Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2021/00057

 

Б.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00496 дугаар шийдвэртэй, Б.А ийн нэхэмжлэлтэй,  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Даулетжан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хариуцагч С.А , хариуцагч байгууллагын өмгөөлөгч Х.Тилеугавал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай

 

Нэхэмжлэлд: “Миний бие Б.А  нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Гүлгайшагийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 тоот тушаалаар цэцэрлэгийн үйлчлэгчээр томилогдсон юм. Би үйлчлэгчээр 1 сар гаруй ажилласан юм. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаагүй ажлаа хэвийн гүйцэтгэж байсан юм. Тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан К.Айгүл нь өндөр насны тэтгэвэрт гарахаар өөрөө хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн юм. Түүний оронд төрсөн охин нь болох М.Айтолхыныг туслах багшаар томилсон юм. Харин М.Айтолхыны оронд Б.А  намайг үйлчлэгчийн албан тушаалд томилж тушаал гарган, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан юм. Шинээр томилогдсон эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А  нь Тэтгэвэрт гарахаар хүсэлт гаргасан К.Айгүл нь эргэж өөрийн оронд ажилд орох болсон тул чамайг ажлаас чөлөөлнө гэсэн юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/08 тоот дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн юм. Миний эрх зүйн байдлыг дордуулсанд маш гомдолтой байна. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул намайг тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, томилж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: “Тус аймгийн Улаанхус сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А  миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Б.А ийн өгсөн гомдлыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч танилцлаа. Б.А  нь шүүхэд гаргасан гомдлоо ажлаас үндэслэлгүй халагдсан тухай дурдсан байна. Улаанхус сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр С.А  миний бие 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сумын Засаг даргын Б/05 дугаартай захирамжаар томилогдсон. Томилогдож очсоны дараа тус цэцэрлэгт туслах багшаар 28 жил ажиллаж байсан К Айгүл цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг хавсран ажиллаж буй С.Гүлгайша нь намайг хууран мэхэлж тэтгэмжийн мөнгө ирээгүй, тухайн жилд оногдох ээлжийн амралтаа эдлээгүй байхад, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн насны өөрчлөлтийг харгалзан үзэхгүйгээр намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж эрхлэгч А.Еркегүлийн төрсөн бэр Б.А ийг үйлчлэгчээр авч Еркегүл Гүлгайша нар нэг нэгэндээ тохиролцон наймаа хийж намайг ашигласан тул туслах багшаар эргүүлэн ажиллуулж өгнө үү гэж өргөдөл гаргасан. Энэ асуудлыг цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд судалж үзэхэд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн холбогдох заалт зөрчигдсөн, энэ хөл хорионы үед ямар нэгэн хүнийг ажлаас чөлөөлж, томилж болохгүй гэсэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол болон Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1-01/20 дугаар захирамжуудыг тус тус зөрчиж С.Гүлгайша нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж , ажилтнуудыг хууль бусаар чөлөөлж, томилгоо хийсэн болох нь тогтоогдсон тул 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн танхимын хичээл эхэлсэнтэй холбоотой урд ажиллаж байсан К.Айгүлийг туслах багшаар, туслах багшийн орон тоонд томилогдсон М.Айтолхыныг урд нь ажиллаж байсан үйлчлэгчийн ажилд эргүүлэн томилсон тушаал гаргасан болно. Үүнээс болж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 тоот тушаалаар томилогдсон үйлчлэгчийн ажилд шинээр орсон Б:А ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А/08 тоот тушаалаар хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00496 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.А ийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн ,өмгөөлөгч Д.Айбек би мөн Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 15-р цэцэрлэгийн эрхлэгч ажилтай хариуцагч Харахас овогт Бахытийн А  бид Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 -р сарын 19 -ний өдрийн 130/ШШ2021/00496 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.Үүнд:

Б.А ийг 2021 оны 02-р сарын 25-ны өдөр тус Сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Гүлгайша нь цэцэрлэгийн үйлчлэгчээр томилж тушаал гаргасан юм. Мөн нэхэмжлэгч Б.А ийг ажил томилсон өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д зааснаар хугацаагүй Хөдөлмөрийн гэрээг байгуулсан юм.

Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Еркегүл,мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Гүлгайша нарт туслах багшаар ажиллаж байсан Кунтуганы Айгул нь 2020 оны 09-р сарын-14-ны өдөр ажлаас сайн дураараа чөлөөлөгдөх тухай өргөдөл гаргасан байдаг.

2020 оны 09-р сарын 14-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын-29-ний өдөр тус -тус Улаан-хус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Еркегүл танаа гэж туслах багш К.Айгүл нь өргөдөл гаргаж байсан ба уг өргөдлийг шүүхийн шатан нотлох баримтаар гаргаж өгөхөд анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй юм.

Туслах багш К.Айгүл нь өөрөө санаачилж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байдаг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 зүйлд зааснаар: Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй,энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж хуульчилсан байдаг юм. Мөн хуулийн 39.2 дугаар зүйлд зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаантай ,эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохирсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1 -д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж хуульчилж өгсөн юм.

Сум дундын анхан шатны шүүх Улаан-хус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Гүлгайшагийн 2021 оны 02-р сарын -25 өдрийн 05 дугаартай “ Б.А ийг ажилд томилох тухай” тушаал гаргаж ажилд томилж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн С.Гүлгайшаг 2020 оны 11-р сарын -13-ны өдрөөс эхлэн Эрхлэгчийн ажлыг хавсарган гүйцэтгэгчээр томилсон эрх бүхий албан тушаалтан гэж ойлгох ба ня-бо И.Майрагүлийн тодорхойлолтоор тогтоогдсон юм.УТХ-ын тухай хуулийн 41-дүгээр зүйлийн 41.1,5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм. Сум дундын анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас үнэлж, дүгнээгүй гэж үзэж байгаа юм.

Иймд Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын-19 -ний өдрийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ/2021/00496 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Б.А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “Тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан К.Айгүл нь өндөр насны тэтгэвэрт гарахаар өөрөө хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдөж  түүний оронд төрсөн охин М.Айтолхыныг туслах багшаар томилж, түүний оронд Б.А  намайг үйлчлэгчийн албан тушаалд томилж тушаал гарган, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан юм. Шинээр томилогдсон эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А  нь тэтгэвэрт гарсан К.Айгүлийг өөрийн оронд ажилд орох болсон тул чамайг ажлаас чөлөөлөн гэж 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлж, миний эрх зүйн байдлыг дордуулсанд маш гомдолтой” гэж тайлбарлажээ.

Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч  “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр С.А  миний бие 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр томилогдсон. Тус цэцэрлэгч 28 жил ажиллаж байсан К.Айгүл цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан С.Гүлгайша нь намайг хууран мэхэлж тэтгэмжийн мөнгө ирээгүй, тухайн жилд ногдох амралтаа эдлээгүй байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн өөрчлөлтийг харгалзан үзэхгүйгээр намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж эрх хэмжээгээ хэтрүүлэн эрхлэгч байсан А.Еркегүлийн төрсөн бэр Б.А ийг   үйлчлэгчээр авч Еркегүл Гүлгайша нар нэг нэгэндээ тохиролцон наймаа хийж намайг ашигласан тул туслах багшаар эргүүлэн ажиллуулж өгнө үү гэж өргөдөл гаргасан. Энэ асуудлыг цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд судалж үзэхэд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн холбогдох заалт зөрчигдсөн, энэ хөл хорионы үед ямар нэгэн хүнийг ажлаас чөлөөлж, томилж болохгүй гэсэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол болон Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1-01/20 дугаар захирамжуудыг тус тус зөрчиж С.Гүлгайша нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж , ажилтнуудыг хууль бусаар чөлөөлж, томилгоо хийсэн болох нь тогтоогдсон тул урд ажиллаж байсан К.Айгүлийг туслах багшаар, туслах багшийн орон тоонд томилогдсон М.Айтолхыныг урд нь ажиллаж байсан үйлчлэгчийн ажилд эргүүлэн томилсон тушаал гаргасан болно. Үүнээс болж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 тоот тушаалаар томилогдсон үйлчлэгчийн ажилд шинээр орсон Б.А ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А/08 тоот тушаалаар хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэж шүүхэд маргасан байна.

 

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай  тушаалаар тус цэцэрлэгийн туслах багш К.Айгүл нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн 05 дугаартай тушаалаар туслах багш К.Айгүл өндөр насны тэтгэвэрт гарсан тул оронд нь түүний охин үйлчлэгч М.Айтолхыныг туслах багшаар, М.Айтолхыны оронд Б.А ийг   үйлчлэгчээр бүр томилжээ.

Улаанхус сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр С.А ийг томилсны дараа туслах багшаар ажиллаж байсан К.Айгүл нь ажилдаа эргэж орох тухай өргөдөл гаргаснаар шинээр томилогдсон эрхлэгч С.А  нь 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/06 дугаартай тушаалаар К.Айгүлийг тухайн жилийн амралтаа аваагүй, тэтгэмжийн мөнгө ирээгүй, хууран мэхэлж тэтгэвэрт гаргасан учраас тэтгэмжийн мөнгө ирэх хүртэл гэсэн үндэслэлээр  туслах багшийн ажилд түүнийг эгүүлэн авч, мөн өдрийн А/07 дугаартай тушаалаар туслах багш К.Айгүл нь өөрийн оронд эргэж орсон тул туслах багшаар ажиллаж байсан М.Айтолхыныг туслах багшаас чөлөөлж, урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд томилж, мөн өдрийн А/08 дугаартай тушаалаар М.Айтолхын нь үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилогдсон тул Б.А ийг үйлчлэгчийн ажлаас чөлөөлжээ.  

 

Анхан шатны шүүх “ажилтныг ажилд томилох нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал, ажил олгогчийн бүрэн эрхийн асуудалд ажилтныг томилох талаар даалгах шийдвэр гаргах нь зохимжгүй буюу хуульд нийцэхгүй” гэж дүгнэн, Б.А ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг  хангасан, ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл хуульд нийцсэн, Б.А ийг анх ажилд томилохдоо түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг баримтлаагүй бөгөөд Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/08 дугаартай “Б.А ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар:

1. туслах багш К.Айгүл тухайн тухайн жилийн амралтаа аваагүй, тэтгэмжийн мөнгө ирээгүй учраас өндөр насны тэтгэврийн тэтгэмжийн мөнгө ирэх хүртэл түүнийг урьд эрхэлж байсан ажилдаа томилсон,

2. К.Айгүлийн оронд туслах багшаар томилогдсон үйлчлэгч М.Айтолхын нь бас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон учраас Б.А ийг үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлд хамаарахгүй, хууль бус байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй, тухайн хэрэгт ач холбогдолгүй буюу шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй асуудлаар Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхдээ тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай “К.Айгүлийг туслах багшийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын  хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийж, иргэн К.Айгүлийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул түүнийг ажилд нь эргүүлж авсан нь үндэслэлтэй гэж дүгнэхдээ мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг буруу хэрэглэснээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хуульчилсан мэтгэлцэх зарчмын агуулга, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан журмыг тус тус зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар, ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй байна.

 

            Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан Б.А ийг  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00496 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан Харахас овогт Бахытын А ийн гомдлыг бүхэлд нь хангаж, түүнийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг  дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төТУлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                           Н.ТУЯА

Д.КӨБЕШ