Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2021/00016        

 

Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00092 дугаар шийдвэртэй, Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Яайн Сьездийн нэхэмжлэлтэй, аймгийн Гэр бүл, хүүхэд ,залуучуудын хөгжлийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 төгрөг гаргуулах тухай.    

 

Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч Г.А-г Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.П нь гэрээт ажилтнаас хууль бусаар халсныг анхан болон давж заалдах шатны хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлалаар тогтоосон. Хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хяналтын гомдлоосоо татгалзжээ. Ажил олгогчийн буруутай тушаалын улмаас Г.А- нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны дуустал 5 сар ажилгүй байж цалин хөлсөөр хохирч байна. Иймд Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн,газрын санхүүгээс 2.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00735 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 212/МА2020/00015 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл хугацаагаар /1 жилийн хугацаатай/ буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. 2.Хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А- нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж “Номинтав трейд” ХХК-нд, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж “Юнител” ХХК-нд ажиллаж байгаад 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж “Номин холдинг” ХХК-д ажиллаж байгаа юм байна. 3.Нэхэмжлэгч Г.А- нь Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллаж байхдаа сарын 450,000 төгрөгийн цалин авч байсан бол одоо өмнөхөөсөө их цалин авдаг ажил хийдэг болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 4.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж хуульчилсан. 5.Түүнчлэн, Монгол Улсын Нийгмийн хамгаалал,Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн а дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна. 6. Дээрх хууль журмын дагуу нэхэмжлэгч Г.А-гийн Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллаж байх үеийн сүүлийн 3 сарын цалингийн дунджийг тооцвол 404280 /450,000+450,000+3128403 / төгрөг болж байна. 7.Дээр дурдсанчлан хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А- нь 2019 оны 9 дүгээр сард 128,571 төгрөгийн 2019 оны 10 дугаар сард 151,500 төгрөгийн цалин хөлс тус тус авч байсан ба харин 2019 оны 11 дүгээр сараас эхэлж тус газарт ажиллаж байх үеийн /өмнөхөөсөө/ цалин хөлснөөс их цалин авч байсан нь нотлогдон тогтоогдож байна. 8.Дээрх хууль журмын дагуу бодогдсон дундаж цалин хөлсний дагуу нэхэмжлэгч Г.А-гийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцоолбол 2019 оны 9 дүгээр сард 275,709(404280-128571) төгрөг, 2019 оны 10 дугаар сард 252780(404280-151500) төгрөг нийт 528489 төгрөгийн тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.А-д ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт нийт 528489 төгрөг төлж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин нэхэмжлэгч Г.А-гийн илүү нэхэмжилсэн 1.721.511 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00092 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын санхүүгээс ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,859,799 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгож, илүү нэхэмжилсэн 390201 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00735 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 212/МА2020/00015 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл хугацаагаар /1 жилийн хугацаатай/ буюу 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А- нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж “Номинтав трейд” ХХК-нд, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж “Юнител” ХХК-нд ажиллаж байгаад 2020 оны 5 дугаар сарын 01 -ний өдрөөс эхэлж “Номин холдинг” ХХК-нд ажиллаж байгаа юм байна. Нэхэмжлэгч Г.А- нь Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллаж байхдаа сарын 450,000 төгрөгийн цалин авч байсан бол одоо өмнөхөөсөө их цалин авдаг ажил хийдэг болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж хуульчилсан. Түүнчлэн, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн “а” дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна. Дээрх хууль журмын дагуу нэхэмжлэгч Г.А-гийн Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллаж байх үеийн сүүлийн 3 сарын цалингийн дунджийг тооцоолбол 404,280 (450,000+450,000+312,840)/3 төгрөг болж байна. Дээр дурдсанчлан хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А- нь 2019 оны 9 дүгээр сард 128,571 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сард 151,500 төгрөгийн цалин хөлс тус тус авч байсан ба харин 2019 оны 11 дүгээр сараас эхэлж Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллаж байх үеийн /өмнөхөөсөө/ цалин хөлснөөс их цалин авч байсан нь нотлогдон тогтоогдож байна. Дээрх хууль журмын дагуу бодогдсон дундаж цалин хөлсний дагуу нэхэмжлэгч Г.А-гийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцоолбол 2019 оны 9 дүгээр сард 275,709 /404,280-128,571/ төгрөг, 2019 оны 10 дугаар сард 252,780 /404,280-151,500/ төгрөг нийт 528,489 төгрөгийн тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.А-д ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт нийт 528,489 төгрөг төлж өгөх тооцоо гарч байна. Гэтэл шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гэснийг цалин хөлс гэж, эсхүл хохирол гэж, эсхүл олох байсан орлого мэтээр янз бүрээр тайлбарласан төдийгүй хуульд заасан өөр байгууллага гэдэг нь зөвхөн төсөвт байгууллагад хамаарах ёстой мэтээр үзэж холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн, шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00092 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Жич: Нэхэмжлэгч Г.А-гийн эцэг нь болох Ганбаатар гэж хүн Баян-Өлгий аймгийн Шүүхэд олон жил жолоочоор ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Баян- Өлгий аймгийн шүүх тус хэргийн үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байна. Иймд тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзан гарах хүсэлт гаргаж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.П нь гэрээт ажилтнаа хууль бусаар халсныг анхан болон давж заалдах шатны хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлалаар тогтоосон. Ажил олгогчийн буруутай тушаалын улмаас Г.А- нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны дуустал 5 сар ажилгүй байж цалин хөлсөөр хохирч байна.” гэж,  хариуцагч байгууллага “ажилгүй байсан хугацааны цалинг буруу тооцоолсон байна, нэхэмжлэлийн шаардлагаас 528,489 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00735 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 212/МА202020/00015 дугаар магадлалаар “нэхэмжлэгч Г.А-г аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтны ажилд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар  эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШЗ2020/00258 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн төлөөлөгч Х.П, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзсан тул тэднийг гомдол гаргаагүйд тооцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн  4 сар 9 хоногийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 1,988,370 төгрөг гэж тооцож, түүнээс ажил олгогчийн 2019 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчид олгосон 128,571 төгрөгийг хасаж 1,859,799.00 төгрөгийг хариуцагч аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгож шийдвэрлэсэн нь зөв байна. 

Хариуцагч аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь шүүхэд гаргасан “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг судлан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн  41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

                                                                                                            Д.КӨБЕШ