Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/01164

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        04          09                                     101/ШШ2021/01164         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт оршин суух, Я овогт Д.Д-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Ш овогт З.А-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 399,728,849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Гэрч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  өмгөөлөгч Ж.Э-ны хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Д надтай 2010 оны дунд үеэс эхлэн “М” ХХК-ийн захирал З.А, мөн Г.А нар уулзах хүсэлт тавьсны дагуу тэдэнтэй уулзахад, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг “О” ХХК-ийн алтны үндсэн орд газар дээр өрөмдлөгийн ажлыг “М” ХХК, захирал иргэн З.А нар хариуцан гүйцэтгэж, ашиг орлогоо хуваах талаар санал тавьсан.

Тэдний зүгээс өрөм авах санхүүжилтийн юанийн зээлийг намайг гаргахыг хүсэж, улмаар зээлийг, хүүгийн хамт юаниар төлөх санал тавьсан юм.

Ингээд уг саналыг судалж үзээд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банкнаас 18 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, өөрсдийн байр орон сууцыг барьцаалж 650,000,000 төгрөгийн зээл авсан.

Энэхүү зээлийнхээ зарим хэсгийг би өөрийн бизнест зарцуулах, З.А-т өрмийн ажил гүйцэтгэх тоног төхөөрөмжийг худалдан авах юанийг зээлээр  олгохоор түүнтэй тохиролцсон.

Ингээд З.А-ын Хятад улсын ... банкны дансанд 1,200,000 юанийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Тухайн өдрийн юанийн ханш болох 193.3 төгрөгөөр тооцож 231,960,000 төгрөгийг мөнгөн гуйвуулга хийдэг ББСБ-д шилжүүлж, 1,200,000 юанийг гуйвуулсан.

Бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юаниар хийгдсэн бөгөөд зээлдүүлэгч миний зүгээс дээрхи 1,200,000 юанийг  З.А-ын Хятад дахь дансанд шилжүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн болно.

Үүний дараа өрмийн тоног төхөөрөмжийг Хятад улсын нутагт тээвэрлэсэн болон Улаанбаатар хотод ирэх тээвэрт нийт 12,700,000 төгрөг, гаалийн татварт 34,000,000 төгрөгийг тус тус З.А-ын өмнөөс төлж барагдуулсан.

 Мөн З.А-т ззэлдүүлсэн 1,200,000 юань буюу 231,960,000 төгрөгийн зээлийн 1 сарын банкны хүү 1,7 хувь бөгөөд гэрээний дагуу төлөх 18 сарын хүү нь 70,979,760 төгрөгийг миний бие Голомт банкинд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн төлж барагдуулсан болно.

Ингээд З.А-ын өөрийнх нь ажил эхэлсэн боловч хийсэн ажлын хөлс төлөгдөхгүй байна гэдэг шалтгаанаар зээл, түүний хүү төлөгдөхгүй, эргэн төлөлтийн асуудал нь доголдож эхэлсэн.

Зээлдэгч “М” ХХК болон түүний захирал иргэн З.А нар нь 2011 оноос 2015.07.05-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 200,000,000 төгрөг шилжүүлснээс тээврийн зардал, гаалийн татвар, зээлийн хүү зэрэгт нийтдээ миний бие өөрийн төлсөн 117,679,760 төгрөгийг суутган тооцсон.

Д.Н манай компанийн жолооч, тэрээр хятад хэлтэй, туршлагатай хүн учир З.А-ыг хилээр техникээ оруулж ирэхэд нь Замын-Үүдэд хамт очиж түүнд туслалцаа үзүүлсэн. Ингэхдээ гаалийн татвар, тээврийн зардлыг түүний данс руу шилжүүлж төлсөн.

Дээрх техник нь З.А-т байдаг, хилээр “Н” ХХК-ийн нэрээр бүрдүүлэлт хийж оруулж ирсэн боловч тус компанийн нэр дээр огт бүртгэгдээгүй болох нь холбогдох газрын баримтаар тогтоогдоно.

Миний бие Голомт банкнаас авсан үндсэн зээл болон зээпийн хүүд нийт 891,645,661 төгрөгийг төлж барагдуулсан.

Ингээд 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчээс төлсөн мөнгөнөөс суутган тооцсоны дараа 82,320,240 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг тухайн өдрийн Монгол банкнаас зарласан юанийн ханш 318.55 төгрөгөөр тооцоход нийт 258,421 юань болж байна. Энэ юанийг анх зээлсэн 1,200,000 юаниас хасахад үлдэгдэл нь 941,579 юань болсон.

З.А нь надад зээлдүүлсэн мөнгийг эргүүлэн төлөхгүй, элдэв арга саам хийж байгаад 2015.07 сараас 2020.12.31-ний өдөр хүртэлх 5 жилийн хугацаанд 14,500,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлсэн.

Энэхүү зээлийн үлдэгдлийг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 439.93 төгрөгөөр үржүүлэхэд 414,228,849 төгрөг болж байна. Энэ мөнгөнөөс 5 жилийн хугацаанд шилжүүлсэн 14,500,000 төгрөгийг хасахад 399,723,849 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч З.А-аас зээлийн үлдэгдэл төлбөр болох 399,728,849 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

З.А нь иргэн Д.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь З.А-т 2010 онд “Н” ХХК-ийн ерөнхий захирал Г.А, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д нар нь “С” ХХК-д тэсэлгээний өрөмийн их хэмжээний мөнгөний ажил байна хамтарч ажиллаж ашиг орлогоо хуваая чи өрөмийн машиныг хариуцаж ажиллаач гэсэн санал тавьсан. З.А нь тухайн үед хамтран ажиллах саналыг хүлээж авсан бөгөөд “Н” ХХК-ийн ерөнхий захирал Г.А, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д нарын хүсэлтээр тэсэлгээний өрөмийн машин худалдаж авахаар БНХАУ-ыг зорьж “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д-ын илгээсэн 1,200,000 юаниар /тухайн үед Монгол банкны юань зарласан ханш 193 төгрөг байсан/ кабинтай тэсэлгээний өрөмийн машиныг “Н” ХХК-ийн нэр дээр худалдан авч Монгол руу ачуулсан.

Тус уул уурхайн тэсэлгээний өрөмийн машин “Н” ХХК-ийн нэр дээр Монгол Улсын хилээр орж ирж “Н” ХХК нь өөрсдөө гаалийн бүрдүүлэлтээ хийж Монгол улсад оруулж ирсэн. Монгол улсад оруулж ирсэний дараа ажлаа эхэлнэ гэсэн шаардлагыг З.А нь Г.А, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д нарт удаа дараа тавьсан боловч хүлээж бай гээд 2 cap гаран болсон.

“Н” ХХК-ийн зүгээс “С” ХХК-ийн ажил бүтэхгүй болчихлоо, одоо яах уу, чамд ямар нэгэн өрөмийн тэсэлгээний ажил байна уу гэдэг хүсэлтийг З.А-т тавсан.

Хүсэлтийн дагуу З.А нь тэсэлгээний ажил хайж олоод 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гаргасан тооцоололоор “Н” ХХК-ийн захирал Д.Д-д 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 9,000,000 төгрөг, 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 68,000,000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7,500,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,100,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 37,000,000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өгсөнөөс хойш 5 жилийн дараа буюу дансаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 800,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2018 онд бэлнээр 1,000,000 төгрөг нийт 251,100,000 төгрөгийг өгсөн байна.

Тэсэлгээний өрөмийн машин эвдрэл ихтэй байдаг бөгөөд 2 cap ажилласан тохиодолд 40-50 сая төгрөгийн сэлбэг хэрэгслийн зардал гардаг, нэг удаагийн өрөмийн хошуу гэхэд 2,000,000 төгрөг гээд зардал их өндөр байдаг. 2015 оноос “Н” ХХК-ийн тэсэлгээний өрөмдлөгийн машин дахин ашиглах боломжгүй болсон. “Н” ХХК-ийн нэр дээр орж ирсэн техникийн татварт төлсөн мөнгийг З.А хариуцах учиргүй.

З.А нь 2015 оноос 2020.12.31-ний өдрийн хооронд нэхэмжлэгч Д.Д-ын мөнгө өг гэсэн шахалтаар 14,500,000 төгрөгийг түүний Х банкны дансанд хийсэн.

З.А нь “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д-аас ямар нэгэн мөнгө төгрөг зээлээгүй, зээлийн гэрээ бичгээр хийгээгүй, хүү төлөхөөр бичгээр тохиролцоогүй тул тэрээр хүү шаардах эрхгүй болно.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж, З.А нь хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж маргадаг. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөвшөөрөөд 1,200,000 юань буюу 231,960,000 төгрөгийг авсан гэхэд талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй. Энэ тохиолдолд манайх зээлсэн мөнгөө буцаан төлөх үүрэгтэй.

Гэтэл З.А-аас 236,000,000 төгрөг, сүүлд 14,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн, үүн дээр гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээс харахад үүн дээр Д.Д нь нэмээд 60,000,000 төгрөг авсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл 231,960,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байтал буцаагаад 310,000,000 төгрөгийг төлсөн байхаас гадна гаалийн бүрдүүлэлтийн мөнгийг З.А-т шилжүүлсэн нь тогтоогдсонгүй.  

Иймд З.А-аас зээлийн гэрээний үүрэгт 399,728,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Г.А-ын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч З.А, “М” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 399,728,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-ийг хариуцагчаар татсанаас татгалзсан болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Д нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр З.А-ын хүсэлтээр кабинтай тэсэлгээний өрөмийн машин худалдан авах  үнэ болох 1.200.000 юанийг, 18 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээг амаар байгуулсан, гэрээний үүрэгт хариуцагч З.А нь 214,500,000 төгрөг төлж, үлдэх 399,728,849 төгрөг буцаан төлөх үүргээ  биелүүлээгүйгээс учирсан хохирлын хамт зээлийн үүрэг шаардсан нь үндэслэлтэй гэж,

Хариуцагч З.А нь хүү төлөх талаар тохиролцсон зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл 1,200,000 юань буюу 231,960,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 310,000,000 төгрөг буцаан төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Д нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.200.000 юанийг хариуцагч З.А-ын БНХАУ дах банкны 0 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх зохигч үүнтэй маргаагүй болно.

 

Зохигчийн тайлбар болон гэрч Г.А-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Д.Д-ыг надад итгэхгүй байж магадгүй гээд бага хэмжээний барьцаа мөнгө болон өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцыг барьцаалж зээл авч өгсөн...” гэх мэдүүлэг, хариуцагч З.А-ын шүүхэд ирүүлсэн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх “Тэсэлгээний гинжит өрмийн тооцоо” гэх баримт,  “Х банк” ХХК-ийн мөнгөн гуйвуулгын баримт болон депозит дансны хуулга зэрэг баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

/хх-ийн 25,69-75 тал/ 

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Д-ыг 1,200,000 юанийг хариуцагч З.А-ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:“Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-т:“Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу юанийн зээлийн гэрээ байгуулагджээ. 

 

Нэхэмжлэгч Д.Д нь зээлийн гэрээний үүрэгт 2011.02.22-ны өдрөөс 2015.07.05-ны өдөр хүртэлх хугацаанд 200,000,000 төгрөг, 2015.07 сараас 2020.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд 14,500,000 төгрөг, нийт 214,500,000 төгрөгийг хариуцагч З.А төлсөн, 200,000,000 төгрөгөөс тээврийн зардал, гаалийн татвар, зээлийн хүүд 117,679,760 төгрөгийг хасч тооцсон, зээлийн үлдэгдлийг тухайн үеийн болон нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан юанийн ханшаар тооцож, 399,728,849 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч З.А нь SWDRA80A, хөдөлгүүр 87067014 дугаартай “гинжит өрмийн машин”-ыг  2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5092124 регистрийн дугаартай “Н” ХХК-ийн нэр дээр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг бүрдүүлэн Монгол Улсын хилээр оруулсан, тээврийн хэрэгслийн гаалийн болон тээврийн зардалд “Н” ХХК-иас 2010.11.19-ний өдөр 22,000,000 төгрөг, 2010.11.21-ний өдөр 12,000,000 төгрөг 2010.11.22-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг төлсөн, уг тээврийн хэрэгсэл нь “НЖМЭ” ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй болох нь гаалийн мэдүүлэг, Авто тээврийн Үндэсний төвийн тодорхойлолт, “Х банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

/хх-ийн 26-27,62-63, 82-83 тал/

 

Үүнээс үзэхэд хариуцагчийн “гинжит өрмийн машин”-ыг талууд хамтран ажиллах зорилгоор худалдаж авсан гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д:“Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т:“Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байна.

 

“Н” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Д, тэрээр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, “Г банк” ХХК-тай 2011.11.08-ны өдөр байгуулсан 650,000,000 төгрөгийн, хөрөнгө оруулалтын зориулалттай, 18 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй зээлийн гэрээний үүргийг “Н” ХХК нь 2015.07.06-ны өдөр төлж биелүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тус компанийн дүрэм, “Г банк” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18/3848 тоот албан бичиг зэрэг баримтаар тус тус тогтоогджээ.

 

/хх-ийн 58-61,81 тал/

 

Дээр дурдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Д нь гаалийн болон тээврийн зардалд 36,000,000 төгрөг төлсөн, энэ нь түүнээс гарсан зардал, өөрөөр хэлбэл З.А үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого буюу түүнд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т:“Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.  

 

Нэхэмжлэгч Д.Д нь 1.200.000 юанийг, сарын 1,7 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээг хариуцагч З.Атай бичгээр байгуулсан гэх байдлаа, хариуцагч З.А нь зээлийн гэрээний үүрэгт 310,000,000 төгрөг төлсөн гэх байдлаа тус тус баримтаар нотолсонгүй.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэх, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 310,000,000 төгрөг төлсөн гэх тайлбараа тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т:Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зааснаар зээлээр авсан мөнгөний ханш түүнийг эргүүлэн төлөхөөс өмнө өөрчлөгдсөн, өссөн ба буурсан явдал зээлийг буцаан төлөх мөнгөний дүнд хамаарахгүй юм.

 

Зээлийн гэрээний талууд ханшны өөрчлөлтийг харилцан тооцохоор тохиролцсон бол гэрээний нөхцлийн дагуу үүрэг биелүүлэх үед ханшны өөрчлөлтийг харгалзан тооцож болох бөгөөд талууд 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээндээ ханшны өөрчлөлтийг хэрхэн харгалзаж зээлийг эргүүлэн төлөх талаар тохиролцсон нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн  ханшаар тооцож нэхэмжилснийг хариуцагч баримтаар няцаасангүй.

Гадаад валютын зээлийн үүргийг тухайн валютаар нь гүйцэтгэх ба хэрвээ уг мөнгийг монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг ойлгоно.

Үүнээс үзэхэд зээлийн гэрээний үүргийг зээлийн гэрээ байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох боломжгүй байх ба харин нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 01 дүгээр сард Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 439.93 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч З.А-ын 2011 оноос 2015.07.05-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт төлсөн 200,000,000 төгрөгөөс тээврийн болон гаалийн зардал болох 36,000,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлээс хасч тооцох нь үндэслэлтэй байх ба харин зээлийн хүү суутган тооцох үндэслэлгүй тул мөн өдрийн буюу 2015.07.05-ны өдрийн Монгол банкнаас зарласан юанийн ханшаар тооцож үзвэл байдлаар хариуцагч З.А нь зээлийн гэрээний үүрэгт 514,833 юань төлсөн, үлдэх 685,167 юань төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.  

/2015.07.05-нд Монгол банкнаас зарласан юанийн ханш 318,55 төгрөг, 200,000,000төгрөг-36,000,000төгрөг=164,000,000төгрөг:318.55төгрөг=514,833юань төлсөн, үлдэгдэл 685,167юань/

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үлдэгдэл болох 685,167 юаниас хариуцагч З.Аын 2015 оноос 2020.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд төлсөн 14,500,000 төгрөгийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас 2021 оны 01 сард зарласан ханш 439.93 төгрөгөөр бодож хасч тооцон нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагч З.А-аас зээлийн гэрээний үүрэгт 286,925,519 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112,803,330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

/685.167юаньх439.93 төгрөг=301,425,519 төгрөг-14,500,000төгрөг=286,925,519 төгрөг/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч З.А-аас 286,925,519 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112,803,330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч З.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,592,578 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,156,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2021/04484 тоот захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ