Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2021/00014

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00030 дугаар шийдвэртэй, Д.Д-ын нэхэмжлэлтэй, К.Т-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч Д.Д- /цахим сүлжээгээр/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тилеухабыл, хариуцагч К.Т-, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч К.Т-ээс жимсний үнийн үлдэгдэл 5,598,000 төгрөг гаргуулах тухай.   

 

Нэхэмжлэлд: “Миний бие Улаанбаатар хотод Барс худалдааны төвд жимс, жимсгэнийн бөөний төв ажиллуулдаг. Надаас Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суудаг К.Т- нь 2019 оноос эхлэн жимсгэнэ бөөнөөр нь худалдан авч, үүнийг нь дансаар явуулдаг байсан. К.Т- нь эхнэр Л-гийн хамт 2019 оноос надаас нийт 14,945,000 төгрөгийн жимс, жимсгэнэ хүнсний ногоог худалдан авах захиалга өгч худалдан авсан. Би дээрх 14,945,000 төгрөгийн үнэтэй жимс, жимсгэнэ хүнсний ногоог К.Т-ийн ярилцаж тохиролцсон ачааны машинд ачуулан явуулсан. Уг жимсний барааны үнээс 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,400,000 төгрөг нийт 11,400,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн мөн хорогдлоо хасаж 2,516,000 төгрөг үлдсэн байсан. Энэ хооронд К.Т- надаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,077,000 төгрөгийн барааг нэмж авсан. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр авсан 14,954,000 төгрөгийн барааны үнээс үлдсэн 2,516,000 төгрөгөөс барааны хорогдол гэж 1,283,000 төгрөгийг хасаж үлдсэн 1,233,000 төгрөг мөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан жимсний үнэ 2,077,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22 төрлийн жимс, жимсгэнэ ногоо захиалан худалдан авсан үнэ 3,521,000 төгрөг нийт 6,831,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч К.Т- нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ачуулсан бараанаас хорогдол гарсан муудсан гэж маргаж байгаа бөгөөд уг жимс ачсан машин нь замдаа саатсан асуудлаас болж жимс хагарч бяцарсан, муудсан байсан тус бараанаас үлдсэн мөнгийг нэхэмжлэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зөвхөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан жимсний үнэ 2,077,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22 төрлийн жимс, жимсгэнэ ногоо захиалан худалдан авсан үнэ 3,521,000 төгрөг нийт 5,598,000 төгрөгийг нэхэмжилж байна. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ачсан бараанаас хорогдол гарсан ба түүнээс хойш явуулсан бараанаас хорогдол гаргаагүй болно. Иймд К.Т-ээс 5,598,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье.” гэв.

 

Хариуцагчийн тайлбарт: “Би Тирлик захад жимс ногооны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Д.Д-тай 2018 оноос хойш харилцаж эхэлсэн ба түүнээс жимс, ногоо авдаг байсан. Нэхэмжлэгчийн дурдаж байгаачлан намайг бараа авчхаад тооцоог хийгээгүй мэтээр үндэслэлгүйгээр нэхэмжлэл бичсэн байна. Д.Д- нь сүүлдээ чанаргүй, муудсан бараа шилжүүлж, намайг хэд хэдэн удаа хохироосон тул 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш бараа авахаа зогсоосон. Түүнээс бараа авахгүй гэхээр нь тэр албаар намайг шүүхэд өгч үндэслэлгүй мөнгө нэхэж байгаа гэж ойлгож болно. Түүний нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн баримтууд нь надтай огт холбоогүй, тэрхүү падаануудыг Д.Д- өөрөө дангаараа үйлдэж хавсаргаж өгсөн байна. Би Д.Д-аас бараа захиалах  үед түүний ХААН банк дахь ХХХХХХХХХ тоот дансанд мөнгөө шилжүүлсний дараагаар нь тэр нь бараагаа над руу явуулдаг байсан. Гэтэл тэр бараандаа хагарч, бяцарсан, муудсан жимс жимсгэнэ нэмж намайг нэг бус удаа хохироосон.Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш түүнээс дахиж бараа авахаа больсон. Би түүнээс бараа авах үед шууд түүний дансанд мөнгө шилжүүлдэг байсан ба түүний нэхэмжлэлдээ дурдсан 2019 оны 9 дүгээр сарын 20-оос 2020 оны 02 дугаар сарны 02-ны хүртэлх хугацаанд 28,892,000 төгрөг түүнд шилжүүлсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө .” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00030 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч К.Т-ээс жимс, жимсгэнийн үнээс үлдсэн 3,482,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, илүү нэхэмжилсэн 2,116,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх миний тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мушгин гуйвуулж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Нэг талыг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ын дангаараа бичсэн баримтыг үндэслэн надаас 3,482,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Д.Д-аас бараа захиалах үед түүний ХААН банк дахь ХХХХХХХХХ тоот дансанд мөнгөө шилжүүлсний дараагаар нь тэр нь бараагаа над руу явуулдаг байсан. Гэтэл тэр бараандаа хагарч, бяцарсан, муудсан жимс жимсгэнэ нэмж намайг нэг бус удаа хохироосон. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш түүнээс дахиж бараа авахаа больсон. Би түүнээс бараа авах үед шууд түүний дансанд мөнгө шилжүүлдэг байсан ба ямар нэгэн өглөггүй. Харин ч Д.Д- нь удаа дараа муудсан бараа явуулж намайг хохироосоор ирсэн. Түүнээс хохирол шаардах гэж сөрөг нэхэмжлэл гаргах гэсэн боловч өнгөрсөн явдал болохоор нотлох баримт бүрдүүлж чадахгүй тул нэхэмжлэл гаргаагүй байсан. Гэтэл Д.Д- нь ямар ч үндэслэлгүй надаас мөнгө нэхэмжилж намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Д.Д- нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар нэгэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж байгаагүй атлаа сүүлд нь өөрийнх худал нь илчлэгдсэний дараа хэд хэдэн дэвтрийг нөхөж бичиж явуулсан гэж үзэж байна. Тэгээд ч тэр дэвтэрт би Д.Д-д тооцоотой байсныг нотлох ямар ч баримт байхгүй. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юмыг шүүхэд гаргаж өгсөн байв. Түүнээс юу ч ойлгогдохооргүй байсан. Ямар ч нотлох баримтгүйгээр, үндэслэлгүйгээр, тооцоогүйгээр надаас мөнгө гаргуулан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч К.Т-т холбогдуулан жимсний үнийн   үлдэгдэл 6831000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Д.Д-аас  хариуцагч К.Т- нь 2018 оноос эхэлж жимс, ногоо худалдан авдаг байсан нь зохигчдын тайлбар, 2019 оны 8 дугаар сар №01, 2019 онд №02, 2020 оны 01 дүгээр сар гэсэн хувийн тэмдэглэлийн дэвтэр, ХААН банкны ХХХХХХХХХ тоот дансны хуулга болон 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн падаанууд, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Д.Д-ын явуулсан жимснүүдээс муудсан жимсний фото зураг, хариуцагчийн ХААН банкны 5180616877 тоот данс болон эхнэр К.Р-ны  ХААН банкны ХХХХХХХХХ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Нэхэмжлэгч Д.Д-аас хариуцагч К.Т- нь  2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 14.954.000 төгрөгт жимс, жимсгэнэ худалдаж авч байсан нь 2019 оны №01 дугаартай  8 сар Дэвших гэж гадна талдаа бичсэн хувийн тэмдэглэлийн дэвтрийн 79 дүгээр хуудсанд  “Т- жимс-14.954.000” гэж бичигдсэн, мөн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бичигдсэн падаан, Т.Н, М.Х, Х.М нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр мөн уг барааны үнээс хариуцагч К.Т- нь 11,400,000 төгрөг төлсөн нь талуудын депозит дансны хуулгаар  тус тус нотлогджээ.

Хариуцагч К.Т-ийн ХААН банкны 5180616877 тоот данснаас 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, түүний эхнэр К.Р-ны ХААН банкны ХХХХХХХХХ тоот данснаас “Т-ээс” гэж  2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус хариуцагчаас төлсөн уг жимс, жимсгэнээс хорогдол буюу муудсан бараа гарсан нь М.Х-ын гэрчийн мэдүүлэг болон хариуцагч К.Т-ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн муудсан жимсний фото зургаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Д.Д- шүүх хуралдаанд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч К.Т-ийн худалдаж авсан бараанаас үлдсэн 2,516.000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар тохирсон. Учир нь тухайн үед ногоо ачсан машин 5 хоног эвдэрсэн гэсэн. Ногоо очсоны дараа надад ногоо муудсан талаар хэлэхгүй хэсэг хугацааны дараа хэлсэн, тухайн үед би 2 сая төгрөгийн хорогдол хийж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч К.Т-ээс  2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан барааны үнэ 2,077,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авсан барааны үнэ 3,521,000 төгрөг нийт 5,598,000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн эхнэр К.Р-ны ХААН банкны ХХХХХХХХХ дугаар данснаас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Д.Д-ын ХХХХХХХХХ тоот данс руу 1,400,000 төгрөг шилжүүлэхдээ утга дээр “урьд үлдэгдлээс хасаарай хөө” гэж бичигдсэн болон  хариуцагч К.Т-ийн авч байсан барааны үнийг, авсан огноогоор бичиж, улмаар К.Т-ийн шилжүүлсэн мөнгийг шилжүүлсэн огноогоор хасаж тооцож байсан нь нэхэмжлэгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэнтэй тохирч  байгаа тул шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хувийн тэмдэглэлийн дэвтрийг  нотлох баримтаар үнэлж, хариуцагч К.Т- нь нэхэмжлэгчид өгөх өглөгтэй болох нь нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нотлох баримтад тулгуурласан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасган 5,598,000 төгрөгийг хариуцагч К.Т-ийн  2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан барааны үнэ 2,077,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авсан барааны үнэ 3,521,000 төгрөг гэж тодорхойлж байгаа боловч шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж тооцоход 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр авсан барааны үнээс авсан бараанаас хариуцагч К.Т- нь нийт 9,794,000 төгрөг төлөхөөс 12,638,000 төгрөг төлж 2,844,000 төгрөг илүү төлсөн, 2020 онд нэхэмжлэгчээс  хариуцагч К.Т- нь 16,287,000 төгрөгийн бараа авснаас 9,961,000 төгрөгийг төлж 6,326,000 төгрөгийн үлдэгдэлтэй ба 2019 онд илүү төлсөн 2,844,000 төгрөгийг хасаж үлдсэн 3,482,000 төгрөгийг хариуцагч К.Т- нь нэхэмжлэгчид төлөх төлбөртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,662 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагч К.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.662 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

                                                                                                Д.КӨБЕШ