Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2021/00416

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт  үйл ажиллагаа явуулдаг, ЖХХК-ийн / гүйцэтгэх захирал Х.Д/-д  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Парида, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Д, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наурызбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын үнээс дутуу төлсөн 14.100.000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэхийг хүсжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Паридагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 

Хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д нь 2016 онд Өлгий сумын Засаг даргын 166 дугаар захирамжаар 0.3 га газрыг цэвэр усны үйлдвэр барих зориулалтаар авч 000322206 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Анхны үнээс 900.000 төгрөгийг төлсөн ба харин үлдэгдэл  14.100.000 /арван дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөгийг төлөөгүй өдий хүрчээ. Энэ асуудлаар тус аймаг дахь Төрийн аудитын газраас 2019 онд шалгалт хийж нийт 26 иргэн, ААН-д холбогдох 234.183.500 /хоёр зуун гучин дөрвөн сая нэг зуун наян гурван мянган таван зуун/ төгрөгийн үнийн дүнтэй 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 10/100 дугаартай акт тавьсан байна.Уг актад нэр дурдагдсан 26 иргэн, ААН-ээс 14 иргэн, ААН төлбөрөө бүрэн барагдуулсан боловч үлдсэн 12  нь огт төлөөгүй байна. Энэ талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 53 тоот албан бичгийн хавсралтад жагсаалтаар тодорхой дурджээ.

Нэгэнт газрыг өөрийн эзэмшилд авсан бол хуулийн дагуу анхны үнийг бүрэн төлөх нь  иргэн, хуулийн этгээдийн үүрэг бөгөөд 14 иргэн уг үүргээ биелүүлж 5,6 саягаас 41 сая хүртэл өөрт оногдох төгрөгийг төлсөн байх тул үлдсэн нь мөн адил өөрт оногдох хэмжээгээр төлж төрийг хохиролгүй болгох нь шударга ёсны зарчимд нийцэх юм. Иймд газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай аймгийн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын хүсэлт үндэслэлтэй бөгөөд төр хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа.

Нэхэмжлэлийн дагуу төлбөрийн аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д-аас гаргуулж, хийлгэхээр шийдвэрлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдрийн байдлаар газрын анхны  үнэ нийт 15.000.000 төгрөгөөс Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Днь 900.000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 14.100.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв. 

Хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 онд эзэмшиж авсан 0.3 га газрын анхны үнээс дутуу төлөлт  гэж 14.100.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.2016 оны 08-р сарын 17-ны өдрийн 166 тоот шийдвэрийг үндэслэн Газар эзэмшүүлэгчийг төлөөлж Өлгий сумын Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Бахыт овогтой Аманбектэй газар эзэмшигчийг төлөөлж Ж ХХК захирал Х.Д би энэхүү гэрээг байгуулсан.Тус гэрээний 2.2-т Газрын төлбөрийн хэмжээг заасан 900.000 төгрөгийг газрын анхны үнэ гэж төл гэснээр төлж уг газрын жинхэнэ эзэмшигч болсон билээ.Тухайн үед Газрын албаны мэргэжилтэн тухайн газрын анхны үнэ гэж 15.000.000 төгрөг төлөхөөр мэдэгдсэн бол уг газрыг миний бие авахгүй байсан.Тус газрыг аваад өөрийн зардлаар их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан, жил болгон газар ашиглалтын татвараа төлөөд явж байгаа. Одоо нэхэмжилж буй 14.100.000 төгрөгийг COVID-19 өвчний улмаас үүссэн хэцүү цагт төлөх боломжгүй.

2.Тус газар эзэмших гэрээг Газрын албаны мэргэжилтэнтэй 2016 оны 08-р сарын 19-ний өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний 2.5 дахь хэсэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна гэж тусгасан бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс гэрээнд шаардах хугацаа болох гурван жил өнгөрсөн энэ хугацаанд эрх бүхий байгууллагаас нэг ч удаа надад газрын анхны үнэ төлөх тухай мэдэгдэх хуудас өгч шаардаж байгаагүй.

3.Сумын Засаг даргын 2016 оны захирамж гарахад Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дугаар тушаалыг баримтлаагүй миний буруутай үйл ажиллагаа биш. Тухайн үед ажиллаж байсан Газрын албан холбогдох мэргэжилтнүүд тухайн газрыг өөрсдийн аргачлалаар бодож ийм үнэ төлнө гэснийг төлж тухайн үед 900.000 төгрөгийг төлж авсан юм.Тэрнээс хойш тэр газарт хөрөнгө оруулалт оруулаагүй байхад надад энэ талаар мэдэгдэх бүрэн боломж байхад тэр хугацаанд мэдэгдээгүй улмаас би хөрөнгө оруулалт оруулсан.

4.Хоёр тал газар эзэмших гэрээ байгуулсан бөгөөд тус байгуулсан хоёр талын аль нэгийн эрх ашиг хохироогүй, хохирсон тохиолдолд хохирсон тал өөрөөр хэлбэл Газрын алба намайг шүүхэд өгөх, өгөхөөр болж байгаа тухай мэдэгдэж,шаардах эрх нь байсан боловч ч тийм ажиллагаа 5 жилийн хугацаанд хийгээгүй, энэ хугацаанд миний бие уг газрыг зориулалтын дагуу ашиглаж, жил бүр татварыг нь төлж байсан тул төлөх 14.100.000 төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д-д холбогдуулан газрын үнээс дутуу төлсөн 14.100.000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Прокурор нь төрийн байгууллага болох Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцсон байна.

Хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д-наас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ газрын анхны үнэ гэж 900.000 төгрөгийг төл гэснээр төлсөн бөгөөд  тухайн үед газрын үнэд 15.000.000 төгрөг төлөхөөр мэдэгдсэн бол уг газрыг миний бие авахгүй байсан.Одоо уг газарт бүтээн байгуулалт хийсэн тул буцаах боломжгүй мөн гэрээ байгуулсан өдрөөс гэрээний үүргийг шаардах хугацаа болох гурван жил өнгөрсөн. Тухайн үед газрын үнийг буруу тооцсон албан тушаалтны буруу болохоос миний буруутай үйл ажиллагаа биш тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаарх дүгнэлт

1.1 Газрын тухай хуулийн 32, 33, 44 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших, ашиглах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргасны дагуу тухайн шатны Засаг дарга газар ашиглуулах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоор хуульчилсан.

Тухайн тохиолдолд хариуцагч  Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад “цэвэр усны үйлдвэр байгуулах зорилготой”  газар эзэмших хүсэлт гаргаснаар 2016 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын  нэр бүх иргэн аж ахуйн нэгжид  газар эзэмшүүлэх тухай  166 дугаар захирамжаар Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс батлагдсан схем зургийн дагуу 3000 м.кв газрыг 2330849 регистрийн 0211005041 улсын бүртгэлийн дугаартай ЖХХК-д цэвэр усны үйлдвэрлэлийн зориулалт 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2 дахь заалтаар эзэмшүүлсэн газрын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, ашиглалтын явцад хяналт тавьж ажиллахыг газрын даамал Т.Зангар, Б.Аманбек нарт даалгажээ.

1.2 Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн  34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байна.

Улмаар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 166 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэхийг төлөөлж  Өлгий сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан газрын даамал Б.Аманбек болон Ж ХХК-нийг төлөөлөн  Х.Д нар “иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх” гэрээ байгуулж, 000322206 дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож,  Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д-наас 2017, 2018, 2019, 2020 онуудад газрын төлбөрийг жил бүр тогтмол төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

1.3. Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно” гэж, мөн зүйлийн 36.2-т “Дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна” гэж тус тус хуульчилсан байжээ

Гэтэл хариуцагч ЖХХК-д 2016 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын  “ газар эзэмшүүлэх тухай”  166 дугаар  захирамжаар газар эзэмшүүлэхдээ газрын үнийг Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан “ Газар эзэмших,ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-аар  бус  хүчингүй болсон Зам тээвэр, барилга,хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 206 дугаар тушаалаар баталсан  “ Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-аар тооцож 900.000 төгрөг төлүүлсэн нь тухайн үед хариуцагчтай газар эзэмшүүлэхийг төлөөлж  Өлгий сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан газрын даамал ажилтай одоо Баян-Өлгий аймгийн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Суурь судалгаа мониторинг хариуцсан мэргэжилтэн Б.Аманбекийн хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Харин  хариуцагч Ж ХХК-д Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар буюу Б бүсэд цэвэр усны үйлдвэрлэлийн зориулалтаар 3000 м.кв газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлъё.

а/  Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сум  нь аймгийн зэрэглэлтэй хотод хамаарах бөгөөд түүнд харгалзах 1 м.кв газрын суурь үнэлгээ нь 5000 (50.000.000 суурь үнэлгээ нь / 10000 м.кв) төгрөг болно.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 2-ын “ХАА-н үйлдвэрлэл” гэсний 2-р бүсэд харгалзах итгэлцүүр “1” гэсэн итгэлцүүрийг сонгоно;

в/ 3000 м.кв газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

5000 төг /м.кв х 1 х 3000 м.кв = 15.000.000 /арван таван сая / төгрөг болж байна. Үүнээс хариуцагчийн тухайн үед төлсөн 900.000 төгрөгийг хасаж тооцоход 14.100.000 (15.000.000-900.00) төгрөгийг газрын үнээс дутуу төлсөн байжээ.

Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын гарын 10/100 албан шаардлага, аудитор Р.Баярмаагийн тайлбар болон сонсох ажиллагаа хийсэн талаарх мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтаар хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д нь газрын үнээс 14.100.000 төгрөг дутуу төлсөн болох тогтоогдож байгаа бөгөөд тэрээр  Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2-т “Дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна” гэж зааснаар газрын үнээс дутуу төлсөн мөнгийг төлөх үүрэгтэй байна.

1.4  Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий газрыг  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр 000322206 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан тул нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар талууд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын Засаг даргын 2016 оны 166 дугаар захирамжийг үндэслэн иргэн,хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000322206 дугаартай Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч Ж ХХК-д олгосон нь тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн 75.2.2-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй буюу 4 жил 6 сар  14 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.5 Газрын тухай хуулийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж  заасан бөгөөд  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газрын 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Газар эзэмшүүлэх,ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг” баталсан ба уг журмын 11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна. Гэрээнд 4 төрлийн зүйлийг заавал тусгахаар заасны нэгэн буюу  11.2.4 дэх хэсэгт “дуудлага худалдаагаар худалдан авсан үнэ болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнэ, түүнийг төлөх хэлбэр, хугацаа”-г мөн зүйлийн 11.3-д “Дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө”  гэж 11.4-д “.Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана” гэж  тус тус зааснаар газрын үнийг төлсний дараа газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах ёстой байх боловч тухайн үед газрын үнийг буруу тооцож хариуцагчаас газрын үнийг дутуу төлүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул тухайн маргаан бүхий газрыг  дуудлага худалдаагаар худалдаж авч эзэмшиж буй хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д-наас  нэхэмжлэгч байгууллага газрын үнээс дутуу төлсөн мөнгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д-наас газрын үнээс дутуу төлсөн 14.100.000 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан  дахь 100020051005 тоот дансанд оруулж, нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д-наас улсын тэмдэгтийн хураамжид 228450 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.  Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1-д тус тус зааснаар Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д-наас газрын үнээс үлдсэн 14.100.000 ( арван дөрвөн сая нэг зуун мянган ) төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан  дахь 100020051005 тоот дансанд оруулсугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ж ХХК-аас  улсын тэмдэгтийн хураамжид  228450 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЖАРХЫНГҮЛ