Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 943

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Ц-ын Ц-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Ш газарт холбогдох,

     Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, гэрч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Х банкнаас 2010 оны 5 дугаар сараас эхлэн зээл авч тухай бүрт хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийж явсан боловч 2016 оны эхнээс ажил үйлчилгээний орлого буурч хуваарийн дагуу төлөлт хийхэд хэцүү болсон. Х банк шүүхэд хандаж 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжсэн. Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэрээр сар бүр 400.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг хүртэл төлөлт хийгдэж байгаа. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн манай амьдарч буй байшин, 2 ширхэг гараж, А зэрэглэлийн газарт 34.600.000 төгрөгийн үнэлгээ тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр батлагдаж, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б намайг дуудаж танилцууллаа. Манай хашаанд 10х16 м.кв талбай бүхий 4 өрөө байр, 2 ширхэг том граж, А зэрэглэлийн 15х45 м.кв талбай газартай. Миний байшин зөвхөн баригдсан үнэ нь 70.000.000 гаруй төгрөг, 2 гараж 15.000.000 төгрөг, газрын хамт 100.000.000-аас дээш төгрөгөөр үнэлэгдэх байх гэж бодож байна. Иймээс энэ 34.600.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээчийн дүгнэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсэж байна” гэжээ.

    Хариуцагч Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхийн 2016 оны 717 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ч, Х нараас 105.218.445 төгрөгийг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Одоо маргаад байгаа хөрөнгийг битүүмжилж, 2 сарын хугацаа өгсөн. Уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг хураан авч, үнэлгээ гаргуулсан. Эд хөрөнгийн үнэлгээг манай байгууллага гаргаагүй, Улаанбаатар хотод байрлах, хөндлөнгийн этгээд болох “Гэрэгэ эстимэйт” ХХК-иар тухайн дүгнэлтийг гаргуулсан. Шинжээч томилсон тогтоолоо танилцуулж, гардуулсан. Тухайн шинжээчийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн ханш, байршил, объектын шинж байдлыг харгалзан үзээд гаргасан хэмээн дүгнэлтэд дурдагдсан байх тул үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Ш газарт холбогдуулан, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 717 тоот захирамжаар Х банкны гаргасан “зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон бусад зардалд 105.218.445 төгрөгийг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” шаардлагыг хариуцагч Ц, Х нар хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.  

      Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн байх ба төлбөр төлөгчийн зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээг гаргуулжээ.

       Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, төлбөр авагч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохироцож чадаагүй байх бөгөөд Ш газрын 95 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05/10 тоот тогтоолоор шинжээч томилж, хувийн орон сууц, 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий байр, 96 м.кв талбай бүхий хувийн сууц, 3500 м.кв талбай бүхий газар зэргийн үнэлгээг гаргуулахаар тогтоож, хөрөнгийн үнэлгээчин Д.Ганбаатарт тухайн тогтоолыг танилцуулсан байна.

     Ингээд “Гэрэгэ эстимэйт” ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г гаргаж ирүүлсэн байх ба тухайн үнэлгээгээр 144 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын үнэлгээг нийт 34.600.000 төгрөгөөр тогтоосон байна.  

     Уг хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ц эс зөвшөөрч “А зэрэглэлийн газарт байрлах миний үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамтаар хэтэрхий багаар үнэлсэн, тухайн газарт бас 2 гараж байгааг үнэлгээнд огт оруулаагүй, тухайн хөрөнгийн бодит зах зээлийн ханшийг тогтоож чадаагүй” гэх үндэслэлээр гомдол гаргасан байх боловч нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадахгүй байна.

      Өөрөөр хэлбэл, тус шүүхийн 2016 оны 717 тоот шийдвэрт дурдагдсанаар зээлдэгч Ц, Х нар 144 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байх ба уг газарт байрлах 2 гаражийг анхнаасаа зээлийн барьцаанд барьцаалаагүй, мөн “уг 700 м.кв талбай бүхий газраа өмчлөх эрхтэй болгосон” гэх боловч зээлийн барьцаанд “эзэмших эрхтэй” газрыг барьцаалсан нь тухайн шүүхийн шийдвэрт дурдсан мэдээлэл болон хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан гэрчилгээгээр тогтоогдож байна.

       Мөн уг хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд зах зээлийн харьцуулалтын аргыг ашиглан, тухайн хөрөнгийн шинж байдал, байршил, хийц загвар, нэвтрэх боломж, харагдах байдал, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, газрын төлөв зэргийг харгалзан, тухайн хөрөнгөтэй ойролцоо орших 3 үл хөдлөх хөрөнгийн зарахаар зарлагдсан үнэ, байршил, орчны байдал, барилгын хийц, техникийн нөхцөл зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг ашигласан талаар дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д тавигдах шаардлагыг хангасан байна.

   Түүнчлэн “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Д.Ганбаатар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн, мөн үнэлгээ гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасны дагуу хөндлөнгийн, хараат бус дүгнэлтийг гаргасан нь мөн гэрч О-ийн мэдүүлгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

     Гэрч О “Хэрэгт хавсаргасан 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2016/01/22 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг Ц нь манай компаниар хийлгэхдээ “Татварын хөнгөлөлтөд хамрагдах шаардлагатай байна” гэсэн тул тухайн хувийн орон сууцны үнэлгээг 40.814.669 төгрөгийн буюу зах зээлийн ханшнаас өндрөөр үнэлсэн” гэсэн мэдүүлэг өгсөн тул нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тухайн үнэлгээг шүүх нотлох баримтаар үнэлж, 2018 оны хөрөнгийн үнэлгээг багаар тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

       Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Ш газарт холбогдох “эд хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэгч Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Ш холбогдох “эд хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэгч Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА