Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар      109/ШШ2021/0012

 

                        

 

 

 

 

 

                                         109/ШШ2021/0012

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

            Нэхэмжлэлийн шаардлага: Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-д өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн  0455 дугаартай шийдвэрээр Архангай аймгийн Хангай сумын ардын зориг нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгож, өндөр насны тэтгэврээ тогтоолгож авсан. Гэтэл 2021 оны 1 дүгээр сард түүнийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ир гэж дуудаж, ирэхэд нь та цэргийн алба хаасан байна, тиймээс шүүхийн шийдвэр буруу гарсан, цэргийн алба хаасан баримтаа авч ир гэсэн шаардлага тавьсан байдаг.

Л.Б эрх зүйн ач холбогдол үйл явдал болох улсад ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа энэ нь заавал биелэгдэх шинжтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхийн шийдвэрийн зөв бурууд үнэлэлт өгөх түүний үндэслэл болсон нотлох баримтыг гаргуулан авах хуулиар олгогдсон эрх байхгүй. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-д өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б 2017 оноос эхэлж өндөр насны тэтгэвэр авсан. Тэтгэвэрт орох үедээ Архангай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 455 дугаартай шийдвэрээр Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон байдаг. Тэтгэврийн хуульд заасан үндэслэл журмын дагуу нийгмийн даатгалын газрын эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Тэтгэвэр авсан цаг хугацаанаас хойш буюу 2020 оны 12 дугаар сард тэтгэвэртэй холбоотой хуурамч нотлох баримт бүрдүүлж тогтоосон гэдэг асуудал яригдсан. Одоо 2021 оны 12 дугаар сараас эхэлж тухайн хүний тэтгэвэр олгогдохгүй зогссон үйл баримт байгаа. Өндөр насны тэтгэвэр зогсоосон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Яагаад хууль бус гэж үзэж байна вэ гэхээр Л.Б улсад ажилласан жилийг шүүхээр тогтоолгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа юм. Энэ шийдвэртэй хэн ч маргахгүй. Хэрэгт авагдсан материалд шүүхээс үзлэг хийж авсан баримт байна. Энэ үйл явдал байхад хуурамч нотлох баримтыг бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон гэдэг зүйлийг хууль бус гэж үзэж байна. Тэтгэврийг зогсоож хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн гэх үйл явдал нь хууль зөрчсөн гэж харж байгаа учраас шүүхэд нэхэмжлэлийг гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна. Нийгмийн даатгалын хэлтэс материалыг хянаж үзээд гарын үсэг зурж баталгаажуулаад тухайн хүнийг тэтгэвэрт оруулсан байдаг. Шалгалтын явцад хуурамч нотлох баримттай гэж үзэж тэтгэврийг зогсоосон. Нийгмийн даатгалын хэлтсийн  улсын байцаагчийн  2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай акт хэн рүү чиглэж байгаа вэ гэдгийг харах ёстой байна. Тухайн актыг Архангай аймгийн Хангай сумын нийгмийн даатгалын байцаагч гаргаад тухайн актыг зөвшөөрч гаргасан актыг бүхэл нь үндэслэлгүй гэж үзсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.3 гэсэн заалтуудыг барьсан байдаг боловч тухайн хуульд энэ заалт байдаггүй. Тэгэхээр хуульд байхгүй заалтаар эрхийн акт гаргасан байгаа. Хариуцагчийн хариу тайлбараас харахад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.4, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэсэн зохицуулалт байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэдгийг шүүхийн тамгын газраас лавлагаа байна. Иймд тэтгэвэр зогсоосон үйл баримт хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах хүсэлттэй байна гэв. 

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Хангай сумын иргэн Л овогтой Б-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарыг хүргүүлж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн. Гэтэл Л.Б нь ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 2013 оны 4 дүгээр сарын 18-нд ажилласан жил авахаар материал бүрдүүлж өгсөн, тухайн үеийн өргөдөлдөө хаана ямар ажил хийсэн, цэргийн алба хааж байсан тухайгаа бичсэн байсан. Л.Б нь 2017 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэрт орохдоо шүүхийн шийдвэр болон ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиас авсан 6 жилийн материалыг тус тус бүрдүүлж орсон байна. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 129/ШШ2017/0455 дугаартай шийдвэрт Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар 30-ны өдөр хүртлэх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр болон дээрх нотлох баримтууд зөрсөн тул тэтгэврийг түр зогсоосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ өгөөд хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3-т  эрэгтэй хүн нийт 20 жил ажилласнаас 12 жил 6 сар хүнд нөхцөлөөр ажилласан бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу тухайн хүний шүүхийн шийдвэрт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1991-1994 онд Ардын зориг ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэж тэтгэврийг анх тогтоосон. Манай байгууллагад төлөвлөгөөнд хяналт шалгалт 5 жилд хоёр удаа ирдэг. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт шалгалт ирээд 14 хоногийн хугацаатай хийхээр ирсэн боловч 2 хоног шалгалт хийгээд Ковид-19 цар тахлын улмаас яваад биднийг үргэлжлүүлэн хяналт шалгалт хий гэсний дагуу үргэлжлүүлэн хийсэн. Энэ явцад 2013 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр Л.Б сумандаа ажилласан жилийг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд ажилласан жилээ нөхөн авах тухай хүсэлт гаргасан. Тухайн хүн өргөдөлдөө өөрийн ажиллаж байсан байдлаа үнэн бодитой мэдүүлсэн гэж үзэж байна. Яагаад гэхээр Л.Б нь Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор 1 жил ажиллаж байгаад 1981-1984 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1984-1995 он дуустал тракторын жолоочоор ажиллаж байгаад нэгдэл тарж татан буугдсан тул ажилгүй байсан. Шүүхэд цэргийн алба хаасан тухай лавлагаа гарсан. Ажилласан жил нөхөн тооцох хуулиар 6 жил авсан. Тухайн хүний тракторын жолоочоор нийт ажилласан хугацаа нь 11 жил байна. Хүнд нөхцөлөөр 12 жил ажиллана гэсэн шаардлагыг хангахгүй байхад хуурамч нотлох баримтаар тэтгэврээ тогтоолгосон гэж үзэж байна. Шүүхийг үнэн зөвөөр тунгаан шийдвэрлэж өгнө гэж итгэж байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Иргэн Л.Б-с Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-д өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоох, акт гаргахыг даалгахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан албан тушаалтан болох Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай” 32/05 дугаар актаар хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 51 иргэдийн мэдээллийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, уг иргэдийн мэдээллийг тэтгэврийн программд зогсоох хөдөлгөөнөөр бүртгэхийг даалгаж, холбогдох байцаагч нарт танилцуулсан акт гарсан байна /х.х-н 89-106/

Дээрхи 32/05 дугаар актын нэр бүхий 51 иргэний тэтгэвэр олголтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосны 40 дүгээрт иргэн Л.Б /Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу материал бүрдүүлж өгөхдөө бичсэн өргөдөл, шүүхийн шийдвэр зөрсөн/ багтжээ. /х.х-н 89-105/

 Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  32/05 дугаар актын талаар хэргийн оролцогч нар маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу  шүүх уг актад  хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрлээгүй болно.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/578 дугаар албан бичиг хүргүүлжээ. /х.х-н 106-108/

Уг албан бичгийг үндэслэн Л.Б өндөр насны тэтгэврийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон үйлдэлд холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ. /х.х-н 1-2/

Хоёр: Нэхэмжлэгч Л.Б өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

Нэхэмжлэгч Л.Б тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.-т “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээ гаргажээ. /х.х-н 137/

Улмаар тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/0455 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С овгийн Л-н Б-г Архангай аймгийн Хангай сумын “Хамтын зориг” нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, “Ардын зориг” ХХК-д 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Энэхүү Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 455 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийн 120.1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтыг хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын газар нь шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна. /х.х-н 33, 73-76, 137/

Өөрөөр хэлбэл: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсны дотор Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл 1,5.-д “Хөдөө аж ахуйн малын их, бага эмч, санитарч, тракторчин, комбайнч (1995 оноос өмнөх хамаарна)” гэж;

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын хавсралт “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 3.1.6.-д “Иргэний 1995 оноос өмнө ажилласан хугацааг архивын лавлагаа, шүүхийн шийдвэрээр тооцох тохиолдолд тухайн архивын болон шүүхийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, шийдвэрийг хавсаргана.” гэж;

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж тус тус зааснаар  Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Л.Б нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дээрх хугацааг харгалзан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3. дахь хэсэг Газрын дор болон хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 3/-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, ...” гэх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоожээ. /х.х.-н 66/

Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”;

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан.

Иймд захиргааны хэргийн шүүх нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийн задаргааг үзвэл, 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүртэл Архангай аймгийн Хангай сумын Хамтын зориг нэгдэлд тракторын жолоочоор 9 жил 11 сар 29  өдөр, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Ардын зориг” ХХК-д тракторын жолоочоор 3 жил 6 сар 01 өдөр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилласан жилийг нөхөн тооцуулсан 6 жил 00 сар 01 өдөр, 2016 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2017 оны 1, 2, 3 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 11 сар 02 өдөр, нийт 20 жил 5 сар 03 өдөр шимтгэл төлсөн байна. /х.х-н 72, 73-78/

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Л.Б нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны талаар маргаагүй бөгөөд, нэхэмжлэгч Л.Б нь нийт 20 жил 5 сар 03 өдөр, үүнээс хүнд нөхцөл /тракторын жолооч/-д 13 жил, 6 сар, 01 өдөр ажилласан байна.

Төрийн банкны Архангай аймаг дахь салбараас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 35/175 дугаар албан бичигт: “ ... Л.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн манай банкаар тэтгэврээ авч эхэлсэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш дээрх дансанд тэтгэвэр ороогүй байна ...” гэх тайлбар гаргаж, дансны мэдээллийг хавсралтаар ирүүлжээ. Нэхэмжлэгч Л.Б нь өндөр насны тэтгэврээ нээлгэж 2017 оноос эхлэн тасралтгүй авсан нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.  /х.х-н 139-142/

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Л.Б өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж зааснаар 2020 оны 12 дугаар сараас эхлэн зогсоосон байна.

Хариуцагчаас иргэн Л.Б өндөр насны тэтгэврийг зогсоосон үндэслэлээ “ ...  Л.Б нь 1981 оноос 1984 онд цэргийн жинхэнэ алба хаасан байдаг, гэтэл Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 129/ШШ2017/0455 дугаартай шийдвэрээр Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар 30-ны өдөр хүртлэх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосон нь цэргийн алба хаасан хугацаатай давхцаж байна ... Л.Б нь цэрэгт явснаа нууж тракторын жолоочоор ажиллаж байсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулсан ...” гэж тайлбарлажээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн маргаж буй үндэслэлийг тодруулахад, нэхэмжлэгч Л.Б нь “Архангай аймгаас 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 016 /126/ дугаар ангид алба хааж, 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 427950 дугаар цэргийн батлахтай халагдсан “ гэх лавлагааг Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн байна. /х.х-н 114//

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар  “миний бие Л овогтой Б 1980 оноос Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор,цэрэгт явсан гэжээ. /х.х-88/

Иймд нэхэмжлэгч Л.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 2/” цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа” гэж,   “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.5-д “Цэргийн алба хаасан хугацааг иргэний ажилласан .. хугацаанд оруулан тооцохдоо давуу эрхийг эдэлнэ” гэж,  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөр хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн тогтоож болно” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр .. олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж тус тус зааснаар тухайн хугацааг иргэний ажилласан хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д /хүчингүй/ зааснаар иргэн Л.Б 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг 1995-2000 онуудыг нөхөн тооцуулахдаа өгсөн материалыг 2017 онд 295719 дугаартай тэтгэврийн хувийн хэргийг нээх, өндөр насны тэтгэврийг тогтоохдоо холбогдох баримтуудыг харьцуулан нягтлан шалгах,  хууль, журам, дүрэмд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг тэтгэвэр тогтоохоос өмнө шалгаж, тогтоох үүрэгтэй, хэрэв хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй бол тэтгэвэр тогтоохоос татгалзах эрхтэй байсан. /х.х 82-88/

 

Гэтэл эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтнууд /Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, байцаагчид/ хянаж баталгаажуулан тэтгэвэр тогтоохдоо тэтгэвэр тогтоолгогч Л.Б хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үнэн зөв эсэх, өмнө өгсөн гэх 2013 оны материалыг хянаж шалгаагүй, гаргаж өгсөн өргөдөл, холбогдох баримтуудын үндэслэн тэтгэврийг 2017 онд тогтоож, 3 жилийн дараа тухайн тэтгэврийг зогсоож байгаа үйлдэл нь хууль бус байна. 

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Л.Б нь ямар баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, мөн Л.Б ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдийн хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3. дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.”-ийг зөрчиж, нэхэмжлэгч Л.Б өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “нэхэмжлэгч хуурамч нотлох баримтаар тэтгэврээ тогтоолгосон гэж үзэж байна”  гэж мэтгэлцсэн бөгөөд хуурамч нотлох баримтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй, хуурамч нотлох баримтаар тэтгэвэр тогтоолгосон нь нотлогдсонгүй. /х.х -135/

Хуурамч бичиг баримт гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн /тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлан/ өөрчлөх буюу уг үйлдэл нь эрүүгийн журмаар шалгаж тогтоогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Дээрхи үйлдлийг зөрчсөн гэж үзвэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4. дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн асуудлаар холбогдох цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргах эрх нь нээлттэй байна

Түүнчлэн захиргааны байгууллага болох Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн иргэний өндөр насны тэтгэврийг зогсоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж зааснаар тэтгэвэр тогтоох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.6. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж зааснаар сонсох ажиллагааг явуулж, санал хүсэлтийг шийдвэр гаргахад тусгаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөөгүй, бодит нөхцөл байдлыг тогтоосон байх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Б өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б өндөр насны тэтгэврийг зогсоосон /2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр/ үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон               

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай 8 дугаар зүйлийн 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 3/ дахь хэсэг, 27 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-д өндөр насны тэтгэврийг зогсоосон /2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр/ үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА