Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00087

 

А.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03558 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/00299 дүгээр магадлалтай,

А.М-ын нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, хувиараа төлсөн эрүүл мэндийн даатгалын төлбөр болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.М нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан “Э” ХХК-ийн дэд захирлын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хувиараа төлсөн төлбөрт 21,000 төгрөг, ээлжийн амралтын олговор тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03558 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т заасныг баримтлан А.М-ыг “Э” ХХК-ийн дэд захирлын туслах албан тушаалын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар “Э” ХХК-аас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,722,301 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.М-д олгож, хувиараа төлсөн эрүүл мэндийн даатгалын төлбөр болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч А.М-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд дахь 21,722,301 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Э” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “Э ХХК”-аас 266,561 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/00299 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “Э” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, хувиараа төлсөн эрүүл мэндийн даатгалын төлбөр 21,000 төгрөг, ээлжийн амралтын олговор тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч А.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн хувьд хууль хэрэглээний буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг зөрүүтэй хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж заасныг үндэслэн дараах үндэслэлээр гомдлоо гаргаж байна.

4.1.Нэхэмжлэгч А.М нь хариуцагч “Э” ХХК-д дэд захирал Ж.Бын туслахаар ажиллаж байгаад 2022.09.07-ны өдрийн Б/735 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” Ерөнхий захирал С.Н-ийн тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас халагдсан. Бодит байдал дээр А.М-ыг 2022.09.01-ний өдөр гүйцэтгэх захирал С.Б нь өрөөндөө дуудаж цаашид хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас халж байгаа тухай амаар мэдэгдэж, дарамталсан байдаг. Үүнийг А.М өөрийн шууд удирдлага болох дэд захирал Ж.Б-д мэдэгдэхэд шууд удирдлагын хувьд өөрийнхөө туслахыг ажлаас халаагүй гэж хэлсэн байдаг. Ингээд А.М нь удирдлагуудын хоорондын ойлгомжгүй харилцааны улмаас өөрийгөө ажлаас халагдсан гэж ойлгосон ч хариуцаж авсан ажлуудаа хийж дуусгасан. Тодруулбал, 2022.09.02-ны өдөр тус байгууллагын үйлдвэрлэлийн албаны төсөвчин Х.З-ын хамт дараа өдөр нь болох барилгачдын баярын арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд гадуур ажиллаж, Б худалдааны төвөөс баярын үйл ажиллагаанд зориулсан хүнс бараа цуглуулах ажлыг гүйцэтгэсэн. Ингэхдээ төлбөр тооцоог А.М-ын дансаар хийсэн байдаг.

А.М-ын хувьд 2022.09.01-ний өдрөөр ажлаас халагдах тушаал гарна гэсэн хүлээлттэй байсан бөгөөд 2022.09.05, 06-ны өдрүүдэд өөрийн ажлаа хүлээлгэж өгөх, ажлаа цэгцлэхээр ажлын байран дээрээ очиж байсан бөгөөд энэ хугацаанд ажлаас халагдсан тухай тушаалаа бичгээр гаргаж өгөхийг хүний нөөцийн албанаас хүссээр байсан боловч хойшлуулсаар 2022.09.07-ны өдөр ерөнхий захирлын Б/735 дугаар тушаалыг гаргаж өгсөн.

Гэтэл энэхүү тушаалд А.Мыг 2022.09.02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалж ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн нь бодит байдлыг гуйвуулсан, ажил олгогчийн зүгээс ажилтныг санаатайгаар илт худал, хууль бус шийдвэр гаргаж хохироосон гэж үзэж байна.

Энэ талаар ажилтан А.М дээрх тушаалыг гардаж авснаас хойш хуульд заасан хугацаанд өөрийн эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд ажилтан А.М нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжит бүх арга хэрэгслээр нотлох баримтыг цуглуулж бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд гэрч асуулгаж, байгууллагын цагийн бүртгэлийн системд үзлэг хийлгэх, байгууллагын бусад ажилчид, удирдлага нартай харилцаж байсан цахим захидал харилцаандаа үзлэг хийлгэх зэргээр өөрийн зүгээс бүх нөхцөл боломжийг ашигласан.

Аливаа цаг бүртгэлийн болон санхүүгийн гэх мэт программууд нь хүний үйлчлэлээр засвар өөрчлөлт оруулах боломжтойгоор хийгддэг. Хариуцагч байгууллагын цагийн системд шүүхээс хийсэн үзлэгийн хүрээнд тухайн системдээ өөрчлөлт оруулсан нь харагддаг. Тодруулбал, 2023.10.06-ны өдрийн шүүхийн үзлэгээр 2022.09.02, 05, 06-ны өдрийн систем дэх утгыг ирсэн, явсан цаг гэсэн утгаар хайхад А.М-ыг ажилдаа ирээгүй буюу тасалсан гэж бүртгэсэн байдаг. Гэсэн атлаа хоцролт гэсэн утгаар хайхад тухайн өдрүүдэд 10 минут гэх зэрэг утга илэрдэг. Нэгэнт ажил тасалсан, огт ирээгүй бол хоцролт гэдэг утга дээр ч мэдээлэл гарч ирэх боломжгүй байх байсан.

4.2.Анхан шатны шүүхээс А.М-ыг 2022.09.02, 05, 06-ны өдрүүдэд ажил таслаагүй болохыг гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс хийсэн ажиллагааны үеийн тэмдэглэлд үндэслэн тогтоосон нь үндэслэлтэй байсан. Улмаар А.М-ыг ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.3-т заасныг тус тус үндэслэл болгоод “... гэтэл А.М-д 2022.09.07-ны өдрийн 6/735 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэх гэж буйгаа мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогддог боловч хуульд зааснаар түүнээс тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийсэн болох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч өөрийн боломжит байдлаар баримтуудаа шүүхийн журмаар бүрдүүлж /хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, шууд удирдах албан тушаалтны гарын үсэг бүхий тайлбар, дансаараа мөнгө шилжүүлж байсан баримт, бусад ажилтнуудтай харилцаж байсан цахим баримтууд гэх мэт/ нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг огт үнэлэлгүйгээр зөвхөн хариуцагчаас гарган өгсөн цаг бүртгэлийн программын мэдээлэл бүхий баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчиж нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй тал бүрээс нь үнэлээгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.3.Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 9-д “хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж, тайлбар аваагүй нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн хэрэглээний талаар анхан шатны шүүхээс зөрүүтэй шийдвэр гаргасан. Маргаан бүхий тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг үндэслэл болгосон бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулж буй агуулга байгаа гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” тухай зохицуулалт нь бие даасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд тусгайлан хуульчилсан. Энэ утгаараа тус хуулийн 80.1.4-д заасныг үндэслэн хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тохиолдол бүр нь ажилтны сахилгын зөрчилтэй холбоотой шийдвэр бөгөөд цаад утгаараа сахилгын зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулж буй хэлбэр мөн. Иймээс тус хуулийн 80.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар урьдчилан мэдэгдэж, тайлбар авах ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2022.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийн заалт нь аливаа сахилгын зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхийн тулд ажилтанд урьдчилан мэдэгдэж тайлбар авах, сонсох ажиллагаа хийх, ажилтан гаргасан байж болзошгүй зөрчилдөө аливаа хүндэтгэх шалтгаан, үл ойлголцол гарсан эсэхийг урьдчилан тодруулж, ажилтны эрх ашиг сонирхол зөрчигдөх нөхцөлийг багасгах ач холбогдол бүхий зохицуулалт нэмэгдсэн. Энэ утгаараа тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан процессыг тус хуулийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх үед ч баримтлах шаардлагатай, харилцан уялдаатай зохицуулалтууд гэж үзэж байна.

Иймд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.11-ний өдрийн 001/ШХТ2024/00436 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч А.М нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд  эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэндийн даатгалд хувиараа төлсөн 21,000 төгрөг, ээлжийн амралтын олговрыг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...дэд захирлын туслахаар ажиллаж байсан, 2022.09.01-ний өдөр  гүйцэтгэх захирал С.Б өөрийн өрөөнд хүний нөөцийн ерөнхий менежер, санхүү бүртгэлийн албаны ерөнхий нягтлан нарын хамт  дуудаж “цаашид ажиллуулахгүй, цалин хөлс олгохгүй” гэсэн. Хүний нөөцийн ерөнхий менежер рүү утсаар залгаж асуухад “ тушаалыг 09 сарын 01-ний өдөр гаргаж өгье” гэсэн боловч  тушаал гаргаж өгөөгүй. Дэд захирал Ж.Б-д энэ талаар хэлсэн, ...маргааш ажилдаа ирж ажиллаарай гэсэн тул  09 сарын 02-ны өдрөөс ажлаа хийж хүний нөөцийн ерөнхий менежерээс тодруулахад...маргааш барилгачдын баяртай учраас завгүй байна, чиний тушаалыг боловсруулж амжаагүй байна гэж хэлсэн. Би барилгачдын баярын зохион байгуулах комисст нь ажиллаж байсан, иймээс  тухайн өдрөө гадуур явж баярт хэрэглэх хүнсийг Х.З-тай хамт цуглуулсан, маргааш нь баярын зохион байгуулалтын ажилд бүтэн оролцсон. Мөн 2022 оны 09 сарын 05, 06-ны өдрүүдэд оффис дээр бүтэн ажилласан. Гэтэл намайг 02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас халах тухай компанийн ерөнхий захирлын 2022.09.07-ны өдрийн Б/735 дугаар тушаалыг 2022.09.13-ны өдөр гардуулан өгсөн. Тушаал хууль бус тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь сахилгын давтан зөрчил болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийг гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Өмнө нь 2021.09.01-ний болон 2022.07.01-ний өдрийн тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, мөн 2022 оны 09 сарын 02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан, эдгээр зөрчлийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн, тооцоог хийж дуусгасан нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “ ... 2022.09.07-ны өдрийн б/735 дугаар тушаалд ... нэхэмжлэгчийг 2022 оны 09 сарын 02,05,06-ны өдрүүдэд ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан ... гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-дэх хэсгийн 2 үндэслэл   заасан боловч хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь  тухайн өдрүүдэд ажил таслаагүй, удирдлагаасаа өгсөн үүрэг даалгаврын дагуу барилгачдын баярын арга хэмжээний зохион байгуулалтад үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдсон, түүнчлэн хуульд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан  сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгчээс  тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, иймээс ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. 2021.09.01-ний өдрийн Б/687 дугаар тушаалаар А.М-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч уг тушаалд 2021.09.23-ны өдөр ажил тасалсан гэх үндэслэл заасан нь зөрчилтэй, өөрөөр хэлбэл,  цаг хугацааны хувьд зөрүүтэй байна, 2022.07.01-ний өдрийн Б/532 дугаар тушаалаар нэхэмжлэгчид ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авсан нь тогтоогдсон боловч түүнийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг б/735 дугаар тушаалд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Учир нь, хөдөлмөрийн гэрээний 7.2.1.1-т ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Нэхэмжлэгч 2022.09.06-ны өдөр нийт 03 цаг ажилласан болох нь тогтоогдсон тул гэрээнд заасан 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй. Харин анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх тушаалын сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлтэй холбоотой баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. 2022.07.01-ний өдрийн Б/532 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 60 минут ажил тасалсан үндэслэлээр түүнд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 02, 05-ны өдөр тус тус ажил тасалсан болох нь шүүхээс хариуцагч байгууллагын цагийн бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.3-т ажлын цагийг баримтлах гэснийг зөрчиж, сахилгын зөрчил давтан гаргасан байна. Иймээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж, тайлбар аваагүй нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэжээ.

11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, хууль хэрэглэх асуудлаар зөрүүтэй дүгнэлт хийсэн  тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

12.Хариуцагч “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2022.09.07-ны өдрийн б/735 дугаар тушаалын үндэслэлд заасан сахилгын ноцтой болон давтан зөрчлийг нэхэмжлэгч А.М  гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн нь хуульд нийцээгүй ба тус шүүх нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхдээ дараах нөхцөл байдлыг анхаараагүй байна.

13.Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч А.М-тай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.2.1.1, 7.2.1.5 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 13.6.3, 13.6.13 дахь заалтуудыг тус тус баримталж, ноцтой болон сахилгын давтан зөрчил гаргасан буюу 2022 оны 09 сарын 02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан гэж тодорхойлжээ.

14.Хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд үүнд, 7.2.1.1-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан...”, 7.2.1.5-д  “сахилгын зөрчлийг 2 удаа давтан гаргасан, эдгээрийг аль алиныг ноцтойд тооцно гэж тусгасан  байна.

б/735 дугаар тушаалд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах “ноцтой” болон “сахилгын давтан зөрчил”-ийг аль алиныг гаргасан гэсэн байх боловч  2022 оны 09 сарын 02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан гэснээс өөр тухайлбал, өмнө  сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээж байсан тухай заагаагүй байна.

Гэвч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийг  2021.09.01-ний өдөр, 2022.07.01-ний өдөр тус тус сахилгын арга хэмжээ авагдсан, улмаар 2022 оны 09 сарын 02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан нь ноцтойгоос гадна давтан зөрчлийн шинжийг агуулсан гэж тайлбарлаж, эдгээртэй холбоотой Б/532, Б/687 дугаар бүхий  2 тушаалыг  нотлох баримтаар гаргасан байна.

 Нэхэмжлэгч нь 2022.07.01-ний өдрийн Б/532 дугаар тушаалаар ажлаас 60 минут хоцорсон үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээсэн талаар маргаагүй, бусад буюу 2021.09.01-ний өдрийн Б/687 дугаар, ажлаас халсан 2022.09.07-ны өдрийн б/735 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, энэ хүрээнд зохигч мэтгэлцжээ.

15.Нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2021.09.01-ний өдрийн Б/687 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй, уг тушаалд заасан зөрчил гаргасан гэх цаг хугацаа тушаал гаргасан огнооноос хойш байгаа нь тухайн тушаалыг ойлгомжгүй, зөрчилтэй болгосныг шүүх дүгнэсэн нь зөв байна.

Харин хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан 2022.09.07-ны өдрийн б/735 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар өөр өөр дүгнэлт хийжээ.

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох, ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд  заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхийг, мөн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргахыг тус тус заасан байна. 

Тодруулж хэлбэл, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг болон  шийтгэл ногдуулахдаа ажилтанд мэдэгдэж, түүний үгийг сонсож, улмаар гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэж, шийтгэл ногдуулсан шийдвэрийг танилцуулж, хувийг хүлээлгэн өгөх журмыг хуулиар тогтоосон байна.

17.Хэргийн баримтаас үзэхэд 2022.09.01-ний өдөр “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нь нэхэмжлэгч А.М-ыг хүний нөөцийн ерөнхий менежер, санхүүгийн албаны ерөнхий нягтлан нарын хамт дуудан уулзаж, түүнийг цаашид ажиллуулахгүй, цалин хөлс олгохгүй буюу ажлаас халах тухай мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон, гэвч тухайн өдөр ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан ямар үндэслэлээр цуцлах болсон, энэ тухай шийдвэрийг хэзээ гаргах, ажилтан хэдий хүртэл ажил үүргээ гүйцэтгэх, ажлыг хүлээлцэх хугацаа зэргийг тодорхой тайлбарлаагүйгээс ойлгомжгүй байдал бий болсон нь нэхэмжлэгчийн тайлбар,  хамт байсан гэрч Т.Т болон нэхэмжлэгчийн шууд удирдлага болох дэд захирал Ж.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

18.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ ажил олгогч ажилтанд тайлбарлаж танилцуулах үүрэгтэйг  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.10-т заасан байх бөгөөд дээрхээс үзвэл энэ  үүргээ ажил олгогч  биелүүлээгүй гэж үзэхээр байна.

19.Нөгөө талаар, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргахдаа өмнө буюу 2022.09.01-ний өдөр ажлаас халах талаар мэдэгдсэнээс хойш болсон 09 сарын 02, 05, 06-ны өдөр ажил тасалсан гэх үйл явдлыг ноцтой зөрчилд хамааруулж үндэслэсэн байх  бөгөөд уг зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүйг анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэсэн.

20.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг 2022.09.06-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэсэн, харин 02-ны  болон 05-ны өдөр ажил тасалж  хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, улмаар  дээрх өдрүүдэд нэхэмжлэгчийг ажилласныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй гэх агуулгаар үнэлж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн давж заалдах шатны шүүхээс фэйсбүүк /facebook/-ийн харилцан яриа, вайбер /viber/-т хийсэн үзлэгээр илэрсэн нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэсэн нь үндэслэл муутай байна.

21.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах ба нэхэмжлэгч өөрийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа тус тус гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

21.1.Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд өөрсдийн нотлох баримтыг шүүхэд гаргаснаас гадна зарим нотлох баримтыг хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлсэн байна. Үүний дотор зохигч хэн  аль нь хүсэлт гаргасны дагуу шүүх  гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг хийжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох ба зохигчийн хүсэлтээр “Э” ХХК-ийн ажилтан болох Ж.Б, Х.З, Т.Т нарыг шүүх гэрчээр асуухдаа зохигч, тэдгээрийн төлөөлөгчийг оролцуулсан, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна.

Эдгээр гэрч нь бусдаас дамжуулж мэдсэн зүйлээ ярьсан бус,  маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд мэдэх буюу өөрийн үзсэн, сонссон, нэхэмжлэгчтэй хамт байсан үйл баримтыг  гэрчилжээ. Иймээс эх сурвалж тодорхой гэрч нарын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх өөр баримтаар давхар нотлогдох агуулгатай дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 43 дугаар зүйлд нийцээгүй байна.

21.2.Хариуцагчаас ажлын  цагийн бүртгэлийг нотлох баримтаар гаргасан,  уг бүртгэлд нэхэмжлэгчийн  2022 оны 09 сарын 02,05,06-ны өдөр ажилд ирсэн болон ажлаас  тарсан цаг бүртгэгдээгүй байжээ.

Дээрх баримттай холбоотой  нэхэмжлэгч цагийн бүртгэлийн программд үзлэг хийх хүсэлт гаргаж, шүүх уг ажиллагааг хийсэн, үзлэгээр 2022.09.01-ний өдрөөс 09.07-ны өдрийг хүртэл хугацааны цагийн бүртгэлийг шалгахад 09 сарын 02 болон 05-ны өдөр нэхэмжлэгчийн ажлын цаг бүртгэгдээгүй байх  боловч 09 сарын 01-30-ны өдөр хүртэл нийтэд нь шалгахад  ажиллах цаг 208, хоцорсон цаг 0.17, тасалсан цаг 54 гэж гарсан байх ба  цагийн бүртгэл зөрүүтэй гарчээ.

Тухайн байгууллага ажилчдын цагийг тусгай программаар бүртгэдэг байж болох ч бодит байдалд нэхэмжлэгчийн “ тушаал гаргаагүй тул өөрийн шууд харьяалах дэд захирал Ж.Б-ын үүрэг болгосноор  ажил үүргээ гүйцэтгэсэн, 09.02-ны өдөр  барилгачдын баярын зохион байгуулалтын ажилд оролцож Х.З-тай хамт хүнс цуглуулсан, маргааш нь амралтын өдөр баярын үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцсон, 09.05-06-ны өдөр ажилласан” гэсэн тайлбар нь  гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тохиолдолд ажилласан нь цагийн бүртгэлд бүртгэгдээгүй гэж, улмаар ажил тасалсан гэж үзэх нь өрөөсгөл болно.

Иймд хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

22.Дээр дурдсанаас дүгнэхэд хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан  нэхэмжлэгчийг ажлаас хална гэж мэдэгдээд зохих тушаал шийдвэр гаргаагүй, ойлгомжгүй байдлыг бий болгосон атлаа уг өдрөөс тушаал гарах өдөр хүртэл  ажил тасалсан үндэслэл зааж  ажлаас халах шийдвэр гаргаж байгаа нь  хөдөлмөрийн гэрээний талууд тэгш харьцах, ажил олгогч  аливаа давуу байдал бий болгохгүй байх зарчимтай нийцэхгүй байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгчийг тушаалд заасан хугацаанд ажлаа тасалсан үйлдэл гаргасан гэж үзэх хангалттай баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/00299 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Агийн гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024.03.13-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2024.03.14-ний өдөр төлсөн 196,362 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                                 

ШҮҮГЧИД                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД