Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 113/2017/0003/з |
Дугаар | 412 |
Огноо | 2017-10-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 412
М.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч М.Н, хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ, гуравдагч этгээд Ш.Ш нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0550 дугаар магадлалтай, М.Н-ын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч М.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Н-ыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Засаг даргын орлогч“-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5417700 /таван сая дөрвөн зуун арван долоон мянга долоон зуун/ төгрөгийг Баянтал сумын Засаг даргаас гаргуулж М.Н-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад даалгаж,
2. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 хоногийн дотор М.Н-ыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Засаг даргын орлогч”-ийн албан тушаалд томилсон захирамж гаргах, ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5417700 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх буюу хүн амын орлогын албан татварын суутган тооцож, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0550 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан М.Н-ын “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч М.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “М.Н-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай” 221/МА2017/0550 дугаар магадлалыг дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж үүгээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1. Тус магадлалын хянавал хэсэгт: “нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь сонгуулийн үр дүнд буюу бүрэн эрхийн хугацаанд томилолтын журмаар ажиллах төрийн улс төрийн албан тушаал бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сумын Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн Хулын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн сумын Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга нь тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд Ш.Шыг томилуулах саналаа 2016 оны 11 дүгээр дүгээр сарын 08-ны өдрийн 468 дугаар албан бичгээр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд хүргүүлснийг тус Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Засаг даргын саналыг дэмжсэн хариу хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэжээ.
Дээрх тайлбараас харахад давж заалдах шатны шүүхийн магадлал нь маргааны нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнээгүй бөгөөд хэрэглэж байгаа хуулийн заалтыг буруу тайлбарласан нь харагдана. Учир нь:
а/ Нэхэмжлэлийн шаардлага нь Ш.Шыг томилсон шийдэрийг бус М.Н-ыг чөлөөлсөн шийдэрийг буруу гэж үзэн шүүхэд маргасан. Хэдийгээр Засаг даргын орлогч нь улс төрийн албан хаагч хэдий ч сонгуулийн бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлагдахгүй бөгөөд хэрэв тэр хугацаанд чөлөөлөх болсон бол хуулийн шаардлагыг хангах нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, миний бие нь шинээр томилогдсон Засаг даргатайгаа хамтран ажиллах хүсэлтэй байсан.
б/ Хэрэв чөлөөлнө гэвэл намайг чөлөөлөх талаар сумын Засаг даргын зүгээс тухайн шатны Хурын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх ёстой байсан. Тэрээр энэ ажиллагааг хийлгүйгээр намайг чөлөөлсөн нь захиргааны шийдвэр хууль бус болсон. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын орлогчийн орон тоо нь сул бөгөөд тэр албан тушаалд хэн нэгнийг томилоход саад болох зүйл байхгүй бол зөвхөн Ш.Шыг томилох тухай зөвшилцөхөд хангалттай. Гэтэл тухайн ажлын байранд миний бие ажиллаж байсаар байхад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сумын Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн Хулын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн сумын Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхээ зөрчсөн болно.
Үүнийг давж заалдах шатны шүүх буруу ойлгон тайлбарласан болно.
2. Мөн хариуцагч Д.Мөнх-Эрдзнэ давж заалдах гомдлоо хуулийн хугацаанаас 1 хоногоор хоцроож гаргасныг шүүх хүлээн авсан нь хууль бус юм. Энэ нь хариуцагчийн давж заалдах гомдлын огноогоор нотлогдоно.
Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “М.Н-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай” 221/МА2017/0550 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг алдааг засч, хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101 тоот албан бичгийг тус тус үндэслэн “сумын Засаг даргын орлогч М.Н-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгч М.Н-аас “...Ш.Ш-ыг томилох асуудлаар зөвшилцсөн /болохоос/ намайг Засаг даргын орлогчоос чөлөөлөх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, ... захирамж гаргахдаа /надад/ урьдчилан мэдэгдээгүй” гэж, хариуцагчаас “ ... олонхи болсон нам нь Засаг даргын орлогчийг томилно, ... /гуравдагч этгээд/ Ш.Ш-ыг Засаг даргын орлогчоор томилохыг дэмжсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зөвшилцөл нь М.Н-ыг чөлөөлөхийг дэмжсэн зөвшилцөл болно, чөлөөлөх асуудлыг заавал тусад нь хэлэлцэх шаардлагагүй” гэж тус тус маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Баянтал сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 468 дугаар албан бичгээр “... сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд Ш.Ш-ын нэрийг дэвшүүлэх” саналыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн мөн өдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжиж, 101 дүгээр албан бичгээр “...саналыг дэмжсэн” хариу ирүүлжээ.
Нэхэмжлэгчээс “...тухайн ажлын байранд миний бие ажиллаж байсаар байхад ... намайг чөлөөлөх талаар сумын Засаг даргын зүгээс тухайн шатны Хурын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, ... /Ш.Ш-ыг томилох талаар зөвшилцсөн нь/ ... сумын Засаг дарга ... бүрэн эрхээ зөрчсөн” гэх боловч, сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд өөр хүн (Ш.Ш)-ийг томилохоор санал оруулах нь одоо ажиллаж байгаа хүн (М.Н)-ийг чөлөөлөх санал оруулсан агуулгатай, өөрөөр хэлбэл, Ш.Ш-ыг томилох санал дэмжигдсэн нь М.Н-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсгэхээр байна.
Иймд, маргаан бүхий актаар нэхэмжлэгч М.Н-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Засаг даргын орлогчийн албан тушаалд томилох, чөлөөлөх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум... /-ын/ Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх /эрхтэй/” гэсэнтэй нийцсэн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Анхан шатны шүүх уг хуулийн заалтыг буруу тайлбарлаж, “томилох, чөлөөлөх асуудлыг тус тусад нь хэлэлцэх ёстой, өмнөх хүнийг чөлөөлсний дараа шинээр хүн томилно” гэх агуулгатай дүгнэлт хийж, хуулиар тусгайлан шаардаагүй байхад “... эхлээд М.Н-ыг чөлөөлөх талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, албан ёсны шийдвэрээ Засаг даргад хүргүүлэх шаардлагатай, ... /ийнхүү тусгайлан хэлэлцээгүй байхад/ нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн нь ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан журмыг зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу “сумын Засаг даргын орлогч”-ийн албан тушаал нь “улс төрийн албан тушаал” бөгөөд энэ нь “хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог”, ийнхүү сонгох эрх нь сумын Засаг даргад хадгалагдаж, сонгох болзол, журам, шалгуур нь “тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байх” шаардлагаар тодорхойлогдоно.
Иймд, нэхэмжлэгчийн хянатын журмаар гаргасан “.../Засаг даргын орлогчоор ажиллах эрх нь/ сонгуулийн бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлагдахгүй, ... миний бие нь шинээр томилогдсон Засаг даргатайгаа хамтран ажиллах хүсэлтэй байсан” гэх гомдлоор нэхэмжлэлийг хангаж, түүнийг Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй.
Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0550 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА