Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 27

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай                     

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 643 дугаар шийдвэртэй.

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-17 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ72110105, Тугтан овогтой Цэвээнжавын Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У аймаг дахь Ш ш г г-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хас банкнаас 2010 оны 5 дугаар сараас эхлэн зээл авч тухай бүрт хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийж явсан боловч 2016 оны эхнээс ажил үйлчилгээний орлого буурч хуваарийн дагуу төлөлт хийхэд хэцүү болсон.

Хас банк шүүхэд хандаж 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжсэн. Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэрээр сар бүр 400.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг хүртэл төлөлт хийгдэж байгаа. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн манай амьдарч буй байшин, 2 ширхэг гараж, А зэрэглэлийн газарт 34.600.000 төгрөгийн үнэлгээ тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр батлагдаж, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч О.Б намайг дуудаж танилцууллаа.

Манай хашаанд 10х16 м.кв талбай бүхий 4 өрөө байр, 2 ширхэг том граж3 А зэрэглэлийн 15х45 м.кв талбай газартай.

Миний байшин зөвхөн баригдсан үнэ нь 70.000.000 гаруй төгрөг, 2 гараж 15.000.000 төгрөг, газрын хамт 100.000.000-аас дээш төгрөгөөр үнэлэгдэх байх гэж бодож байна. Иймээс энэ 34.600.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээчийн дүгнэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсэж байна” гэжээ.

Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхийн 2016 оны 717 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ц.Ц, Ч.Хосбаяр нараас 105.218.445 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн.

Одоо маргаад байгаа хөрөнгийг битүүмжилж, 2 сарын хугацаа өгсөн. Уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг хураан авч, үнэлгээ гаргуулсан. Эд хөрөнгийн үнэлгээг манай байгууллага гаргаагүй, Улаанбаатар хотод байрлах, хөндлөнгийн этгээд болох “Гэрэгэ эстимэйт” ХХК-иар тухайн дүгнэлтийг гаргуулсан. Шинжээч томилсон тогтоолоо танилцуулж, гардуулсан.

Тухайн шинжээчийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн ханш, байршил, объектын шинж байдлыг харгалзан үзээд гаргасан хэмээн дүгнэлтэд дурдагдсан байх тул үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 643 дугаар шийдвэрээр:

                  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч У аймаг дахь Ш ш г гт холбогдох “эд хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэгч Ц.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц-ийн давж заалдах гомдлын агуулга: “...Ц Ц миний бие нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 643 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

...Учир нь: Хас банкинд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэрээр 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр "Гэрэгэ эстимэйт" ХХК манай амьдарч буй байшин, 2 граж, А зэрэглэлийн газрыг ердөө 34.600.000 төгрөгөөр үнэлэгээ тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 7-17 тоотод А зэрэглэлд байрлах 144.м.кв талбай бүхий гэрчилгээний 000200158, улсын бүртгэлийн Ү-1520003258 дугаартай хувийн орон сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 191901821 дугаартай 700м.кв эзэмших эрхтэй газар зэргийг хэтэрхий багаар үнэлсэн, тухайн газарт 2 граж байгааг үнэлгээнд огт оруулаагүй, тухайн хөрөнгийн бодит зах зээлийн ханшийг тогтоож чадаагүй гэдэг үндэслэлээр гомдолоо гаргасан.

Тухайн үед "Гэрэгэ-эстимэйт” ХХК үнэлгээг тогтоохдоо бид нарын хэнийг ч байлцуулаагүй, гэрт хүүхэд байхад манай байрыг үзээд явсан байдаг.

..Мөн бид нарыг байлцуулахгүйгээр зөвхөн хувийн орон сууцыг үнэлсэн нь хувийн орон сууц маань өмчлөх эрхтэй газар дээрээ байрлалтай баригдсан, хоёр граж мөн баригдсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээтэй байгаа нь тухайн үед үнэлэгдээгүй.

Бидний эд хөрөнгийг үнэлэхдээ бид нартай уулзахгүйгээр ямарч бичиг баримт үзэхгүйгээр үнэлгээг Шийдвэр гүйцэтгэгчийн үгээр хийж буйн тэдний эрх ашигт нийцсэн үнэлгээ гаргасан гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна.

Манайх тухайн орон сууцыг бариад 4-5 жил амьдарч байгаа, мөн А зэрэглэлд байрладаг, хашаандаа 2011 оны 06 сарын 16-ны өдрийн Ү-1520003123 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 80 м-кв 2 том машины гражтай, мөн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 890 м/кв газрын хууль ёсны өмчлөгч гэсэн Улсын бүртгэлийн Г-1520003483 дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй өмчлөх эрхтэй, газартай байсаар байхад үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур, бидний хөрөнгийг хэт үнэгүйдүүлж үнэлсэнд туйлын гомдолтой байна.

Иймд бидний хашаанд байгаа бүх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар "Гэрэгэ-эстимайт” ХХК үнэлсэнээр дуудлага худалдаанд оруулан хураан авах гэж байгаа учраас бид байгаа бүх хөрөнгөө үнэн мөнөөр үнэлүүлэх ёстой байх гэж үзэж байна.

Бидний ойлголтоор эд хөрөнгийн үнэлгээний "Гэрэгэ-эстимэйт” ХХК тухайн хүний эд хөрөнгөнд үнэлгээ тогтоохдоо хуулийн дагуу бүх зүйлийг үнэлэх ёстой байх.

Тэгтэл тухайн хашаанд байсан өмчлөх эрхтэй хоёр том машины граж, мөн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар зэргийг хуулийн дагуу зөв үнэлэхгүй байгаа нь хэт нэг талыг барьсан хууль бус үнэлгээ гаргасан байна гэж иргэн хүний хувьд гомдолтой байна.

Мөн бидний эд хөрөнгийг "Гэрэгэ эстимэйт" ХХК хуулийн дагуу зөв үнэлгээ тогтоож чадаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч У аймаг дахь Ш ш г гт холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 7-17 тоотод байрлах 144м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 34.600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар Ц.Ц, Ч.Хосбаяр нар нь Хас банкны Увс салбарт 105.218.445 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 342.021 төгрөгийн хамт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч Ц.Ц “...шинжээч нь миний эд хөрөнгийг үнэлэхдээ хэт нэг талыг барьж дутуу үнэлсэн, үнэлгээ тогтоохдоо уг хашаанд барьсан 2 граж, 700 м.кв газрыг үнэлээгүй “ гэх гомдлыг гаргажээ.

Төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаатай холбоотой гомдол гаргаж буй тохиолдолд шүүх уг ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх, эрх бүхий этгээд уг дүгнэлтийг гаргасан эсэх, уг дүгнэлттэй холбоотой асуудлыг үнэлгээ хийсэн шинжээчээс тодруулах зэрэг нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой юм.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьялалгүй хүнийг ойлгоно” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно” гэж тус тус заажээ.

Хэргийн 17 дугаар талд газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийн хуулбарыг дахин хуулбарлаж нотариатаар баталгаажуулсан баримт авагдсан байгаа нь уншигдахгүй, юу бичигдсэн болох нь мэдэгдэхгүй байх тул уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл бичгийн баримтыг эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шүүх шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.

Түүнчлэн хэрэгт шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн ямар эд хөрөнгийг  битүүмжилж хураасан, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу эд хөрөнгийн үнийг тохиролцох ажиллагаа явагдсан эсэх зэрэг үйл баримтууд нь нотлох баримтаар нотлогдоогүй, шинжээчийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлтэнд төлбөр төлөгчийн ямар эд хөрөнгийг үнэлсэн, уг дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхойгүй байхад шүүх дээрхи ажиллагаануудыг хуулинд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Ц.Ц-ийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү “ гэх гомдол хангагдсан тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.5-т заасныг удирлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 643 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч Ц.Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                          Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН