Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 24

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай                     

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 621 дүгээр шийдвэртэй.

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 1 дүгээр 60 айлын орон сууцны 5-56 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ90070536, Цорос овогт Бадамсамбуугийн Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.а.Н.эт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч У аймгийн Н э-ийн дарга Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1990 онд төрсөн, 28 настай. Би 2012 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 2013 оны 4 дүгээр сараас эхлэн У.а.Н.эт Хүний нөөцийн менежерийн ажилд томилогдон, түүнээс хойш 5 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Миний бие нь ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн юм. Гэтэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/125 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3 дахь хэсэг, мөн хөдөлмөрийн гэрээний 2.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн намайг хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/217 тоот тушаалаар надад 1 сарын хугацаанд үндсэн цалинг 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрснөөр миний бие сахилгын шийтгэлгүйд тооцогдсон. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 тоот тушаалаар надад 2 сарын хугацаанд үндсэн цалинг 15 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Энэ нь надтай холбоотой зөрчил биш, эмнэлгийн санхүүгийн баримтад аудитаар илэрсэн нягтлан, дарга нартай холбоотой зөрчил байхад надад арга хэмжээ авсан бөгөөд эхний сахилгын шийтгэлийн хугацаа дууссан байхад удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

...Мөн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/125 тоот тушаал нь намайг ээлжийн амралттай байх хугацаанд гарсан. Хууль зөрчсөн тушаал юм. Би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Иймд намайг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь тус эмнэлэгт хүний нөөцийн менежерээр ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа хайнга хандаж хийвэл зохих ажлаа бүрэн гүйцэд хийж байгаагүй, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, ажлын зохион байгуулалт эмх цэгц сул, хариуцлагагүй ажиллаж байсан нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн албан шаардлага, Эрүүл мэндийн газрын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид тодорхой дурдагдсан байгаа.

Б.Б нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 тоот тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэл надад хамааралгүй, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэлээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг зогсоосон нь буруу гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 дугаар тушаалд Б.Б ямар нэгэн гомдол гаргаагүй учир уг тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Үүнээс хойш 9 сарын дараа хийгдсэн Эрүүл мэндийн газрын хяналт үнэлгээгээр Хүний нөөцийн менежерийн хариуцсан ажилд тодорхой зөрчлүүд байсаар байгаа нь илэрсэн, мөн ажлаа сайжруулах талаар анхаарахгүй хариуцлагагүй хандан зөрчил гаргасаар байгаа тул ажлаас чөлөөлөх шийтгэл оногдуулсан юм.

...Б.Б нь намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан гэж байна. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 13-ны орой Улаанбаатар хот руу явсан. 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Герман улсад сургалттай байсан тул тушаалаа урьдчилаад гаргаад явсан. Гэхдээ 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөлөхөөр тушаалаа гаргасан байгаа. Ээлжийн амралт нь дууссаны дараа чөлөөлөхөд зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа нь хэтрэх учраас урьдчилаад тушаалаа гаргасан. Иймд Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “...Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б-г 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/125 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарыг гаргасан боловч шүүх нөхцөл байдлыг бодитой үнэлээгүй байна.

Б.Б-гийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн. 2018 оны аймгийн Эрүүл мэндийн газрын 5 дугаар сарын зөвлөмжинд заагдсан хүний нөөцийн менежерийн хийх ажпыг хийж хэрэгжүүлээгүй тухай гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах тухай заагдсан учир дахин давтан сахилгын зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан болно.

2016 оны сахилгын шийтгэл нь тухайн ондоо аваад хугацаа дууссан. Энэ удаагийнх нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авагдсан байгаа тул давтан гаргасан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 2 удаа сахилгын зөрчил гаргасан.

Иймд Увс аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 621 дүгээр  шийдвэрийг хүчингүй болгож, Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцүүлэн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч У.а.Н.эт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдоогүй“ гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн “Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байгаа. 2018 оны аймгийн Эрүүл мэндийн газрын 5 сарын зөвлөмжинд заагдсан хүний нөөцийн менежерийн хийх ажлыг хийж хэрэгжүүлээгүй тухай гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах тухай заагдсан учир Б.Б-г дахин сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн“ гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

У.а.Н.э-ийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/125 дугаартай тушаалаар тус эмнэлэгийн хүний нөөцийн менежер Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.2.2 дэх заалтуудыг үндэслэжээ. / хх-17 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор зохицуулсан байдаг. Үүнээс үзвэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдолд дээрх үндэслэл тогтоогдсон байх учиртай.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Б-г дээрхи хуулинд заасан аль үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаараа тушаалдаа тодорхой заагаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нь Б.Б-г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг бичгийн нотлох баримтуудаар нотлоогүй байх бөгөөд Увс аймгийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн эмнэлэгт өгсөн зөвлөмжийг үндэслэн Б.Бг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 тоот тушаалаар үндсэн цалинг 2 сар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн боловч давтан сахилгын зөрчил гаргасан гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “Б.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далин мянга хоёр зуун / төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 621 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далин мянга хоёр зуун / төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                          Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН