Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/01060

 

 

 

 

 

 

 

 

 

   2021       04          02                                     101/ШШ2021/01060         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хороолол, 0 тоот хаягт оршин суух, Ш овогт Б.Б,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хороолол, 0 тоот хаягт оршин суух, Н овогт С.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж хаягт байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20380044/06 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие ээж С.Б-н хамт 2017.01.16-ны өдөр “Т” ХХК-тай Сонгинохайрхан дүрэг, 0 дүгээр хороо, 0 хороолол 0 тоот 91 м.кв, 2 өрөө орон сууцыг, дулаан гражийн хамт 110.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож, урдчилгаа төлбөрт 28.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 36 сарын хугацаанд сарын 0.6 хувийн хүүтэйгээр хэсэгчлэн төлөх, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож №15 дугаартай “Орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулсан. Уг гэрээг 2017.04.03-ны өдөр нөхөж хийсэн болно.

2017.01.16-ны өдөр урьдчилгаа 28.000.000 төгрөгийг бүрэн төлснөөр 2017.01.20-ны өдөр тус орон сууцанд нүүж орсноос хойш өнөөдрийг хүртэл эхнэр, хүү, аав, ээж, 2 дүүгийн хамт ам бүл 7-уулаа гурван жилийн турш тус орон сууцанд амьдарч байгаа бөгөөд 2017.01.16-ны өдрөөс 2019.09.16-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргээ нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж хугацаанаас өмнө байрны үнийг бүрэн төлж дуусгасан.

Нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь “Т” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ, уг гэрээний дагуу төлбөрөө төлж дуусгасан, гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тухайн байранд амьдарч байгаа бөгөөд шударгаар эзэмшигч юм.

Гэтэл 2020.03.31-ний өдөр “НШШГГ”-с хүмүүс ирж танай байрыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 03076 дугаартай шийдвэрийн дагуу хурааж байна гээд "Эд хөрөнгө хураах тухай” тогтоол үйлдэж, энэхүү тогтоолыг гардуулахад нь  энэ талаар анх олж мэдсэн.

Ингээд тэр даруй худалдагч тал болох “Т” ХХК-ийн захирал А.М-тай уулзаж учир байдлыг хэлсэн.

Тэгэхэд А.М нь: “Найз С.Б нь Худалдаа хөгжлийн банкинд тусгай активын мэргэжилтэн бөгөөд тус банк өөрийн ажилтан, албан хаагчиддаа жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлтэй зээл олгодог учраас түүнийг нь ашиглаж бага хүүтэй зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай болж танай байрны өмчлөх эрхийг түр хугацаанд С.Б-н нэр дээр шилжүүлж тус банкаас 70.000.000 төгрөгний зээл авснаас С.Б 20.000.000 төгрөгийг авсан. Түүнээс С.Б бодитоор мөнгийг нь төлөөд танай байрыг худалдаж авсан зүйл байхгүй, бид 2 удахгүй зээлээ төлж дуусаад танай байрыг чөлөөлж, чиний нэр дээр шилжүүлж өгнө” гэхээр нь итгэж хүлээсээр цаг хугацаа алдаж өнөөдрийг хүрлээ.

С.Б нь тус орон сууцыг мөнгийг нь төлж бодитоор худалдаж авсан зүйл байхгүй, мөн түүнчлэн “Т” ХХК-тай хийсэн худалдах, худалдах авах гэрээ нь дүр эсгэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд талууд энэхүү хэлцлийг зөвхөн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор хийсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.

Учир нь бид 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа бөгөөд хэрэв С.Б нь бодитоор мөнгийг нь төлөөд энэхүү орон сууцыг худалдаж авсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл өөрийн орон сууцандаа амьдрахгүй, бидний эсрэг ямар нэгэн шаардлага хууль шүүхийн байгууллагад гаргахгүй байгаа зэрэг эс үйлдэл нь дүр эсгэж хийсэн хэлцэл гэдгийг нотлон харуулж байна.

Биднийг уг орон сууцанд амьдран суудаг талаар Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт нотолно.

2020.05.26-ны өдөр миний бие нь Монголын олон улсын Арбитрт хандан /Арбитрын харьяалалтай/ “Т” ХХК, С.Б нарт холбогдуулан тэдний хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлийн үр дагаврыг арилгуулах, дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай нэхэмжлэл гаргасан, уг ажиллагаанд “Х” банк гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд 054/20 дугаартай арбитрын хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа нь одоо албадан дуудлага худалдааны шатанд явж байгаа бөгөөд хэрэв Арбитрт хандан гаргасан бидний нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд маргаан бүхий орон сууц аль хэдийн дуудлага худалдаагаар зарагдаж бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, 7 хүн орох оронгүй гудамжинд хөөгдөх бодитой эрсдэл тулгарч байгаагаас гадна тус орон сууцыг дуудлага худалдаанд оролцон худалдаж авах хэн нэгэн иргэний хууль ёсны эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсээд байна.

Бид дээрх орон сууцыг Үндсэн хуульд заасан үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхийнхээ хүрээнд хүчин төгөлдөр гэрээний дагуу олж авсан, үнийг бүрэн төлж барагдуулсан шударга өмчлөгч гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 91.25 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байдаг. Гэтэл бидний “Т” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдаж авсан орон сууц маань Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хороолол, 0 тоот орон сууц юм.  

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар тухайн үед шийдвэр гүйцэтгэгч А.А-тай уулзаж учир байдлаа тайлбарласан боловч оролцогч биш гэсэн тул гомдлоо тухайн байгууллагад гаргаж байгаагүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт маргаж буй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байхад С.Б нь дуудлага худалдааны ялагч болчихсон, уг орон сууцыг Х банкинд худалдана гэсэн тайлбарыг Арбитр дээр өгч байна.  

Мөн бид Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хандан “Т” ХХК, С.Б нарт холбогдуулан гомдол гаргасан, уг ажиллагаа явагдаж байгаа болно.

НШШГГ нь 2020.03.31-ний өдөр 20380044/06 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” үйлдэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй болох нь тэднийг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдсэн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэгчид холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр 2-оос доошгүй хүн оролцуулна гэсэн заалтыг зөрчиж, уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрх ажиллагаа явагдаж байхад н.Ж нь гэрийн хаалганы гадаа зогсож байсан гэсэн мэдүүлгээр хөндлөнгийн гэрч оролцуулаагүй болох нь тогтоогдож байна. Эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулж байгаа нь тухайн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг гэрчлэх зорилготой. Гэтэл эд хөрөнгө хураах ажиллагаа явуулахад гэрчээр оролцуулсан этгээдүүд хамт байгаагүй болох нь гэрч О.Ж, Г.Б нарын мэдүүлгээс харагддаг. Мөн шийдвэр гүйцэтгэгч А.А-н өгсөн мэдүүлгээр тухайн үед айлд байж байгаад гарч ирээд тогтоолд хөндлөнгийн гэрчүүдээр гарын үсэг зуруулсан гэсэн байдаг. Үүнээс харвал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсан болох нь тогтоогдоно.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсанаас болоод бидний эрх зөрчигдөж, орон сууцнаас гарах нөхцөл бүрдчихээд байна.

Иймд Монгол улсын Үндсэн хуулийн дагуу олгогдсон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, шударга шүүхээр шүүлгэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах зэрэг үндсэн эрхийг баталгаажуулж, бидний эрх зөрчигдөхөөс сэргийлж,

НШШГГ-н 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20380044/06 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг хүчингүй болгож, бидний хууль ёсны эрхийг хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагч “НШШГГ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03076 дугаар захирамжаар С.Б-с 70.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 289.075 төгрөг гаргуулж “Х банк” ХХКомпанид олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 гудамж 0 дүгээр байрны 0 тоотод байрлах эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй 91.25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ГХ2019/01496 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүсгэсэн.

Төлбөр төлөгч С.Б-н үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 гудамж 0 дүгээр байрны 25 тоот хаягт байршилтай эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй 91.15 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/0044 дүгээр тогтоолоор битүүмжпэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг С.Б-д гардуулж, хураах ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20380044/06 дугаар тогтоолоор хурааж хадгалалт, хамгаалалтыг оршин суугч Б.Э-д үлдээсэн.

Барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч С.Б-с үнийн санал авахад 190.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Х банк” ХХКомпани хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний “С” ХХКомпаниар үнэлгээ хийлгэхэд 126.533.000 төгрөг /Нэг зуун хорин зургаан сая таван зуун гучин гурван мянга/-өөр үнэлэгдэж, үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр талуудад мэдэгдсэн.

Тус газраас зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/19 дүгээр тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4-187/22743, 4-187/22744 дүгээр албан бичгийг гардуулсан.

Анхны албадан дуудлага худалдаагаар хөрөнгө худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/17 дугаар тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4-187/22217, 4-187/22218 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн.

Тус газраас 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар хөрөнгө 128,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Шүүхийн гүйцэтгэх хуудсанд Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 91.25 м.кв 2 өрөө орон сууц гэж хороо, байрыг буруу бичсэн техникийн алдаа гаргасан гэж үзэж байгаа бөгөөд С.Б-н өмчлөлд бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 гудамж, 0 байрны 0 тоот байрлах орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэлтэй, 2017 онд Х банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байгааг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс тодорхойлж өгсөн байдаг.

Үүнээс үзэхэд НШШГГ нь шүүхийн шийдвэрт дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуульд заасан ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэх үед уг ажиллагаанд хамааралгүй, сонирхолгүй этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулдаг бөгөөд, ажиллагааны явцад тэдний регистрийн дугаар, гэрийн хаягийг тэмдэглэж авсан болох нь тогтоогдож байна. Оршин суух хаягтаа байхгүй байгаа нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг ажиллагаатай холбоотой бүхий л санал, гомдлыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж хариу өгдөг бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар гомдол гаргаж байгаагүй байна.

Энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой бүхий л баримтыг Арибтрт шаардсны дагуу хүргүүлсэн, ажиллагаа шүүгчийн захирамжийн дагуу түдгэлзүүлсэн, дуусгавар болоогүй.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03076 дугаар захирамжаар хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул С.Б, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч НШШГГ-т холбогдох Б.Б, С.Б нарын нэхэмжлэлтэй тус газрын 2020.03.31-ний өдрийн 20380044/06 дугаартай ”Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар орон сууцны шударга эзэмшигч гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна, уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь С.Б миний бие юм.

Эд хөрөнгө хуурах ажиллагаа явуулахад хөндлөнгийн гэрчийг хуульд заасны дагуу оролцуулсан болох нь уг ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба гэрч Б.Э нь гэр бүлийн нь гишүүн байх ба түүний мэдүүлэг эргэлзээтэй,  туйлын үнэн гэж үзэх боломжгүй юм. Түүнээс гадна нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэгчийг хууль зөрчсөн гэж үзэн Цагдаагийн байгуулагад өгч шалгуулсан боловч хөндлөнгийн гэрчүүд оролцсон болох нь тогтоогдож байна.

Миний бие “Х банк”-аас 72,800,000 төгрөгийн зээл авч Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж 0 байр, 0 тоот хаягт байрлах, 91.15 м.кв талбайтай, 2 өрөө байрыг иргэн А.М-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан.

Иргэн А.М-тай хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулан, урьдчилгаа 20 хувийг төлөөд, 2 жилийн хугацааны зээлийн эргэн төлөлтөд 16,000,000 төгрөг төлсөн. Дээрээс нь шүүхийн шийдвэрийн дагуу “Х банк”-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалтай нийлээд 72,000,000 төгрөгийн өртэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дуудлага худалдаа болж, уг дуудлага худалдаанд оролцож ялагч болохгүй бол тухайн байрыг өөр хэн нэгэн 70,000,000 төгрөгөөр миний байрыг авах байсан. Үүний улмаас уг худалдаанд оролцож ялагч болсон.

Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар нь энэхүү байрны өмчлөгч гээд  эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлээ Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж байна.

Гэтэл маргаж буй орон сууц нь намайг худалдаж авахад иргэн А.М-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Энэ талаарх үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагааг шүүхэд өгсөн.

 Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар нь “Т” ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаагаар уг орон сууц нь “Т” ХХК нь эзэмшиж, өмчилж байгаагүй.

А.М гэдэг хүн байрыг надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө Б.Б, С.Б нарыг уг байранд маань оруулсан юм шиг байсан.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хурдан дуусгах хүсэлтэй байна.

Б.Б, С.Б нарын өмчлөх эрхэд хаанаас хэн халдаад байгааг эрх бүхий байгууллагаас тогтоосон зүйл байдаггүй.

Тэд хуульд заасны дагуу гэрээг байгуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг Улсын бүртгэлийн байгуулагаас шалгаж үзэх ёстой байсан, гэтэл хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээгээ аваагүй байгаа нь тэдний өөрсдийнх нь хариуцлагатай холбоотой асуудал юм.

Гэтэл өөрсдийн үүргээ биелүүлээгүй мөртлөө өнөөдөр бид гудамжинд гарах гээд байна, энэ нь С.Б, “Т” ХХК, А.М нар залилсан үйлдлээс болсон гэж байна.

Үнэн хэрэгтээ уг орон сууцыг миний бие 91,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хуульд заасны дагуу байгуулж, өмчлөгч болох А.М-д бүрэн төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

Ийнхүү худалдаж авахдаа ямар хэлбэрээр төлбөрийг төлөх нь миний эрхийн асуудал гэж үзэж байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдох бөгөөд өмнөх өмчлөгч А.М бидний хооронд төлбөрийн ямар нэг тооцоо байхгүй.

Нэхэмжлэгч нар нь 2020 оны 7 сараас хойш Цагдаагийн байгууллага, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, Арбитрын шүүх зэрэг бүхий л холбогдох байгууллагад өгч шалгуулсан, өгөөгүй газар байхгүй.

Арбитрын шүүх дээр С.Б нь цаад А.М-тай уулзаад байдаг юм шиг түүний баримтыг авчирч өгөөд байдаг мөртлөө А.М нь цагдаа, шүүх дээр өөрөө ирдэггүй юм.

Хэрэгт авагдсан баримтаар С.Б, Б.Б нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй, тэгсэн мөртлөө нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэн, маргаан үүсгээд  явж байна.

Б.Б, С.Б нар нь дээрх байрны өмчлөгч гэдгийг хаанаас ч тогтоосон зүйл байхгүй.  

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн, С.Б, “Х банк” ХХК-ийн хоорондох төлбөрийн асуудал дээр явагдаж байгаа болно.

Уг ажиллагаа дуусгавар болоогүйгээс болоод өнөөдрийг хүртэл намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өртэй гэдэг мэдээлэл гарч ирээд, энэ нь  надад асуудал болж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай байгаа нь миний буруу биш, бизнес хийх гэхээр банкны найдваргүй зээлдэгч болчихсон, үүний улмаас хамгийн их хохирсон хүн нь би болчихоод байна.

Миний бие нэхэмжлэгч Б.Б, С.Б нараас нэг ч төгрөг аваагүй, ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй, гэтэл Цагдаагийн байгууллагад намайг  яллагдагчаар татсангүй гэсэн гомдол гаргасан байсан.

Иймд нэхэмжлэгч С.Б, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3076 дугаартай шийдвэрээр С.Б-с 70.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах, 91.25 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн.

Уг орон сууц С.Б-н өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нар уг орон сууцны өмчлөгч байх ёстой, эрх ашиг хөндөгдсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Тус банкнаас иргэн С.Б нь 72,800,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт дээрх орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, зээлдүүлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр С.Б-с зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөгийг 2019 оны 11 сарын 15-ны өдөр дотор төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар харилцан эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

С.Б нь эвлэрлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2020.03.31-ний өдөр барьцаа хөрөнгийг битүүмжилж хураах ажиллагаа явагдсан. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй тул  хөрөнгийн үнэлгээчнээр үнэлгээг тогтоолгоход 126,533,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн.

Уг үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдаа явагдаж, төлбөр төлөгч С.Б ялагч болсон.

Гэтэл үүний дараа С.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд уг ажиллагааг  хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Иймд НШШГГ-с дээрх шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Б.Б, С.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20380044/06 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03076 дугаартай захирамжаар:

Хариуцагч С.Б нь 70,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Х банк” ХХК-д төлөх, хэрэв төлж барагдуулаагүй бол тохиолдолд С.Б-н өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах, 91.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна.

                           /хх-ийн I хавтас 87-89 тал/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч С.Б-г сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “Х банк” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2019/19648 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдрийн 101/ГХ2019/01496 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч НШШГГ нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20380044 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.

 

/хх-ийн I хавтас 86-162 тал/

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6.2.2-т: “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж”-ийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явууулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д: “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ”, 32.2-т: “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ”, 32.3-т: “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заасны дагуу “Х банк” ХХК нь төлбөр авагч, С.Б нь дээрх шийдвэрт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үүрэг бүхий төлбөр төлөгч, өөрөөр хэлбэл тэднийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж үзнэ.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч С.Б-с үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 гудамж 0 байрны 0 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилж, хураан авсан, уг ажиллагааны явцад  тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр ажиллагааны талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болох төлбөр авагч “Х банк” ХХК, төлбөр төлөгч С.Б нар гомдол гаргаагүй байна.

 

/хх-ийн I хавтас 91-104 тал/

 

Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг “Т” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2017.01.20-ны өдрөөс хойш эзэмшиж байгаа, гэрээний дагуу орон сууцны үнийг  бүрэн төлсөн, шударга эзэмшигч бөгөөд уг орон сууцыг хураан авахдаа хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь хуульд нийцэхгүй тул уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 гудамж 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 91,15 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч С.Б болох нь “Х банк” ХХК болон С.Б нарын хооронд  2017.05.23-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, С.Б болон  А.М нарын хооронд 2017.05.09-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2020.01.07-ны өдрийн 15 тоот албан бичиг, түүний хавсралт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. 

/хх-ийн I хавтас 98-99, 170-178 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь “Т” ХХК, С.Б нарт холбогдуулан

“Т” ХХК болон С.Б нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрт хандан гаргасан байх ба уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй болно.

 

/хх-ийн I хавтас 14-64 тал/

 

Нэхэмжлэгч С.Б, Б.Б нар дээрх орон сууцны өмчлөгч болох талаарх баримтыг шүүхэд ирүлээгүйгээс тэднийг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй байхаас гадна шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өмчлөгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагч НШШГГ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан С.Б-н өмчлөлийн дээрх орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжлэх, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хураах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар нь тодорхой хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулсан, тэднийг оролцуулан хийсэн ажиллагааны талаар тусгасан тэмдэглэл үйлдсэн, уг  тэмдэглэлд энэхүү ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч танилцсан тухайгаа баталгаажуулан гарын үсэг зурсан байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. 

/хх-ийн I хавтас 94-104 тал/

 

Дээр дурдсан эд хөрөнгө хураан авах тухай ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх  Г.Б, О.Ж нар уг ажиллагааны явцад тэмдэглэгдсэн хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суухгүй байгаа нь уг ажиллагаанд тэднийг оролцуулаагүй, хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

/хх-ийн II хавтас 26-30, 68-73 тал/

 

Түүнээс гадна нэхэмжлэгч нар Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд тэднийг мөн хуулийн 44 дүгээр зкүйлийн 44.4-т заасан хугацаа, журмын дагуу гомдлоо гаргасан гэж үзэхээргүй байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Б, Б.Б нар дээрх орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй байх ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, уг ажиллагаа нь эзэмшигч, өмчлөгчийн эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч “НШШГГ”-т холбогдох

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20380044/06 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б, С.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1, 122.4-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч “НШШГГ”-т холбогдох

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20380044/06 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б, С.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2020/13778 тоот захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ