Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/хт2024/00069

 

 

С.Р-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/03081 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2024/00108 дугаар магадлалтай,

С.Р-ын нэхэмжлэлтэй

“Х” ХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 15,487,320 төгрөг гаргуулах иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Р нь “Х” ХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 15,487,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/03081 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Р-ын хариуцагч “Х” ХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 15,487,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Р-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2024/00108 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/03081 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч С.Р хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.05-ны өдрийн 183/ШШ2023/03081 дүгээр шийдвэр, мөн нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.10-ны өдрийн 210/MA2024/000108 дугаар магадлалаар С.Р миний нэхэмжлэлтэй “Х” ХК-д холбогдох гэм хорын хохиролд 15,487,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.

4.1. Энэхүү иргэний хэргийг хоёр шатны шүүх зөрүүгүй шийдвэрлэсэн хэдий боловч уг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.Р надад нотариатчийн 2022.10.25-ны өдрийн 0133 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ” гарахаас өмнө талийгаач аав С.С-ын Х-инд дахь 0000 тоот хугацаагүй хадгаламжийн данснаас хамтран данс эзэмшигч М.С-д 12,000,000 төгрөгийг Х бэлнээр олгож, өвлөгчид их хэмжээний хохирол учруулж өвлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн Х-ны буруутай үйлдэл байсаар байхад Х-ийг буруугүй гэж үзсэн нь шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Миний аав С.С нь А тоотын өөрийн гэртээ 2021.10.09-ний өдөр нас барсан ба 2021.10.11-ний өдөр миний төрсөн дүү С.Т, данс хамтран эзэмшигч М.С-гийн хамт Х-анд очоод буяны ажилд хэрэглэхээр данснаас мөнгө авах гэтэл тухайн банкны диллер “нас барсны гэрчилгээ гарсан тохиолдолд данс хаагдаж, ямар ч гүйлгээ хийгдэхгүй, та хоёрын хэн ч авах эрхгүй, жилийн дараа өвлөх эрхээ үүсгээд хандаж болно” гэсэн тайлбарыг хэлсэн нь Х-ыг бүрэн төлөөлсөн гэж үзэж байгаа ба энэхүү тайлбарыг мөн гэрч М.С шүүх хуралдаанд хэлж тайлбарлаж, гэрч С.Т-гийн мэдүүлэгийг үгүйсгээгүй байхад хоёр шатны шүүх хоёр гэрчийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил юм. Ийнхүү Х-ны диллерын тайлбарт бид итгэж, талийгаачийн данс хаагдсан гэж итгэсэн бөгөөд холбогдох журмаар дансыг хаасан гэж үзэж байсан. Бид Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу 1-р шатны өвлөгчид тул өвлүүлэгчийн банкны дансан дахь мөнгөн хөрөнгийг өвлөн авах бүрэн эрхтэй. Жич: Миний ээж албан ёсны баталгаатай эхнэр Ц.Х нь тархинд цус Харвасны улмаас 5 жил хэвтэрт байсан. 2023.05.23-ны өдөр нас барсан. Гэтэл Х-наас тухайн үед бидэнд мөнгөн хөрөнгийг өгөөгүй атлаа М.С-г Х-ны салбарт дахин очиход нь хадгаламжийн үндсэн данс зөвшөөрөл буюу итгэмжлэлийг эсхүл “өвлөх эрхийн гэрчилгээ”-г зайлшгүй шаарддаг бөгөөд ийнхүү шаардахгүйгээр хадгаламж дахь бүх мөнгийг бэлнээр олгосон банкны ажилтан, өвлөгчид хохирол учруулсан буруутай байхад хоёр шатны шүүхээр хариуцагч “Х” ХК-ийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж, хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэж байна. Хэрэв, тухайн үед Х-ны тиллер (Х гэж үзнэ)-ыг “...данс хаагдаж, ямар ч гүйлгээ хийх боломжгүй...” гэж хэлээгүй бол бидний зүгээс холбогдох шаардлагатай арга хэмжээг бүрэн авах боломжтой байсан. Тиймээс илт Х болон аль ч салбарынх нь банкны ажилтны буруутай үйлдэл байсаар байтал буруугүй хэмээн дүгнэж байгаа нь бодит үнэнд, шударга ёсны зарчимд нийцэхгүй дүгнэлт болсныг дээд шүүхийн эрхэм шүүгчид анхааралдаа авна уу.

4.2 Магадлалын хянавал хэсгийн 3.4-т “Өвлөх эрхийн 2022.10.25-ны өдрийн 0133 тоот гэрчилгээгээр С.Р нь талийгаач С.С-ын өвийг хүлээж авсан байна” гэж дүгнэсэнээс үзэхэд давж заалдах шатны шүүгчид хэргийн үйл баримттай бүрэн танилцаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь өмнөх бүлэгт дурдсанаар С.Р миний бие өөрийн төрсөн эцэг С.С-ын хадгаламжин дахь мөнгөн хөрөнгийг өвлөх хууль ёсны өвлөгч байтал “Х” ХК нь өвлөх эрхийн гэрчилгээ болон үндсэн эзэмшигчийн зөвшөөрөл буюу итгэмжлэлийг шаардахгүйгээр М.С-д бэлнээр олгосон буруутай. Мөн Хянавал хэсгийн 5 дахь хэсэгт “...гэрч М.С-гаас уг дансны гүйлгээ хийдэг картыг С.С-ын хүүхдүүдэд өгсөн гэх мэдүүлэгийг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй” гэж дүгнэсэн нь мөн л давах шатны шүүх хэргийн үйл баримт, материалтай бүрэн танилцалгүйгээр ийм дүгнэлт хийсэн явдалд харамсаж байна. Шүүх хурал дээр М.С-гаас банкны картыг аваагүй гэж хэлсэн байхад дүгнэлтэнд “нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй” гэж бичигдсэнд гомдолтой байна. Энэ дүгнэлтээс үзвэл нэг талаас М.С талийгаачийн харилцах дансан дахь мөнгийг бүрэн авч дууссаны дараа картыг талийгаачийн хүүхдүүдэд өгсөн байдал харагдаж байгааг шүүх анзаарч үзсэнгүй. Нөгөө талаас хэрэв картыг өгсөн юм бол мөн баримтаар нотолсон байхыг шаардах ба өгснийг нотолсон баримт байхгүй байхад хэт нэг талыг баримталж ийм дүгнэлт хийсэн нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 455 дугаар зүйл болон 515 дугаар зүйл, 520 дугаар зүйл болон нарийвчилсан Банк, эрх бүий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтыг хамааралгүй гэж үзэж байгаа нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгож байгаа бөгөөд “Х” ХК-ийн “Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл”, “Депозит бүтээгдэхүүний бодлого, журам”-ыг баримтлаж, шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд хэрэв эдгээр журмыг баримталж байгаа бол хэрэглэвэл зохих заалтыг баримтлалгүй, нэг талыг барьсан заалтыг баримталж “Х” ХК-ийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байгаа нь мөн л хэргийн материалтай бүрэн танилцаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн заалтыг мөрдлөг болгон ажиллаагүй гэж үзнэ.

4.3. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хадгаламжийн хүү болон хууль зүйн үйлчилгээ үзүүлсэний төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Дээр дурдсаны дагуу банк бол харилцагчийн нас барсан хүний хөрөнгө болох мөнгөн хадгаламжийн аюулгүй найдвартай байдлыг хангах, хариуцагчийн дансыг хаасан гэсэн атал хаах үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж чадаагүй Х болон ажилтан буруутай гэж үзэж байгаа бөгөөд энэхүү хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан болно. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хадгалуулагч нь хадгаламжийн орлого, зарлагын гүйлгээг бичгээр олгосон итгэмжлэл бүхий төлөөлөгчөөр дамжуулан хийлгэж болно. Хадгалагч хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан бичиг баримтыг үндэслэн гүйлгээ хийнэ”, 18 дугаар зүйлийн 18.4-т “Харилцах дансны дэд эзэмшигч нь харилцах данс эзэмшигчээс хуульд заасны дагуу олгосон итгэмжлэлийн хүрээнд харилцах данснаас зарлагын гүйлгээ хийнэ”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Иргэний хуулийн 454.1-д заасны дагуу хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчийн хадгаламжийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, 14 дүгээр зүйлийн 14.2.3-т “хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөх” гэж тус тус заасныг зөрчиж, хариуцагч “Х” ХК иргэн М.С-д зөвхөн иргэний үнэмлэхийг үндэслэн үндсэн хадгаламжийн зөвшөөрөл буюу итгэмжлэлийг, мөн “өвлөх эрхийн гэрчилгээ”-г шаардахгүйгээр бүхэл бүтэн 12,000,000 төгрөгийг бэлнээр олгосон буруутай байхад хоёр шатны шүүх буруугүй гэж үзэж байгаа илт нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “...хууль зүйн туслалцаа авах, ...эрхтэй.” ч уул шүүхэд хандах, мэргэжлийн өмгөөлөгчөөс туслалцаа авах иргэний субъектив эрх нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд хэрэгжих үндэслэлтэй ба аливаа зөрчлөөс үүссэн хохирлыг буруутай этгээдээс гаргуулах нь иргэний эрх зүйн хамгаалалтын агуулгад нийцнэ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.19, 9.4.4-т зааснаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба учруулсан хохирлыг арилгуулах нь иргэний эрхийг хамгаалах аргад хамаардаг. Энэ утгаараа өмгөөллийн хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3. дахь хэсэгт зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал,...-ыг хохиролд тооцно.” гэх зохицуулалтын хүрээнд эрх нь зөрчигдсөн этгээдээс гарч буй эд хөрөнгийн зардал мөн бөгөөд энэхүү эрх зүйн маргааны хувьд хариуцагч үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид хохирол учруулаагүй байсан бол нэхэмжлэгч шүүхэд хандах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан тул субъектив эрхээ хэрэгжүүлсний эрх зүйн хохиролтой үр дагаврыг буруутай этгээдэд хариуцуулахыг шаардах эрхтэй болно.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс “хамтран данс эзэмшигч нь үндсэн данс эзэмшигчийн адил эрх эдэлнэ гэж үзээд хамтран эзэмшигч мөнгөн төлбөрийг авах тохиолдолд үндсэн данс эзэмшигчийн итгэмжлэлгүйгээр зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлээд мөнгөн хадгаламжийг авах нь холбогдох журамд нийцнэ” гэж үзэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй юм. Учир нь банкинд олон иргэд хадгаламж эзэмшдэг бөгөөд хамтран данс эзэмшиж байгаа тохиолдолд зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлээд үндсэн данс эзэмшигчийн итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр мөнгөн хадгаламжийг авах боломжгүй байдаг. Тиймээс л, миний дүү С.Т аавтай хамтран данс эзэмшиж байх хугацаанд Х-наас мөнгө авах тохиолдолд ааваас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр мөнгө авдаг байсан бөгөөд харин аав данснаас авах мөнгөний хэмжээг хэлдэг байсан болно. Гэтэл үүнийг шүүх, хэт нэг талыг барьж хэн нэгэн хамтран данс эзэмшигч банкнаас зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлээд өөрийн дансан дахь мөнгөө авах гэж байгаа юм шиг л үндсэн хадгаламж эзэмшигчийн итгэмжлэлгүйгээр хадгалсан мөнгийг авахаар болж байна гэсэн үг.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын хууль хэрэглээний зөрүүтэй байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг дээд шүүхийн эрхэм шүүгчдээс хүсэж, энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.

5. Нэхэмжлэгч С.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.28-ны өдрийн 001/ШХТ2024/00387 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч С.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч С.Р нь “Х” ХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 13,590,357.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаагүй хадгаламжийн хүүд жилийн 6,6 хувиар тооцож 896,963 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 1,896,963 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 15,487,320 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ: “...бидний аав 2021.10.09-ний өдөр нас барж, 2021.10.11-ний өдөр нас барсны гэрчилгээг авч, дүү С.Т, аавын хамтран амьдрагч М.С-гийн хамт Х-ны салбар дээр очиж уулзахад нас барсан өдрөөс нас барсны гэрчилгээ гарсан тохиолдолд данс хаагдана, ямар ч гүйлгээ хийгдэх үндэслэл байхгүй, жилийн дараа өв хөрөнгийг залгамжлагч нь өвлөх эрхийн гэрчилгээг авч ирсний дараа өгнө гээд өгөөгүй бөгөөд талийгаачтай данс хамтран эзэмшигч М.С өөрийн биеэр, ганцаараа 12,000,000 төгрөгийг авахаар очиход Х-наас хамтран эзэмшигчийн зөвшөөрөл шаардахгүйгээр энэ мөнгийг гаргаж өгсөн нь Х-ны буруутай үйл ажиллагаа, ...М.С-гаас итгэмжлэл шаардах эсхүл хамтран эзэмшигчийг өөрийн биеэр ирэх шаардлагыг тавих ёстой...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Х” ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Банкны хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхгүй, өв хамгаалах үүрэг хүлээгээгүй бөгөөд гагцхүү хуульд зааснаар өвлүүлэгчийн мөнгөн хөрөнгийг хамгаалах талаар эрх бүхий субъектээс гаргасан шийдвэрийг банкинд ирүүлсэн тохиолдолд банк хуульд заасан холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй, ... өвийг хамгаалах талаар өвлөгч буюу нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу өөрсдөө хамгаалах үүргээ биелүүлээгүй, банкинд өв хамгаалах талаар хэн нэгэн этгээдээс үүрэг хүлээлгээгүй, ...Нэхэмжлэгчийн хугацаагүй хадгаламжийн дансанд 13,590,357.32 төгрөг байсан бөгөөд Х-ны хугацаагүй хадгаламжийн хүү жилийн 6,6 хувийн хүүгээр тооцож 896,963 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, энэ талаарх гүйцэтгэх захирлын тушаал 2023.01.01-ний өдрөөс хэрэгжсэн, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу хүү тооцогдохгүй тул уг шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгч авах үгүй нь тухайн этгээдийн хуулиар олгогдсон эрх бөгөөд ... хариуцагчийн хариуцан төлөх үүрэг биш тул өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдсан өвлүүлэгч С.С-ын хугацаагүй хадгаламжийн дансанд хамтран данс эзэмшигчээр бүртгэлтэй байсан М.С нь тухайн дансанд байсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан байх бөгөөд хамтран данс эзэмшигч нь дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах асуудлаар дансны үндсэн эзэмшигчтэй адил, тэгш эрхтэйгээр банкны программд бүртгэгдсэн хувь хүн байна.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...хугацаагүй хадгаламжийн данс хамтран эзэмшигч М.С- хамтран эзэмшдэг данснаасаа гүйлгээ хийсэн нь хууль болон холбогдох журам зөрчөөгүй, ...хугацаагүй хадгаламжийн дансанд байсан 13,170,357 төгрөгийг хамтран эзэмшигчид олгосон нь Х-ны буруутай үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... Данс зогсоох талаар нэхэмжлэгч нь хариуцагч буюу “Х” ХК-д хандаж хүсэлт гаргаагүй гэж тайлбарласан тул хариуцагч нь өөрийн санаачилгаараа эзэмшигчийн дансыг хаах боломжгүй гэх тайлбар нь үндэслэлтэй, ... хариуцагч Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4-т “Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй.” гэж зааснаар хамтран эзэмшигчтэй дансыг эзэмшигчийн зөвшөөрөл, хүсэлтгүйгээр зогсоох, гэрээнд өөрчлөлт оруулах эрхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 537 дугаар зүйлийн 537.1-д “Өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч, түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг хамтран эзэмшигч М.С нь захиран зарцуулсанд хариуцагч “Х” ХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй, хадгаламжийн дансанд байсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг хариуцан арилгах үүрэггүй,  ...С.С-ын тэтгэврийн дансанд байсан 420,000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас буюу АТМ-аас шилжүүлэн авсан байх бөгөөд ... уг данснаас картаар мөнгөн гүйлгээ хийгдсэнд хариуцагч Х-ны буруутай үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд харин ... хугацаатай хадгаламжийг банк өөрийн санаачилгаар цуцлах эрхгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4 дэх хэсэгт заасан хэм хэмжээ энэ маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх дүгнэсэн нь алдаатай болсон талаар магадлалд дурджээ.

11. Хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөрүүгүй дүгнэлт хийж, адил шийдэл гаргасан байх боловч маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авсан.

12. Зохигчийн маргааны зүйл нь С.С-ын эзэмшлийн хариуцагч “Х” ХК-ийн 0000 тоот дансанд байсан мөнгөн хөрөнгийг уг дансыг хамтран эзэмшигч М.С захиран зарцуулсан болон тэтгэврийн аааа тоот данснаас бэлэн мөнгөний машинаас зарлагын гүйлгээ хийсэн явдалд хариуцагч “Х” ХК буруутай эсэх, улмаар банк үйл ажиллагааны журмыг зөрчсөнөөс нэхэмжлэгчийн өв залгамжлах эрхийг зөрчсөн эсэх буюу хариуцагчид хохирол төлөх үүрэг үүсэх эсэх асуудал болжээ.

13. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэжээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулснаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө” гэж тус тус заасан, эдгээр хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болжээ.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

14. Нэхэмжлэгч хариуцагчийн гэм бурууг тодорхойлохдоо банкны “Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл”-ийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хамтран эзэмшигч нь өөрийн биеэр банканд ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэл, хууль ёсны төлөөлөгч болохыг гэрчилсэн баримт бичиг шаардлагатай” гэж зааснаар М.С-гаас итгэмжлэл шаардах эсхүл хамтран эзэмшигчийг өөрийн биеэр ирэх шаардлагыг тавиагүй,  “Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл”-ийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Банкны зүгээс хууль болон холбогдох журамд заасны дагуу шаардлагатай гэж үзсэн тохиолдолд харилцагчид үзүүлэх банкны үйлчилгээг түр хязгаарлах ...” гэж заасны дагуу үйлчилгээг  хязгаарлах арга хэмжээг яаралтай аваагүй буюу өөрийн эцэг С.С-ыг нас барах үед банкинд очиж түүний эзэмшлийн дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах гэсэн боловч банкны ажилтан өв нээгдсэний дараа захиран зарцуулах эрхтэй гэсэн атлаа дансыг хамтран эзэмшдэг М.С-д захиран зарцуулах эрхийг олгосон буруутайгаас өв залгамжлах эрх зөрчигдөж, хохирол учирсан гэжээ.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн төрсөн эцэг С.С нь “Х” ХК-д 0000 тоот хугацаагүй хадгаламжийн дансыг эзэмшиж байгаад 2019.04.08-ны өдөр хамтран амьдрагч М.С-г хамтран эзэмшигчээр бүртгүүлж, хамтран эзэмшиж байсан, тэрээр 2021.10.09-ний өдөр нас барсан бөгөөд энэ дансанд 13,048,913 төгрөг байсан ба  дансыг хамтран эзэмшигч М.С 2021.10.24-ний өдөр 1,000,000 төгрөгийн, 2021.10.25-ны өдөр 12,000,000 төгрөгийн, 2022.01.28-ны өдөр 20,000 төгрөгийн 2022.02.13-ны өдөр 20,000 төгрөгийн, 2022.03.25-ны өдөр 16,000 төгрөгийн, 2022.10.02-ны өдөр 100,000 төгрөгийн гүйлгээ хийж, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан, мөн С.С- нь “Х” ХК-ийн тэтгэврийн аааа тоот дансыг дангаар эзэмшиж, уг дансанд 2021.10.10-ны өдрийн байдлаар 420,000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2021.10.10-ны өдөр бэлэн мөнгөний машинаас картаар гүйлгээ хийж, 420,000 төгрөгийн зарлага гарсан үйл баримт тогтоогдсон байна.

16. Эндээс үзвэл маргааны зүйл болсон “Х” ХК-ийн 0000 тоот хугацаагүй хадгаламжийн дансыг С.С нь хамтран амьдрагч М.С-гийн хамт хамтран эзэмшиж, хариуцагч “Х” ХК болон С.С, М.С нарын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан байх ба анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлсон.

17. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар хадгалуулагч буюу С.С нь хадгаламжийг дундаа хамтран өмчлөх эрхтэй бөгөөд энэ утгаараа хариуцагч нь түүний зөвшөөрлөөр М.С-г дансны хамтран эзэмшигчээр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй, энэ тохиолдолд М.С ч мөн адил уг хадгаламжийн өмчлөгч буюу хадгалуулагч болно.

Улмаар С.С, М.С нарыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчид гэж үзэх бөгөөд 108 дугаар зүйлийн 108.4-т зааснаар дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно.

Иргэний хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд дундаа хамтран өмчлөгчдийн эд хөрөнгийг өмчлөх хувь хэсгийг тодорхойлоогүй тул өмчлөлийн зүйл нь тэдний хувьд бүхэлдээ нэгэн цул байдлаар өмчлөх эрхэд хамаарахаас гадна өмчлөлийн зүйлийг захиран зарцуулах эрхээ шилжүүлэхэд бусад өмчлөгчдийн зөвшөөрөл шаардлагатай байна.

Гэвч дээрх тохиолдолд буюу “Х” ХК-ийн 0000 тоот хугацаагүй хадгаламжийн дансанд байсан мөнгөн хөрөнгийг 2 этгээд хамтран өмчилж байсан ба хамтран өмчлөгчдийн нэг болох С.С нас барснаар нөгөө хамтран өмчлөгч болох М.С-гийн хувьд хуульд зааснаар бусад хамтран өмчлөгчдөөс зөвшөөрөл авах нөхцөл байдал үүсээгүй, энэхүү зөвшөөрөл нь хариуцагчид хамааралгүй тул дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагчийн зүгээс түүний өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Иймээс хариуцагчийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-т заасан хадгалуулагчийн хадгаламжаас зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба М.С нь хадгалуулагч болохын хувьд тус банк буюу хариуцагч нь түүнээс хадгаламжийн мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахад зөвшөөрөл шаардах шаардлагагүй байсан байна.

18. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “Хадгалагч хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан бичиг баримтыг үндэслэн гүйлгээ хийх” гэдэгт хадгалагч болох С.С, М.С нарын хувьд итгэмжлэл бүхий төлөөлөгчөөр дамжуулан хадгаламжаас гүйлгээ хийх тохиолдол хамаарах бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан хариуцагчийг итгэмжлэлгүй этгээдэд хадгаламжаас гүйлгээ хийсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, С.С нас барсан хэдий ч М.С нь уг хадгаламжийн дундаа хамтран өмчлөгч болохын хувьд тухайн хадгаламж дахь мөнгөн хөрөнгийг бүхэлд нь захиран зарцуулсанд хариуцагч буруугүй бөгөөд энд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хэсгээр өмчлөх буюу ногдох хэсгээр өмчлөлийн зүйлийг хуваах тухай асуудал хамаарахгүй тул хариуцагчийн хувьд М.С-гаас итгэмжлэл шаардах байсан, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох байсан гэж буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь С.С-ын өв залгамжлагч болох нь тогтоогдсон боловч түүний өвлөх эрхийг хариуцагч зөрчөөгүй байх ба харин нэхэмжлэгч өөр бусад байдлаар энэ эрхээ зөрчигдсөн гэж үзвэл сэргээлгэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

19. Нэхэмжлэгчээс хариуцагчийг буруутгахдаа “үйлчилгээг хязгаарлах арга хэмжээг аваагүй” гэсэн ба энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчид хандаж энэ тухай хүсэлт гаргаагүйгээс Иргэний хуулийн 537 дугаар зүйлийн 537.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг аваагүйд хариуцагч гэм буруугүй гэж үзсэн нь хуульд нийцсэн.

Хэрэгт авагдсан гэрч С.Т, М.С нарын мэдүүлгээр тэд хариуцагч “Х” ХК-ийн Дархан плаза салбарт хандаж С.С, М.С нарын эзэмшлийн 0000 тоот хугацаагүй хадгаламжийн данснаас гүйлгээ хийхийг хүсэхэд банк зөвшөөрөөгүй тухай үйл баримт тогтоогдсон хэдий ч энэ нь нэхэмжлэгчийг тухайн дансны гүйлгээг хязгаарлах, зогсоох талаар хариуцагчид хандаж албан ёсоор хүсэлтээ гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

20. Мөн С.С-ын эзэмшлийн  “Х” ХК-ийн тэтгэврийн аааа тоот дансанд 2021.10.10-ны өдөр 420,000 төгрөгийн зарлага гарсан гүйлгээг бэлэн мөнгөний машинаас картаар хийсэн буюу хариуцагч байгууллага оролцоогүй тул үүнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

21. Дээр дурдсанаар хариуцагч “Х” ХК-ийг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн өвлөх эрхийг зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үйл баримтад хариуцагчийг буруутгах шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/03081 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2024/00108 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Р-аас 2024.02.27-ны өдөр төлсөн 235,386 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                                            Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД