Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 579

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: х тоотод оршин суух, х төрсөн, регистрийн дугаар х, Х овогт Г-ын Ө-ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

   Ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 29.627.962 төгрөгийг нөхөн төлүулж, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж.эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ө миний бие 2001 оноос эхлэн аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогчоор тасралтгүй 15 жил ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг дарга А/448 тоот захирамж гарган намайг ажлаас халсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Шүүх хурал 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж аймгийн Засаг даргын А/448 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох, нэхэмжпэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын нөхөн олговорт 5.170.326 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 36 дугаартай шүүхийн шийдвэр гаргасан. Хариуцагч тал Увс аймгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон. Гэтэл хариуцагч тал болох аймгийн Засаг дарга одоо хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа нь миний хөдөлмөрлөх, ажил хөдөлмөртэй тохирсон цалинг шударгаар авах эрхийг минь зөрчиж байгаа тул энэ хугацаанд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие сарын хөдөлмөрийн хөлс 1.287.244 төгрөгийн цалин авч байсан бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 36 тоот шийдвэрээр олгогдох 5.170.326 төгрөг 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2018 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сарын цалин 24.457.636 төгрөгийн цалин хөлс, нийт 29.627.962 төгрөгийг хариуцагч тал болох аймгийн Засаг даргаас нэхэмжилж байна. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар нь үндэслэлгүй. Г.Ө ажиллаж байх үедээ сахрын 1.287.244 төгрөгийн цалин авч байсан. Нийгмийн даатгалын дэвтэрт нь бичигдсэн байдлаар ч тогтоогддог. Мөн хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, Г.Ө-ыг ажилд нь томилохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Ө-рын нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 29.627.962 төгрөгийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

   1. Г.Ө нь сарын хөдөлмөрийн хөлс 1.287.244 төгрөгийн цалин авч байсан тухай нэхэмжлэлдээ дурджээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай 441 дүгээр тогтоолоор ТЗ-6 зэрэглэлд аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч гэж нэмэлт оруулж, 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл-ийн дэс түшмэлийн ангилалын ТЗ-6 зэрэглэлд албан тушаалыг нь тогтоосон байдаг.

   2. Цалингийн сүлжээ тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ТЗ-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалын дагуу албан тушаалын 677.436 төгрөгийн цалин авч, УИХ-ын 1995 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам-ын 9-д заасны дагуу дэс түшмэлийн тэргүүн зэргийн нэмэгдлийг 20 хувь буюу 135.487 төгрөг, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2-р хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 2-т заасны дагуу хугацааны нэмэгдэл 10 хувь буюу 67.743 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл 15 хувь буюу 101.625 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татвар хасахгүйгээр нийтдээ нэг сарын хөдөлмөрийн хөлс болох 982.291 төгрөгийн цалин хөлс авах ёстой. Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцож үзэхэд нэхэмжлэлд дурдсан хэмжээний төгрөг нөхөн төлөх үндэслэлгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 29.627.962 төгрөг гаргуулах, энэ хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Увс аймаг дахь Сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Г.Ө-ыг урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 5.170.326 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

     Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 43 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

    Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, Г.Ө-ын нэг сарын хөдөлмөрийн хөлс 982.291 төгрөг гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

    Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сараас эхлэн цалин нэхэмжилсэн боловч 2016 оны 10 дугаар сарыг дуустал цалинг нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 тоот шийдвэрээр нэхэмжлэгчид олгосон байх тул түүний 2016 оны 8 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалин 5.170.326 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Ингээд 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 24.457.636 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-т олгох нь үндэслэлтэй гэж үзэв.

  Мөн нэхэмжлэгч Г.Ө нь 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заажээ.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ө-ын 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Ө-ын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 306.090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 24.457.636 төгрөгт ногдох улсыйн тэмдэгтийн хураамж 280.238 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-т олгох нь зүйтэй.

      Хариуцагч Увс аймгийн Засаг даргад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийн байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 24.457.636 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.170.326 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ө-ын 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Ө-ын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 306.090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 280.238 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-т олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.БОЛОР