Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/47

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М-О

Улсын яллагч Г.Т

Хохирогч О.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т 

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох эрүүгийн 1925003020235 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-5 дугаар байрны 46 тоот өөрийн түрээслэн амьдарч байсан орон сууцыг 40 000 000 төгрөгөөр зарна гэж О.Мыг хуурч 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр 3 500 000 төгрөг, 06 дугаар сарын 14-ний өдөр 6 500 000 төгрөгийг шилжүүлэн авч 3 удаагийн гүйлгээгээр нийт 20 000 000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Э бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ “Хохирлоос 4 200 000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч О.М мэдүүлэхдээ “Хохирлоос төлөгдөөгүй байгаа 15 800 000 төгрөгөө нэхэмжлэнэ. Мөн засварын хөлс 11 сая орчим төгрөг гарсан. Энэ мөнгөө нэхэмжлэнэ. Одоо тэр байрандаа түрээс төлөөд амьдарч байгаа. Түрээсийн төлбөрөө нэхэмжлэнэ. Маш их хохирсон, гомдолтой байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О.М-ын ...“Т.Э Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-5 дугаар байрны 16 тоотын 2 өрөө байрыг 40 000 000 төгрөгөөр зарах гэж байгаа гэж хэлсэн. Та нарыг худалдаж авна гэх юм бол урьдчилгаа 20 000 000 төгрөгийг нь бэлэн аваад үлдсэн 20 000 000 төгрөгийг нь 2 жилийн хугацаанд хувь лизинг хийгээд цувуулж авч болно гэхээр нь байрыг нь очиж үзсэн. Авахаар болоод байрны гэрчилгээг нь үзье гэхэд байр эгчийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Эгчийн маань нөхөр гадаад улсад эмчилгээнд явах гээд мөнгөний хэрэг гараад байрны гэрчилгээг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ББСБ-ын барьцаанд тавьсан байгаа гэж хэлсэн. Эхнэр бид хоёр Т.Эын ярианд итгээд тухайн байрыг худалдан авахаар болж 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Х.Т.Э-ын хаан банкны 5090558905 тоот данс руу эхнэр Д.М-гийн хаан банкны 5421074717 тоот данснаас 10 000 000 төгрөгийг шилжүүлж байрын түлхүүрийг авсан. Түлхүүрээ аваад гурав хоноод эргээд эхнэр бид хоёр хүүхдүүдээ аваад Дорнод аймаг руу амрах гээд явсан. Дорнод аймагт амарч байгаад 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт ирсэн. Дорнод аймгаас Орхон аймаг руу явж байх замдаа Т.Э-тай утсаар холбогдоод байрны гэрчилгээ ирсэн үү, ямар нэгэн асуудал үүсэхгүй биз, бид нар өөрсдөө машинтай явж байгаа болохоор Улаанбаатар хотоор дайраад байрандаа хийх засварын материал авч очлоо шүү гэсэн чинь Х.Т.Э ямар нэгэн асуудал байхгүй, та засварын материалаа авч ирээд засвараа хий гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Улаанбаатар хотоос 9 472 800 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг авч байрандаа засвар хийлгээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр нүүж орсон. Засварын хөлсөнд 1 500 000 төгрөг Амгаланд төлсөн. Мөн сантехникийн засварын ажилд 300 000 төгрөг төлсөн. Дорнод аймгаас Орхон аймагт ирээд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3 500 000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6 500 000 төгрөгийг Т.Эын хаан банкны 5090558905 тоот данс руу эхнэр Д.Мөнхцэцэгийн хаан банкны 5421074717 тоот данснаас шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15-р хуудас/,

 

2.  Гэрч Г.Ц-гийн ...“Т.Э нэг өдөр нэгдүгээр микрийн 5 дугаар байранд 2 өрөө байрыг хямдхан 40 000 000 төгрөгөөр зарна. Мөнгө төгрөг хэрэг болоод байна гэхээр нь яагаад хямд зарж байгаа юм бэ гэсэн чинь Х.Т.Э надад олон байр байгаа гэж ярьж байсан. Тухайн үед миний найз Урангийн хүүхэд О.М байр авах гэж байгаа хямд байр хайж байгаа гэсэн яриа гарсан байсан учир О.Мт тус болох гээд нэг өдөр ээж дээр нь очоод надтай хамт ажиллаж байгаа охин хямд байр зарна гэж байна гэж хэлээд О.Мыг Т.Этай уулзуулж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/

 

3.  Гэрч Д.Н-лийн ...“2019 оны 11 дүгээр сараас хойш Х.Т.Э байрныхаа түрээсийн төлбөрийг өгөхгүй удаах болсон. Түрээсээ нэхэж байгаад 2018 оны түрээсийн мөнгөө увуулж цувуулаад авсан. 2019 оны 01 дүгээр сараас хойших түрээсийн төлбөрөө өгөөгүй байгаа. Түрээсийн төлбөрөө өгөхгүй болохоор нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой байрандаа яваад очсон чинь манай байранд танихгүй хүмүүс байсан бөгөөд байрыг Т.Эаас худалдаж авсан гэж хэлсэн. Т.Э танайх байраа зарах уу гэхээр нь 50 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь тэгвэл байрныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг өгөөч, банкинд үзүүлж зээл хөөцөлдөх гэсэн юм гэхээр нь 1-5-46 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29-р хуудас/

 

4. Гэрч Т.А-гийн “Би О.М-ын байранд гал тогооны өрөө болон тагт хоорондын ханыг буулгаж өрөөг нь сунгаж өгсөн. Би засвар хийхдээ өөрийн дүү нартай хамтарч хийсэн бөгөөд том ороонд нь уналттай тааз хийж, мөн шал шахаж, угаалгын өрөөнд пилта нааж, шинээр гурван хаалга суулгаж, байрны дотор хананд тэр чигт нь овой нааж, будгийн ажил хийсэн. Би дүү нарын хамт сантехникийн засвараас бусад бүх засварыг хийсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/

 

5. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг. /хх-ийн 61-р хуудас/

 

6. Эд зүйл баримт бичиг хүлээн авч, хэрэгт хавсаргах тогтоол, хавсаргасан баримтууд /хх-ийн 85-99-р хуудас/ болон шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 2018 оны 12-р сарын 20-ний 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэгдэж байсан. Энэ нь зүйлчлэлд нөлөөлөхгүй учраас 2018 оны 12-р сарын 20-ний өдрийн  411 дугаартай шийтгэл тогтоолын хоёр дахь заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 2 үйлдэлд хорих ял оногдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь  баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг өөрчилж цагдан хорих сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна.” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ “Гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын талаар үндсэн хохирлоос 15 800 000 төгрөгийг төлөх нь зүйтэй, засварын хөлсийг нотлох баримтаа ирүүлээгүй учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Т.Э-ын хийсэн үйлдэл нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Өмнөх 411 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хувьд сүүлд гарсан гэмт хэрэг байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн гол нь ялыг эдэлж дууссанаас хойш шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа. Тэгэхээр өмнө нь үйлдэгдсэн хэрэг учраас заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Гэм буруугийн талаар мэтгэлцээгүй учраас хорих ял эдлүүлэхгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэж байна. Заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж байна. Одоо ажлын байртай болоод цаашид мөнгө төлөөд явах боломжтой гэж үзэж байна. Хугацаа зааж, цаашид хохирлыг төлөх боломжтой. Тийм учраас ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.М-ын мэдүүлэг, гэрч Г.Ц, Д.Н, Т.А нарын мэдүүлэг, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, эд зүйл баримт бичиг хүлээн авч, хэрэгт хавсаргах тогтоол, хавсаргасан баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Э нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-5 дугаар байрны 46 тоот өөрийн түрээслэн амьдарч байсан орон сууцаа 40 сая төгрөгөөр зарна гэж О.М-аас 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10 сая төгрөг, 6 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөг, 6 дугаар сарын 14-ний өдөр 6500000 төгрөг, нийт 20 сая төгрөг шилжүүлэн авч ашигласан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Э нь бусдын өмчлөлийн орон сууцыг түрээслэн сууж байдаа өөрийн байр мэтээр итгүүлэн, хуурч мэхлэн О.М-аас 20 000 000 төгрөг залилан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Э-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь залилах гэмт хэрэг үйлдэж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдсэн боловч хянан хэлэлцэж буй үйлдэл нь шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Т.Э-ын үйлдлийн улмаас хохирогч О.Мт 20 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 200 000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Хохирогч О.М нь гэмт хэргийн улмаас учирсан 20 сая төгрөгөөс гадна бусдад хууртагдан авсан гэх орон сууцандаа засвар хийсэн зардал, тухайн орон сууцанд оршин суусан хугацааны түрээсийн төлбөр, зээлийн хүү зэргийг нэхэмжилсэн боловч, орон сууцанд засвар хийсэн тухай гэрэл зурагаас бусад холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хужгаа овгийн Т-ийн Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас 15 200 000 /арван таван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн 2-16 тоотод оршин суух О-гийн О.М- т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч О.М нь орон сууцанд засвар хийсэн зардал, зээлийн хүү, түрээсийн төлбөрөө  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС