Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 0033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.З, С.Д,

 Б.У, С.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       Б.М, С.Д, С.Д, Б.У

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      С.Б, Т.Э, М.Г

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 221 дүгээр захирамжтай, Б.М, Б.З, С.Д, Б.У, С.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор Ц.М-гийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, И овогт Б-н М.

 

Монгол улсын иргэн, Ж овогт Б-н З.

 

Монгол улсын иргэн, Ж овогт С-н Д.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н У.

 

Монгол Улсын иргэн, Ж овогт С-н Д.

 

Шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, С.Д, Б.У нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашаанаас Г.Б-н 46 боодол өвсийг машин механизм ашиглаж хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 221 дүгээр захирамжаар:

 

Шүүгдэгч Б.М, Б.З, Б.У, С.Д, С.Д нарт холбогдох хэрэгт Б.М нь 2018 оны 10 сарын 12-ны шөнө Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад прокурорын яллах дүгнэлтэнд уг гэмт хэргийг 2018 оны 11 сарын 12-ны өдөр үйлдсэн гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулахаар Орхон аймгийн Прокурорт буцааж,

 

Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Т.Э-гийн урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах, хэргийг дахин шалгаж өгнө үү гэх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж,

 

Хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.У, Б.З, С.Д, С.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хамт хүргүүлж,

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.М эсэргүүцэлдээ:

“... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах тухай хүсэлтийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд техникийн шинжтэй алдаа мөн гэж дүгнэн, уг алдааг засуулах тухай шийдвэр гаргасан атлаа прокурорын яллах дүгнэлтэд гарсан алдааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр засах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлтийн хувийг прокурор гардуулж өгөхөөр заасан тул дээрх алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцаах шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө талуудын гаргасан хүсэлт, гомдлоор болон шүүгчийн санаачилгаар зайлшгүй тогтоосон байх шаардлагатай шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар тус тус хуульчлан өгсөн байна.

Гэтэл шүүх дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах процесс ажиллагаа нь шүүх хуралдаанаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэх хуралдаан”-аар нөхөн гүйцэтгүүлэх гэж буй ажиллагаа бус харин шүүх хуралдааны өмнө түүний бэлтгэлийг хангаж буй ажиллагааны нэг ба дан ганц яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүй байх, оролцогч нарт хүндрэл, чирэгдэл учруулахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай богино хугацаанд явагдана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахын тулд түүнийг шүүх хуралдаанаас өмнө засуулах боломжийг олгон хуульчилж өгсөн ажиллагаа юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу прокурор зөвтгөсөн яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулан, яллах дүгнэлтийг шүүхэд хүргүүлэх боломжтой гэж үзэж байна.

Шүүх прокурорын хүсэлтийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд техникийн шинжтэй алдаа мөн гэж дүгнэн, уг алдааг засуулах тухай шийдвэр гаргасан атлаа прокурорын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шүүгчийн захирамжид дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүх яллагдагч Б.М-ы өмгөөлөгч Т.Э-гийн гаргасан яллагдагч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай болон хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүгчийн захирамжид хэлэлцэхгүй орхисугай гэж /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “ .... хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж ... / уншин сонсгосноос зөрүүтэй бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/221 дугаартай шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх прокурор Ц.М-гийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М, С.Д, Б.У, Д.Д, Б.З нарт холбогдох хэргийг Орхон аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурьдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

 

            Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1-1.3 дахь хэсгүүдэд хэргийг Прокурорт буцаах үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд шүүх мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн заалтыг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан нэр томьёоны тодорхойлолтод мөрдөн шалгах ажиллагааг “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаа” гэж хуульчилсан байна.

 

            Үүнээс үзвэл прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх ажиллагаа биш боловч мөн дээр дурьдсан мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй юм.

 

            Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заажээ.

 

            Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсан нь тогтоогдсон тохиолдолд прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг залруулсны дараа хуульд заасан ажиллагааг хийж, энэ талаарх баримтаа шүүхэд даруй хүргүүлэх нь зүйтэй юм.

 

 Түүнээс гадна шүүх хуралдаанд уншиж сонсгосон шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалт нь прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгээс зөрүүтэй байна.

            Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дүрс бичлэгээс үзвэл шүүх хуралдаан даргалагч шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдолд дурьдсан хэргийг дахин шалгаж өгнө үү, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж уншиж сонсгож, шүүх хуралдаанд оролцсон прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тайлбарлаж өгчээ.

 

            Гэтэл прокурор, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нарт гардуулсан шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Т.Эгийн урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах, хэргийг дахин шалгаж өгнө үү гэх хүсэлтийг хэлэлцэхгүй орхисугай” гэж дурьджээ.

 

            Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэг прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасан ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

 

            Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлага хангаагүй байна.

 

            Тухайлбал: Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлосны дараа прокурор “Яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засуулах тухай” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн /5 дугаар хх 56/ байх боловч уг хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

 

            Түүнээс гадна хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж хуульд өөрчлөлт оруулсан байхад шүүх “Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй” гэж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэх үндэслэл болно.

 

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Мөн шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Э нар нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... эрүүл мэндийн байдлын улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Б.Мы биеийн эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд болон түүний цагдан хоригдсон хугацаа зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3,  39.6 дугаар зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 221 дүгээр захирамжийг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Прокурор Ц.М-гийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Э нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                           С.УРАНЧИМЭГ