Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 621

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: х тоотод оршин суух, Ц овогт Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, гэрч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь х сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт томилогдон, түүнээс хойш 5 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Миний бие нь ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн юм. Гэтэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/125 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3 дахь хэсэг, мөн хөдөлмөрийн гэрээний 2.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн намайг хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/217 тоот тушаалаар надад 1 сарын хугацаанд үндсэн цалинг 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрснөөр миний сахилгын шийтгэлгүйд тооцогдсон. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 тоот тушаалаар надад 2 сарын хугацаанд үндсэн цалинг 15 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Энэ нь надтай холбоотой зөрчил биш, эмнэлгийн санхүүгийн баримтад аудитаар илэрсэн нягтлан, дарга нартай холбоотой зөрчил байхад надад арга хэмжээ авсан бөгөөд эхний сахилгын шийтгэлийн хугацаа дууссан байхад удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсанд гомдолтой байна.

...Мөн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/125 тоот тушаал нь намайг ээлжийн амралттай байх хугацаанд гарсан. Хууль зөрчсөн тушаал юм. Би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Иймд намайг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн х ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

  Хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б нь тус эмнэлэгт ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа хайнга хандаж хийвэл зохих ажлаа бүрэн гүйцэд хийж байгаагүй, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, ажлын зохион байгуулалт эмх цэгц сул, хариуцлагагүй ажиллаж байсан нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн албан шаардлага, Эрүүл мэндийн газрын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид тодорхой дурдагдсан байгаа. Б нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 тоот тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэл надад хамааралгүй, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэлээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг зогсоосон нь буруу гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 дугаар тушаалд Б ямар нэгэн гомдол гаргаагүй учир уг тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Үүнээс хойш 9 сарын дараа хийгдсэн Эрүүл мэндийн газрын хяналт үнэлгээгээр х ажилд тодорхой зөрчлүүд байсаар байгаа нь илэрсэн, мөн ажлаа сайжруулах талаар анхаарахгүй хариуцлагагүй хандан зөрчил гаргасаар байгаа тул ажлаас халах шийтгэл оногдуулсан юм.

...Б нь намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан гэж байна. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 13-ны орой Улаанбаатар хот руу явсан. 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Герман улсад сургалттай байсан тул тушаалаа урьдчилаад гаргаад явсан. Гэхдээ 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөлөхөөр тушаалаа гаргасан байгаа. Ээлжийн амралт нь дууссаны дараа халахад зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа нь хэтрэх учраас урьдчилаад тушаалаа гаргасан. Иймд Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б нь хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Нэхэмжлэгч Б нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт х ажиллаж байгаад Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/125 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.2.2 дэх заалтыг тус тус үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халжээ.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан ба 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/217 тоот тушаалаар Б-д ногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусч тэрээр сахилгын шийтгэлгүй болжээ.

      Харин 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 тоот тушаалаар түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй, тухайн тушаалд нэхэмжлэгч Б гомдол гаргаагүй уг тушаал хүчин төгөлдөр байна.

      Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч Б нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг удаа гаргаж түүндээ Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/196 тоот тушаалаар үндсэн цалинг сар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээжээ. Харин хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдоогүй байна.

      Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ гэж заасан ба түүнийг ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б ажлаас халах тушаал гаргажээ.

    Иймд нэхэмжлэгч Б-г ажлаас үндэслэлгүй халсан нь нотлогдож байх тул нэхэмжлэгч Б-г Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн х ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б-г Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн х ажилд эгүүлэн тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БОЛОР