Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 22

 

Г.Ө-ын нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай                     

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 579 дүгээр шийдвэртэй.

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар баг, 009 дүгээр байрны 21 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ЦГ69061906, Х овогт Г.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.А.З.Д-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 29.627.962 төгрөгийг нөхөн төлүулж, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.Ө миний бие 2001 оноос эхлэн аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогчоор тасралтгүй 15 жил ажиллаж байсан.

Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Б А/448 тоот захирамж гарган намайг ажлаас халсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

 Шүүх хурал 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж аймгийн Засаг даргын А/448 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох, нэхэмжпэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын нөхөн олговорт 5.170.326 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 36 дугаартай шүүхийн шийдвэр гаргасан.

Хариуцагч тал Увс аймгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон. Гэтэл хариуцагч тал болох аймгийн Засаг дарга Д.Б одоо хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа нь миний хөдөлмөрлөх, ажил хөдөлмөртэй тохирсон цалинг шударгаар авах эрхийг минь зөрчиж байгаа тул энэ хугацаанд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие сарын хөдөлмөрийн хөлс 1.287.244 төгрөгийн цалин авч байсан бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 36 тоот шийдвэрээр олгогдох 5.170.326 төгрөг 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2018 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сарын цалин 24.457.636 төгрөгийн цалин хөлс, нийт 29.627.962 төгрөгийг хариуцагч тал болох аймгийн Засаг дарга Д.Батсайханаас нэхэмжилж байна. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар нь үндэслэлгүй. Г.Г.Ө ажиллаж байх үедээ сарын 1.287.244 төгрөгийн цалин авч байсан. Нийгмийн даатгалын дэвтэрт нь бичигдсэн байдлаар ч тогтоогддог. Мөн хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, Г.Ө-ыг ажилд нь томилохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч У.А.З.Д болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г.Өын нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 29.627.962 төгрөгийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Г.Ө нь сарын хөдөлмөрийн хөлс 1.287.244 төгрөгийн цалин авч байсан тухай нэхэмжлэлдээ дурджээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай 441 дүгээр тогтоолоор ТЗ-6 зэрэглэлд аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч гэж нэмэлт оруулж, 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлийн дэс түшмэлийн ангилалын ТЗ-6 зэрэглэлд албан тушаалыг нь тогтоосон байдаг.

2. Цалингийн сүлжээ тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ТЗ-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалын дагуу албан тушаалын 677.436 төгрөгийн цалин авч, УИХ-ын 1995 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын 9-д заасны дагуу дэс түшмэлийн тэргүүн зэргийн нэмэгдлийг 20 хувь буюу 135.487 төгрөг, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2-р хавсралтаар баталсан төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын 2-т заасны дагуу хугацааны нэмэгдэл 10 хувь буюу 67.743 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл 15 хувь буюу 101.625 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татвар хасахгүйгээр нийтдээ нэг сарын хөдөлмөрийн хөлс болох 982.291 төгрөгийн цалин хөлс авах ёстой.

Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож үзэхэд нэхэмжлэлд дурдсан хэмжээний төгрөг нөхөн төлөх үндэслэлгүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 579 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 24.457.636 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.170.326 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ө-ын 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Г.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 280.238 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-т олгох”-оор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 579 дүгээр шийдвэрт дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав "Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү" гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно гэжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 5 4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэсэн мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн хуульд заасан тодорхой бүрэн эрхийг хангаагүй зэрэг нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

2. ИХШХШТХ-ийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох тухай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн тухай баримтад гарын үсэг зуруулаагүй төдийгүй, ямар нэгэн хэлбэрээр мэдэгдээгүй нь мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь заалтыг зөрчсөн. Энэ байдлаас хамааран анхан шатны шүүхэд баримт гаргаж өгөх боломжгүй болсноос гадна хариуцагч миний шүүх хуралд биечлэн оролцох хуульд заасан тодорхой бүрэн эрхийг зөрчлөө.

3.Г.Ө нь нэг сарын хөдөлмөрийн хөлс 1.287.244 төгрөгийн цалин авч байсан тухай нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны "тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" 441 дүгээр тогтоолоор ТЗ-6 зэрэглэлд аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч гэж нэмэлт оруулж, 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон "төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл"-ийн дэс түшмэлийн ангилалын зэрэглэлд албан тушаалыг нь тогтоосон.

Энэхүү тогтоолын дагуу цалин авах ёстой ба анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн гаргаж өгсөн тайлбарт дурдагдсан Засгийн газрын тогтоолуудыг зөрчиж цалингийн нэмэгдлүүдийг авсан нь төсвийн ерөнхий нягтлан бодогчийн хувьд зайлшгүй мэдэж байх ёстой, мэдэх үүрэгтэй, төрийн сүлдэнд тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч байтал мэдээгүй царайлж, төсвөөс хулгай хийсэн. Энэ талаар цагдаагийн газарт гомдол гаргачихсан байгаа ба ажиллаж байх хугацаандаа өөрт хамаарал бүхий аж ахуйн нэгжтэй холбоо бүхий гүйлгээг хийж байсныг мөн авлигатай тэмцэх газарт холбогдох материалыг нь өгч шалгуулна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Увс аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаанд шалгалт хийсэн. Энэ шалгалтын дагуу Сангийн яамны улсын ахлах  ахлах байцаагчийн актууд тавигдсан байдаг.

4. Цалингийн сүлжээ тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ТЗ-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалын дагуу албан тушаалын 677.436 мянган төгрөгийн цалин авч, УИХ-ын 1995 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "төрийн захиргааны албан тушаалын ззрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын 9-д заасны дагуу дэс түшмэлийн тэргүүн зэргийн нэмэгдлийг 20% буюу 135.487 төгрөг, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2-р хавсралтаар баталсан "төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын 2-т заасны дагуу хугацааны нэмэгдэл 10% буюу 67743 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл 15 хувь буюу 101.625 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татвар хасахгүйгээр нийтдээ нэг сарын хөдөлмөрийн хөлс болох 982.291 төгрөгийн цалин хөлс авах ёстой. Үүнийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан "дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож, бодит үнэлгээг гаргахгүйгээр нэг талын гаргаж өгсөн тайлбар бусад баримтаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэг сарын хөдөлмөрийн хөлс 1.287.244 төгрөг авах бус 982.291 төгрөгийн бохир цалин буюу нийт 8.663.529 төгрөг авах ёстой байсан. Иймд цалин хөлсийг бодитоор нь тооцоолоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан мөнгөн төгрөгийн хэмжээгээр шүүх шийдвэрлэсэн, шүүх хуралд биечлэн оролцох боломжоор хангаагүй тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодит байдалтай нийцүүлэн үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулинд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч У.А.З.Д-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 сар хүртэлх хугацааны ажилгүй байсан хугцааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24.457.636 төгрөг, урьд гаргасан шүүхийн шийдвэрээр олгогдох 5.170.326 төгрөг нийт 29.627.962 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 221/МА2016/0043 дүгээр магадлалаар нэхэмлжэгч Г.Г.Өыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тооцож цалинд 3.786.732 төгрөг, ээлжийн амралтын олговорт 2.437.955 төгрөг нийт 5.170.326 төгрөг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд шүүх нэхэмжлэгчийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 11 дүгээр сараас нэхэмжлэл гаргасан 2018 оны 5 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааг тогтоож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч нь нэг сарын хөдөдмөрийн хөлс нь 1.287.244 төгрөг бус харин нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 981.291 төгрөгөөр тооцох ёстой гэж давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдолыг хангах боломжгүй байна. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “ нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татаглазах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заажээ.

Анхан шатны шүүх хариуцагчид 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг танилцуулсан, мөн шүүх хуралдааны товыг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн татгалзах үндэслэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ  биелүүлээгүй байна.

 Нэхэмжлэгчийн “миний бие сарын 1.287.244 төгрөгийн цалин авч байсан” гэх нэхэмжлэл нь хэрэгт авагдсан түүний  нийгмийн даатгалын дэвтэр дээр бичсэн бичилтээр нотлогдож байх тул нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 1.287.244 төгрөгөөр тооцсон шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т ”Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэж заасан заалтын дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа хавсарган ирүүлсэн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй болохыг дурьдсугай.

Хариуцагчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 280.250 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.250 /хоёр зуун наян мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                          Н.МӨНХЖАРГАЛ

Д.ЖАМБАЛСҮРЭН