Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00094

 

Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/03223 дугаар шийдвэр,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00271 дүгээр магадлалтай     

Д ын нэхэмжлэлтэй,

“Т ” ХХК-д холбогдох

Орон сууцны захиалгын гэрээний 1.1, 1.2-т зааснаар түлхүүр гардуулж, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Наадамчдын гудамж, ... байр /II/ Төгс орчин хотхоны 14 давхрын ...  тоот 62,6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг                   

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... , өмгөөлөгч ... , хариуцагчийн өмгөөлөгч ... , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д  нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан Орон сууцны захиалгын гэрээний 1.1, 1.2-т зааснаар түлхүүр гардуулж, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Наадамчдын гудамж, ...  байр /II/ Төгс орчин хотхоны 14 давхрын ...  тоот 62,6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/03223 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, 2-...  тоотод байрлах 62.6 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Д д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Т ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 35,995,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, 337,925 төгрөг, 377,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХХК-аас 517,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00271 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/03223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 210/МА2024/00271 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаас үзэхэд тухайн зохицуулалт хэрэглэгдэхэд тавигдах урьдач нөхцөл нь нэгдүгээрт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүх зөрчсөн бөгөөд тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх, хоёрдугаарт, шүүхийн гаргасан зөрчил нь ноцтой байхыг, гуравдугаарт, мөн хуулийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон байхыг шаарддаг. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгтээ “...анхан шатны шүүх талуудаас талбайн хэмжээ тогтоолгохоор өмнө нь гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг тодруулж, улмаар маргааны зүйл болох орон сууцны талбайн хэмжээг хэдэн м.кв болохыг тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу” гэх дүгнэлтийг хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн хэмээн анхан шатны шүүхийг буруутгасан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүргийг тус тус хэргийн оролцогч хүлээдэг байна. Энэхүү үүргийн хүрээнд нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор улсын бүртгэлийн 9011769087 дугаартай, ЗТ17-116\19 тоот тусгай зөвшөөрөлтэй "Эй Би Эн Дизайн” ХХК-ийн Стандартчилал, Хэмжилзүйн газар (СХЗГ) Үндэсний Зөвлөлийн 2009.12.24 өдрийн ...  тоот тогтоолоор батлагдсан МNS 6058:2009 "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал"-аар, МNS:3-113:1986 Стандартын талбайт шаардлага хангасан хуваарьт уртын хэмжих хэрэгслээр маргаан бүхий орон сууцанд хэмжилт хийлгэж, нийт нийлбэр талбайг 62,51 м.кв гэсэн дүгнэлт гаргасныг хэрэгт хавсаргуулсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 17-19 дэх тал, 2 дахь хавтасны 47-51 дэх тал, 197-205 дахь талд тус тус авагдсан. Мөн Нийслэлийн Газрын албаны үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зурагт маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ 62,6 м.кв талбайтай гэж тэмдэглэгдсэн нь өөрчлөгдөөгүй бөгөөд энэ талаарх баримт хэргийн 1 дүгээр хавтасны 24, 153-54, хэргийн 2 дугаар хавтасны 93,123 дахь талд авагдсан. Нийслэлийн Газрын албаны ажилчдын үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийг “Грийн пайнт тийм” ХХК боловсруулж, тухайн зургийг Нийслэлийн газрын албаны дарга, Онцгой байдлын ерөнхий газрын ГТТГ-ын мэргэжилтэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын зөвшөөрч, баталсан байдлаар хэргийн 2 дугаар хавтасны 225-227 дахь талд авагдсан байх бөгөөд тухайн зурагт ч талбайн хэмжээ өөрчлөгдсөн талаарх тэмдэглэл байдаггүй. Үүнээс үзэхэд маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ өөрчлөгдсөн зүйл байхгүй бөгөөд орон сууцны талбайн хэмжээг 62,6 м.кв гэж үзэх боломжтой байна. Харин хариуцагч нь үндэслэлгүйгээр орон сууцны талбайн хэмжээ 70,8 м.кв, 65,89 м.кв болж нэмэгдсэн хэмээн өөр өөрөөр тайлбарлаж, шүүхэд маргадаг хэдий ч өөрийн татгалзлын үндэслэл болох баримтыг хэргийн материалд гаргаж өгөөгүй, энэ талаар ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гол үндэслэл нь "...талбайн хэмжээг тогтоолгохоор өмнө нь гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг тодруулах ажиллагааг хийгээгүй” гэдэг. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхээс 2023 онд буцааснаас хойш буюу анхан шатны шүүхэд хянагдах 8 сарын хугацаанд хариуцагч талаас орон сууцны талбайн хэмжилт хийлгэх хүсэлт гаргах болон нотлох баримт гаргаж өгөх цуглуулах хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийн оролцогчоос “давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна уу, энэ талаар гаргах хүсэлт байна уу" хэмээн 2023.11.15-ны өдрийн шүүх хуралдаанд маш тодорхой тодруулж асуухад “магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна, гаргах хүсэлт байхгүй” хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариулж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна. Нэгэнт хэргийн оролцогч шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх санаачилгаараа буюу бие даан шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд ийнхүү санаачилгаараа шинжилгээ хийлгэх талаар шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй буюу бодит байдал дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн шүүх хуралдаанд илтгэгч шүүгч орон сууцны талбайн хэмжилт хийлгэх хүсэлт гаргасан эсэх талаар хэргийн оролцогчдоос тодруулахад хариуцагчийн өмгөөлөгч “хүсэлт гаргасан” хэмээн илт худал хариулсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Ийнхүү хүсэлт гаргаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу шүүх хуралдаанд оролцохдоо илт худал тайлбар хэлснийг үндэслэн давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргаж буй нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссан нөхцөл байдал, хэргийг түргэн шуурхай, хуулийн хугацаанд шийдвэрлэх зарчмыг анхаарсангүй. Ийнхүү удаа дараа хэргийг буцааснаас хамаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, шүүхийн болоод хэргийн оролцогчдын зардал нэмэгдэх, захиалсан орон сууцандаа орж чадахгүйгээс хамаарч хохирол амсах зэргээр сөрөг үр дагавруудад хүргэж байна. Иймд, дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 210/МА2024/00271 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.04.11-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00433 тогтоолоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв. 

7. Нэхэмжлэгч Д  нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан Орон сууцны захиалгын гэрээний 1.1, 1.2-т зааснаар түлхүүр гардуулж, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Наадамчдын гудамж, ...  байр /II/ Төгс орчин хотхоны 14 давхрын ...  тоот 62,6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “  ... 62.6 м.кв талбайтай, 1 м.кв-ыг нь 1,150,000 төгрөгөөр нийт 71,990,000 төгрөгөөр захиалах гэрээ байгуулж, 70 орчим хувийг төлсөн. Хариуцагч нь 2020 оны III улиралд багтааж ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч орон сууцыг өгөөгүй. ...алдангийг Гэрээний 1.1-д заасан нийт үнэ болох 71,990,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож, 50 хувиар хязгаарлан 35,995,000 төгрөг нэхэмжилсэн” гэсэн агуулгаар тайлбарласан.  

8. Хариуцагч “Т ” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “...Нийслэлийн газрын алба барилга барих боломж нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй, манай компани орон сууцыг тус албаны ажилчдад хөнгөлөлттэй үнээр борлуулсан, ...ашиглалтад орох ёстой байсан үед дотоод заслын ажил нь дуусаагүй, ... улмаар цар тахалтай холбоотой үнийн өсөлт болсон,  ... ББСБ-аас зээл авч ажлаа дуусгасан. Барилга ашиглалтад орсны дараа үнэлгээ хийлгэхэд барилгын өртөг нь буюу ашиг нэмээгүй үнэ 932,000 төгрөг гэж дүгнэлт гарсан. ...300,000 төгрөгийг захиалагчид,  632,000 төгрөгийг “Т ” ХХК өөрсдөө хариуцахаар тооцож,  бүх захиалагчид 300,000 төгрөгөөр үнэ нэмэх санал тавьсан. ... нэхэмжлэгч энэ нөхцөлийг зөвшөөрөөгүй тул гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлсэн, ... Д ыг тус албаны ажилтан гэж ойлгоод анх гэрээ байгуулсан боловч  тэрээр уг албанд ажилладаггүй тул үнийн хөнгөлөлтийг эдлэхгүй. Ажилчдын орон сууцанд энэ хүнийг оруулах боломжгүй гэж үзээд гэрээнээс татгалзсан, орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсан, харин түүний төлсөн мөнгийг нь бол буцаагаад өгнө”  гэжээ.

9.  Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д д ... орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, харин алданги 35,995,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч Д  нь Нийслэлийн Газрын албанд ажилладаггүй боловч газрын албаны ажилтны квотоор зохигчийн хооронд 2019.09.14-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан байна. “Т ” ХХК нь Д тай байгуулсан гэрээг цуцалсан, энэ талаарх мэдэгдлийг хүргүүлсэн гэж тайлбарлах боловч энэ нь  “...орон сууцны м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр нэмсэн тул үлдэгдэл төлбөр болон нэмэгдэл төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд төлбөрийн чадваргүйд тооцож гэрээг цуцална” гэх агуулгатай,  харин Д  нь “...танай компани байраа хугацаанд оруулаагүй өнөөдрийг хүрсний зэрэгцээ одоо үнэ өөрчлөхөөр тулган шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй” гэсэн хариуг өгч байсан байна. “Т ” ХХК нь үнийг нэмэгдүүлж, өөрчлөлт оруулах саналыг Д д хүргүүлсэн боловч нэхэмжлэгч тухайн саналыг хүлээн авах боломжгүй байдлаа илэрхийлсэн тул талууд тохиролцоонд хүрч чадаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээний 1.1-д заасан нөхцөл буюу 1 м.кв талбайн үнэ 1,150,000 төгрөг байх тохиролцоо хэвээр үлдсэн, ... байр ашиглалтад орж, түлхүүр гардуулснаар үлдэгдэл 40 хувь болох 28,798,000 төгрөгийг Д  нь “Т ” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй бөгөөд орон сууцыг 2022.06.15-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан боловч түлхүүр гардуулах үүргээ “Т ” ХХК хэрэгжүүлээгүй байх тул Д ыг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй ьул хариуцагч “Т ” ХХК-д гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. ...гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан алдангийг захиалагчид төлнө гэсэн тохиролцоонд хариуцагч “Т ” ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт юуг ойлгох, ямар үнийн дүнгээс тооцох нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч уг заалтыг үндэслэн 71,990,000 төгрөгөөс алданги тооцон 35,995,000 төгрөгийг хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй”  гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.  

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...газрын албанаас захиалан бариулсан орон сууцнаас нэхэмжлэгч нь хөнгөлөлт эдлэх эрхтэй этгээд мөн эсэх, маргаж буй орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тохирсон 62.6 м.кв талбайтай эсэх нь маргааны зүйл болсон буюу ...өмнө нь давж заалдах шатны шүүхийн 2023.03.06-ны өдрийн 210/МА2023/00491 магадлалаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа орон сууцны талбайн хэмжээг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүгчийн 2022.11.10-ны өдрийн 14449 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан нь ...хуульд нийцээгүй” гэсэн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, ...энэ магадлал хэрэгжээгүй буюу нэхэмжлэгч Д  нь маргаж буй орон сууцны талбайг 62.51 м.кв талбайтай гэж, хариуцагч “Т ” ХХК нь 65,89 м.кв талбайтай гэж мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх ...орон сууцны талбайн хэмжээг хэдэн м.кв болохыг тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу...” гэсэн үндэслэлийг заажээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан  үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо "...талбайн хэмжээг тогтоолгохоор өмнө нь гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг тодруулах ажиллагааг хийгээгүй” гэжээ. Хэрэгт байгаа баримтаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүргийг тус тус хүлээдэг ба энэхүү үүргийн хүрээнд нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор "Эй Би Эн Дизайн” ХХК-ийн маргаан бүхий орон сууцанд хэмжилт хийлгэсэн дүгнэлт, Нийслэлийн Газрын албаны үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зурагт маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ 62,6 м.кв талбайтай гэж тэмдэглэгдсэн нь өөрчлөгдөөгүй байх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна. Мөн Нийслэлийн Газрын албаны ажилчдын үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийг “Грийн пайнт тийм” ХХК боловсруулж, тухайн зургийг Нийслэлийн газрын албаны дарга, Онцгой байдлын ерөнхий газрын ГТТГ-ын мэргэжилтэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын зөвшөөрч, баталсан байх бөгөөд тухайн зурагт талбайн хэмжээ өөрчлөгдсөн талаарх тэмдэглэл байхгүй байна. Харин хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээ 70,8 м.кв, 65,89 м.кв болж нэмэгдсэн гэж тайлбарлах боловч шүүхэд өөрийн татгалзлын үндэслэл болох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргаагүй байна.  

13. Өмнө нь буюу 2023 онд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш хариуцагч талаас орон сууцны талбайн хэмжилт хийлгэх хүсэлт гаргах болон нотлох баримт гаргаж өгөх цуглуулах хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүхийн 2023.11.15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгч хэргийн оролцогчоос “давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна уу, энэ талаар гаргах хүсэлт байна уу" хэмээн асуухад “магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна, гаргах хүсэлт байхгүй” хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариулж байсан нь тусгагджээ.

14. Процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэснээс шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан бөгөөд тухайн зөрчил нь ноцтой, уг алдааг залруулахгүйгээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй шинжийг агуулсан байх учиртай.

15. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ  хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийг түргэн шуурхай, хуулийн хугацаанд шийдвэрлэх зарчмыг анхаарсангүй.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлэх шаардлагатай тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00271 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Д аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.15-ны өдөр төлсөн 337,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                Н.БАТЧИМЭГ

                                                                             Д.ЦОЛМОН

                                                                 Х.ЭРДЭНЭСУВД