Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2021/00092

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Г-ын А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Яайн Сьездийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Г газар / дарга Х.П/-д  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Хундыз нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.А-г Баян-Өлгий аймгийн Г газрын дарга Х.П нь гэрээт ажилтнаас хууль бусаар халсныг анхан болон давж заалдах шатны хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлалаар тогтоосон. Хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хяналтын гомдлоосоо татгалзжээ. Ажил олгогчийн буруутай тушаалын улмаас Г.А нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны дуустал 5 сар ажилгүй байж цалин хөлсөөр хохирч байна. Иймд Баян-Өлгий аймгийн Гийн,газрын санхүүгээс 2.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Иргэн Г.А-г Баян-Өлгий аймгийн Г газрын дарга Х.П нь гэрээт ажилтнаас хууль бусаар халсныг анхан болон давж заалдах шатны хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлалаар тогтоосон. Хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хяналтын гомдлоосоо татгалзсан. Тийм учраас нэгэнт ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 5 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа. Нийт 2250000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнийг Баян-Өлгий аймгийн Г газрын санхүүгээс гаргуулж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж хуульчилсан байгаа. Тийм учраас Г.А нь  2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 5 сар тухайн байгууллагад ажиллаагүй байсан уг хугацааны цалин хөлс болох 2250000 төгрөгийг  Баян-Өлгий аймгийн Г газрын санхүүгээс гаргуулж өгөхийг хүсэж байна. Өөр байгууллагад ажиллаж байсан талаарх лавлагаа ирүүлсэн. Тэр нь энэ хэрэгт ямар ч хамаагүй гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Г газрын дарга Х.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.А-гаас Баян-Өлгий аймгийн Г газрын даргад холбогдуулан тус газрын санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалинтай олговорт нийт 2.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00735 дугаар шийдвэр,Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 212/МА2020/00015 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл хугацаагаар /1 жилийн хугацаатай/ буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

2.Хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Номинтав трейд ХХК-нд, 2019 оны 11дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Юнител ХХК-нд ажиллаж байгаад 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Номин холдинг ХХК-д ажиллаж байгаа юм байна.

3.Нэхэмжлэгч Г.А нь Баян-Өлгий аймгийн Г газарт ажиллаж байхдаа сарын 450,000 төгрөгийн цалин авч байсан бол одоо өмнөхөөсөө их цалин авдаг ажил хийдэг болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж хуульчилсан.

5.Түүнчлэн, Монгол Улсын Нийгмийн хамгаалал,Хөдөлмөрийн Сын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн “а” дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна.

6. Дээрх хууль журмын дагуу нэхэмжлэгч Г.А-гийн Баян-Өлгий аймгийн Г газарт ажиллаж байх үеийн сүүлийн 3 сарын цалингийн  дунджийг тооцвол 404280 /450,000+450,000+3128403 /  төгрөг болж байна.

7.Дээр дурдсанчлан хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А нь 2019 оны 9 дүгээр сард 128,571 төгрөгийн 2019 оны 10 дугаар сард 151,500 төгрөгийн цалин хөлс тус тус авч байсан ба харин 2019 оны 11 дүгээр сараас эхэлж Баян-Өлгий аймгийн Г газарт ажиллаж байх үеийн /өмнөхөөсөө/ цалин хөлснөөс их цалин авч байсан нь нотлогдон тогтоогдож байна.

8.Дээрх хууль журмын дагуу бодогдсон дундаж цалин хөлсний дагуу нэхэмжлэгч Г.А-гийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцоолбол 2019 оны 9 дүгээр сард 275,709(404280-128571) төгрөг, 2019 оны 10 дугаар сард 252780(404280-151500) төгрөг нийт 528489 төгрөгийн тооцоо гарч байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.А-д ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт нийт 528489 төгрөг төлж өгөхөд татгалзах зүйлгүй.Харин нэхэмжлэгч Г.А-гийн илүү нэхэмжилсэн 1.721.511 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Гийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч байгууллагын ирүүлсэн хариу тайлбарыг дэмжсэн байр сууринаас өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна.  Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт буюу Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 735 дугаар шийдвэрээр урьд нь ажиллаж байсан ажилд нь эргүүлэн тогтоолгох шийдвэр гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаар магадлалаар Г.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл хугацаагаар буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг.  Баян-Өлгий аймгийн Г газрын даргаас шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргаж улмаар гомдлоосоо татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Номинтав трейд ХХК-д, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Юнител ХХК-д, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Номин холдинг ХХК-д ажиллаж байгаа болох нь тогтоогдсон байна. Г.А нь Баян-Өлгий аймгийн Гийн газарт ажиллаж байхдаа сард 450000 төгрөгийн цалин авч байсан нь үнэн. Одоо өмнөх цалингаасаа их цалин авдаг болох  нь дээр дурдсан нийгмийн даатгалын хэлтсээс авсан баримтаар тогтоогдож байна. Нэгэнт хуулийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул энэ хүн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу цалингүй байсан нөхөн олговроо гаргуулах эрх нь байгаа энэ дээр маргаан байхгүй. Гэхдээ хуулийн уг заалтаас үзэхэд энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж хуульчилсан байдаг. Нөгөө талаас Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Сын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн а дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна. Дээрх хууль журмын дагуу нэхэмжлэгч Г.А-гийн  Баян-Өлгий аймгийн Г газарт ажиллаж байх үеийн сүүлийн 3 сарын цалингийн дунджийг тооцвол 404280 төгрөг болж байна. Дээр дурдсан хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А нь 2019 оны 09 дүгээр сард 128571 төгрөгийн 2019 оны 10 дугаар сард 151500 төгрөгийг тус тус авч байсан ба харин 2019 оны 11 дүгээр сараас эхэлж Баян-Өлгий аймгийн Г газарт ажиллаж байх үеийн цалин хөлснөөс их цалин авч байсан нь нотлогдож байгаа учраас дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх хууль журмын дагуу бодогдсон дундаж цалин хөлсний дагуу нэхэмжлэгч Г.А-гийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцоолбол 2019 оны 09 дүгээр сард 275709 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 252780 төгрөг нийт 528489 төгрөг гарч байгаа үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй харин нэхэмжлэгч Г.А-гийн илүү нэхэмжилсэн 1721511 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 10 дугаар сараас эхлээд өөр байгууллагад ажиллаж байсан, цалин авч байсан асуудал үүнд хамаагүй гэж тайлбарлаж байгаа боловч эцсийн эцэст шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэр гаргах нь тодорхой. Үүнд өөр байгууллагад ажиллаж байсан бол хамаагүй гэдэг нэмэлт заалт байхгүй. Хэрэв бага цалинтай ажиллаж байсан бол зөрүүтэй цалинг олгоно гэсэн байгаа. Иймд хариуцагч байгууллагын хариу тайлбар үндэслэлтэй байх тул үүний дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс хариуцагч Баян-Өлгий аймгийн Г газрын дарга Х.П-д холбогдуулан нэхэмжлэгч Г.Агийн  ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

 Нэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийн талаар

1.1 Нэхэмжлэгч Г.А-г Баян-Өлгий аймгийн Г газрын даргын 2019 оны 09-р сарын 02-ны өдрийн Б/22 тоот тушаалаар гэрээт ажилтнаас чөлөөлсөн байх бөгөөд түүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2019/00735 дугаар шийдвэрээр Г.А-г Баян-Өлгий аймгийн Г газрын гэр бүл,хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байжээ.

Уг шийдвэрийг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцэж 212/МА2020/00015 дугаар магадлалаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2019/00735 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...нийгмийн ажилтны ажилд” гэсний дараа “талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасан боловч уг гомдлоосоо татгалзсанаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 001/ШЗ2020/00258 дугаартай шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсон байх бөгөөд нэхэмжлэгч Г.А-г  талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар эгүүлэн тогтоосон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2020/00015 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

1.2 Улмаар нэхэмжлэгч Г.А-гаас  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Баян-Өлгий аймгийн Гийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны  цалин, хөлстэй тэнцэх олговроо шаардсан байжээ.

Гэтэл хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч Г.А нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өөр байгууллагад ажиллаж тус газарт ажиллаж байх үеийн  цалин хөлснөөс их цалин авч байсан нь нотлогдон тогтоогдож байгаа тул 2019 оны 09 дүгээр сар болон 10 дугаар сарын цалингийн зөрүүг олгохыг зөвшөөрч байна гэж тайлбарлаж маргажээ.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнсэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж хуульчилсан байна.

Тус хуулийн заалтад ажилтныг ажлаас буруу халсан, буруу шилжүүлсэн үеийн олговрын талаар зохицуулсан. Ажлаас буруу халсан үед ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгогдох бөгөөд үүнээс биш ажилгүй байсан хугацаанд ажилтан өөр байгууллагад, өөр ажил эрхэлж, бага, эсхүл их цалин авч байсан тохиолдолд халагдсан ажилдаа урьд авч байсан дундаж цалингийн зөрүүг олгоно гэж тайлбарлахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүг олгоно гэдэг нь тухайн ажил олгогч ажилтныг бага цалинтай ажлын байранд хууль бусаар шилжүүлсэн тогтоогдсон тохиолдолд зөрүүг нь олгох ойлголт юм.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь ажилтны цалин бус, албан тушаалтны буюу ажил олгогчийн захиргааны санаачилгаар ажилтныг ажлаас нь үндэслэлгүй халсан тохиолдолд түүний ажлаа хийж байхдаа авах ёстой байсан цалин хөлсийг гаргуулна гэдэг нь албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол гэж үзлээ. Нэгэнт ажил хийгээгүй тул хохирлыг урьд авч байсан цалин хөлсний дундажтай тэнцүүлж ажилгүй байсан бүх хугацаанд гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлээр зохицуулсан байна.

Ажилтан ажлаас халагдсан үедээ өөр байгууллагад хөдөлмөр эрхэлсэн байдлыг ажилгүй байсан хугацаанд оруулан тооцохгүй байх талаар Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулалт байхгүй.

1.3 Нөгөөтээгүүр ажил олгогч нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаандаа ажиллуулж ажилтныг ажлаас нь чөлөөлөөгүйн улмаас нэхэмжлэгч Г.А-гаас гэрээс хол газар явж Улаанбаатар хотод очиж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Номинтав трейд ХХК-нд, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Юнител ХХК-нд ажиллахгүй байсан бөгөөд нэхэмжлэгчээс эдгээр байгууллагуудад зохих хөдөлмөрөө эрхэлж, эрхэлсэн хөдөлмөрийн үр дүнд тус байгууллагуудаас олгосон цалин хөлс нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Г газраас нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үндэслэл нь

2.1 Хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2020/00015 дугаар магадлалаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2019/00735 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...нийгмийн ажилтны ажилд” гэсний дараа “талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар” эгүүлэн тогтоож нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд нэхэмжлэгч Г.А-тай  хариуцагч  Баян-Өлгий аймгийн Г газрын дарга нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг нэг жилийн  буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байжээ.

Нэхэмжлэгч Г.А-г ажил олгогч  2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу нэг дэх өдөр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын  01-ний өдөр бүтэн сайн өдөр байсан байх тул шүүхээс 2019 оны 09 дүгээр сарыг бүтэн нэг сараар тооцлоо.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 9 хоног, 2019 онд 4 сар (9,10,11,12) ба нийт 4 сар 9 хоногийн хугацааны нөхөн олговрыг хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Сын 2005 оны 55 дугаар “дундаж цалин хөлс тодорхойлох“ журамд зааснаар нэхэмжлэгчийн ажлаас халагдахаас өмнө авч байсан сүүлийн  3 сарын цалингийн дунджийг тооцвол 404280 /450,000+450,000+3128403 /  төгрөг гарч байгаа боловч хариуцагч Баян-Өлгий аймгийн Г-ийн газрын дарга нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  Б/05 дугаар тушаалаар Г.А-г анх тус газрын гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар томилсон тушаалын 4 дэх заалтад Г.А-г гэрээний дагуу ... 450,000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр цалинжуулж байхаар тушаалдаа  нэрлэн зааж  тодорхой тусгасан байх тул шүүхээс энэхүү тушаалыг үндэслэл болгов.

Иймд нэхэмжлэгч Г.А-гийн  4 сар 9 хоног ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын мөнгө 1,988,370 (450000 х 4 сар +450000/21.5 х 9 хоног) төгрөг гарч байгаа ба үүнээс хариуцагчаас 2019 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчид  олгосон мөнгийг хасаж тооцоход 1,859,799 (1,988,370-128571) төгрөгийг хариуцагч байгууллагын санхүүгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн  390201 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  50950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1,859,799 төгрөгт оногдох 44706 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын санхүүгээс ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт  1,859,799  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгож, илүү нэхэмжилсэн  390201 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Г газрын санхүүгээс  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд оногдох  улсын тэмдэгтийн хураамж 44706 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ЖАРХЫНГҮЛ