Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/хт2024/00074

 

 

 

Г.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03898 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00253 дугаар магадлалтай,

Г.Б-ы нэхэмжлэлтэй

“Д” ХХК-д холбогдох

Зуучлалын гэрээний үүрэгт 750,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б нь “Д” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 750,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03898 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.2-т зааснаар хариуцагч “Д” ХХК-аас зуучлалын гэрээний үүрэгт 750.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 3,907,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00253 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Д” ХХК-д холбогдох, зуучлалын гэрээний үүрэгт 750,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Г.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.Б-ы нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох зуучлалын гэрээний үүрэгт 750,000,000 (Долоон зуун тавин сая) төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.11.27-ны өдөр хянан хэлэлцээд 183/ШШ2023/03898 дугаартай шийдвэр гаргасныг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024.02.02-ны өдөр 210/МА2024/00253 дугаар магадлал гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 210/МА2024/00253 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 болон 172.2.3-т заасныг дор дурдсан байдлаар зөрчсөн. Үүнд:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг зөрчсөн тухай. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 210/МА2024/00253 дугаар магадлалын хянавал хэсгийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь шүүхээс хэрэгт авагдсан флаш диск болон хэргийн 132-136 дугаар талд авагдсан нэхэмжлэгч болон н.Гантөмөр нарын утсаар ярьсан тэмдэглэлд 2023.01.25-ны өдөр Г.Б хаягийн илгээсэн цахим зурвас хэсэгт 2023.11.24-ний өдөр тус тус үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлээр талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. (хх 132-136, 134-136, 198-217)

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон н.Г нарын утсаар ярьсан ярианы тэмдэглэл гэх баримтад тусгагдсанаар ярилцагчийн нэг талыг хариуцагч байсан гэж эргэлзээгүйгээр үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Мөн дээрх цахим шуудангаас илгээсэн мэдээлэл нь талууд зуучлалын гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч зуучлалын үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна” гэжээ.

4.1.1. Гэтэл хавтаст хэргийн 132-136 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Г.Б болон “Д” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал асан Ц.Г нарын хооронд ярьсан ярианы бичгийг хавстат хэргийн 164-165 дугаар талд үзлэгээр баталгаажуулсан. Уг ярианы бичлэг нь “Сайн уу н.Г ахаа” гэж эхэлж байгаа бөгөөд энэхүү мэндчилгээний араас Ц.Г нь “Өө сайн сайн уу” гэж хариу өгч байгаа. Үүнээс харахад уг ярианы нөгөө тал нь Ц.Г мөн байх бөгөөд өөрийгөө н.Г биш гэх утгыг огт илэрхийлээгүй байна. Түүнчлэн, уг ярианы бичлэгт “3 тэрбум нь алга болцон за энэнээс 5 тэрбум нь Солонгост өгцөн би Солонгосчуудтай тэртээ тэргүй авна 5 тэрбумыг н.З н.Э 2 чинь өөрсдөө Солонгосчуудтайгаа уулзаад тэрийг өөрсдөө гаргаад өгөөд явж байгаа аа дээр нь 465 саяыг өгсөн” гэж ярьдаг. Үүнийг нэхэмжлэгч Г.Б- огт мэдэхгүй бөгөөд гагцхүү Ц.Г болон н.Золбаяр, н.Э нарын хооронд хийгдсэн яриа учир өөрсдөө л мэдэх боломжтой.

Гэтэл уг яриаг гэрчээр мэдүүлэг өгсөн М.З-ын (хавтаст хэргийн 179-182)-н “...яг бодит байдал дээр нөхцөл байдал өөрөөр эргэж Ц.Г нь манайд “Д” ХХК-ийг 12 тэрбум төгрөгөөр зарахаар болсон. Тэрний 4,5 тэрбумыг БНСУ-ын компани “Б” ХХК буюу түүний эзэмшигч П-д өгсөн” гэх мэдүүлгээр давхар тогтоогдож байна.

Үүнээс харахад уг ярианы нөгөө талд нь Ц.Г байгаа нь илэрхий байгаа нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч Г.Б нь уг яриаг утсаар ярьсан байдаг бөгөөд өөрийн 0000 утасны дугаараас Ц.Г-ийн 0000 утасны дугаар руу залгаж ярьсан байдаг. Уг утасны дугаар нь Ц.Г-ийн утасны дугаар гэдэгтээ хариуцагч тал маргадаггүй. Түүнчлэн, хариуцагч талын зүгээс уг нотлох баримтын талаар маргаагүй байдаг бөгөөд энэхүү нотлох баримтыг үгүйсгэсэн баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Учир нь, хариуцагч талын зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдан орж ирсэн цагаас эхлэн маргаж байсан ганц үндэслэл нь уг зуучлалын гэрээг “Д” ХХК-тай байгуулаагүй харин иргэн Ц.Г-тэй байгуулсан гэж маргаж байсантай холбоотой.

Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг эрх зүйн үндэслэлийг олж харсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.1.2. Мөн хавтаст хэргийн 132-136, 134-136, 198-217 талуудад авагдсан Г.Б гэх Г.Б өөрийн цахим хаягаас илгээсэн цахим зурвас хэсэгт 2023.11.24-ний өдөр шүүх үзлэг хийж баталгаажуулсан. Уг үзлэгээр баталгаажуулсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэлд тооцогдоно. Энэхүү цахим шуудангаар илгээсэн зурвасуудыг харвал нэхэмжлэгч Г.Б нь “Д” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийг танилцуулж, улмаар уг төсөлд хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаж байгаа нь илэрхий нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Г.Б нь ямар ч шалтгаангүйгээр, бусдын хэрэгжүүлж байсан төслийг таницуулаад байгаа бус харин зуучлалын гэрээний дагуу, уг гэрээний үүргээ хэрэгжүүлж байсныг бүрэн нотолж байгаа юм. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээг Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан гэрээ бөгөөд уг гэрээний харилцаа нь хэлбэрийн хувьд амаар болон бичгээр байгуулагдах боломжтой гэж зөв дүгнэсэн атлаа амаар байгуулагдах хэлцлийг уг нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу байна. Харин ч амаар байгуулагдах хэлцэлийг гэрчийн мэдүүлэг, үзлэг болон бусад баримтуудын үндсэн дээр л нотлох боломжтой гэдгийг огт харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.1.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 210/МА2024/00253 дугаар магадлалын хянавал хэсгийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Түүнчлэн, гэрч У.М, М.З нар талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн (хх 166-169, 179-182) боловч тухайн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар нотолгооны бусад хэрэгслээр нотлогдоогүй байна.” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах заалт нь “Гэрчийн мэдүүлгийг” бусад нотолгооны хэрэгсэлээр нотлоорой гэх утгыг илэрхийлээгүй бөгөөд харин ч гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотолгооны хэрэгсэлд тооцогдоно шүү гэдгийг тодорхойлсон хуулийн заалт. Гэтэл уг хуулийн заалтыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх утга агуулгын хувьд зөрүүтэйгээр хэрэглэж, улмаар хэргийг буруу шийдвэрлэсэн. Нөгөөтэйгээр, уг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн У.М нь “... тухайн уулзалтаар 400 айлын орон сууцны блок суурь байсан, мөн газар байсныг талууд ярилцаад 400 айлын орон сууц бариулна, хөрөнгө оруулалт хийлгэнэ гээд Г.Б, Ц.Г хоёр хоорондоо мэдээллээ солилцсон. Тэгээд Г.Б-г менежер болгоно гээд “Д” ХХК-ийн ерөнхий менежер гэсэн нэрийн хуудас хийлгэсэн” гэж мэдүүлсэн.

Гэтэл гэрчийн уг мэдүүлэг нь хавтаст хэргийн 111-114 дүгээр талд авагдсан “Д” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн дуусаагүй барилгын (400 айлын) гэрчилгээ, хавтаст хэргийн 127-131 дүгээр талд авагдсан “Д” ХХК-д эзэмших эрхтэй газар олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж болон “Д” ХХК-ийн ерөнхий менежерийн нэрийн хуудас зэргээр давхар нотлогдож байна. Түүнчлэн, гэрч М.З нь хариуцагчтай нэг ашиг сонирхолтой бөгөөд “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Э” ХХК-ийн цаад эзэн нь М.З, н.Э нар юм. Энэ нь гэрч М.Зын “... Манайх гэдэг нь Б.Э болон миний эзэмшлийн “М” ХХК барилгын үйл ажиллагааг хариуцахаар тохиролцсон” (Хавтаст хэргийн 179-182) гэх мэдүүлгээс харагдана. Үүнээс харахад хариуцагчтай ижил байр суурьтай гэрч М.З нь “Д” ХХК болон Г.Б- нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний дагуу анхлан Б.Э, М.З нар нь Ц.Г буюу “Д” ХХК-тай уулзаж, улмаар талууд хэлэлцээрт хүрч, уг төсөл бүрэн хэрэгжиж, өнөөдөр “Б” хотхон баригдсан гэдгийг нотолж байна.

Ийнхүү гэрчийн мэдүүлэг нь бусад нотолгооны хэрэгсэлээр заавал нотлох шаардлагагүй боловч харин ч уг иргэний хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэрчийн мэдүүлэг нь давхар нотлогдож байна. Гэтэл уг баримтуудыг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулж үзэхгүйгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг илт зөрүүтэй хэрэглэж, улмаар хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасныг зөрчсөн тухай. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 210/МА2024/00253 дугаар магадлалын хянавал хэсгийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Түүнчлэн, гэрч У.М, М.З нар талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн (хх 166-169, 179-182) боловч тухайн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны бусад хэрэгслээр нотлогдоогүй байна” гэжээ.

Гэтэл Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг” зөвлөмжийн хоёрдугаар хэсэгт “Хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж, маргаантай байгаа үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болно.

Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын идэвхтэй үйл ажиллагааны дүнд нотлогдвол зохих үйл баримтын бодит байдлыг гэрчийн мэдүүлэг тогтоож байгаа бол уг мэдүүлэг нотлох баримт болно.

Үүнээс үзэхэд нотлох баримт буюу хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдож буй нотлогдвол зохих үйл баримтын бодит байдал нь нотолгооны хэрэгслийн хамгийн түгээмэл хэлбэр болох гэрчийн мэдүүлгээр тогтоогдох нь шүүхийн практикт элбэг тохиолддог. Гэрчийн мэдүүлэгт гол төлөв нотлогдвол зохих үйл баримтыг харсан, үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан байдаг учир түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас нотлох чадвараараа харьцангуй илүү байдаг. Гэрчийн мэдүүлгийг авах талаар хуульд заасан журмыг шүүх баримтлаагүй буюу зөрчсөн бол тухайн гэрчийн мэдүүлэг нотлох чадвараа алдах ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэжээ.

Улсын дээд шүүхийн уг зөвлөмжинд гэрчийн мэдүүлгийг заавал бусад нотолгооны хэрэгсэлээр давхар нотолж байж гэрчийн мэдүүлэг өөрөө нотлох баримтаар үндэслэгдэх ёстой гэх утга агуулгыг илэрхийлээгүй байна. Харин ч гэрчийн мэдүүлэг нь нотолвол зохих үйл баримтыг харсан, үзсэн этгээд байдаг учир тухайн нотлох баримт нь бусад нотлох баримтуудаас илүүтэйгээр нотлох чадвартай гэдгийг зөвлөсөн байна. Түүнчлэн, гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдаагүй нөхцөлд л тухайн гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлэхгүй байхаар зөвлөсөн байна.

Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн уг зөвлөмжөөс зөрүүтэйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг тайлбарлан хэрэглэж, улмаар гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр хэргийг буруу шийдвэрлэсэнд маш гомдолтой байна.

Иймд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 210/МА2024/00253 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.27-ны өдөр хянан шийдвэрлээд гаргасан 183/ШШ2023/03898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Г.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.04-ний өдрийн 001/ШХТ2024/00390 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Г.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 750,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...миний бие 2018 оны 6 дугаар сарын үед “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Г-тэй У.М-гээр дамжуулан уулзахад “Д” ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт орон сууц барих ажилд “Д” ХХК-ийг хөрөнгө оруулагчтай холбож өгөхөд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх санал тавьсан бөгөөд уг саналыг миний бие хүлээн зөвшөөрсөн. Уг хөрөнгө оруулалт олох зуучлалын ажлын хөлсөнд 1,000,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдээр тооцож Г.Б- надад өгнө хэмээн тохиролцсон, ... зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны эхээр бүрэн биелүүлж, “Э” ХХК-тай зуучилж, тус компаниуд нь хамтран ажиллаж “Б” хотхоныг барьсан, ... хөрөнгө оруулалт нь анх тохирсон дүнгээр бус 9,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 75 хувийн хөрөнгө оруулалт орсон гэж үзэж байгаа бол үүнд тохиролцсон хөлсний зуучлалын гэрээний хөлс буюу тохиролцсон хөлсний 75 хувь болох 750,000,000 төгрөгийг авах нь шударга ёсонд нийцнэ.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...уг зуучлалын гэрээ хэрэгт авагдаагүй, ...зуучлалын гэрээг өмнөх захирал, тухайн үеийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Ц.Гтэй байгуулсан гэх боловч Ц.Г нь одоо “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч биш, хамааралгүй, ...Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж зааснаар Ц.Г нь компанийн нэрийг барин бусдад мөнгө өгнө гэж амлан тохиролцоо хийснийг  “Д” ХХК хариуцах үндэслэлгүй.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...иргэн Г.Б- болон хариуцагч “Д” ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сард зуучлалын гэрээ байгуулагдаж, Г.Б нь тус компанийн ашиг сонирхлын төлөө хэлцэл хийгч этгээд буюу “Э” ХХК-тай холбож өгөх үүргээ биелүүлсэн, улмаар хариуцагч “Д” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газар дээр “Э” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар “Б” хотхон баригдсан үйл баримт тогтоогдсон, хэдийгээр Г.Б болон “Д” ХХК-ийн хооронд бичгээр зуучлалын гэрээ байгуулагдаагүй, тухайн гэрээний дагуу хөлс, шагналын хэмжээг тусгайлан тохиролцоогүй байх боловч гэрч М.З болон Ц.Г-тэй утсаар ярьсан тэмдэглэлээр 9,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсныг хүлээн зөвшөөрсөн байх ба үүний дагуу жишиг хэмжээ буюу 75 хувь болох 750,000,000 төгрөг нь Г.Б-ы зуучлалын хөлсөнд төлөгдөх ёстой үнийн дүн мөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч “Д” ХХК нь Г.Б-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, танихгүй. Ц.Г-тэй тохиролцсон гэх асуудал байгаа тохиолдолд Ц.Г-өөс уг үүргээ шаардах боломжтой” хэмээн маргасан боловч “Д” ХХК-ийн нэр дээр тухайн газрын эзэмших эрх бүртгэлтэй байсан, уг газар дээр барилга баригдсан, мөн Ц.Г нь 2018.07.23-ны өдрөөс 2019.04.08-ны өдөр хүртэл хугацаанд 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан, одоо “Э” ХХК нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх тул “Д” ХХК нь энэхүү хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж үзнэ. Харин “Д” ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл бусдаас шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Зуучлалын гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдахгүй боловч гэрээний талуудын хүсэл зоригт нийцсэн байхыг шаардахаас гадна гэрээ байгуулагдсан эсэх нь маргаантай тохиолдолд зуучлагч үүнийг нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хариуцагчийн эзэмшилд байсан А-д байршилтай, нэгж талбарын 0000, 0000 дугаартай, 13,500 м.кв талбайтай газарт орон сууц барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хариуцагчийг бусадтай хэлцэл байгуулах зуучлалыг гүйцэтгэсэн гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Учир нь, ...нэхэмжлэгч болон н.Г нарын утсаар ярьсан ярианы тэмдэглэл гэх баримтад тусгагдсанаар ярилцагчийн нэг талыг хариуцагч байсан гэж эргэлзээгүйгээр үзэх үндэслэл тогтоогдоогүй, ... цахим шуудангаас илгээсэн мэдээлэл нь талууд зуучлалын гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Түүнчлэн, гэрч У.М, М.З нар талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн боловч тухайн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны бусад хэрэгслээр нотлогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцээгүй,  ...Давж заалдах шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 750,000,000 төгрөгийг шаардах эрхгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлохдоо эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан нь энэ тухай нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл болсон.

12. Зохигчийн маргааны зүйл нь тэдний хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн эсэх, үүнээс улбаатай зуучлалын хөлс, шагнал шаардах эрхтэй эсэх асуудал байх бөгөөд шүүхүүд энэ талаар өөр өөрөөр дүгнэж, анхан шатны шүүх гэрээг амаар байгуулсан, хүчин төгөлдөр гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй, үүнийгээ зуучлагч буюу нэхэмжлэгч нотлоогүй гэжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, зуучлалын гэрээний гол нөхцөл болох зуучлуулагч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан үндсэн гэрээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хариуцагчийг “Э” ХХК-тай холбож өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь уг хуулийн агуулгад нийцээгүйгээс гадна нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

13. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээгээр “зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг” тус тус хүлээдэг.

Энд зааснаас үзэхэд зуучлалын гэрээний үндсэн шинж нь гуравласан харилцаа үүссэн байх буюу нэг талаас зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ байхад нөгөө талаас хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийн хүрээнд зуучлуулагч гуравдагч этгээдтэй үндсэн гэрээ байгуулагдсан байх, улмаар зуучлуулагч зуучлалын гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх агуулгатай байна.

14. Нэхэмжлэгч Г.Б-ы нэхэмжлэлдээ дурдсанаас болон түүний тайлбараас үзэхэд тэрээр шаардлагаа үндэслэхдээ хариуцагч “Д” ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга барих хөрөнгө оруулагч олж өгөхөөр тохиролцож, “Э” ХХК-д зуучилж, тус компаниуд хамтран ажиллаж “Б” хотхоныг барьсан гэжээ.

Энэ нь нэхэмжлэгчээс хариуцагчийг гуравдагч этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулахад холбож өгөхөөр тохиролцсон буюу зохигчийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэхэд хариуцагч “Д” ХХК нь гуравдагч этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байх, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буюу зуучлагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж, тэрээр гэрээнд заасны дагуу хөлс шаардах эрхтэй болно.

15. Гэтэл  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбар 0000, 0000 дугаартай, 13,500 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай газрыг “Д” ХХК эзэмшиж, уг газар дээр барилга баригдсан тухай үйл баримт үгүйсгэгдээгүй боловч нэхэмжлэгчийн зуучлалын үйл ажиллагааны үр дүнд “Д” ХХК нь гуравдагч этгээдтэй буюу нэхэмжлэлд дурдсанаар “Э” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар тухайн этгээдийн хөрөнгө оруулалтаар барилгыг барьсан болох нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

16. Харин “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 2018.07.23-ны өдрөөс 2019.04.08-ны өдрийг хүртэл Ц.Г, 2019.04.08-ны өдрөөс хувьцаа эзэмшигчээр “Э” ХХК, гүйцэтгэх удирдлагаар Б.Э тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэнээс үзэхэд “Д” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг “Э” ХХК шилжүүлэн авсан нь тогтоогдсон ба тэдний хооронд зуучлалын гэрээгээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үйл баримт ийнхүү үгүйсгэгджээ.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж үзэхээр заажээ.

Тиймээс зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх гол нөхцөл нь зуучлагчийн зуучлуулагчид гэрээ хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийн дагуу зуучлуулагч болон гуравдагч этгээдийн хооронд үндсэн гэрээ байгуулагдсан байх явдал болно.

Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд “Д” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх явдал атал дээрх нөхцөл байдлаас үзэхэд тухайн этгээдүүд компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээгээр компанийн эрхийг шилжүүлэн авсан ба нэхэмжлэгч өөрийгөө хувьцаа худалдах худалдан авах гэрээнд зуучилсан талаар аливаа тайлбар гаргаагүй.

17. Иймээс нэхэмжлэгчийг гэрээний үүрэг ёсоор хариуцагч “Д” ХХК-ийг  “Э” ХХК-тай хэлцэл хийхэд холбон өгч зуучлалын үйл ажиллагаа явуулсан, улмаар талууд зуучлалын гэрээгээр тохирсон үр дүнд хүрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба давж заалдах шатны шүүх энэ агуулгаар нэхэмжлэгчийг хөлс шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

18. Эдгээр үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00253 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нэхэмжлэгч Г.Б-аас 2024.03.12-ны өдөр төлсөн 3,907,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                          Н.БАЯРМАА

П.ЗОЛЗАЯА