Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0027

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

       Хэргийн индекс 171/2019/0228/Э

 

          Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                      Г.Т

Шүүгдэгч                                                       Т.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.Т

Хохирогч                                                       О.М

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Эд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овогт Т-н Э.

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-5 дугаар байрны 46 тоот өөрийн түрээслэн амьдарч байсан орон сууцыг 40.000.000 төгрөгөөр зарна гэж О.М-ыг хуурч 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөг, 06 дугаар сарын 14-ний өдөр 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч 3 удаагийн гүйлгээгээр нийт 20.000.000 төгрөгний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овгийн Т-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-с 15 200 000 /арван таван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Х овогт О-н М-д олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч О.М нь орон сууцанд засвар хийсэн зардал, зээлийн хүү, түрээсийн төлбөрөө  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаар захирамжаар:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “15.200.000” гэснийг “15.800.000” гэж залруулж,

Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо:

“... Т.Э нь 6,13 насны хоёр хүүхдийн хамт байдаг бөгөөд түүний гэр бүлийн хүн болох Түвшин нь тэднээс тусдаа амьдраад 3 жил болж байна. Т.Э нь өөрийн аав ээжийн хамт амьдардаг ба эцэг Т нь хорт хавдарын оноштойгоор байнгын эмчилгээ асаргаанд байдаг. Тэрээр аав ээжийгээ байнга асардаг ба өсвөр насны 2 хүүхдэд нь эхийн хайр халамж шаардлагатай юм. Шүүхээс оногдуулсан зүйлчлэлийн хувьд бид ямар нэгэн маргаан хийгээгүй ба хорих ялын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Т.Э 2 сартай жирэмсэн байгаа болно. Шүүх хурлаас өмнө учруулсан хохирлыг төлөх болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

             Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ты давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

             Шүүгдэгч Т.Э нь өөрийн түрээслэн амьдарч байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-5 дугаар байрны 46 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 40.000.000 төгрөгөөр зарна гэж О.Мыг хуурч 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6.500.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгчийн дээрхи гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Т.Эыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т нь давж заалдах шатны шүүхэд “... Э өөрийн аав ээжийн хамт амьдардаг ба эцэг Т нь хорт хавдарын оноштойгоор байнгын эмчилгээ асаргаанд байдаг. Тэрээр аав ээжийгээ байнга асардаг ба өсвөр насны 2 хүүхдэд нь эхийн хайр халамж шаардлагатай юм. Мөн Т.Э 2 сартай жирэмсэн байгаа болно. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү...” гэсэн гомдол гаргажээ.

Мөн Т.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч О.Мт 8.000.000 төгрөг төлсөн тухай баримтыг ирүүлсэн байх боловч Т.Э нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолоор түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Иймд Т.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ты давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ты давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ