Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2021/00496

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Б-ын А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш овогт С-ын А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Т, орчуулагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт  үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.А нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Г-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 тоот тушаалаар цэцэрлэгийн үйлчлэгчээр томилогдсон юм. Би үйлчлэгчээр 1 сар гаруй ажилласан юм. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаагүй ажлаа хэвийн гүйцэтгэж байсан юм. Тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан К.А нь өндөр насны тэтгэвэрт гарахаар өөрөө хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн юм. Түүний оронд төрсөн охин нь болох М.А-ыг туслах багшаар томилсон юм. Харин М.А-ы оронд Б.А намайг үйлчлэгчийн албан тушаалд томилж тушаал гарган, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан юм. Шинээр томилогдсон эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А нь Тэтгэвэрт гарахаар хүсэлт гаргасан К.А нь эргэж өөрийн оронд ажилд орох болсон тул чамайг ажлаас чөлөөлнө гэсэн юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/08 тоот дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн юм. Миний эрх зүйн байдлыг дордуулсанд маш гомдолтой байна. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул намайг тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, томилж өгнө үү .

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгч С.Г нь тушаал гаргаж, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үйлчлэгчийн ажилд томилсон. Би ийнхүү үйлчлэгчээр ажилласан хугацаанд ямар нэгэн байдлаар зөрчил гаргаж байгаагүй. Дараа нь С.А тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдонгуутаа намайг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Тиймээс намайг урьд нь эрхэлж байсан У сумын Хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А миний бие Б аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Б.А-ийн өгсөн гомдлыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч танилцлаа. Б.А нь шүүхэд гаргасан гомдлоо ажлаас үндэслэлгүй халагдсан тухай дурдсан байна. У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр С.А миний бие 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сумын Засаг даргын Б/05 дугаартай захирамжаар томилогдсон. Томилогдож очсоны дараа тус цэцэрлэгт туслах багшаар 28 жил ажиллаж байсан К.А цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг хавсран ажиллаж буй С.Г нь “намайг хууран мэхэлж тэтгэмжийн мөнгө ирээгүй, тухайн жилд оногдох ээлжийн амралтаа эдлээгүй байхад, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн насны өөрчлөлтийг харгалзан үзэхгүйгээр намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж эрхлэгч А.Е-ийн төрсөн бэр Б.А-ийг үйлчлэгчээр авч Е, Г нар нэг нэгэндээ тохиролцон наймаа хийж намайг ашигласан” тул туслах багшаар эргүүлэн ажиллуулж өгнө үү гэж өргөдөл гаргасан. Энэ асуудлыг цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд судалж үзэхэд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн холбогдох заалт зөрчигдсөн, энэ хөл хорионы үед ямар нэгэн хүнийг ажлаас чөлөөлж, томилж болохгүй гэсэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол болон Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1-01/20 дугаар захирамжуудыг тус тус зөрчиж С.Г нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж , ажилтнуудыг хууль бусаар чөлөөлж, томилгоо хийсэн болох нь тогтоогдсон тул 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн танхимын хичээл эхэлсэнтэй холбоотой урд ажиллаж байсан К.А-ийг туслах багшаар, туслах багшийн орон тоонд томилогдсон М.А-ыг урд нь ажиллаж байсан үйлчлэгчийн ажилд эргүүлэн томилсон тушаал гаргасан болно. Үүнээс болж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 тоот тушаалаар томилогдсон үйлчлэгчийн ажилд шинээр орсон Б:А-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А/08 тоот тушаалаар хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэжээ.

Хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр У сумын Засаг даргын Б/05 дугаартай захирамжаар тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Би томилогдсоны дараа тус цэцэрлэгт 28 жил ажилласан, туслах багш ажилтай байсан К.А У сумын Засаг даргад өргөдөл гаргасан байсан. Уг өргөдөлдөө К.А “намайг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгч С.Г өндөр насны тэтгэвэрт гаргаж, ажлаас чөлөөлсөн байна. Намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Би 1966 онд төрсөн. Нийгмийн даатгалын тухай хуульд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр оруулсан өөрчлөлт, шинэчлэлтийн дагуу 1966 онд төрсөн хүн 56 насандаа тэтгэвэрт гарах ёстой юм байна. Би ажлаас чөлөөлөгдөхдөө ажилласан сард ноогдох тэтгэмж аваагүй, дээрээс нь би цалингийн зээлтэй тул уг зээлээ төлж чадахгүй хохирч байна. Тийм учраас намайг А.Е,  С.Г нар эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, хоорондоо тохиролцож намайг ажлаас чөлөөлсөн тул намайг урьд нь эрхэлж байсан туслах багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан. Тэгээд Сумын Засаг даргаас надад К.А-ийг урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томил гэсэн албан тоот ирүүлсэн. Тийм учраас би Засаг даргын албан тоот, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль зэргийг үндэслээд, эрх мэдлийнхээ хүрээнд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр К.А-ийг урьд нь эрхэлж байсан туслах багшийн ажилд эгүүлэн томилсон. К.А-ийг ажлаас чөлөөлөхөд манай цэцэрлэгт 9 жил үйлчлэгчээр ажилласан К.А-ийн охин А-ыг туслах багшаар томилогдсон байсан тул К.А-ийг туслах багшаар томилж, А-ыг урьд нь эрхэлж байсан үйлчлэгчээр томилсон. Манай цэцэрлэгт үйлчлэгчийн 4 орон тоонд, 4 хүн ажилладаг. Айтолхыныг эгүүлэн үйлчлэгчээр томилсон тул 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б.А-д хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэх хуудас өгч, ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг тайлбарлаж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаалыг өөрт нь гардуулсан. С.Г гэдэг хүн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр У сумын Засаг даргын захирамжаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэгчээр томилогдсон. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үед Монгол улсад хөл хорио тогтоосон үе байсан. Хөл хорооны үед ажилчдыг ямар нэгэн байдлаар тэтгэвэрт гаргах, ажлаас чөлөөлөх, шинээр ажилд томилохыг хориглож, цалингийн зардлыг хэмнэх талаар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын тогтоол гарсан. Мөн аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шинээр багш, ажилтан авахгүй байх талаар албан үүрэг өгсөн байсан. У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан С.Г тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын албан үүрэг зэргийг зөрчиж, шинээр ажилтан томилсон байна. Дээрээс нь тухайн үед Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан С.Г-ийн Б.А-ийг ажил томилсон тушаалыг алдаатай гаргасан байна. Тус хөдөлмөрийн гэрээ нь ямар нэгэн дугааргүй, хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн, хөдөлмөрийн гэрээний эхлэх хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж, хугацаагүй гэж байгуулсан байна. Тус хөдөлмөрийн гэрээнд 7 хоногийн ажлын цаг, өдрийн ажлын цаг, үндсэн амралтын цаг болон бусад хариуцлагатай зүйлүүдийг бөглөөгүй, үүнээс гадна уг хөдөлмөрийн гэрээг байгуулсан огноо гэх хэсгийг хоосон орхисон. Тэгэхээр С.Г-ийн Б.А-ийг ажилд томилсон хөдөлмөрийн гэрээ нь хууль бус гэж үзэж байна гэв.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.А нь Б аймаг У сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймаг У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Г-ийн  2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Б.А-ийг ажилд томилох тухай”  тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21,1, 21.7, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 11.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 1-01/319 албан тоотыг тус тус үндэслэн 1. Тус байгууллагын туслах багш К овогтой А өндөр насны тэтгэвэрт гарсан тул оронд үйлчлэгч М.А-ыг К.А-ийн оронд туслах багшаар, үйлчлэгч М.А-ы оронд үйлчлэгчээр Б.А-ийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бүр авч ажиллуулсугай гэсэн эрхийн акт гаргаж хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд Б.А-ийг томилсон байна.

Дараа нь  Б аймаг У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/08 дугаартай “Б.А-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1,8 дахь заалт, Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэг. Тус байгууллагын туслах багш ажилтай К.А тухай жилийн амралтаа аваагүй,тэтгэмжийн мөнгө ирээгүй учраас өндөр насны тэтгэврийн тэтгэмжийн мөнгө ирэх хүртэл өөрийн оронд нь ажиллуулах тухай өргөдөл гаргаж эргэж орсон, К.А-ийн оронд туслах багшаар томилогдсон үйлчлэгч М.А бас өөрийн оронд эргэж томилогдсон  тул 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Б.А-ийг үйлчлэгчээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. Хоёр. Үйлчлэгчээр ажиллаж байсан Б.А-ийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбогдон үйлчлэгчийн ажлыг хүлээлгэж өгөхийг Б.А-д үүрэг болгосугай гэсэн эрхийн актаар Б.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Б.А нь  ажил олгогч У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А-ийн  2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/08 дугаартай “Б.А-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. 

Хариуцагч У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А нь нэхэмжлэгч Б.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... Тус цэцэрлэгт туслах багшаар 28 жил ажиллаж байсан К.А цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг хавсран ажиллаж буй С.Г нь “ намайг хууран мэхэлж тэтгэмжийн мөнгө ирээгүй, тухайн жилд оногдох ээлжийн амралтаа эдлээгүй байхад, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн насны өөрчлөлтийг харгалзан үзэхгүйгээр намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж эрхлэгч А.Е-ийн төрсөн бэр Б.А-ийг үйлчлэгчээр авч Е, Г нар нэг нэгэндээ тохиролцон наймаа хийж намайг ашигласан тул туслах багшаар эгүүлэн ажиллуулж өгнө үү гэж өргөдөл гаргасан. Энэ асуудлыг цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд судалж үзэхэд Хөдөлмөрийн тухай хууль  тогтоомжийн холбогдох заалт зөрчигдсөн, энэ хөл хорионы үед ямар нэгэн хүнийг ажлаас чөлөөлж, томилж болохгүй гэсэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол болон Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1-01/20 дугаар захирамжуудыг тус тус зөрчиж С.Г нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, ажилтнуудыг хууль бусаар чөлөөлж, томилгоо хийсэн болох нь тогтоогдсон тул 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн танхимын хичээл эхэлсэнтэй  холбоотой урд ажиллаж байсан К.А-ийг туслах багшаар, туслах багшийн оронд тоонд томилогдсон М.А-ы урд нь ажиллаж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан болно. Үүнээс болж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 тоот тушаалаар томилогдсон үйлчлэгчийн ажилд шинээр орсон Б.А-ийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А/08 тоот тушаалаар хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Б.Ань ... К.А тэтгэврийн насанд хүрсэн, тэтгэмж нь ирж, ажлаас чөлөөлж, намайг үйлчлэгчийн ажилд  томилсон нь байхад К.А-ийг ажилд томилж, намайг ажлаас чөлөөлсөн тул гомдол гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлага тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь ажил олгогч хэнийг ямар ажилд томилох нь ажил олгогчийн эрхийн асуудал учир шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй бөгөөд ажилтныг томилох талаар даалгах шийдвэр гаргах нь зохимжгүй буюу хуульд нийцэхгүй юм.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Б.А-ийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн болон холбогдох бусад хууль журмыг баримталсан байна.

Б аймаг У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Г-ийн  2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Б.А-ийг ажилд томилох тухай”  тушаалаар Б.А-ийг хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэжээ.

Нэхэмжлэгч Б.А-ийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ нь дугааргүй бөгөөд гэрээний 1.3, 1.4-т үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ тусгаагүй, хөдөлмөрийн нөхцөлийн талаар тохиролцоогүй буюу энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг зөрчсөн байна.  

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн К.А-ийн гарын баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь, энэхүү гарын баримтыг С.Г, Е нар нь ... орой гэртээ дуудаж бичүүлж авсан, надад гарын баримтыг гэхдээ таны тэтгэмж ирсэн, таныг хохирохгүй гэж намайг .... бичүүлсэн гэх хавтаст хэрэгт авагдсан гэрч К.А-ийн мэдүүлгээр нотлогдож байна . Мөн Хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүх харьцуулан дүгнэх нь зүйтэй ба К.А-ийн өөрийнхөн гэрчээр өгсөн мэдүүлгээр энэхүү өргөдлийг С.Г, Е нар нь бичүүлсэн, өөрөө ажлаас чөлөөлөх тухай өргөдлөө сайн дураар бичиж байгаагүй болох нь өөрийнхөн гэрчээр өгсөн нотлох баримтаар нотлогдож байх тул энэхүү гарын баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, мөн өргөдөл гаргах шалтгаан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д танаа гэж өргөдөл гаргаж байсан байх ба энэхүү өргөдлийг нэхэмжлэгч Б.А нь шүүх хуралдааны шатанд нотлох баримтаар гаргаж өгч байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь, ажил олгогчид энэхүү өргөдлийг гаргаж байхад энэ талаар ямар хариу өгч байсан тодорхойгүй, энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт гэж үнэлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Шүүхэд гэрчээр дуудагдаж асуугдсан гэрч М.А-ы ... К.А-ийн тэтгэмж ирээгүй, энэ талаар тушаалдаа ямар нэгэн зүйл бичээгүй тушаал гаргасан гэх мэдүүлгээр давхар нотлогдож байх ба энэхүү үйл баримтаар  ажилтан К.А-ийг эрх ашиг нь зөрчигдсөн, мөн К.А нь 1966 онд төрсөн, одоо 55 настай байх ба тэтгэвэрт гарах талаар өргөдөл гаргаж байсан нь нотлогдоогүй, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ... харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд ..., 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж тус тус заасан байхад ажил олгогч У сумын Хүүхдийн цэцэрлэг нь ажилтан К.А-ийг өндөр насны тэтгэвэрт гарсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байна.

Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/07 дугаартай “Ажлаас чөлөөлж, урьд эрхэлж байсан албан тушаалаар эгүүлэн авч ажиллуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалт,Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, К.А-ийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өөрийн өргөдлийг нь тус тус үндэслэн Нэг. Тус байгууллагын туслах багш ажилтай К.А өндөр насны тэтгэврийн тэтгэмжийн мөнгө нь ирэх хүртэл өөрийн оронд эгүүлэн ажиллуулах тухай өргөдөл гаргасан тул түүний оронд ажиллаж байгаа М.А-ыг 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн туслах багшийн ажлаас чөлөөлж, урьд нь ажиллаж байсан үйлчлэгчээр авч ажиллуулсугай гэсэн эрхийн акт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1-01/319 дугаартай Б аймгийн Засаг даргын У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Г танаа гэх албан бичигт У сумын 9 дүгээр багийн иргэн Б овогтой А нь аймгийн удирдлагад ажил хүссэн өргөдөл ирүүлсэн байна. Иймд Б.А-ийг танай байгууллагаас гарч буй үйлчлэгчийн сул орон тоонд авч ажиллуулахыг санал болгон уламжлав гэсэн албан бичгийг үндэслэж Б.А-ийг ажилд томилсон нь учир дутагдалтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлан гэж байсан байхад энэхүү үндэслэлүүдийг ажил олгогч баримтлаагүй байна.  

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасан "ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэдэг нь ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгоно гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар нэмэгдүүлсэн ба энгийн өндөр насны тэтгэвэр нь эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авч болно гэж хуульд зааснаар ажилтан К.А нь өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрх нь нээлттэй байна.

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1-01/20 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт “ Албан үүрэг өгөх тухай” албан бичигт ... Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А/01 тоот захирамж гарган ажиллаж байна. Үүнд -одоогоор боловсролын салбар танхимд хичээл явуулахгүй байгаатай холбогдуулан багш ажилтныг ажлаас халж, чөлөөлөхгүй байх, шинээр багш, ажилтан авахгүйгээр төсвийн хэмнэлтийн горимоор ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон бусад ямар нэг орон тоо бий болсон үед мэдэгдэх гэж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаартай “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1.2-т шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж тус тус эрхийн актууд гарч үүрэг өгч байхад Б аймаг Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Г-ийн  2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Б.А-ийг ажилд томилох тухай”  тушаал гаргаж ажилтныг ажилд томилж байгаа нь үндэслэлгүй болсон байна.

Б аймгийн У сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/47 дугаартай “А овогтой Е-д жирэмсэн болон амаржсаны амралт олгох тухай” захирамжаар цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д хүсэлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн жирэмсний  болон амаржсаны амралт олгосон байх ба мөн тус цэцэрлэгийн арга зүйч С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Эрхлэгчийн ажлыг хавсарган гүйцэтгэсэн үед 40% нэмэгдэл хөлс авсан, арга зүйчийн үндсэн цалин 850717 төгрөг Эрхлэгчийн нэмэгдэл хөлс нь нэг сард 385959 төгрөг авч байсан нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн У сумын ня-бо И.М-ийн тодорхойлолтоор тус тус нотлогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Б.А-ийн Б аймаг У сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б