Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0284

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ц.Б, М.Б нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй, Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 3/ дахь хэсэг, 27 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-ийн өндөр  насны тэтгэврийг зогсоосон /2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр/ үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалган” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-дЗахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Гэтэл Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулж, тогтоогүй атлаа хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/05 тоот актаар нэр бүхий 51 иргэний тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоосон байх бөгөөд уг актын хавсралтын 40 дүгээрт Л.Б багтжээ. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/05 тоот актын дагуу Л.Б-ийн тэтгэвэр олголтыг зогсоосон байтал шүүхээс тус актын талаар хэргийн оролцогч нар маргаагүй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа уг актын дагуу түдгэлзүүлсэн Л.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус үйлдэл гэж тогтоож байгаа нь буруу болжээ. Одоог хүртэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 32/05 тоот акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд энэ актыг хүчингүй болгосон дээд шатны улсын байцаагчийн акт болон шүүхийн шийдвэр гаргаагүй байгаа болно.

Мөн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Б-ийн ажилласан байдлыг тогтоохдоо Архангай аймгийн Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Ардын зориг ХХК-д 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Л.Б нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосон хугацаанд буюу 1981 оноос 1984 онд цэргийн жинхэнэ алба хаасан байх боловч (МУ-ын Батлан хамгаалах яамны Батлах хамгаалах төв архиваас ирүүлсэн “Архангай аймгаас 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 016/126 дугаар ангид алба хааж, 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 427950 дугаар цэргийн батлахтай халагдсан” гэх архивын лавлагаагаар нотлогдоно) энэ нөхцөл байдлаа нуун дарагдуулж шүүхийн шийдвэрээр дээрх онуудад тракторын жолоочоор ажиллаж байсан гэж шүүхээр тогтоолгон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.3-т зааснаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр авах боломжтой болсон.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.3-т “Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, ... бол өөрийн хүсэлтээр” гэж заасан бөгөөд Л.Б-ийн хувьд хуурамчаар тогтоолгосон 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тракторын жолоочоор ажилласан гэх нийт 13 жил 5 сар 30 хоногоос хугацаат цэргийн алба хаасан хугацааг хасаж тооцоход түүний хүнд нөхцөлд ажилласан нийт хугацаа нь 10 жил 06 сар 19 өдөр болж, хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байгаа болно. Өнөөдрийн байдлаар Л.Б нь хуурамч үйл явдал тогтоолгож, 11.494.935 төгрөгийн хохирлыг нийгмийн даатгалын санд учруулаад байна.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Л.Б-ийн энэ хууль бус үйлдэл, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсад хохирол учруулсан талаар Архангай аймаг дахь Цагдаагийн газар болон тус аймгийн Прокурорын газарт гомдол гаргаж, энэ гомдлын дагуу зохих ажиллагаа хийж байгаа бөгөөд энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй байна. Харин Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Батбаатарын албан бичгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.

Иргэн Л.Б-ээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Л.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх юуны өмнө нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаас ажлаа эхлэх ёстой. Шүүхэд ямар нэхэмжлэлийн шаардлага гаргах нь тухайн нэхэмжлэгчийн эрх боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх сэргэх эсэх, тухайн иргэний субьектив эрхийг зөрчиж буй захиргааны акт аль нь болох зэргийг давхар анхаарах ёстой. Энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгч иргэн Л.Б-ийн өндөр насны тэтгэврийг ямар захиргааны байгууллага, албан тушаалтан, ямар захиргааны актаар зогсоосон болохыг заавал харгалзан үзэхээр байжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай” 32/05 дугаартай Улсын байцаагчийн актаар “Хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 51 иргэдийн мэдээллийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, уг иргэдийн мэдээллийг тэтгэврийн программд зогсоох хөдөлгөөнөөр бүртгэхийг даалгаж, холбогдох байцаагч нарт танилцуулсан” акт гарсан байна.

Тодруулбал, уг улсын байцаагчийн акт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн гарсан байх бөгөөд уг зүйлд тухайлан  “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасан байна.

Түүнчлэн улсын байцаагчийн актын Тогтоох нь хэсгийн нэг дэх заалтаар “Хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 51 иргэний тэтгэврийн олголтыг 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоосугай” хэмээн заажээ.

Дээрх 32/05 дугаар актын нэр бүхий 51 иргэний тэтгэвэр олголтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосны 40 дүгээрт иргэн Л.Б  багтжээ.

Нэгэнт Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/05 дугаар актаар нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг зогсоосон тул  Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сумдын нийгмийн даатгалын байцаагч нартаа энэ талаар  2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/578 дугаар албан бичиг мэдэгдсэн байна.

Анхан шатны шүүх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт хүргүүлсэн  2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/578 дугаар албан бичгийг захиргааны акт гэж үзэж,  уг актаар тэтгэвэр олголтыг зогсоон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх хариуцагч солих болон хамтран хариуцагч татах талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байна.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь   “... Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна” хэмээн дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгаагүй болно. 

Харин анхан шатны шүүх “... Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн иргэний өндөр насны тэтгэврийг зогсоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар тэтгэвэр тогтоох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.6-т “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж зааснаар сонсох ажиллагааг явуулж, санал хүсэлтийг шийдвэр гаргахад тусгаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөөгүй, бодит нөхцөл байдлыг тогтоосон байх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна” Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгч Л.Б-ийн субьектив эрхийг зөрчсөн захиргааны актыг хариуцагч гаргаагүй байна.

Иймд энэ талаар гарсан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/05 тоот актаар нэр бүхий 51 иргэний тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоосон байх бөгөөд уг актын хавсралтын 40 дүгээрт Л.Б багтжээ. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/05 тоот актын дагуу Л.Б-ийн тэтгэвэр олголтыг зогсоосон байтал шүүхээс тус актын талаар хэргийн оролцогч нар маргаагүй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа уг актын дагуу түдгэлзүүлсэн Л.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус үйлдэл гэж тогтоож байгаа нь буруу болжээ. Одоог хүртэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/05 тоот акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд энэ актыг хүчингүй болгосон дээд шатны улсын байцаагчийн акт болон шүүхийн шийдвэр гаргаагүй байгаа болно” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл хариуцагчаас захиргааны акт гаргаагүй, харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн акт гарсан талаар хангалттай олон удаа тайлбарлаж байжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧ                                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР