Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2021/00030

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, нарны зам гудамж 72 байр, 23 тоотод оршин суудаг, Тэргүүн овогт Д.Д-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух, Ж овогт К.Т-т  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д /онлайнаар/, түүний өмгөөлөгч Х.Тилеухабыл, хариуцагч К.Т, түүний өмгөөлөгч С.Нургайып, гэрч Х.Манас /онлайнаар/,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Хундыз нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Жимс, жимсгэнийн үнээс үлдсэн 5598000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улаанбаатар хотод Барс худалдааны төвд жимс, жимсгэнийн бөөний төв ажиллуулдаг. Надаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумд оршин суудаг К овогтой Т нь 2019 оноос эхлэн жимсгэнэ бөөнөөр нь худалдан авч, үүнийг нь дансаар явуулдаг байсан. К.Т нь эхнэр Л-ийн хамт 2019 оноос надаас нийт 14.945.000  төгрөгийн жимс,жимсгэнэ хүнсний ногоог худалдан авах захиалга өгч худалдан авсан. Би дээрх 14.945.000 төгрөгийн үнэтэй жимс,жимсгэнэ хүнсний ногоог К.Т-ийн ярилцаж тохиролцсон ачааны машинд ачуулан явуулсан. Уг жимсний барааны үнээс 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр 1.400.000 төгрөг нийт 11.400.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн мөн хорогдлоо хасаж  одоо  2.516.000 үлдсэн байсан. Энэ хооронд К.Т надаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2.077.000 төгрөгийн барааг нэмж авсан. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авсан 14.954.000 төгрөгийн барааны үнээс үлдсэн 2.516.000 төгрөгөөс барааны хорогдол гэж 1.283.000 төгрөгийг хасаж үлдсэн 1.233.000 төгрөг мөн  2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  авсан жимсний үнэ 2.077.000 төгрөг,  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22 төрлийн жимс, жимсгэнэ ногоо захиалан худалдан авсан үнэ 3.521.000 төгрөг нийт 6831000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч К.Т нь  2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр ачуулсан бараанаас хорогдол гарсан муудсан гэж маргаж байгаа бөгөөд уг жимс ачсан машин  нь замдаа саатсан асуудлаас болж  жимс хагарч бяцарсан, муудсан байсан тус бараанаас үлдсэн мөнгийг нэхэмжлэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зөвхөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  авсан жимсний үнэ 2.077.000 төгрөг,  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22 төрлийн жимс, жимсгэнэ ногоо захиалан худалдан авсан үнэ 3.521.000 төгрөг нийт 5598000 төгрөгийг нэхэмжилж байна.2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр ачсан бараанаас хорогдол гарсан ба түүнээс хойш явуулсан бараанаас хорогдол гаргаагүй болно. Иймд К.Т-ээс 5.598.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв. 

Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн бараанаас асуудал үүссэн гэж яриад байна. Тэр барааг бид хоёр тухайн үед тохироод машинд ачсан тэр машин замдаа 5 хоног хонож очсон. Тухайн үед бараа очсон даруй надад муудсан бараа байсан гэж яриагүй нэлээд хугацаа өнгөрсний дараа надад хэлсэн. Тухайн үед би 2 сая төгрөгийн хорогдол хийж өгсөн. Тэгээд тэрнээс хойш бид хоёр хоорондоо нэлээд хугацаа бараа авч өгөлцөхгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр, 13-ны өдөр, 12 дугаар сарын 11, 24-ний өдрүүдээр бараа авсан. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 2020 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн асуудалгүй барааны мөнгийг л би нэхэмжилж байгаа. Надаас авсан  14958000 төгрөгийн бараанаас 11,400,000 төгрөг авч, үлдсэн мөнгийг нэхэмжлэхгүй болж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж  байгаа. Миний бие К.Т-ийн танихгүй байж итгэж зээл олгосон. Хоёрдугаарт бусад бараанууд ч гэсэн хорогдолтой ирдэг байсан гэж байна. Би тэр хорогдлын мөнгийг хасаж тооцоо хийдэг байсан. Нийт 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш авсан бараа болон миний дансанд өнөөдрийг хүртэл орсон мөнгийг би бүгдийг нь баталгаажуулж шүүхэд гаргаж өгсөн. Би хаа хамаагүй К.Т хэдэн төгрөгийн бараа авсан хэдэн төгрөгийг нь хийсэн гэдэг зүйл огт яриагүй. Би дипозит банкны хуулгыг Хаан банкнаас гаргаж авсан. Үүнд бүгд тодорхой байгаа тул үүнийг үгүйсгэх ямар ч шаардлага байхгүй. Би чамд яаж итгэж яаж зээл олгодог байлаа хэн ч чамд ер нь 14 сая төгрөгийн барааг зээлээр өгөхгүй. Би  чамд итгэж тийм их хэмжээний зээл олгож байсан тухайн үед 2,5 сая төгрөгийн хорогдол хийж өгч байсан. Одоо чи хорогдолгүй авсан барааны үнэ болох 2077000 төгрөг болон 3521000 төгрөгийг л өгчих. Би өөр юм ярихгүй. Чи бас үндэслэлгүй ингэж юм ярьж болохгүй шударга юм гэж бас байдаг юм. Монгол улсад хууль гэж байдаг. Чи хуулийн өмнө ингэж худлаа зүйл ярьж ерөөсөө болохгүй. Би хүнээс мөнгө авчхаад аваагүй гэж хэлэхгүй. Тийм болохоор чи эр хүний ноён нуруу гаргаад үнэнээ л хэл. Би чамаас үндэслэлгүй ямар ч мөнгө нэхээгүй. Би зөвхөн асуудалгүй хоёр удаагийн барааны мөнгийг л нэхэж байна өөр мөнгө нэхэхгүй. Чи бид хоёр адилхан залуу хүн гэж итгээд зээл олгож байсан тул үлдсэн барааны үнэ 5,598,000 төгрөгийг төлүүлж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч К.Тээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.Би Тирлик захад жимс ногооны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.Д.Дтай 2018 оноос хойш харилцаж эхэлсэн ба түүнээс жимс ногоо авдаг байсан. Нэхэмжлэгчийн дурдаж байгаачлан намайг бараа авчхаад тооцоог хийгээгүй мэтээр үндэслэлгүйгээр нэхэмжлэл бичсэн байна. Д.Д нь сүүлдээ чанаргүй, муудсан бараа шилжүүлж, намайг хэд хэдэн удаа хохироосон тул 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш бараа авахаа зогсоосон юм. Түүнээс бараа авахгүй гэхээр нь тэр албаар намайг шүүхэд өгч үндэслэлгүй мөнгө нэхэж байгаа гэж ойлгож болно. Түүний нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн баримтууд нь надтай огт холбоогүй,тэрхүү падаануудыг Д.Д  өөрөө дангаараа үйлдэж хавсаргаж өгсөн байна. Би Д.Д-аас бараа захиалах үед түүний ХААН банк дахь 5315324626 тоот дансанд мөнгөө шилжүүлсний дараагаар нь тэр нь бараагаа над руу явуулдаг байсан.Гэтэл тэр бараандаа хагарч,бяцарсан,муудсан жимс жимсгэнэ нэмж намайг нэг бус удаа хохироосон.Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш түүнээс дахиж бараа авахаа больсон.Би түүнээс бараа авах үед шууд түүний дансанд мөнгө шилжүүлдэг байсан ба түүний нэхэмжлэлдээ дурдсан 2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 2020 оны 02 дугаар сарны 02-ны хүртэлх хугацаанд 28,892,000 төгрөг түүнд шилжүүлсэн байна.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч К.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний  хувьд ямар ч эвлэрэх боломжгүй байгаа. 9 дүгээр сард муудсан бараа ирсэн нь үнэн Д.Д худлаа яриад байна. Тухайн үед н.Кадир бид хоёр Д.Д-ын мессенжерт шууд залгасан. Залгаад муудсан бараануудыг шууд харуулахад найз нь хасаж өгье чи тоог нь явуул гэсэн байсан. Миний тухайн үед бичсэн бүх мессежийг устгасан байна. Тэгээд Д.Д хасаж өгье гээд маргаж байгаад бараа авсан нь үнэн гэхдээ авсан барааныхаа мөнгийг гүйцэд төлсөн. Тухайн үед барааг би захиалдаг байсан. Барааг захиалахдаа итгэлцээд өгдөг байсан барааны мөнгийг өгдөг байсан. Харин худлаа падаан бичээд К.Т-ээс ийм төгрөг авна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. н.Л миний эхнэр мөн. Бид гэр бүлийн хүмүүс тул хэний дансанд мөнгө байна, мөнгө байгаа дансаар авсан барааны үнийг төлдөг  байсан. Сүүлд явуулсан бараануудаас нь дандаа хоригдол бараа гардаг болсон тул энхэр бид хоёр Д.Д-ыг больё гэж шийдээд нэг мөсөн сүүлчийн мөнгийг 2 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл 2,5 сая төгрөгийг хийгээд больсон. Бараа угаасаа үнэгүй ирдэггүй барааны тээвэрлэлт байдаг. Энэ хүн муудсан бараа явуулснаас болж хүмүүс надаас бараа авахаа больсон. Тэгээд би 14 сая төгрөгийн 8 тонн бараа гэсэн үг түүний тээврийн зардал их мөнгө байдаг. Би тухайн үед би маш их мөнгөөр дампуурч байсан. Би энэ хүнтэй хотод очихдоо 10 дугаар сард биечлэн бас уулзаж байсан бас л худлаа яриад явуулсан. Би энэ хугацаанд маш их хохиролд учирсан байх тул сөрөг нэхэмжлэл гаргая гэж бодсон гэхдээ залуу хүн юм чинь яах юм вэ гэж больсон юм. Би энэ хүнд ямар ч өглөг байхгүй ямар мөнгө нэхээд байгааг нь мэдэхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч К.Т-т холбогдуулан жимс жимсгэнийн үнээс үлдсэн 6831000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж  хариуцагчаас  5598000 төгрөг  гаргуулахыг хүссэнийг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ. 

Нэхэмжлэгч Д.Д-аас нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч К.Т нь жимс жимсгэнэ зээлээр авч, бараагаа хүлээж авсны дараа мөнгийг дансанд шилжүүлдэг байсан ба сүүлд авсан барааны тооцоо хийгээгүй байсан.Харин 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр 14.954.000 төгрөгөөр худалдаж авсан бараанаас 11.400.000 төгрөг төлсөн ба уг жимснүүд машины доргилтын улмаас хагарч, бяцарсан, муудсан байсан  ба тухайн үед хорогдол гэж хасаж өгсөн боловч К.Т-ээс маргаж байгаа тул уг бараанаас үлдсэн  мөнгийг нэхэмжлэхгүй, дараа нь авсан бараанаас ямар нэгэн хорогдол гаргаагүй тул 5,598,000 (2,077,000+3,521,000) төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч К.Т-ээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Д.Д-тай 2018 оноос түүнээс жимс ногоо авдаг байсан. Д.Д нь сүүлдээ чанаргүй, муудсан бараа явуулж, намайг хэд хэдэн удаа хохироосон тул 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш бараа авахаа зогсоосон юм. Түүний нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн падаануудыг өөрөө дангаараа үйлдэж хавсаргаж өгсөн байна.Би Д.Д-аас бараа захиалах үед түүний ХААН банк дахь 5315324626 тоот дансанд мөнгөө шилжүүлсний дараагаар тэр нь бараагаа над руу явуулдаг байсан гэж тайлбарлажээ.

Талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, нэхэмжлэгч Д.Д-аас хариуцагч К.Т нь жимс, жимсгэнийн бараа худалдан авч байсан нь талуудын тайлбар болон зохигчдын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хувийн тэмдэглэлийн дэвтэр зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдожээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлаа нотлохоор 2019 оны 08-р сар №01, 2019 онд №02,2020 оны 01 дүгээр сар гэсэн хувийн тэмдэглэлийн дэвтэр мөн өөрийн ХААН банкны 5315324626 тоот дансны хуулга болон 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн падаануудыг ирүүлжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлаа  нотлохоор  2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Д.Д-ын явуулсан жимснээс муудсан жимсний фото зураг мөн өөрийн ХААН банкны 5180616877 тоот дансны болон эхнэр Кармений Рны  ХААН банкны 5197050878 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудыг нотлох баримтаар ирүүлжээ.

Нэхэмжлэгч Д.Д-аас хариуцагч К.Т нь  2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр  14.954.000 төгрөгт жимс, жимсгэнэ худалдаж авч байсан нь 2019 оны №01 дугаартай  8 сар Дэвших гэж гадна талд бичсэн хувийн тэмдэглэлийн дэвтрийн 79 дүгээр хуудсанд  Т жимс-14.954.000 гэж бичигдсэн мөн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бичигдсэн падаан, Т.Нурберген, М.Хадыр, Манас нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр мөн уг барааны үнээс хариуцагч К.Т нь 11,400,000 төгрөг төлсөн нь талуудын депозит дансны хуулгаар  тус тус нотлогдож байна.

Жич нь: хариуцагч К.Т-ийн ХААН банкны5180616877 тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг,түүний эхнэр К.Р-ы ХААН банкны 5197050878 тоот данснаас “Тээс” гэж  2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  1.400.000 төгрөгийг тус тус хариуцагчаас төлсөн байжээ.

Харин уг жимс, жимсгэнээс хорогдол буюу муудсан бараа гарсан нь М.Хадырын гэрчийн мэдүүлэг болон хариуцагч К.Т-ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн муудсан жимсний фото зургаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Д.Д-аас шүүх хуралдаанд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч К.Т-ийн худалдаж авсан бараанаас үлдсэн 2,516.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч К.Т-ээс  2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан барааны үнэ 2.077.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авсан барааны үнэ 3,521,000 төгрөг нийт 5598000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч К.Т-ээс шүүх хуралдаанд  “...тухайн үед бараагаа би захиалдаг байсан ба захиалсан барааны үнийг эхнэр К.Ризабан /хоч нэр Л/ бид хоёрын хэний дансанд мөнгө байна мөнгө байсан дансаар төлдөг байсан, нэхэмжлэгч Д.Д-аас бараа захиалж авахдаа мөнгийг шилжүүлж байж авдаг байсан, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлчихсөн гэж” маргажээ.

Гэвч хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн эхнэр К.Рны ХААН банкны 5197050878 дугаар данснаас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Д.Д-ын 5315324626 тоот данс руу 1,400,000 төгрөг шилжүүлэхдээ утга дээр “урьд үлдэгдлээс хасаарай хөө” гэж бичигдсэн болон  хариуцагч К.Т-ийн авч байсан барааны үнийг, авсан огноогоор бичиж, улмаар К.Т-ийн шилжүүлсэн мөнгийг шилжүүлсэн огноогоор хасаж тооцож байсан нь нэхэмжлэгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэнтэй тохирч байгаа тул шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хувийн тэмдэглэлийн дэвтрийг  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж, хариуцагч К.Т нь нэхэмжлэгчид өгөх өглөгтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан 5.598.000 төгрөгийг хариуцагч К.Т-ийн  2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан барааны үнэ 2.077.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авсан барааны үнэ 3,521,000 төгрөг гэж тодорхойлж байгаа боловч шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2019 он №1, 8 сар , №2 2019 он, 2020 он 1 сар тус тус “Дэвших” гэсэн нэртэй дэвтрүүд болон  нэхэмжлэгч Д.Д-ын ХААН банкны  5315324626 тоот депозит дансны болон хариуцагч К.Т-ийн ХААН банкны 5180616877 тоот депозит дансны болон түүний эхнэр К.Р-ны ХААН банкны 5197050878 тоот депозит дансны тус тус дэлгэрэнгүй хуулганууд зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэж дараах байдлаар тооцоогоо гаргав. Үүнд:

-Нэхэмжлэгч Д.Д-аас хариуцагч К.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр 14,954,000 төгрөгт бараа авахаас өмнө нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2,998,000 төгрөгт, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 398000 төгрөгт, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1309000 төгрөгт, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 746000 төгрөгт мөн дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 400,000 төгрөгт,  2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,077,000 төгрөгт, 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,866,000 төгрөгт, нийт 9.794.000 төгрөгт  жимс, жимсгэнэ худалдаж авснаас  хариуцагч К.Т-ийн эхнэр болох К.Р-ны ХААН банкны 5197050878 тоот данснаас  2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ( хуулганы агуулга дээр 9.11 1309000, 9.7 398000 гэж бичигдсэн ) 1.707.000 төгрөг мөн “Тээс” гэж 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,866,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,576,000 төгрөг,  2019 оны 12 дугаар сарын 28-ний өдөр 1,600,000 төгрөг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,400,000 төгрөг болон хариуцагч К.Т-ийн ХААН банкны 5180616877 тоот данснаас 2019 оны 12 дугаар 11-ний өдөр 3489.000 төгрөг нийт 12,638,000 төгрөг дансаар төлсөн ба үүнээс дээрх авсан барааг хасаж тооцоход 2,844,000 (12,638,000-9,794,000) төгрөгийг хариуцагч К.Т-ээс илүү төлсөн байжээ.

Харин 2020 он гарсны дараа хариуцагч К.Т нь нэхэмжлэгч Д.Д-аас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 4,800,000 төгрөгт, 1765000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2,120,000 төгрөгт, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 4,081,000 төгрөгт,2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3521000 төгрөгт нийт 16,287,000 төгрөгт жимс, жимсгэнэ худалдаж авснаас хариуцагч К.Т-ийн эхнэр болох К.Р-ны ХААН банзны 5197050878 тоот дансаар “Тээс” гэж 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,050,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,120,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, хариуцагч К.Т-ийн ХААН банкны 5180616877 тоот дансаар 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,765,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2,526,000 төгрөг нийт 9961000 төгрөг төлсөн ба дээрх худалдаж авсан бараанаас  хасаж тооцоход 6,326,000(16,287,000-9,961,000) төгрөг төлөх төлбөртэй байсан бөгөөд үүнээс хариуцагч К.Т-ийн 2019 онд илүү төлсөн мөнгийг хасаж тооцоход 3,482,000 (6,326,000-2,844,000) төгрөгийн хариуцагч К.Т нь нэхэмжлэгчид төлөх өртэй байсан байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Д-аас шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч К.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3.489.000 төгрөгт 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4.082,000 төгрөгт, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,050,000 төгрөгт тус тус жимс, жимсгэнэ худалдаж авч үнийг нь 2020 онд төлсөн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчээс энэ талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй ба нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хувийн тэмдэглэлийн дэвтэрт  хариуцагч К.Т нь дээрх бараа авсан талаарх бичигдээгүй  байхгүй байх тул хариуцагчийн  төлсөн 3,489,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сараас хойш авсан жимс,жимсгэнийн үнээс, 2,050,000 төгрөгийг 2020 онд авсан жимс,жимсгэнийн үнээс тус тус хасаж тооцлоо.

Мөн нэхэмжлэгчийн 2019 оны №1 дугаартай хувийн тэмдэглэлийн дэвтэр 88-р хуудсанд хариуцагч К.Т-ийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр худалдаж авсан 14,954,000 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн мөнгийг хасаж тооцож 8,954,000(14,954,000-3,000,000-3,000,000) төгрөг, улмаар 2019 оны №2 дугаартай тэмдэглэлийн дэвтрийн 01 дүгээр хуудсанд бүх өрийг нэмж тооцоод 12,913,000 (400,000+398000+1309,000+8,954,000+1,852,000) төгрөг гэж түүнээс хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн төлсөн 3.000.000 төгрөгийг хасаж тооцож 9,913,000 (12,913,000-3,000,000)т өгрөг гэж мөн дэвтрийн 15-р хуудсанд уг мөнгө дээр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2,077,000 төгрөг нэмж тооцож 11,990,000(9,913,000+2,077,000) төгрөг гэж түүнээс хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дансаар төлсөн 1,000,000 төгрөгийг мөн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 1,707,000 төгрөгийг тус тус хасаж тооцсоныг шүүхээс залруулж 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч К.Т-ийн нэхэмжлэгчээс худалдаж авсан 14,954,000 төгрөгт холбогдуулан тооцоо дуусан учир дээрх авсан жимс, жимсгэнийн үнээс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 398000 төгрөгт, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1309000 төгрөгт,  2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 400,000 төгрөгт, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,077,000 төгрөгийг тооцоонд оруулж тооцлоо.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба  хуулийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба хариуцагч К.Т нь нэхэмжлэгч Д.Д-аас худалдаж авсан жимс, жимсгэнийн үнээс дутуу төлсөн нь нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч К.Т-ээс нэхэмжлэгчээс худалдаж авсан бараа байнга хорогдолтой буюу муудсан байдаг мөн бараа худалдаж авахдаа мөнгийг төлж худалдаж авдаг байсан гэж маргаж байгаа боловч шүүхэд нэхэмжлэгчээс 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр худалдаж авсан жимсний муудсан фото зургаас өөр бичгийн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй байх тул хариуцагчийн тайлбараа нэхэмжлэгчийн хариуцагчид худалдсан жимс,жимсгэнэ нь доголдолтой байна гэж дүгнэх боломжгүй болно.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчөөс “...нийтдээ хэдэн удаагийн гэрээгээр К.Т нь хэдэн удаа, н.Л нь хэдэн удаа хэдэн төгрөгийг бараа аваад хэдэн төгрөгийн барааг хорогдолд тооцсон гэх талаар тус бүрд нь тооцож баримттайгаар нь гаргаж ирээд н.Лгаас хэдэн төгрөг, К.Т-ээс хэдэн төгрөг гэж нэхэмжлэх ёстой. Энэ хоёр хүн нэг гэр бүлийн хүмүүс хамт наймаа эрхэлдэг байж болно гэхдээ хоёулаа тус тусдаа харьцаж бараа авсан байна. н.Л-гийн авсан барааг энэ хүн мэдэхгүй байж болно шүү дээ. Эсвэл энэ хүний авсан зүйлийг н.Л авсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр хэн нь хэдэн төгрөгийн барааг яаж авсан нь тодорхойгүй байхад өнөөдөр хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэж маргаж байгаа боловч хариуцагч К.Т нь шүүх хуралдаанд “...тухайн үед бараагаа би захиалдаг байсан ба захиалсан барааны үнийг эхнэр К.Р /хоч нэр Л/ бид хоёрын хэний дансанд мөнгө байна мөнгө байсан дансаар төлдөг байсан...” гэх мэдүүлэг болон К.Р-ны ХААН банзны 5197050878 тоот дансаар “Тээс” гэж мөнгө шилжүүлж барааны үнийг төлснөөр үгүйсгэгдэж байна.

Хэргийн оролцогчийн хуульд заасан эрх, үүргийг шүүхээс тайлбарлаж, хавтаст хэрэгт танилцуулсан боловч нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй шүүх хавтаст хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагч К.Т-ээс жимс, жимсгэнийн үнээс үлдсэн 3.482.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,116,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагч К.Т-ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 3.482.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж  70662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан  хариуцагч К.Т-ээс  жимс, жимсгэнийн үнээс үлдсэн 3.482.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, илүү нэхэмжилсэн  2.116.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид  70662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЖАРХЫНГҮЛ