогтоогдоогүй, хохирлоо нөхөн төлөөгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлаагүйд гомдолтой байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Л.О тэжээгчээ алдсаны хохирол нэхэмжилснийг намайг төлөөгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Үүнд миний зүгээс шалтгаалах ямар нэгэн буруу байгаагүй. Хэрэв энэ асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлээд дээрх хохирлыг надаар төлүүлэх албан ёсны шийдвэр гарвал төлнө гэдгээ би шүүх хуралдааны үед мэдүүлсэн. Эдгээр байдлуудыг тал бүрээс нь нарийвчлан судалж, хуулийн зөв зүйл, хэсгээр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөх талаар шударга шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Г.Д- энэ хэрэгт холбогдсон үеэсээ эхлэн хохирогч Д.Д-г үхэлд хүргэсэн хор уршиг нь түүний буруутай үйлдлээс ямар нэг хэмжээгээр шалтгаалсан болохыг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч ирсэн. Анхан шатны шүүх “…шүүгдэгч Г.Д- нь талийгаач Д.Д-тай муудалцан барилцаж аваад санаатай боосон үйлдлийн улмаас хохирогч тэнцвэрээ алдан хойшоо савахдаа толгойн хэсгээрээ хатуу гадаргуу дээр унаж гавал тархины хүнд гэмтэл авч, улмаар эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан” гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд Г.Д- тухайн үед талийгаач Д.Д-г унагахад чиглэсэн, түлхсэн санаатай үйлдэл хийгээгүй байна. Харин гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, ердийн үедээ хөл дээрээ тогтож чадахгүй, гуйван явж байсан болох нь гэрч С.О, Ц.У нарын мэдүүлгээр нотлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана” гэж тус тус заасан. Гэтэл Г.Д-т ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрийг тусгайлан заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Г.Д-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл болгон өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Г.Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Д-ын үйлдэл болон талийгаач нас барсан үр дагавар шалтгаант холбоотой. Шүүгдэгч нь талийгаачтай барилцаж, заамдаж түлхэж унагаасны улмаас тэрээр тархиндаа гэмтэл авч, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон. Г.Д- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ойлгож, хүсэж хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Г.Д- нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны урд талын автобусны буудлын орчим амь хохирогч Д.Д-тай гар утаснаас болж муудалцахдаа санаатай боосон үйлдлийн улмаас хохирогч тэнцвэрээ алдан хойшоо савахдаа толгойн хэсгээрээ хатуу гадаргуу дээр унаж гавал тархины хүнд гэмтэл авч улмаар эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан гэсэн үйл баримтыг тогтоож, Г.Д-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 6 жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл муутай дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг бодит байдлаас зөрүүтэй тогтоосноос гадна хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд хохирогч шууд, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул хэргийн жинхэнэ байдалд нийцсэн бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хэргийн бүх ажиллагаа, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянахад Г.Д- нь тухайн цаг хугацаанд Д.Д-тай маргалдаж хохирогчийн хоолойг боосон, уг боолтын улмаас хохирогч тэнцвэрээ алдаж унасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Д-гийн биед буюу хоолойг боосны улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орсон байж болох шинж тэмдэг, гэмтэл, согог огт тогтоогдоогүй байхад боолт нь унахад хүргэсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Харин шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар “шүүгдэгч хохирогчийг боосон, боолтоо тавьсны дараа өөрөөсөө холдуулж түлхтэл Д.Д- хойшоогоо саваад унасан” гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг баталсан “Д ах Д ахыг боож түлхээд холдуулахад Д ах газарт уначихсан, Д ах босож ирээд гайгүй байх шиг харагдсан” гэсэн гэрч Ц.У-ын мэдүүлэг, “Г над дээр ирээд Д Д-г түлхсэн чинь уначихсан байна гэж хэлсэн” гэсэн гэрч Б.Г-ийн мэдүүлэг зэргээр Г.Д- Д.Д-д гэмтэл учруулах, цаашлаад амь насыг нь хохироох санаа зорилго тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл, Г.Д- нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч хатуу гадаргуу дээр унаж гэмтэл авахыг мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан атлаа үүнийг тооцоолоогүй, мэдэлгүй үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх шинжийг агуулсан байх тул Г.Д- нь Д.Д-г болгоомжгүй алсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Ч овогт Г-гийн Д-ыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалттай холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Д-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнийн гаргасан гомдлыг хангасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН