Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00961

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00961

 

 

Д.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/01164 дугаар шийдвэртэй, Д.Дын хариуцагч З.Ат холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 399 728 849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ж.Энхчулууны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2010 оны дунд үеэс эхлэн МХХК-ийн захирал З.А, мөн Г.Амгаланбат нартай уулзахад Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрт Олон овоот ХХК-ийн алтны үндсэн орд газарт өрөмдлөгийн ажлыг МХХК, захирал З.А нар хариуцан гүйцэтгэж, ашиг орлогоо хуваах талаар санал тавьсан. Тэдний зүгээс өрөм авах санхүүжилтийн юанийн зээл олговол хүүгийн хамт юаниар төлөх санал тавьсны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банкнаас 650 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээл авсан. Ингээд З.Аын Хятад улсын Хөдөө аж ахуйн банкны дансанд 1 200 000 юань буюу 231 960 000 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу 1 200 000 юанийг З.Аын Хятад улс дахь дансанд шилжүүлсэн. Үүний дараа өрмийн тоног төхөөрөмжийг Хятад улсын нутагт тээвэрлэсэн болон Улаанбаатар хотод ирэх тээвэрт нийт 12 700 000 төгрөг, гаалийн татварт 34 000 000 төгрөгийг тус тус З.Аын өмнөөс төлсөн. Мөн З.Ат ззэлдүүлсэн 1 200 000 юань буюу 231 960 000 төгрөгийн зээлийн 1 сарын банкны хүү 1.7 хувь бөгөөд гэрээний дагуу төлөх 18 сарын хүүд 70 979 760 төгрөгийг Голомт банкинд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн төлж барагдуулсан. Зээлдэгч МХХК, захирал З.А нар нь 2011 оноос 2015 оны 07 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 200 000 000 төгрөг шилжүүлснээс тээврийн зардал, гаалийн татвар, зээлийн хүү зэрэгт төлсөн 117 679 760 төгрөгийг суутган тооцсон. З.Аыг хилээр техникээ оруулж ирэхэд нь Д.Насанбат жолоочтой хамт Замын-Үүдэд очиж туслалцаа үзүүлсэн. Голомт банкнаас авсан үндсэн зээл, зээлийн хүүд нийт 891 645 661 төгрөгийг төлж барагдуулсан. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчээс төлсөн мөнгөнөөс суутган тооцсоны дараа 82 320 240 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг тухайн өдрийн Монгол банкнаас зарласан юанийн ханш 318.55 төгрөгөөр тооцоход нийт 258 421 юань болно. Үүнийг зээлсэн 1 200 000 юаниас хасахад үлдэгдэл нь 941 579 юань болсон. З.А 2015 оны 07 сараас 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх 5 жилийн хугацаанд 14 500 000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлсэн. Энэхүү зээлийн үлдэгдлийг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 439.93 төгрөгөөр үржүүлэхэд 414 228 849 төгрөгөөс 14 500 000 төгрөгийг хасахад 399 723 849 төгрөг төлөх үлдэгдэлтэй тул хариуцагч З.Ааас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2010 онд З.Ат НЖМЭ ХХК-ийн ерөнхий захирал Г.Амгаланбат, НЖМЭ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д нар нь Саус гоби сэндс ХХК-д тэсэлгээний өрмийн их хэмжээний мөнгөний ажил байна хамтарч ажиллаж ашиг орлогоо хуваая, өрмийн машиныг хариуцаж ажиллаач гэсэн санал тавьсан. З.А нь тухайн үед хамтран ажиллах саналыг хүлээж авсан бөгөөд тэсэлгээний өрмийн машин худалдаж авахаар БНХАУ-ыг зорьж НЖМЭ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дын илгээсэн 1 200 000 юаниар /тухайн үед Монгол банкны юань зарласан ханш 193 төгрөг байсан/ кабинтай тэсэлгээний өрөмийн машиныг НЖМЭ ХХК-ийн нэр дээр худалдан авч Монгол руу ачуулсан. Тус уул уурхайн тэсэлгээний өрмийн машин НЖМЭ ХХК-ийн нэр дээр Монгол Улсын хилээр орж ирж НЖМЭ ХХК нь өөрсдөө гаалийн бүрдүүлэлтээ хийсэн. Монгол улсад оруулж ирсний дараа ажлаа эхэлнэ гэсэн шаардлагыг З.А нь Г.Амгаланбат, Д.Д нарт удаа дараа тавьсан боловч хүлээж бай гээд 2 cap гаран болсон. НЖМЭ ХХК-ийн зүгээс Саус гоби сэндс ХХК-ийн ажил бүтэхгүй болчихлоо, одоо яах уу, чамд ямар нэгэн өрмийн тэсэлгээний ажил байна уу гэдэг хүсэлтийг З.Ат тавсан. Хүсэлтийн дагуу З.А нь тэсэлгээний ажил хайж олоод 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гаргасан тооцоололоор НЖМЭ ХХК-ийн захирал Д.Дд 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 9,000,000 төгрөг, 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 68,000,000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7,500,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,100,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 37,000,000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өгснөөс хойш 5 жилийн дараа буюу дансаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 800,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2018 онд бэлнээр 1,000,000 төгрөг нийт 251 100 000 төгрөгийг өгсөн. Тэсэлгээний өрмийн машин эвдрэл ихтэй байдаг бөгөөд 2 cap ажилласан тохиолдолд 40-50 сая төгрөгийн сэлбэг хэрэгслийн зардал гардаг. 2015 оноос НЖМЭ ХХК-ийн тэсэлгээний өрөмдлөгийн машин дахин ашиглах боломжгүй болсон. НЖМЭ ХХК-ийн нэр дээр орж ирсэн техникийн татварт төлсөн мөнгийг З.А хариуцахгүй. З.А нь 2015 оноос 2020 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд нэхэмжлэгч Д.Дын мөнгө өг гэсэн шахалтаар 14 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Даас зээл аваагүй, зээлийн гэрээ бичгээр хийгээгүй, хүү төлөхөөр бичгээр тохиролцоогүй. З.Ааас 236 000 000 төгрөг, дараа нь 14 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн, мөн гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээс харахад Д.Д нь нэмээд 60 000 000 төгрөг авсан байна. Өөрөөр хэлбэл 231 960 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байтал 310 000 000 төгрөгийг төлсөн байхаас гадна гаалийн бүрдүүлэлтийн мөнгийг З.Ат шилжүүлсэн нь тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч З.Ааас 286,925,519 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112,803,330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч З.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 1,592,578 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,156,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2010 онд иргэн Д.Д, иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр оролцсон Г.Амгаланбат нар нь З.Аыг өрөмдлөгийн чиглэлээр олон жил ажилласан туршлагтайг үндэслэн Саус Гоби Сэндс ХХК-ийн уул уурхайн талбайд тэсэлгээний өрмийн их хэмжээний мөнгөний ажил байна З.Аыг хамтран ажиллаач ашигаа хуваая гэсэн санал тавьж улмаар тэсэлгээний гинжит өрөм худалдаж авахуулахаар 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 231 960 000 төгрөгийг тухайн үеийн Монгол банкны зарласан ханш 193.3 төгрөгөөр тооцож солиулж 1 200 000 юаныг З.Ат шилжүүлсэн. НЖМЭ ХХК-ийн захирал бөгөөд гинжит тэсэлгээний өрмийг үйлдвэрээс нь авч, өмчлөлдөө байлгасан. Улмаар Д.Д, Г.Амгаланбат нар нь гинжит өрмийг хилээр оруулж ирснээс хойш яриа нь өөрчлөгдөж Саус Гоби Сэндс ХХК -ийн ажил бүтэхгүй болчлоо З.Аыг ажил олооч энэ гинжит машиныг ажиллуулаач гэсний дагуу З.А нь Өмнөговь аймагт байрлах Олон овоот-ын ордод тус тэсэлгээний өрмийг ажиллуулсан. З.Аын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гаргасан тооцооллоор нийт 251 100 000 төгрөгийг өгсөн. Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Амгаланбат нь 2011 онд Өмнөговь аймгийн олон овоотын ордод ажилласны ашиг гэж З.Ааас 160 000 000 төгрөгийг авснаас 60 000 000 төгрөгийг Д.Дд өгсөнөө мэдүүлдэг бөгөөд Д.Д 60 000 000 төгрөгийн ашиг авснаа шүүх хуралдааны үеэр тов тодорхой хэлж хүлээн зөвшөөрсөн. З.А нь Д.Дд нийт 311 100 000 төгрөг, Г.Амгаланбатад 100 000 000 төгрөг өгсөн. Уг үйл баримтыг Д.Д хүлээн зөвшөөрсөн. Хавтаст хэрэгт гинжит өрмийн машиныг НЖМЭ ХХК-ийн нэр дээр Монгол улсын хилээр оруулж ирсэн баримт авагдсан байсан бөгөөд гаалийн албан татвар төлсөн баримт байхгүй харин тус иргэний хэрэгт огт хамааралгүй НЖМЭ ХХК-ийн ажилтан Д.Насанбат гэх хүн рүү шилжүүлсэн баримтыг хавсаргасан. Мөн хамтран ажиллахаар тохирсон ажил бүтэхгүй болсон нь З.Аын буруугаас болоогүйг гэрчээр оролцсон Г.Амгаланбат мэдүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. З.А нь хамтран ажиллах гэрээний ашгийг Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэсэн байхад шүүх З.Аын өгсөн 411 100 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 214 500 000 төгрөгийг хасч улмаар 2021 оны Монгол банкны зарласан юанийн ханшинд шилжүүлж алдаа гаргасан. Анхан шатны шүүхээс талуудын маргаагүй 231 960 000 төгрөгийг тухайн үеийн ханш 193.3 төгрөгөөр тооцож 1 200 000 юан болгож шилжүүлсэн үе болох 2010 оны БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юаны ханш 193.3 төгрөгөөр тооцох хуулийн зохицуулалттай байхад 2010-2012 онд өгсөн хамтран ажиллах гэрээний ашиг 251 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 200 000 000 төгрөгийг 2015 оны юаны ханшаар, 2020 онд дансаар шилжүүлсэн 14 500 000 төгрөгийг нэхэмжлэл гаргасан 2021 оны Монгол банкны юаны зарласан ханшаар тооцож, анх шилжүүлсэн 231 960 000 төгрөгийн үнийн дүнгээс илүү төлбөр төлөхөөөр буюу 286 925 519 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хэрэгт огт хамааралгүй нэхэмжлэгч Д.Д, гэрч Г.Амгаланбат нарын шүүхэд гаргасан тайлбарт болон хэрэгт авагдсан НЖМЭ ХХК-ийн ажилтандаа шилжүүлсэн 36 000 000 төгрөгийн баримтыг зээлийн гэрээтэй холбоотой гэсэн ямар ч баримтаар тогтоогдохгүй байхад шүүхээс үнэлж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн 1164 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч З.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 399 728 849 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хамтран үйл ажиллагаа явуулах зорилгоор 1 200 000 юань буюу 231 960 000 төгрөг авсан, 310 000 000 төгрөгийн ашгийг өгсөн тул төлөх төлбөргүй гэх үндэслэл заан маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч З.Ат 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 200 000 юанийг шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан мөнгөн гуйвуулгын баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 25/

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжсэн үндэслэлийг нэхэмжлэгч тал хариуцагч З.А нь өрөмдлөгийн ажил хийх зорилгоор гинжит өрмийн машин авахад зориулж юанийн зээл олговол хүүгийн хамт төлөх санал тавьсаны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр З.Аын Хятад улсын Хөдөө аж ахуйн банкны дансанд 1 200 000 юань буюу 231 960 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн гэж, хариуцагч нь хамтран ажиллах тохиролцооны дагуу гинжит өрмийн машин авах зорилгоор Д.Д нь 1 200 000 юань буюу 231 960 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө гаргасан, зээлийн гэрээ байгуулаагүй гэж тус тус өөр өөрөөр тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв байна. Хариуцагч нь талуудын хооронд үүссэн харилцааг хамтран ажиллах гэрээний харилцаанд үндэслэсэн гэж тайлбарласан боловч энэ нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна. Тодруулбал, хариуцагчийн өөрийнх нь шүүхэд гаргасан тооцооллын баримт болох 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тэсэлгээний гинжит өрмийн тооцоо гэх баримтад /хх 71/ зээл төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 236 600 000 төгрөг төлсөн гэж заасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч З.Ат 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 200 000 юанийг шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу буюу мөнгөн хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. /хх 25/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхээ алдсан байна.

 

Мөн хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зээлийн хүүгээ төлсөн байхад одоо яагаад мөнгө шаардаад байгаа юм гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбартай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн хэлцэл хийсэн байна.

 

Хариуцагч нь 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд 236 600 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 14 500 000 төгрөг, нийт 251 100 000 төгрөг төлсөн гэж тайлбарласнаас нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хариуцагчаас 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 60 000 000 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 20 000 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 37 000 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөг, мөн 5 жилийн дараа 14 500 000 төгрөг, нийт 214 500 000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /хх 94-95/

 

Дээрх нэхэмжлэгчийн зөвшөөрсөн дүнгээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчид 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 8 000 000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7 500 000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2 100 000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 36 500 000 төгрөг төлсөн гэж тооцоог хүснэгтээр тайлбарлан бичсэн боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно. Хэрэгт эдгээр төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлснийг нотлох баримт байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд З.А Хятад улсаас худалдан авсан өрмийн тоног төхөөрөмжийг Хятад улсын нутаг дэвсгэрт болон Улаанбаатар хотод ирэх тээврийн зардалд 12 700 000 төгрөг, гаалийн бүрдүүлэлтэд 34 000 000 төгрөг, нийт 46 700 000 төгрөгийг төлсөн, уг мөнгийн Замын-Үүдэд байдаг өөрийн компанийн ажилтан Д.Насанбатын дансанд шилжүүлсэн гэж, мөн хариуцагчийн өмнө төлсөн төлбөрөөс энэхүү зардлыг суутган авсан гэж тайлбарлажээ. Хэргийн 26-27 дугаар талд авагдсан 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Д.Даас Д.Насанбатын дансанд 36 000 000 төгрөг шилжүүлсэн баримт болон гэрч Г.Амгаланбатын Өрмийн машиныг Замын-Үүдээс Улаанбаатар хотод оруулж ирэх зардлыг Д.Д төлсөн. Жолооч Д.Насанбат нь хятад хэлтэй учраас З.Ат өрмийн машиныг оруулж ирэхэд тусалсан бөгөөд Д.Д өрмийн машиныг оруулж ирэх гаалийн бүрдүүлэлтийн төлбөр болон тээврийн зардлыг Д.Насанбатын дансанд шилжүүлсний дагуу төлбөрийг төлсөн гэх мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч З.Аын худалдан авсан өрмийн машины гаалийн болон тээврийн зардалд 46 700 000 төгрөг төлсөн гэж үзэхээр байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнөөс төлбөр төлсөн бол түүнийгээ шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн 60 000 000 төгрөгөөс өрмийн машиныг хилээр оруулж ирэх гаалийн бүрдүүлэлтийн болон тээвэрлэлтийн зардалд 46 700 000 төгрөгийг суутгаж, үлдэх 13 300 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцсон гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан тул хариуцагч З.Ааас нэхэмжлэгч Д.Дд буцаан төлсөн нь нотлогдсон нийт 214 500 000 төгрөгөөс уг 46 500 000 төгрөгийг хасч үлдэх төлбөрийг зээлийн төлбөрт тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Хариуцагч нь 1 200 000 юанийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд юанийн үүргийг төгрөгөөр төлсөн өдрийн ханшид хөрвүүлэн тооцох учиртай. Харин анхан шатны шүүх юанийн төлбөрийг төгрөгт шилжүүлж тооцоолохдоо хариуцагчийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд төлсөн төлбөрийг 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн юанийн ханшаар, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд төлсөн төлбөрийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тус тус тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

Хариуцагчийн төлбөр төлсөн өдрийн ханшаар тоовцол зээлийн гэрээний үүрэгт 1 200 000 юань төлөхөөс 825 099 юань төлж, 374 901 юанийг төлөөгүй тул уг үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Тодруулбал, хариуцагч нь 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 13 300 000 төгрөг /60 000 000 төгрөг-тээврийн зардал 46 700 000 төгрөг/ буюу 69 879 юань /1 юань=190.33 төгрөг/, 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг буюу 104 673 юань /1 юань=191.07 төгрөг/, 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөг буюу 104 058 юань /1 юань=192.2 төгрөг/, 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 20 000 000 төгрөг буюу 103 039 юань /1 юань=194.1 төгрөг/, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 37 000 000 төгрөг буюу 189 393 юань /1 юань=195.36 төгрөг/, 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг буюу 104 438 юань /1 юань=191.5 төгрөг/, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөг буюу 97 703 юань /1 юань=204.7 төгрөг/, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг буюу 9 606 юань /1 юань=208.19 төгрөг/, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг буюу 2 691 юань /1 юань=371.58 төгрөг/, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөг буюу 5 794 юань /1 юань=345.19 төгрөг/, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3 000 000 төгрөг буюу 8 549 юань /1 юань=350.89 төгрөг/, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг буюу 5 151 юань /1 юань=388.24 төгрөг/, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг буюу 8 960 юань /1 юань=223.21 төгрөг/, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг буюу 2 523 юань /1 юань=396.35 төгрөг/, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 200 000 төгрөг буюу 510 юань /1 юань=391.75 төгрөг/, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 800 000 төгрөг буюу 2 027 юань /1 юань=394.64 төгрөг/, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг буюу 2 438 юань /1 юань=410.21 төгрөг/, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг буюу 1 146 юань /1 юань=436.23 төгрөг/, 2018 онд бэлнээр 1 000 000 төгрөг буюу 2 602 юань /2018.12.31 өдрийн ханшаар 1 юань=384.34 төгрөг/, нийт 825 099 юанийг зээлийн үүрэгт буцаан төлсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасан тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих 374 901 юанийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцон шилжүүлэхэд /1 юань=441.22 төгрөг/ 165 413 819 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/01164 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 286 925 519 гэснийг 165 413 819 гэж, 112 803 330 гэснийг 234 315 030 гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 1 592 578 гэснийг 985 019 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 592 578 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ