| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0072/Э |
| Дугаар | 0031 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 0031
П.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 171/2019/0072/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Ж
Шүүгдэгч П.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г
Хохирогчийн өмгөөлөгч О.Ц
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолтой, П.Эд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Э түүний өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ү овогт П-н Э.
Шүүгдэгч П.Э нь 2014 оны 10 дугаар сард 5 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-19-59 тоотод оршин суух Ю.М-аас “Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө” гэж хуурч 30.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ү овгийн П-н Э-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийг хуурч 30.000.000 төгрөг залилсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч П.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож, П.Э-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар П.Э-ээс 27.350.000 төгрөг гаргуулан хохирогч “ТОПМОСТ” ХХК-д олгосугай.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдлыг нотлох ёстой. Гэтэл анхан шатны шүүх 2014 оны 10 дугаар сард Ю.М-аас 30 000 000 төгрөгийг бэлнээр болон дансны гүйлгээгээр авсан үйл баримт тогтоогдож байна гэжээ. Харин “Топмост" ХХК-ийн данснаас П.Э-н данс руу 10 000 000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан байдаг. Уг баримтын гүйлгээний утга хэсэгт “Барилгын материалын үнэ” гэж бичигдсэн. "Топмост” ХХК- ийн зүгээс П.Э-ийн данс руу шилжүүлсэн өөр баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүх зөвхөн гэрч нарын эх сурвалж нь тодорхойгүй, хохирогчийн эргэлзээтэй нотлогдоогүй мэдүүлгээр Ю.М-аас П.Э нь 30 000 000 төгрөг авсан гэж дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байдаг.
Тус хэрэгт хохирогчоор Ю.М-ыг тогтоосон. Гэтэл шүүхийн шийдвэрт “Топмост” ХХК-нд олгохоор заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан. Хэрэв П.Э-ийг гэм буруутайд тооцож байгаа бол хохирогч нь Ю.М байхаас "Топмост ХХК нь биш юм. Учир нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүн, хуулийн этгээд нь өөр өөр статустай оролцдог субъект юм. Тэгэхээр П.Э нь "Топмост” ХХК-нд 27 350 000 төгрөг төлөх ёсгүй юм. “Топмост” ХХК нь энэ хэргийн ямар нэг оролцогчоор ороогүй бөгөөд шүүх түүнийг шийтгэх тогтоолдоо хохирогч. иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй хохирогчийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үедээ хохирогчоор тогтоосон мэтээр зааж шийтгэх тогтоолын 3 дахь заалтанд “хохирогч...” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан. Нөгөөтэйгээр энэхүү эрүүгийн хэрэг нь иргэн хоорондын иргэний эрх зүйн харилцаа бөгөөд гэмт хэргийн шинжгүй.
Мөн П.Э-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж уг гэмт хэргийг тодорхойлсон. Тэгэхээр П.Э Ю.М нарын хооронд өмнө хэн алиндаа мөнгө зээлж. өгөлцдөг байнгын харилцаатай байсан эсэх нь тогтоогдох ёстой гэвч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Гэтэл прокурор болон анхан шатны шүүх дан ганц хохирогчийн мэдүүлгээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлгүй дүгнэлт гаргаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч П.Э давж заалдах гомдолдоо:
... Тус хэрэгт хохирогчоор оролцож буй Ю.М нь өөрөө санхүүгийн болон эрх зүйн боловсролтой, олон жил банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан, намайг бодвол санхүүгийн болон хуулийн сургууль төгссөн хүн бөгөөд надад залилуулаад байхаар хүн биш. Харин надаас олон жил элдэв худал, үнэн зовлон тоочиж мөнгө зээлж аваад эргүүлэн төлөлгүйгээр өдийг хүрсэн. Ю.М нь 2014 онд 10 сая төгрөгийг надад өмнөх өрөндөө тооцож шилжүүлэхдээ барилгын материалын үнэ гэж худал бичиж өгсөн. Энэ нь өөрийгөө хамгаалж хожим надаас авсан мөнгөө өгөхгүйгээр хааж, өөрийнхөө өгсөн мөнгийг эргүүлж авах арга нь байсныг одоо л мэдлээ.
Миний хувьд хүнд итгэмтгий, тусархаг байдлаасаа болж Ю.М-ыг дүү шигээ санаж олон жилийн өмнөөс тогтмол мөнгө зээлдүүлж ирсэн. Харин уг байдлыг прокурор урьдын харилцааны явцад олж итгэлийг урвуулсан гэж бодит байдлаас эсрэгээр нь дүгнэж намайг буруутгаж үүнийг үндэслэн анхан шатны шүүх хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
Мөн мөрдөгчийн хууль зөрчиж авсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн худал мэдүүлэг, мэдүүлгээсээ зөрүүтэй гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл зэргийг үндэслэн прокурор болон анхан шатны шүүх хохирсон гэх Ю.Мын талд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Миний бие "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчид үйлдвэрийн газарт насаараа ажиллаж эцэст нь хөдөлмөрийн чадвар алдаж, тахир дутуугийн тэтгэвэрт гарсны дараа өөрийн ариун цагаан хөдөлмөр болон ах дүүсийн тусламж дэмжлэгээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болсон. Уг бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байх үед хүн залилах нь битгий хэл өөрөө харин хүнд тус дэм болж, Ю.М мэтийн зальт шунахай хүмүүст- залилуулж өдийг хүрсэн. Ийм байтал надаас мөнгө байнга авч байсан Ю.Мыг хохирогч гэж тогтоогоод түүний үгэнд бат итгэж, харин миний хэлсэн үгийг худал гэж тооцож Худалдаа хөгжлийн банкны зээлийн элийн засагч А.Г, бусад гэрч нарын мэдүүлэг, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Ю.М нь татварын байцаагч, хууль бусаар архи худалдагч С, А нарыг ашиглан худал мэдүүлэг цагдаад өгүүлж, үүнийгээ шүүх хуралдаан дээр зөрүүтэй байдлаар мэдүүлж, уг байдлыг үндэслэн анхан шатны шүүхээс намайг гэмт буруутайд тооцож, 27 350 000 төгрөгийг гаргуулж байгаа нь илт үндэслэлгүй байна.
Иймээс Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/57 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Эт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бүх ажиллагааг хянан үзэв.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Эийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Ю.Мыг хуурч 30 000000 төгрөг залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх дээрх гэмт хэрэг нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны хооронд үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдснээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн бана гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Э-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.д зааснаар П.Э-ээс 27 350 000 төгрөг гаргуулж хохирогч Топмост ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Э-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгдэгч нь хохирогч Ю.М-аас хэдэн сарын хэдний өдөр хэдэн удаагийн үйлдлээр, дансаар эсхүл бэлнээр хэдэн төгрөг авсан, үүнээс хэдэн төгрөгийг хэдийд яаж төлсөн, 30 000 000 төгрөгийг ямар үндэслэлээр урьдын харилцааны байдлыг ашиглаж залилсан гэж дүгнэж байгаа, гэмт хэргийн санаа зорилго хэдийд үүссэн зэрэг залилах гэмт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудад тодорхой дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн , харьцуулан шинжилж гэрч хохирогчийн мэдүүлгийн нотломжийн түвшин агуулгыг эрх зүйн ухамсрын удирдлага болгон үнэлж дүгнэж шийдвэрлээгүй, дүгнэлтэнд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Мөн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан холбогдох заалтыг баримтлаагүй,
хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогчоор Ю.М тогтоогдсон байхад хохирогчоор тогтоогдоогүй Топмост ХХК-нд хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Э-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч П.Э түүний өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
3. Хавтаст хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА